Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2020/0116

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.М нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор, Х.М нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Х.М 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “А.М ажил хавсруулан гүйцэтгүүлэх тухай” Б/40, 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “А.М ажилд томилох тухай” 02 дугаар тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд нөхөн томилохыг даалгах, 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр:

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “А.М ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” Б/40, 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “А.М ажилд томилох тухай” 02 дугаар тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж, нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийсэн үндэслэлийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...”-аар хуульчилсан байдаг бөгөөд хэрэв тухайн ажлын байрны орон тоо цөөрсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийг шалгаруулж авахаар заасан байгаа.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу Төлөвлөлт судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо хариуцсан байцаагчаар ажиллаж байсан А.М дээрх албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилох ёстой байтал батлагдсан бүтэц орон тоог мөрдөж ажиллахгүй хуучин ажиллаж байсан албан тушаалын орон тоон дээр нь шинээр нэмэгдэж ирсэн сул орон тоо болох Хяналт шалгалтын байцаагчийн ажлыг А.М хавсран гүйцэтгүүлэхээр гаргасан Б/40, 02 дугаар тушаалууд нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах зэрэг баталгааг хангалгүйгээр Х.М хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж маргасан.

Гэтэл шүүхээс “гуравдагч этгээд А.М ажлын байр өөр албан тушаалтай нэгтгэгдсэн ч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх тул мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эсхүл шалгаруулалтад орох баталгаагаар хангагдах эрхтэй” гэж дүгнэн шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон.

Мөн “А.М С.Г нарын албан тушаалын чиг үүрэг нэгдсэнтэй холбоотойгоор шинээр бий болсон орон тоонд хэнийг нь үргэлжлүүлэн ажиллуулах эсхүл шалгаруулалт явуулах эсэх нь Х.М шууд хамааралгүй бөгөөд энэ талаар маргах эрхгүй бөгөөд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Б/40, 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалууд нь нэхэмжлэгчийн субъектив эрхэд шууд чиглэсэн агуулгагүй буюу хуульд заасан эрх хэмжээг хориглосон, хязгаарласан агуулгагүй байх тул захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй эсэхээс үл хамааран нэхэмжлэгч энэ асуудлаар маргах эрхгүй гэж үзлээ” гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Мөн гуравдагч этгээд А.М дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар А.М миний эрхэлж буй Хяналт шалгалтын улсын байцаагчийн ажилд сонгон шалгаруулалт явуулахыг даалгасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Учир нь Х.М Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагчийн ажилд сонгон шалгаруулалт явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй байдаг. Тиймээс шүүхийн шийдвэрийн энэхүү заалт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж гарсан байна.

2.Нийгмийн даатгалын байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Хяналт шалгалтын улсын байцаагчийн ажлын байрны орон тоо, өмнө нь хоёр байсан бол дараа нь ч хоёр хэвээрээ батлагдсан байдаг. А.М миний эрхэлж буй Хяналт шалгалтын улсын байцаагчийн ажлын байр нь орон тоо цөөрснөөр үүссэн ажлын байр биш байхад шүүхийн шийдвэрт уг ажлын байранд ажил олгогч сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Б нь 2018 оны 10 дугаар сард болсон Улсын байцаагчийн эрх олгох шалгалтанд Х.М бид хоёрын хэн өндөр оноо авсан ажилтныг Хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллуулахаар танилцуулсан. Энэхүү шалгалтанд А.М миний бие хамгийн өндөр оноо авсан тул тус албан тушаалыг гүйцэтгэж байгаа нь ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Х.М өмнө нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо энэ талаар тайлбарлаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд нотлох баримтаар үнэлэгдэх тул 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд оролцоогүй, энэ талаар тодруулах боломжгүй гэж шүүхээс тайлбарласан нь үндэслэлгүй.

Түүнчлэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Хяналт шалгалтын тасгийн даргын орон тоо шинээр нэмэгдсэн бөгөөд Х.М нь энэ орон тоонд орохоор маргаагүй байдаг.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн дугаар 29 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаас А.М миний эрхэлж буй Хяналт шалгалтын улсын байцаагчийн ажилд сонгон шалгаруулалт явуулахыг даалгасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Анхан шатны шүүхээс давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолд заасан шаардлагыг бүрэн биелүүлээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, улмаар түүнд хамаарах нотлох баримтыг хангалттай цуглуулах, маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл тус бүрт дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

Анх Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, тус хэлтсийн сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэгт холбогдуулж орлого, шимтгэлийн байцаагч нарын шалгаруулалтыг дүгнэсэн Ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, уг шийдвэрийг үндэслэж гарсан Хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Х.М орлого, шимтгэлийн байцаагчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/37 дугаар тушаалыг, мөн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “А.М ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” Б/40 дүгээр тушаалыг, 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “А.М ажилд томилох тухай” Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд нөхөн томилохыг даалгах…” байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн.

Гэтэл 3 байсан орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо шинээр байгуулагдсан бүтцээр 2 болж багассантай холбогдуулан нэхэмжлэгч Х.М тухайн үед явагдсан сонгон шалгаруулалттай холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, харин хяналт шалгалтын байцаагчаар томилогдож ёстой гэж маргасан энэ тохиолдолд юуны өмнө нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гаргаснаас үзэхэд гуравдагч этгээд А.М холбоотой тушаалыг нэхэмжлэгч хэдийд мэдсэн болох, улмаар нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж үзвэл, орлого, шимтгэлийн болон хяналт шалгалтын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг харьцуулах байдлаар уг албан тушаалын шаардлагыг нэхэмжлэгч хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчийг гуравдагч этгээд А.М одоогийн эрхэлж буй хяналтын шалгалтын байцаагчийн орон тоонд нэхэмжлэгч ажиллах ёстой гэж үзвэл А.М урьд эрхэлж байсан төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний орон тоо шинээр батлагдсан бүтцээр үйл ажиллагааны нягтлан бодогчийн орон тоотой нэгтгэгдсэн буюу уг орон тоонд ажиллаж байсан С.Г эрх ашиг энэ тохиолдолд мөн адил хөндөгдөнө.

Өөрөөр хэлбэл нэгдсэн “төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч”-ийн албан тушаалд А.М ажиллах ёстой, С.Г тухайд нягтлан бодогч буюу үйлчилгээний албан тушаал эрхэлж байсан учраас шинээр бий болсон захиргааны албан тушаалд томилогдох ёсгүй гэж маргаж байгаа энэ тохиолдолд, түүнчлэн С.Г нь сонгон шалгаруулалтаар тэнцэж, улмаар төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажиллаж байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд М.Г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан атлаа түүнтэй холбоотой нэхэмжлэлийн үндэслэлд тусгагдсан нотлох баримтыг цуглуулах ажиллагаа огт хийгдээгүй байна.

Өөрөөр хэлбэл С.Г эрхэлж буй төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогчийн “Ажлын байрны тодорхойлолт”-д уг албан тушаалд тавигдах шаардлагыг тодорхойлсон байх бөгөөд тэдгээр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хэрхэн хамаарч байгаад дүгнэлт хийх шаардлагатай.

Түүнчлэн анхан шатны шүүх Х.М “хяналт шалгалтын байцаагчийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг даалгах” шаардлага огт гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж, ийм шаардлага гаргасан мэтээр хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн бүтцэд шинээр байгуулагдсан “Хяналт шалгалт, дотоод аудитын тасаг” нь өмнөх буюу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар батлагдсан бүтцэд байгаагүй, харин хяналт шалгалтын байцаагч нь Санхүү бүртгэл, хамралт, орлого хяналтын тасагт харьяалагдаж байжээ.

Иймд шинээр байгуулагдсан бүтцийн хүрээнд зарим орон тоог цөөрүүлж, мөн зарим орон тоог шинээр бий болгосонтой /Тасгийн дарга/ холбогдуулан ажил үүргийн хувьд чиглэл нь өөр боловч “байцаагч”-аар ажиллаж байсан нэхэмжлэгчийг хяналт шалгалтын байцаагчаар томилох хууль зүйн боломж байсан эсэхэд дүгнэлт өгөх нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах маргааны гол үйл баримт болно. 

Мөн шинээр батлагдсан бүтцийн хүрээнд нэхэмжлэгчийн хамт нийт 4 албан хаагч цомхтголд орсон гэх тайлбартай /хх-ийн 32 дахь талд авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл/ холбогдуулан эдгээр албан хаагчдаас зөвхөн Х.М хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд томилогдох шаардлагыг хангаж байсан эсэхийг тодруулах шаардлагатай.

Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А.М Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оны 10 дугаар сард зохион байгуулсан улсын байцаагчийн шалгалтад 108, харин нэхэмжлэгч Х.М 103 оноо авсантай /гэхдээ энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй/ холбогдуулан хариуцагчаас А.М Хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд томилсон гэх бөгөөд энэхүү шалгаруулалттай нэхэмжлэгч огт маргаагүй атлаа түүний албан тушаалд томилогдох байсан гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд зохион байгуулагдсан улсын байцаагчийн эрх олгох шалгалтад авсан оноо нь шинээр бий болсон бүтцийн сул орон тоо болох хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд томилгоо хийхэд зайлшгүй харгалзан үзэх Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага мөн эсэхийг хариуцагчаас тодруулах, энэхүү шалгалтын үнэлгээг харгалзан уг албан тушаалд томилохоор нэхэмжлэгч Х.М, гуравдагч этгээд А.М нартай харилцан тохиролцсон гэх нөхцөл байдалд хамаарах нотлох баримтыг цуглуулах шаардлагатай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН