Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 0169

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е       

Улсын яллагч Л.О 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О

Шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ч-д холбогдох эрүүгийн 1925002650182 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Боржигон овогт Ч.Ч

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 23-03 тоот гэртээ эхнэр Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Д.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Б-гийн ...“Би  Ч.Ч-тай 2007 онд танилцаад гэр бүлээ батлуулан нэг гэрт орж амьдарсан. Бид хоёрын дундаас 2 хүүхэд гарсан. Том охин Ч.Г нь 10 настай, бага хүү Ч.Д 7 настай. Нөхөр Ч.Ч-тай 12 жил амьдрахдаа эхний 10 жил нь гайгүй ар гэрээ авч явах гээд хэрүүл маргаан болон зодоон цохион гараад байдаггүй байсан. Сүүлийн 2 жилээс хойш нөхрийн маань зан байдал өөр болж хардаж сэрдээд байдаг болсон. Миний хувьд мэргэжилгүй учир барилга дээр ажиллаж гэр орондоо мөнгө төгрөг нэмэрлэдэг. Нөхөр маань өөрөө моринд сонирхолтой гэртээ морь тэжээж уядаг хүн байгаа юм. Гэртээ харих гэсээр байгаад 21 цаг өнгөрөөд гэр орондоо очихоор нөхөр уурлаад хаагуур хэнтэйгээ яваад байгаа юм бэ гэж уурлаад хэрүүл хийж эхэлсэн. Би ч өөрөө нөхрийгөө хартай болохоор тэр болгон гадуур дотуур явдаггүй. Ажлынхаа газрын эгчтэй ажлын бус цагаар айлын обой нааж хэдэн төгрөг олдог. Миний хийсэн ажлыг нөхөр ойлгохгүй зүгээр л гадуур зугаалж яваад ирж байгаа гэж боддог. Заримдаа ажлаасаа оройтож ирэхэд нөхөр архи уучихсан сууж байдаг. Нөхрийн хий дэмий хардалтаас болж хамаг хэрүүл маргаан үүсдэг. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхрийн хуурай ах нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг ба байгууллагын аварга болсон гээд цайллаганд нөхөр зүүн талд байрлах ресторанд очоод орой 23 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. Гэрт ороод удаагүй байхад нөхөр Ч.Чт согтуурхаад чи сая хүүхдийн амралтаар Улаанбаатар хотруу ямар зорилгоор явсан юм. Тэнд хэнтэй байсан гээд хэрүүл хийгээд гэрт байсан 2.5 литрийн пиво хаана хийсэн гээд надаас асуугаад байхаар нь мэдэхгүй гээд хэлтэл нөхөр уурлаад манай том эгч руу утсаар яриад “чи яагаад манай авгайг өөр шигээ болгох гээд байгаа юм бэ” гээд янхан банзлаар нь дуудаад тэр хоёр утсаар хэрүүл хийж байгаад тасалсан. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр пиво олж өгсөнгүй гэх шалтгаанаар мөр дал нуруу үснээс зулгаагаад цохиж зодсон байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-15-р хуудас/

 

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 299 дугаартай дүгнэлтийн ... “Д.Б-гийн биед баруун мөр, бугалга, нуруунд цус хуралт бүхий гэмтэл үүсчээ. Уг гэмтэл олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун мөр, бугалга, нуруунд цус хуралт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 22-23-р хуудас/

 

3. Гэрч Ж.Урвааны ...“Тухайн үед манай дунд охин Б рүү Ч.Ч шөнө утсаар залгаж хэл үгээр доромжилсон гэсэн. Б надруу утасдаж Д.Б-г зодоод байгаа юм бишүү гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудаад цагдаатай хамт гэрт нь очиход Ч.Ч, Д.Б хоёр унтаж байсан. Ч.Ч-тыг би өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг нь хараагүй. Д.Б-гаас л муухай ааш гаргадаг гэж хэлж байхыг нь сонсож байсан. Юунаас болж маргалддагийг би мэдэхгүй, Д.Б надад хэлэхдээ намайг хардаад байдаг юм одоо хамт амьдрахгүй гэж хэлээд байгаа. Хоёр хүүхэд нь Ч.Ч дээр байгаа”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Ч.Ч-тын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг хавтаст хэрэгт авагдсан хохирогч н.Болормаагийн мэдүүлэг, гэрч н.Б-гийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 299 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судалж, гэм буруутай болон хүлээлгэх ял хариуцлагын талаар санал хэлж оролцоно. Би Прокурорын тухай хуулийн 17, 19 болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24-р зүйлүүдийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.Ч-д холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралд дүгнэлт гаргаж байна. Ч.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотийн 23-5 тоотод гэртээ эхнэр н.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Хохирогч гомдол саналгүй. Яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдоогүй, хураагдсан эд зүйлгүй учир хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх санал гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ “Ч.Ч хэрэг үйлдсэн талаар мөрдөн байцаалтын шатанд ямар учраас үйлдсэн талаар тайлбарлаж мэдүүлсэн байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шөнө эхнэрийгээ хоёр удаа алгадаж гэмтэл учруулсан байдаг. Энэ үйлдэл хавтаст хэрэгт хураагдсан баримтаар тогтоогдож байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас улсын яллагчийн яллаж байгаа саналтай санал нэгтэй оролцож байна. Муудалцахаараа эхнэр нь өөр газар уу 2,3 сар явдаг. Одоо эхнэр нь байхгүй хоёр хүүхдээ асарч байгаа. Эхнэр нь хөдөө амьдрахгүй гэдэг. Нөхөр нь болохоор хөдөө мал ахуйгаа өсгөөд амьдрах гэдэг асуудлаар маргаан гардаг болсон байдаг. Эхнэр нь би төвд гайгүй мөнгөтэй хүнтэй танилцаад сууж амьдарна бид хоёрын амьдрал бүтэхгүй гэж ярьдаг байсан учраас хардаж эхэлсэн гэдэг. Сүүлд бэлгийн замын өвчин авсантай холбоотой маргалдаж зодсон нь нотлогдож байгаа болохоор санал зөрөлдөх зүйл байхгүй” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б-гийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрч Ж.У-гийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 23-03 тоот гэртээ эхнэр Д.Б-г зодож хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ч.Ч-тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

           

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-ад оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч-тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС