| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0068/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 11.5.2., 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ...тоот хашаанд хохирогч О.Ныг хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяр болоод 2 цагийн орчимд ажил дээрээ очоод гэрлүүгээ явах гэж байтал Э хүрээд ирээч гэсэн. 4-үүлээ Болор нэртэй архи 2 шилийг уусан. Би нилээн согтсон байсан. Орой нь Нтай муудалцаад хутгалсан байсан. Болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна... гэсэн мэдүүлэг,
Хохирогч О.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б зогсож байсан. Би хүрээд очтол Б миний нуруу руу гараараа цохих шиг болсон чинь нойтон оргиод явчихсан. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ хөгшөөн боль л доо гэтэл дахиад миний нүүр лүү цохих шиг болсон. Тэгтэл би хамарнаас цус гарлаа гэж бодоод хамраа үзтэл миний нүүрнээс цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр 2 манай гэрээс гараад явсан. Удалгүй Н намайг гэрийн гаднаас хашгираад түчигнээд л явчихсан. Тэгээд би гараад очтол Н хашааны гадаа зогсож байсан. Б хашааны гадаа гар нь цус болчихсон зогсож байсан. Би Б дээр очоод яасан бэ гэж асуусан чинь Ныг хутгалчихлаа ч гэнэ үү нэг хутганы л юм яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шинжээчийн ... дугаартай: “...О.Нын биед баруун хацар, дээд уруул, баруун мөр, хэвлийн баруун хэсэг, нурууны шарх гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь тус бүртээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Хувийн байдалтай холбоотой нотлох баримт / хх- 36-41, 48-51 /
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх-3-7/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-45 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны 303 тоот хашаанд хохирогч О.Ныг хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Би нилээн согтсон байсан. Орой нь Нтай муудалцаад хутгалсан байсан. Болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна... гэсэн мэдүүлэг, Хохирогч О.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б миний нуруу руу гараараа цохих шиг болсон чинь нойтон оргиод явчихсан. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ хөгшөөн боль л доо гэтэл дахиад миний нүүр лүү цохих шиг болсон. Тэгтэл би хамарнаас цус гарлаа гэж бодоод хамраа үзтэл миний нүүрнээс цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н гэрийн гаднаас хашгираад түчигнээд л явчихсан. Тэгээд би гараад очтол Н хашааны гадаа зогсож байсан. Б хашааны гадаа гар нь цус болчихсон зогсож байсан. Би Б дээр очоод яасан бэ гэж асуусан чинь Ныг хутгалчихлаа ч гэнэ үү нэг хутганы л юм яриад байсан...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн ... дугаартай дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Г.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 45/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн модон иштэй эвхэгддэг 17 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г. овогт Г.ийн Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б.ийг 500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б.т оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б. нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б. нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 см урттай хүрэн өнгийн модон иштэй эвхэгддэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН