Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2026/0099

 

Э.Г***ын нэхэмжлэлтэй, Хүүхэд, гэр

бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн: 

Даргалагч, шүүгч:    П.Соёл-Эрдэнэ 

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа 

Шүүгчид:                     Д.Батбаатар    

                                        М.Батсуурь                      

Илтгэгч шүүгч:        Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0238 дугаар шийдвэр, 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2026/0341 дүгээр магадлалтай, 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Э.Г***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э***, Ц.Т***, хариуцагчийн өмгөөлөгч С.Ууганбаяр нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2026/0321 дүгээр  хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: 

Э.Г*** нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

2.Хэргийн нөхцөл байдал: 

2.1.Нэхэмжлэгч Э.Г*** нь нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Хүүхдийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн (түр), 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар Залуучуудын хөгжлийн хэлтсийн Залуучуудын хөгжлийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн (түр), нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/*** дүгээр тушаалаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, мөн даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Цахим орчин дахь урьдчилан сэргийлэх үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдож ажиллаж байсан.

2.2.Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” *** дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны дээд хязгаарыг 2 дугаар хавсралтаар баталсан байх бөгөөд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны хязгаарыг 56 байхаар тогтоосон. Үүний дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/*** дугаар тушаалаар 56 орон тооны албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг баталсан байна.  

2.3.Улмаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүссэн албан хаагчдын нэрсийг хавсралтаар баталж, (15 албан хаагч) 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлж, албан хаагчдын ээлжийн амралтын холбогдох тооцоог хийж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг холбогдох зардлаас гаргахаар шийдвэрлэсний дотор Цахим орчин дахь урьдчилан сэргийлэх үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтэн Э.Г*** багтжээ. 

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

“... Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн  62 дугаар зүйлд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй. Гэтэл тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг зөрчиж намайг төрийн албанаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулиар байгууллага татан буугдсан тохиолдолд өөр ажил албан тушаалд томилуулах эрхийг хангаж, ажлын байр санал болгож, албан хаагч зөвшөөрөөгүй тохиолдолд тэтгэлэг олгох байтал урьдчилан мэдэгдэлгүйгээр сонсох ажиллагаа хийж, саналыг сонсохгүйгээр намайг ажлаас шууд чөлөөлсөн нь үндэслэлгүй. Миний бие ажилдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан,  тэтгэмж авна гэж хэлээгүй ... 2025 оны 8 дугаар сард уулзах үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын шинэчилсэн бүтэц батлагдаагүй, ажлын байрны тодорхойлолт гараагүй, тодорхойгүй байсан ... Ажлаас чөлөөлсний дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч нь цахим хуудастаа 15 гаруй ажлын байрыг зарласан байсан … Төрийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.   

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Албан хаагчдыг ажиллаж байсан албан тушаалтай адил төсөөтэй чиг үүрэг, албан тушаалын нэршил бүхий ажилд томилогдох боломжийг хангаж ажилласан. Маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч болон бусад албан хаагчдаас шилжин ажиллах хүсэлтэй эсэх, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлгийг авах хүсэлттэй байгаа эсэхийг тодруулах, тайлбар, санал авах буюу сонсох ажиллагаа явуулах зорилгоор хурал зохион байгуулах, мэдэгдэл хүргүүлэх, утсаар холбогдох ажиллагааг удаа дараа хийсэн. Нэхэмжлэгч өөрөө үргэлжлүүлэн ажиллахгүйгээр тэтгэмжээ авах байр суурийг илэрхийлсэн. 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас 01/*** дугаар албан бичгээр тэтгэмж авах албан хаагчдын мэдээллийг өгсөн. Нэхэмжлэгч нь шилжин ажиллахаас татгалзаж, тэтгэлэг авах хүсэл зоригоо илэрхийлсний дараа ажлаас чөлөөлж, ажлын байрны сул орон тооны зарыг цахим хуудастаа байршуулсан тул энэ хэрэгт хамааралгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэжээ.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0238 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Г***ын “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаартай тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

5.1.“Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллагаас хуульд заасан ажиллагааг явуулаагүй гэж буруутгах боломжгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаарх Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4 дэх заалтуудаас үзэхэд нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдсантай холбоотойгоор тус газрын албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах арга хэмжээг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас зохион байгуулсан байна. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, төрийн албанаас чөлөөлсөн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах арга хэмжээ авсан гэж үзнэ …” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2026/0341 дүгээр магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Г***аас Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн. 

7.Нэхэмжлэгч Э.Г*** хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.“... Чөлөөлөх тушаалыг эрх хэмжээгүй этгээд гаргасан атал шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй. Маргаан бүхий 2025 оны Б/*** дугаар тушаалыг гаргасан Б.Б*** нь “Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч” байсан бөгөөд уг тушаалаар олгосон эрх хэмжээ нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд уг өдрөөс хойш хийгдсэн чөлөөлөх тушаал, сонсох ажиллагаа зэрэг бүхий л үйл ажиллагаа нь эрх хэмжээгүй этгээдийн хийсэн, хүчин төгөлдөр бус үйлдэл болно. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус акт мөн. Гэтэл шүүхээс уг эрх хэмжээ дуусгавар болсон эсэхэд дүгнэлт огт өгөлгүй, дээрх хугацаанаас хойших ажиллагааг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн ноцтой алдаа юм. 

7.2.Нэхэмжлэгчийн илэрхийлээгүй хүсэл зоригийг тэмдэглэл хөтөлсөн өөр этгээдийн бичилтээр тогтоосон (Иргэний хуулийг буруу хэрэглэсэн). Төрийн алба, захиргааны эрх зүйн харилцаанд хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх хүсэл зоригийг бичгээр, гарын үсгээр баталгаажуулсан, эргэлзээгүй хэлбэрээр илэрхийлсэн байхыг шаарддаг. Эрх зүйн онолын нэгэн суурь зарчим бол дуугүй байх буюу эс үйлдэхүй нь өөрөө хүсэл зоригийн илэрхийлэл болохгүй гэх явдал юм. Дуугүй байдал нь зөвхөн хууль буюу талуудын урьдчилан тогтсон тохиролцоонд тусгайлан заасан тохиолдолд л эрх зүйн утга агуулна. Иймд ямар нэг хариу өгөөгүй, идэвхгүй байсныг автоматаар “зөвшөөрсөн”, эсхүл эсрэгээр “татгалзсан, сонирхолгүй” гэж дүгнэх эрх зүйн үндэслэлгүй. Түүнчлэн хүсэл зориг бол хувь хүнтэй салшгүй холбоотой, биечлэн илэрхийлэх шинжтэй ... Хувь хүний эрхэд халдсан захиргааны акт гаргахдаа уг этгээдийн хүсэл зоригийг эргэлзээгүй, тодорхой тогтоох үүрэгтэй бөгөөд аливаа эргэлзээг түүний эрхийн эсрэгээр тайлбарлаж болохгүй.  

7.3.Дээрх онолын үндэслэлийг тус хэрэгт хэрэглэвэл: Би тэтгэмж авч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хэзээ ч гаргаагүй гэдгээ хоёр шатны шүүхэд тууштай илэрхийлсэн. Миний гарын үсгээр баталгаажаагүй, өөр этгээдийн гараар бичигдсэн тэмдэглэл нь дээр дурдсан онолын дагуу хүсэл зоригийн хүчин төгөлдөр илэрхийлэл биш. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т хүсэл зоригийн илэрхийллийн утгыг хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлахаар заасан. … Миний бодит хүсэл зоригийг нотлох гол баримт нь данс руу шилжүүлсэн 3 сарын тэтгэмжийг тэр даруйд нь буцаан шилжүүлсэн явдал юм. Энэ нь би ажлаас чөлөөлөгдөхийг зөвшөөрөөгүйг тодорхой нотолно ...

7.4.Бүтэц, орон тоог нэмэгдүүлсэн атал “хасагдсан” гэж үзсэн, баримтгүйгээр ажил санал болгосон гэж дүгнэсэн. Тус газар урьд нь 34 орон тоотой байсан бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тогтоолоор бүтэц, орон тоог 52 болгож нэмэгдүүлсэн. Орон тоог нэмэгдүүлсэн атал миний албан тушаалыг “хасагдсан” гэж үзэх нь бодит баримтад нийцэхгүй. Уг тогтоол нь эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажаагүй хүчин төгөлдөр бус акт байна. Мөн уг тогтоол бүтэц, орон тоог баталсан боловч ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийг батлаагүй, аль албан тушаал хасагдаж, аль нь нэмэгдсэн нь тодорхойгүй байсан. Аль албан тушаалыг хэзээ, ямар нөхцөлөөр надад санал болгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүх хариуцагчийн “ажлын байр 3 удаа санал болгосон” гэх хийсвэр тайлбарыг баримтаар нотлогдоогүй атал хүлээн авч, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан эрхийг бүрэн хангасан гэж дүгнэсэн нь буруу.

7.5.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй, гомдолд дэлгэрэнгүй дурдсан дээрх үйл баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөлгүй, зөвхөн хуралдааны явц болон анхан шатны шүүхийн шийдвэрт тулгуурлан магадлал гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, энэ нь магадлалын үндэслэл, дүгнэлтэд шууд нөлөөлсөн. Иймд материаллаг хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр, магадлалд нөлөөлсөн тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж (эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өөрчлөн шийдвэрлэх) шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч тал хяналтын шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбар өгч оролцов.

9.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

10.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

11.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, төрийн албанаас чөлөөлсөн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах арга хэмжээ авсан гэж үзэхээр байна ...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

12.Учир нь, нэхэмжлэгчээс “би тэтгэмж авах хүсэлт гаргаагүй, 2025 оны 8 дугаар сард уулзах үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын шинэчилсэн бүтэц батлагдаагүй, ажлын байрны тодорхойлолт гараагүй, тодорхойгүй байсан, өгсөн тэтгэмжийг нь тэр даруй буцаан шилжүүлсэн, хуульд заасан баталгааны дагуу өөр ажил албан тушаалд ажиллах эрхээ хангуулах хүсэлтэй байна ...” гэж маргаж байхад, шүүх нэхэмжлэгчийн гарын үсгээр баталгаажаагүй хурлын тэмдэглэл, “утсаар ярьсан” гэх тэмдэглэл зэргийг үнэлэн “нэхэмжлэгч өөрөө тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлсэн байна, үүний дагуу хариуцагч Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг эдлүүлсэн” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, нөгөөтээгүүр хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

13.Нэгэнт нэхэмжлэгчээс “би хүсэлт гаргаагүй, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй” гэж маргаж байгаа, “хүсэлт гаргасан” гэх үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдоогүй энэ тохиолдолд шүүх хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

14.Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т  “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох”-оор заасан. 

15.Дээрх хуулийн агуулга, системчлэлээс үзвэл, захиргааны байгууллага татан буугдсан, өөрчлөгдсөн, орон тоо хасагдсан тохиолдолд ажилгүй болсон төрийн албан хаагчид эхний ээлжид цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажил, албан тушаалд шилжих боломж олгох, эсхүл төрийн хөрөнгөөр мэргэших боломж олгож, энэ хугацаанд цалин хөлсийг нь өгөх, ажлын байраар хангах бөгөөд эдгээр баталгааг эдлүүлэх боломжгүй тохиолдолд хамгийн сул хамгаалалт болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг олгож, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаар байна. 

16.Энэ тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчийн санал хүсэлтийг бодитоор авалгүйгээр, мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх боломж байгаа эсэхийг тодруулалгүйгээр, түүнд боломж олголгүйгээр хуульд заасан хамгийн сул баталгаа болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгон, төрийн албанаас чөлөөлсөн нь захиргаа хуульд заасан сонсох ажиллагааг зорилгод нь нийцүүлэн явуулаагүй, хуулиар олгосон сонгох боломжоо буруу хэрэгжүүлсэн, үүний улмаас нэхэмжлэгч буюу төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзнэ. 

17.Түүнчлэн, хэдийгээр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдсан байх боловч Монгол Улсын Засгийн газрын 2025 оны *** дугаар тогтоолоор (2 дахь заалтаар) тус газрын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон, мөн Засгийн газрын 2025 оны *** дугаар тогтоолоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 56 байхаар тогтоосон, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус газар 15 орон тоонд ажилтан шинээр авахаар зар гаргасан зэргээс үзвэл, зарим албан хаагчдын ажил, албан тушаал нь тус газар шилжсэн буюу хэвээр хадгалагдсан байх ч боломжтой байна.

18.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх, үгүй бол мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилох боломжтой эсэх, хэрэв тухайн албан тушаалд хэд хэдэн албан хаагч ажиллах хүсэлтэй байгаа бол тэдний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, үр дүнгийн үнэлгээ зэргийг нь харгалзан тухайн албан тушаалын нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох ажлыг зохион байгуулах, үүний дараа ажилгүй үлдсэн албан хаагч нарт тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлэх байдлаар дахин шинэ акт гаргуулахаар маргаан бүхий 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг түдгэлзүүлэх нь зүйтэй. 

19.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0238 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2026/0341 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг баримтлан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалын Э.Г***д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж, 

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д  зааснаар  шүүхээс  тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалын Э.Г***д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэж, “2” гэснийг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 




                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ  

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Д.МӨНХТУЯА  

              ШҮҮГЧИД                                                      Д.БАТБААТАР

      М.БАТСУУРЬ   

                                                                                                     Г.БАНЗРАГЧ