| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0066/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Жын толгойд чулуугаар цохисоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 03 дугаар сарын 05-ны өглөө гэрээсээ гарч явахад Г ахтай таараад Угалз орж архи, ундаа авсан. Музейн урд Э, Г бид 3 суусан. Гэтэл Ж гэх танихгүй залуу ирсэн. Тэгээд архиа задлаад Жт хийж өгсөн. Би 1 ширхэг бабулай тараг өгсөн чинь чиний шүлсийг хэн иддэг юм, ална шүү гээд өөдөөс элдэв янзаар хэлсэн. ... Миний шилэн хүзүүн дээрээс дараад доошоо тонгойлгосон доор нэг юм харагдах шиг болохоор нь тэрийг аваад толгой хэсэг рүү нь цохьсон. Би өөрийгөө унах нь гэж бодсон. Гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад төв ороод дэлгүүрээс 1 шил архи аваад ганцаараа уусан юм. Тэгээд би Алтанговь худалдааны төвийн хойд талд аймгийн музейн урд талд 3 ах байж байсан. Намайг хажуугаар нь явж байхад нэг нь нэгийгээ дээрэлхээд байх шиг байсан, тэгтэл намайг хажуудаа суу гэсэн. Надад ууж байсан архинаасаа 2 удаа хийж өгсөн.Тэгээд нэг мэдэхэд тэр ах миний хажуунаас цохих шиг болсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг тэр хоёр хүн дээр очих хооронд зогсож байсан хүн нь дор уначихсан байсан. Залуугийн толгой хэсэг рүү том чулуугаар баруун гараараа барьж байгаад 2 цохьсон. ... зодуулсан залуугийн толгойноос нь цус гарсан, доор цемент нь цус болсон байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: “...М.Жын биед баруун чамархай, зулай хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-ийн 24/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-32 / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Жын толгойд чулуугаар цохисоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 03 дугаар сарын 05-ны өглөө аймгийн музейн урд арх ууж байсан... Миний шилэн хүзүүн дээрээс дараад доошоо тонгойлгосон доор нэг юм харагдах шиг болохоор нь тэрийг аваад толгой хэсэг рүү нь цохьсон. Би өөрийгөө унах нь гэж бодсон. гэсэн мэдүүлэг, Хохирогч М.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ... тэр ах миний хажуунаас цохих шиг болсон ...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг тэр 2 хүн дээр очих хооронд зогсож байсан хүн нь дор уначихсан байсан. Залуугийн толгой хэсэг рүү том чулуугаар баруун гараараа барьж байгаад 2 цохьсон. ... зодуулсан залуугийн толгойноос нь цус гарсан, доор цемент нь цус болсон байсан..” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн ... дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Эд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай агийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан хугацаанд / 90 хоног/ биелүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.Э нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 32/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.ШүүгдэгчБ овогт Бийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 550000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Энь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН