Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ХШТ/30

 

   2024        03         06                                        2024/ХШТ/30

 

 

Д.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 646 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1160 дугаар магадлалтай, Д.Б-т холбогдох 2010009620897 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2001 оны 07 дугаар сарын 04-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж байсан, ... овогтой Д-н Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 134 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-оос 430,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Л-д, 189,600 төгрөг гаргуулж хохирогч Б.Ц-д тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүний цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б гаргасан гомдолдоо “Миний бие Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1160 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Хохирогч талын мөрдөн байцаалтад өгч байсан зарим мэдүүлгүүд худал гүтгэлгийн чанартай, миний өгч байсан мэдүүлгүүд байхгүй, зарим нэг нь алдаатай талаар удаа дараа Баттулга өмгөөлөгчид хэлж байсан. Тэртэй тэргүй Өршөөлийн хуульд орсон хэрэг, битгий маргалд гэсэн... Хүний эрх зүйн байдлыг дордуулж, сэтгэл санаагаар унагааж, цагдан хорьж, яллахгүй бол болохгүй гэсэн байдлаар хандаж байгаад үнэхээр гомдолтой байна. З-н эхнэр Э нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтэст өгсөн өргөдөлдөө “Баянхошуунд амьдардаг хашаа, байшинд унтаж байхад нь хулгай орсон, манайд чимээ өгдөг нохой байдаггүй, камераа шалгатал шөнийн 4 цагт Б манай хашааг давж орж ирэн контейнерын цоожийг эвдэж, шуудайтай багажууд авч явсан. Өшөө юу алга болсныг сайн мэдэхгүй байна” гэж өргөдөл өгч байсан. Мөн З нь эхнэрийг маань байнга дарамталж байсан.

Иргэн З, Э хоёрын дэлгүүрт мод, нүүрс шуудайлж хураах, зөөх зэрэг хар бор бүх л ажлыг хийдэг байсан. Манай ахын хашаанд хаалга гагнаад өг, хөлсийг нь өгнө гэсэн. Зууннастын хашаанд 1 метр явган хүний хаалга, 5 метр урт том машин ордог чимэглэлтэй хаалга гагнаж будсан. 50,000 төгрөг өгсөн, энэ юу вэ гэсэн дуугай ав гэсэн. Гагнаж, будсан хаалгаа ачаад Дарь эхэд эзэнгүй хашаа, байшин дээр ирсэн. Ажлын амжилтын төлөө гээд З архи задалсан. Энэ хашаанд төмөр хийцийн үйлдвэр нээх гэж байгаа, орлогын 90 хувийг ах бид хоёр авч, 10 хувийг чи ав, давраад байгаарай гээд бид хоёр маргалдсан. Манай ах санхүү, материал, би ажлыг нь олно гээд гэсэн. Алтны уурхай дээрээс томорсон гэсэн шиг хутга барьчхаад “хулгайчуудыг дарамталдаг байлаа, цалинг чинь 3 сараар өгнө, чам шиг бацаан миний өөдөөс дуугарах болоогүй. Намайг баян З гэдэг” гээд агсраад байхаар нь унтаад өгсөн.

Маргааш нь Ц, Г гэдэг хүнтэй ирсэн. Бороо ороод баганыг нь гагнаж болоогүй. Тэр хоёрыг явангуут З шараа тайлна гээд архи задалсан, би яваад өгсөн. Тухайн үед З бас явсан байсан. Маргааш өглөө нь би 10 цагт Ц-нд ирсэн. Гэрлээ гэдэг залуу нь зэрлэг зулгааж шатаагаад, тамхины иш түүгээд байж байсан. З руу залгахад гэрээсээ гараад Ардын эрх орж нэрийн хуудас хэвлүүлнэ, очих болоогүй гэсэн. Багаж авч явлаа, түлхүүр чинь хаана байна гэсэн чинь З, Г хоёр зааж өгсөн.

Тухайн үед шөнө биш өглөө байсан. Юу юу авснаа Г-д үзүүлсэн, дахиж ирээгүй. Би Л дээр 12-13 цагийн үед такси барьж очсон. Л-той ажил дээр нь хонож, маргааш нь гэрт нь хоносон. Л бид хоёр маргааш өглөө нь гражийг нь цэвэрлэсэн. Тэгээд эхнэртэйгээ 100 айл явсан. Намайг зурагт үзэх юм уу, унтаж бай гэсэн. Би хаалга үүдийг нь цоожилж, түлхүүрийг нь шалавчны доор нь хийсэн. Энэ хоёр үйлдэл дээр урьд өдөр нь архи уусан, хэрэг болдог өдөр эрүүл, архи уугаагүй байсан.

2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхээс ярьж байна, өнөөдөр ирж чадах уу гэсэн. Би хол явж байна, маргааш өглөө очъё гэсэн. Тухайн үед Багануурт согтуу байсан. Тэгээд орой нь Багануурын цагдаа дээр утас, мөнгөө алдчихлаа, маргааш шүүх дээр очно, унаа олоод өгөөч гэж гуйсан боловч маргааш нь хорих 461 дүгээр ангид ирсэн. 4 сарын турш Хан-Уул дүүргийн прокурор, шүүхэд өргөдөл өгсөн, нэг ч хариу ирээгүй. Өмгөөлөгч Баттулгыг Хан-Уул дүүргийн шүүхээс маш олон удаа буцааж байсан. Бид нар наад хүнийг чинь хориогүй, хэрэг нь сэргээгдээгүй хүнийг яагаад одоо болтол хориод байгаа юм, хорьсон цагдаагаа ол гэх үндэслэлээр олон удаа буцааж байсан. Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Жигжиддорж гэсэн. Баттулга өмгөөлөгч Хан-Уулын цагдаагийн хэлтэс, дүүргийн цагдаагийн хэлтэст тийм цагдаа байхгүй, хэрэг нь түдгэлзсэн байна гэсэн тийм л хариутай ирдэг... Миний бие сантехник, гагнуур болон барилгын ажил хийдэг. Олон сайн хүмүүс намайг таньдаг, олон хүнд тус болдог. Эхнэр, 2 охинтой, туслаад дэмждэг ах, дүү байхгүй. Миний бие унаж татдаг өвчтэй” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогч нарын гэрээс эд зүйл хулгайлан, хохирлоо нөхөн төлөөгүй гэснээс өөрөөр дүгнэлт хийлгүй түүнийг 5 жил 01 сарын хорих ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд хяналтын шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохируулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой. Мөн хоёр шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой байна” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Д.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр товлогдсон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд архи ууж согтуурсан шалтгаанаар ирээгүй тул түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шүүх шийдвэрлэсэн боловч (1 дэх хавтаст хэргийн 203 дахь тал) тэрээр оргон зайлж, хаана оршин байгаа нь мэдэгдэхгүй байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр (1 дэх хавтаст хэргийн 206 дахь тал) хэргийг түдгэлзүүлж, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр сэргээснийг (1 дэх хавтаст хэргийн 219 дахь тал) дурдах нь зүйтэй.

2.Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө ... дүүргийн ... дугаар хороо, ...ийн ... тоот иргэн Б.Ц-н байшингийн хаалгыг түлхүүрээр онгойлгон, хууль бусаар нэвтрэн орж нийт 189,000 төгрөгийн гагнуурын багаж хэрэгсэл хулгайлсан, мөн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ...ийн ... тоотод оршин суух иргэн Ц.Л-н эзэмшлийн байшинг цэвэрлэж өгөхөөр гэрт нь үлдсэн байхдаа мөнгөн аяга зэрэг нийт 430,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэгтгэн зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

   Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн нийт 619,000 төгрөгийн хохирол бүхий 2 удаагийн хулгайн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хоёр жилээс найман жил хүртэл хугацаатай хорих ялаас 05 жил 01 сар хорих ялыг сонгож оногдуулсан нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцээгүй байна гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхээс Д.Б-т оногдуулсан 05 жил 01 сар хорих ялыг 3 (гурав) жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирно гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад хамаарч байх тул шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 03 (гурав) жил хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн гаргасан “... хүний эрх зүйн байдлыг дордуулж, сэтгэл санаагаар унагааж, цагдан хорьж, яллахгүй бол болохгүй гэсэн байдлаар хандаж байгаад үнэхээр гомдолтой байна” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас шүүгдэгчид оногдуулсан 3 жил хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүний биечлэн эдэлсэн ялын хугацааг тооцож, түүнд хяналт тогтоохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Д.Б-ийг даруй суллахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 646 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1160 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

“Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй”,

 “Шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 03 жил хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-т мэдэгдсүгэй”,

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэсэн өөрчлөлт тус тус оруулсугай.

2.Шүүгдэгч Д.Б-ийг даруй суллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧИД                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

               С.БАТДЭЛГЭР

               Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    М.ПҮРЭВСҮРЭН