| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0202/Э |
| Дугаар | 0200 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 0200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч Э.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-д холбогдох эрүүгийн 1925004120245 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 06 сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт Б.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Э.Э-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Би хохирогчийг нэг удаа цохисон. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргахгүй. Биеэ бариагүйгээс ийм зүйл болсон. Маш их гэмшиж байна. Хохирогчид 500.000 төгрөг төлсөн. Мөн уучлалт гуйсан гэсэн мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогч Б. Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ....2019 оны 06 сарын 05-ны өдөр би Санчир, Тэмүүлэн, Кенжебек, Бямба-Очир нарын хамт найз Мөнхбаяртай уулзахаар Эрдэнэ багийн 20 дугаар сургууль дээр очсон. Улмаар Мөнхбаяртай уулзсан чинь та нар намайг тарахыг хүлээж бай гэхээр нь бид нар сургуулийнх нь гадаа хүлээж байгаад Мөнхбаяртай уулзчихаад гэрт нь очиж ус ууцгаасан. Мөнхбаярынд байхад Тэмүүлэн, Санчир 2 явлаа гээд явсан. Кенжебек, Бямба- Очир бид 3 Мөнхбаярынхаас гараад “Дуурга” дэлгүүрийн гадаа такси хүлээгээд зогсож байтал 4 хүүхэд тааралдаад бид нарыг дуудсан. Улмаар миний урд явж байсан Бямба-Очиртой нэг нь уулзаж зогсож байгаад өшиглөөд авахаар нь би та болиоч гээд дундуур нь ортол тэр ах миний хамар луу цохичихсон. Гэтэл миний хамарнаас цус гарахаар нь би доошоо суугаад уйлсан. Гэтэл тэр ах сандараад аав, ээжийгээ дуудаад эмнэлэг дээр очиж үзүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 6 ху/,
-Насанд хүрээгүй гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 06 сарын 05-ны өдөр Санчир, Тэмүүлэн, Кенжебек, Нямцэнд нарын хамт найз Мөнхбаяртай уулзах гээд Эрдэнэ багийн 20 дугаар сургуулийн гадаа очоод Мөнхбаяртай уулзтал найз нь бэлтгэлтэй байна хүлээж байгаарай гэсэн. Ингээд удалгүй хамт сургуулийнх нь ойролцоо тоглож байгаад Мөнхбаярынд очсон. Тухайн уед Тэмүүлэн, Санчир 2 түрүүлээд явчихсан ба би Нямцэнд, Кенжебек хоёртой такси барих гээд зам дээр зогсож байтал бид гурвыг 2 залуу явж байгаад дуудахаар нь очтол миний танил Батсүх гэх хүүхэд байсан ба бид 2 юм яриад зогсож байтал хажуу талаас нь нэг ах орж ирээд намайг өшиглөөд авсан ба хойно явж байсан Нямцэнд салгах гээд дундуур ороод ирсэн чинь тэр ах Нямцэндийн хамар луу цохисон. Гэтэл Нямцэндийн хамарнаас цус гараад байсан гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,
-Насанд хүрээгүй гэрч С.К-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 06 сарын 05-ны өдөр 4 найзтайгаа хамт Мөнхбаяр гэх хуучин ангийн найзтайгаа уулзах гээд Эрдэнэ багийн 20 дугаар сургууль дээр очсон. Гэтэл Мөнхбаяр хүлээж бай удахгүй гарлаа гэхээр нь бид нар сургуулийнх нь хажуу талын талбай дээр сагс тоглож байтал Мөнхбаяр гарч ирсэн ба бид нар Мөнхбаярын гэрт очиж ус уухаар явсан. Мөнхбаярынд байж байтал Санчир, Тэмүүлэн 2 яараад байна гээд түрүүлээд явсан. Тэгээд Нямцэнд, Бямба-Очир бид гурав харьцгаая гээд автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байтал замын нөгөө талаас 4 хүүхэд дуудсан. Гэтэл нэг нь Батбаяр гэх хүүхэд миний өмнө нь сурч байсан 1-р сургуулийн хүүхэд байхаар нь бид 3 мэндлэх гээд очсон. Батбаяр бид нар уулзаад зогсож байтал цаана байсан хоёр ах нь та нар Мөнхбаярын найзууд юм уу найзыгаа өмөөрөх гэж ирсэн юм уу гэсэн чинь Бямба-Очир бид нар зүгээр найзуудтайгаа уулзах гээд ирлээ, одоо буцлаа, тэгээд яасан юм гэтэл Бямба-Очирыг өшиглөөд авсан. Гэтэл Нямцэнд тэд нарыг салгах гээд очтол тэр ах Нямцэндийн хамар луу нь цохисон Тухайн үед Нямцэндийн хамарнаас нэлээд их цус гарсан ба Нямцэндийг цохисон ахын гэрт нь очоод тэр ах хувцасаа сольчихоод аав, ээжтэйгээ утсаар яриад хүүхдийн хамар хугалчихлаа гэтэл ээж, аав нь ирээд бид нар цуг эмнэлэг явсан’ гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,
-Яллагдагч Э.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...хажуу талаас хохирогч Нямцэнд хүрээд ирэхээр нь би цохичихсон чинь хамарнаас нь цус гараад уйлсан гэсэн мэдүүлэг /хх 42 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 411 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Н-ийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт бүхий бүхий гэмтэл топгоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Гэмтэл нь 2019 оны 06 сарын 05-нд үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 16-17 ху/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 ху/
-Э.Эыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 38-42 ху/
-Хохирлын баримт /хх 47 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 06 сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт Б.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Би хохирогчийг нэг удаа цохисон. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргахгүй. Биеэ бариагүйгээс ийм зүйл болсон” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.Нийн “...Мөнхбаярынд байхад Тэмүүлэн, Санчир 2 явлаа гээд явсан. Кенжебек, Бямба- Очир бид 3 Мөнхбаярынхаас гараад “Дуурга” дэлгүүрийн гадаа такси хүлээгээд зогсож байтал 4 хүүхэд тааралдаад бид нарыг дуудсан. Улмаар миний урд явж байсан Бямба-Очиртой нэг нь уулзаж зогсож байгаад өшиглөөд авахаар нь би та болиоч гээд дундуур нь ортол тэр ах миний хамар луу цохичихсон. Гэтэл миний хамарнаас цус гарахаар нь би доошоо суугаад уйлсан” гэсэн мэдүүлэг /хх 6 ху/, мөн насанд хүрээгүй гэрч Б.Бямба-Очир /хх 9 ху/, насанд хүрээгүй гэрч С.Кенжебек /хх 10 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт бүхий бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 411 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Энэ хэргийн улмаас хохирогч 500.000 төгрөгний хохирол нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Э нь торгох ялыг сард 90.000 төгрөгөөр тооцож 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА