Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 226/МА2025/00019

 

2025        12           12                                           226/МА2025/00019

 

 

 

 

Б.М-н нэхэмжлэлтэй, А-д холбогдох

 иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М,

         нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т,

         Хариуцагч: Ард даатгалын Хэнтий аймаг дахь салбарын захирал Г.А,

 Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

   1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Э-н даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн  611 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М-н нэхэмжлэлтэй,  хариуцагч А-д холбогдох “10,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т-н гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

2. Нэхэмжлэгч Б.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Хэнтий аймгийн ... сумын Б баг, Х гэх газарт нутаглах иргэн Б.М  би 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр А-н Хэнтий аймаг дахь салбарт 1,30 хувиар тооцож 275 толгой бог малаа нэг бог малыг 150,000 төгрөгөөр үнэлж нийтдээ 41,250,000 төгрөгөөр үнэлүүлж 7,633,136 төгрөгөөр даатгуулж, 99,230 төгрөг, 5,04 хувиар тооцож 10 бод малаа нэг бод малыг 1,250,000 төгрөгөөр үнэлж, нийтдээ 12,500,000 төгрөгөөр үнэлүүлж, 2,366,864 төгрөгөөр даатгуулж, 120,000 төгрөг, даатгалд нийтдээ 219,231 төгрөгийг төлсөн. Даатгалын баталгааны хуудаст “Даатгуулагч би энэхүү малын индексжүүлсэн даатгал нь энэ оны жилийн эцсийн мал тооллогоос дараа оны мал тооллого хүртэл хугацаан дахь эрсдэлийг сумын малын хорогдлын хувь хэмжээнд үндэслэн даатгаж нөхөн төлбөр олгохыг, мөн сумын малын хорогдлын түвшин босго үзүүлэлтээс хэтрээгүй тохиолдолд нөхөн төлбөр авахгүй болохыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө малын тоог үнэн зөвөөр мэдүүлсэн болохыг баталж байна” гэж харилцан тохиролцож, үүрэг хүлээж баталгаанд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл А-н Хэнтий аймаг дахь салбар салбараас 7,633,136 төгрөг дээр 2,366,864 төгрөгийг нэмээд нийтдээ 10,000,000 төгрөгийг нөхөн төлбөрөө авъя гэхэд олгох боломжгүй, 219,231  төгрөгөө буцааж ав гэсэн хариу өгсөн бөгөөд  2023 оны жилийн эцсийн Г сумын малын тооноос 62,9 хувь буюу 217,795 толгой малаар буурсан үзүүлэлттэй байгаа нь малын индексжүүлсэн даатгалын босго оноог давсан байна. Иймд иргэн Б.М надад А-н Хэнтий аймаг дахь салбараас авах ёстой 10,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би даатгалаас мөнгөө авч чадаагүй хоцорсон. А-н Хэнтий салбараас 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бүх хүнийх ороод байна гэсэн. Би өөрөө мэдэхгүй байж байгаад авч чадаагүй хоцорсон. М гарын үсэг зураад А гэдэг хүний гарын үсэгтэй баталгаа дээр зураад өгсөн байдаг А дээр уулзахад А-д танай даатгалын асуудал санд шивэгдээгүй байна. Даатгалд төлсөн 200 гаруй мянган төгрөгөө буцааж авах боломжтой гэсэн тайлбар өгсөн. Тухайн үед даатгалын гэрээ байгуулсан уу? гэхэд үгүй, мөнгө тушаасан байгаа. Хариуцагч 5-н баталгаа дээр гарын үсэг зураад явуулсан гэсэн тайлбар өгсөн юм. Хугацаатай шивэх үүргийг даатгагч хүлээнэ. Ингээд даатгалын баталгаатай хамт баримт бүрдүүлж нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Малын индексжүүлсэн даатгалын баталгааны хуудас хуулийн хугацаанд ирээгүй гэдэг нь А даатгалын ажилтны хариуцлага, хугацаатай холбоотой асуудал. Ийм учраас А-н Хэнтий салбар болон даатгагч Г.А-с 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв. 

 

4. Хариуцагч А-н Хэнтий аймаг дахь салбарын төлөөлөгч Г.А-д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хүнтэй хийсэн гэрээ албан ёсоор манайхтай хийсэн гэрээ биш байсан. 2023 оны 4 дүгээр сард Төрийн банкны теллер Б гэдэг хүнд 5 гэрээний баталгаа гаргаж өгсөн. 4 нь буцаж ирээд 1 нь хүчингүй болсон гэж хэлсэн. Гэтэл 2025 оны 4 дүгээр сард М гэдэг хүн танайхтай гэрээ хийсэн. Нөхөн төлбөр орж ирэхгүй байна гээд ирсэн. Г сумын Төрийн банканд хийсэн гэж байна. Мөнгөө яаж тушаасан бэ? гэж асуугаад дансных хуулгаа шүүж үзээрэй гэж хэлсэн. 10,000,000 төгрөгийг малын үнэлгээгээр нэхэмжилсэн. Мал хэдэн хувиар хоргодсон бэ? гэдгийг тооцож олгодог. Бид хоёрын яриад байгаа үнэлгээг олгохгүй. Ийм тайлбарыг хэлж өсгөн. Тэр гэрээг Б гэдэг хүн бичсэн. Тэр Б гэдэг хүнтэйгээ асуудлаа шийдээд ирээ гээд гаргасан. Иймд нэхэмжилж байгаа 10,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Нэхэмжлэгч Б.М-с гаргасан А-н Хэнтий салбараас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...А даатгал компанийн ... дугаартай "Малын индексжүүлсэн даатгалын баталгаа"-ны хуудастай яг адилхан "Малын индексжүүлсэн даатгалын баталгаа"-ны хуудас авсан манай ойр хавийн мал бүхий иргэд бүгд 2024 оны байгалийн гамшигт үзэгдлийн улмаас манай сумын мал хорогдол 2023 оны жилийн эцсийн малын тооноос 62.9 хувь буюу 217795 толгой малаар буурсан үзүүлэлттэй байгаа нь малын индексжүүлсэн даатгалын босго оноог давсан нь үнэн гэсэн албан бичгийн дагуу ямар ч даатгалын гэрээгүйгээр нөхөн төлбөрөө авсан. Ганцхан Б.М л нөхөн төлбөрөө авч чадахгүй, маш их хохирч байна. А даатгал компанийн ... дугаартай "Малын индексжүүлсэн даатгалын баталгаа"-ны хуудас буюу хариуцагч Г.А-н гэрээ гэж яриад байгаа шар өнгийн 1 хуудас баримтад Төрийн банкны Б гэдэг хүний нэр, гарын үсэг огт байхгүй, бичигдээгүй юм. Гэтэл хариуцагч Г.А-д нь өөрөөсөө зайлуулж ямар ч хамаагүй төрийн банкны теллер Б гэх хүн буруутай гэж ямар ч нотлох баримтгүй, амаар тайлбарлаад байгааг шүүхийн шийдвэрийн үндэс болгоод нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээд байгааг зөвшөөрөхгүй, маш их гомдолтой байна. Иймд Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 321/ШШ2025/00611 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-н нэхэмжилж байгаа 10.000.000 төгрөгийг гэм буруутай, ажлын хариуцлага алдсан, ямар ч хариу тайлбар өгөхгүй, худлаа яриад байгаа хариуцагч Г.А-р төлүүлэх, хохирлыг барагдуулах шийдвэрийг гарган өгч тусална уу...” гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэн хэлэлцэх талаар тайлбарлаад өгчихлөө. Манайх эвлэрэх тал дээр эвлэрье гэж байна...” гэв.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Малын индексжүүлсэн даатгал нь даатгуулсан нөхцөлд тухайн сумын нийт хорогдлын хэмжээ 6 хувиа давсан тохиолдолд малчин хэдэн төгрөгөөр малаа үнэлж даатгуулсан байна. Тэр хувиар нь нөхөн төлбөр бодож олгодог. Гэтэл Г сумын хэмжээнд малын хорогдлын хэмжээ 63 хувьтай мал хорогдсон гэдэг статистик мэдээн дээр үндэслэгдээд малын нийт  үнэлгээний хувьтай тэнцэхүйц хэмжээний нөхөн төлбөр оногдох юм...” гэв.

 

8. Хариуцагч Г.А-д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эвлэрч болно. Гэхдээ нэг тайлбар хэлэхэд нэхэмжлэгч талын зүгээс 10 сая төгрөг нэхэмжлээд байгаа. Малын индексжүүлсэн даатгалын хуулиар тооцоод үзэхээр нийт сумын хэмжээнд хорогдсон малын нийт хувиар тооцож нөхөн төлбөр олгогдож байгаа. Тэгтэл Г сумын хэмжээнд 63 хувиар мал хорогдсон гээд байгаа. Тийм учраас даатгуулсан үнийн дүнд нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үнийн дүн бууж ирнэ гэсэн үг. Үнэхээр энэ хүний малын даатгалын гэрээ программд ороод баталгаажаад гараад ирэх юм бол нийт хорогдлынхоо хувиар 6,200,000 орчим төгрөг хуримтлалынхаа хэмжээгээр оногдох  төсөвтэй байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа мөнгө 10 сая төгрөг байгаа. Гүйлгээний утга дээр “М даатгал” гэсэн нэрээр гарч байсан болохоос биш малын даатгалаар гэж орж ирээгүй байгаа. Гэтэл гүйлгээний утга нь тодорхойгүй өчнөөн баримт орж ирдэг. Таны гэрээ баталгаажаагүй тань дээр очсон байгаагаар нөхцөл шалтгаан үүсчхээд байгаа. Тэгэхээр яг хорогдох, хорогдлын мэдээгээр үндэслээд танд ногдох нөхөн төлбөр 6,200,000 орчим төгрөгөөр л тооцоологдож орж ирнэ...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т-н давж заалдах гомдлыг үндэслэн нэхэмжлэгч Б.М-н нэхэмжлэлтэй, “А” -ын Хэнтий аймаг дахь салбарт холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

 10. Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр А-н Хэнтий аймаг дахь салбарт 1,30 хувиар тооцож 275 толгой бог малаа 41,250,000 төгрөгөөр үнэлүүлж 7,633,136 төгрөгөөр даатгуулан 99,230 төгрөг, 5,04 хувиар тооцож 10 бод малаа 12,500,000 төгрөгөөр үнэлүүлж, 2,366,864 төгрөгөөр даатгуулж, 120,000 төгрөг, даатгалд нийтдээ 219,231 төгрөгийг төлсөн. Даатгалын баталгааны хуудаст “малын индексжүүлсэн даатгал нь дараа оны мал тооллого хүртэлх хугацаан дахь эрсдэлийг сумын мал хорогдлын түвшин босго үзүүлэлтээс хэтэрсэн тохиолдолд нөхөн төлбөр авахаар харилцан тохиролцож, гарын үсэг зурсан. Гэтэл Г сумын малын тооноос 62,9 хувь буюу 217,795 толгой малаар буурсан үзүүлэлт нь малын индексжүүлсэн даатгалын босго оноог давсан тул  “А”-н Хэнтий аймаг дахь салбараас 7,633,136 төгрөг дээр 2,366,864 төгрөгийг нэмээд нийтдээ 10,000,000 төгрөгийг нөхөн төлбөрөө авах тухай” дурджээ.

 

11. Хариуцагч “А” -ын Хэнтий аймаг дахь салбарын захирал Г.А-д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж, татгалзсан хариу тайлбартаа:  “... даатгалын гэрээний харилцаа үүсээгүй ба  хэдэн хувиар хорогдсон гэдгээр тооцож олгодог. Тэр гэрээг Бямбаа гэдэг хүн бичсэн. Иймд нэхэмжилж байгаа 10,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.   

 

12. Анхан шатны шүүхээс   нэхэмжлэгч Б.М  нь малын индексжүүлсэн даатгалын баталгааны маягт буюу гэрээ байгуулах саналыг хүлээн авч өөрийн малаа даатгуулах хүсэл зоригийн илэрхийлэл болгож, даатгалын зохих хураамжийг төлж, гарын үсгээ зурсан байгаагаас үзэхэд  Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт тус тус зааснаар  нэхэмжлэгч Б.М, хариуцагч “А”-ын Хэнтий аймаг дахь салбарын захирал Г.А-д нарын хооронд малын индексжүүлсэн даатгалын гэрээний  харилцаа үүссэн байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн  25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу  нэхэмжлэгч Б.М нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон малын индексжүүлсэн даатгалын эрсдэл, тохиолдол бий болсон буюу өөрийнх малын тоо, толгой цөөрснийг нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч “А” -ын  Хэнтий аймаг дахь  салбараас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

13. Энэ шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т нь “нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон” гэж давж заалдах гомдол гаргажээ.

14. Давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдаан эхлэхийн өмнө даргалагчийн зүгээс зохигчид эвлэрэх хүсэлт  байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М  нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 10,000,000 төгрөгийн 3,800,000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 6,200,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “А” -ын Хэнтий аймаг дахь салбарын захирал Г.А-д хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн тухай бичгээр хүсэлт тухайн шүүхэд өгөв. /хх-23,46,х/

15. Иймд зохигчдын эвлэрлийг батлахад иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Б.М-н “2023-2024 оны малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, хариуцагч “А” -ын Хэнтий аймаг дахь салбарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.6. дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг  хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тус тус  зохигчдод мэдэгдэхээр тогтов.

17. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т-н давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.М-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.    /хх-74х/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167 дугаар зүйлийн 167.2 дахь  хэсэг, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн  611 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

1.1 Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан “...нэхэмжлэгч Б.М-с гаргасан А-н Хэнтий салбараас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “нэхэмжлэгч Б.М, хариуцагч А-н Хэнтий аймаг дахь салбарын захирал Г.А-д нарын 2023-2024 оны малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрт 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн эвлэрлийг баталж, Б.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч “А” -ын Хэнтий аймаг дахь салбарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.

 

1.2 Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч Б.М-н 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Гурав. Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

Дөрөв: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6. дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг  хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч А-н Хэнтий аймаг дахь салбарт мэдэгдсүгэй.