| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0189/Э |
| Дугаар | 0217 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 0217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Хохирогч Ё.Д
Шүүгдэгч З.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Мд холбогдох эрүүгийн 1925000850171 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, З.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч З.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан хуушуур” гэх газарт 2018 оны 12 сард иргэн Ё.Д-с охин Болорцэцэгийг чинь Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажилд оруулж өгнө хэмээн хуурч 300.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч З.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Дэлгэрмөрөн эгчийг таньдаг. Надаас хүүхдээ Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулья гэж хэлэхээр нь тус болох гэж бодсон. Би үйлдвэрт 29 жил ажилласан болохоор болох байх гэж бодож байсан. Гэвч охиноо алдаад сэтгэл санаа хэцүү болж ажлаа тасалснаас ажлаасаа халагдсан. Тэрнээс залилах, санаа байгаагүй. Би Дэлгэрмөрөн эгчийн охиныг өөрийнхөө оронд оруулах боломж байсан. Энэ талаар цехийнхээ даргатай ярьчихна гэж бодож байсан. Гэвч ярьж чадаагүй. Дэлгэрмөрөн эгчээс 300.000 төгрөг авсан байсан. Үүнийгээ төлж барагдуулсан. Энэ хэрэгт гэм буруутай. Маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ё.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Маржангүлийг таньдаг байсан. 2018 оны 12 сард таарч хүүхдээ оронд нь ажилд оруулахаар ярилцаж, 300.000 төгрөг хэрэг боллоо гэхээр нь өгсөн. Хохирол бүрэн төлөгдсөн. Миний хувьд гомдоод байх зүйл алга гэсэн мэдүүлэг,
-Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...манай ээж Ё.Д300.000 төгрөгийг Маржангүлд өгөхдөө 30.000-40.000 төгрөгийн чихэр, жимс, аарц зэргийг өгсөн. Би Маржангүл эгчтэй урт цагаан дээр уулзаж иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг зэргийг өгсөн гэсэн мэдүүлэг /хх 11 ху/
-Яллагдагч З.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Дэлгэрмөрөнгийн охин Болорцэцэг гэж охиныг Эрдэнэт үйлдвэр ХХК-нд оруулчих юмсан гэж тань мэддэг хүмүүсээс асууж үзье л бодож байсан. 300.000 төгрөг авсан нь үнэн гэсэн мэдүүлэг /хх 20-22 ху/,
-Хохирол төлсөн баримт /хх 10 ху/
-З.М-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 17-22 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25, 28 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч З.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан хуушуур” гэх газарт 2018 оны 12 сард иргэн Ё.Дэлгэрмөрөнгөөс охин Болорцэцэгийг чинь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгнө хэмээн хуурч 300.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би Дэлгэрмөрөн эгчийн охиныг өөрийнхөө оронд оруулах боломж байсан. Энэ талаар цехийнхээ даргатай ярьчихна гэж бодож байсан. Гэвч ярьж чадаагүй. Дэлгэрмөрөн эгчээс 300.000 төгрөг авсан байсан“ гэсэн мэдүүлэг, хохирогч Ё.Дэлгэрмөрөнгийн “2018 оны 12 сард таарч хүүхдээ оронд нь ажилд оруулахаар ярилцаж, 300.000 төгрөг хэрэг боллоо гэхээр нь өгсөн. Хохирол бүрэн төлөгдсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Болорцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх 11 ху/, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Ё.Днь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол 300.000 төгрөг бүрэн төлөгдсөн. Гомдол саналгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх боломжтой гэж үзлээ.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 5 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-ийг оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 5 хоног цагдан хоригдсоныг, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА