Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/02132

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/06411 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******нд тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 314,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: "*******" ХХК нь энэ газрыг 1996 онд тохижуулж, 2000 онд Газрын албанд өргөдлөө өгч, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 сарын 20-ны өдрийн ******* дугаартай захирамж, 2009 оны *******тоот захирамжаар ******* м.кв газрыг эзэмшихээр болсон. Гэтэл *******нд ажиллаж байсан *******, *******, *******нд ажиллаж байсан *******, ******* нар нь Газрын тухай хуулийг зөрчин, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, албан үүрэгтээ хайнга хандсанаас манай компанийн эзэмшил газартай холбоотой маргаан үүсэж, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, бизнес төлөвлөгөөг тасалж, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг доройтуулан, дахин сэргэх боломжгүй болгон, эзэмшил газартаа барилга барих боломжгүй болгож маш их хохирол учруулсан. Дээрх этгээдүүдийн гэм бурууг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэж, гэм буруутайд тооцож, "******* ХХК хохирлоо шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Үүний дагуу учирсан хохирлыг гэмт хэргийг шалгах явцад хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд газар эзэмших эрхийн үнэлгээг 314,880,000 төгрөгөөр тогтоосон тул энэ үнэлгээгээр хохирол гаргуулахаар шүүхэд хандаж байна. Манай компанийн 512 м.кв газарт 2016 оноос *******тай холбоотой маргаан шат шатны шүүхээр өнөөдрийг хүртэл явагдаж байна.*******ын маргаанаас болж 2006 онд гарсан барилга барих зөвшөөрөл, барилгын зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар мэдэгдэл бүгд хүчингүй болж, эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санааны маш их хохирол учирсан. Иймд хариуцагч нараас эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 314,880,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******ны хариу тайлбар, татгалзлын агуулга: *******ны (хуучнаар *******) мэргэжилтэн, *******нд (хуучнаар *******) ажиллаж байсан мэргэжилтнүүд Нийслэлийн Засаг даргын захирамжтай *******ХХК-ийн хүчин төгөлдөр газар эзэмших эрхтэй газарт барилга барихад хууль бусаар нөлөөлсөн зүйл байхгүй. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсгийг газар эзэмших гэрээнд тусгасан нөхцөл болзлыг зөрчөөгүй байх тул дээрх компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, бизнес төлөвлөгөөг тасалдуулан хохирол учруулсан гэх нэхэмжлэл нь хуульд нийцэхгүй, хохирол учруулаагүй, түүний нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 2009 оны ******* дугаар захирамжаар нэхэмжлэгч ******* ХХК-д ******* дүүргийн *******хорооны нутаг дэвсгэрт ******* м.кв газрыг эзэмших эрх олгосон, үүний дагуу тэрээр газрыг эзэмшиж байгаа. ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр нь шугам сүлжээ бүхий газар гэдэг нь нотлогдоогүй бөгөөд гэр хороолол, эсхүл дахин төлөвлөлтөд орсон газар биш юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд *******ын нэхэмжлэлтэй, *******, ******* болон *******нд холбогдох залгаа 3 газрын орц гарцын асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд ******* ХХК-ийн хохирол болох 314,880,000 төгрөгийг *******наас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч *******ны тайлбар, татгалзлын агуулга: *******ын 2006 оны 03 сарын 20-ны өдрийн ******* дугаар захирамжаар *******дүүрэг, *******хорооны нутаг дэвсгэрт ******* ХХК-д ******* м.кв газрыг оёдлын үйлдвэрлэл зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Уг эрхийг 2009 оны 05 сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* м.кв болгож, 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. 2016 онд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ******* м.кв талбайтай газрыг ******* м.кв талбайтай газар болгон нэмэгдүүлсэн нь учир дутагдалтай, *******ын орц, гарцыг хаасан учраас ахиж шинэ акт гаргах шүүхийн шийдвэрийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн. ******* ХХК-ийн 2009 онд гаргасан хүсэлтээр эдний газар нь *******ын эзэмшил газартай залгаа нөхцөл байдалтай байсан бол одоогийн байдлаар нэхэмжлэгчийн ******* м.кв газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр кадастрын зурагт хажуу талд нь орц гарц гаргаж, 3 шатны шүүх хэлэлцээд дуусгавар болсон. *******, ******* ХХК нарын газрууд хоорондоо давхцалгүй нь 2006, 2007 онд тогтоогдсон.

Захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлж ******* ХХК-ийн 2019 оны 01 сарын 03-ны өдөр *******нд гаргасан хүсэлтээр талбайн хэмжээг өөрчилсөн ч ******* ХХК нь төрийн байгууллагад ханддаг ч нэгэнт шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул эрх, ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байна. Одоогийн байдлаар нэхэмжлэгчийн газрын орц гарцыг хаасан зүйлгүй, газрын давхцал байхгүй, эзэмших эрх хөндсөн зүйлгүй нь шинжээчийн дүгнэлт, шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч 314,880,000 төгрөгийг шаардаж байгаа ч юуны хохирол болохыг тодорхойлж өгөөгүй байна. ******* ХХК нь 2006 онд архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан ч Хот байгуулалтын тухай хуульд зааснаар 5 жилийн хугацаанд өөрийн эзэмшил тухайн газарт барилгаа барих, түүнийгээ эзэмших, ашиглах, ингэснээр ашиг олох бүрэн боломжтой байсан байтал өөрөө энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

4.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******, *******наас 314,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нэхэмжлэлд дурдсан ******* м.кв газрыг бодитоор эзэмшиж байгаа тул тухайн газрын үнэлгээ 314,880,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Миний захирамжтай газарт ямар ч захирамжгүй ******* гэх хүнд орц, гарцыг гаргаж өгч намайг хохироосон ба ******* нь 2007 оны захирамжтай гэх боловч захирамжийг хууль бусаар гаргасан нь тогтоогдсон. 2009-2016 оны хооронд 7 жилийн хугацаанд *******ны албан тушаалтнуудын хувьд олон удаа манай газар эзэмших эрхийг цуцалж, эргэн өөр хүний нэр дээр болгож, газар эзэмших эрхээ бүрэн хэрэгжүүлэх нэхэмжлэгчийн боломжийг үгүй болгож хохироосон. Үүнээс гадна 2009 оны Нийслэлийн мэдээллийн кадастрын санд орсон газрын хэмжээг дур мэдэн өөрчилсөн. Анхан шатны шүүх эрүүгийн журмаар нэр бүхий этгээдүүдийн гэм буруутайг тогтоосон байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж хуулийг алдаатай хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг олон жилийн хугацаанд бодитоор эзэмших эрхийг үгүй болгосноор нэхэмжлэгч үйл ажиллагаагаа тууштай явуулах боломжгүй болж орлогогүй, сэтгэл санаа, цаг хугацаа, эд мөнгөөр хохирсон. Энэ бүх баримтаа шүүхэд өгсөн ч шүүх хохирлын огт үнэлэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Тиймээс анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бодитоор шийдвэрлэхийн тулд анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч нарын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 314,880,000 төгрөгийн нөхөн олговрын үнэлгээний тайланд одоо бодитоор ашиглаж байгаа газрын тайланг суурилж дүгнэсэн. Төрийн зүгээс энэ газартай холбогдуулаад ямар нэгэн байдлаар иргэнд хохирол учруулсан зүйл байхгүй. Эрүүгийн хэргийн тогтоолын талаар гомдолд дурдсан боловч уг тогтоол энэ хэрэг маргаанд огт хамааралгүй. 2016 онд кадастрын зурагт өөрчлөлт оруулсан шалтгаан нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Улсын дээд шүүхийн тогтоол, мөн ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу кадастрыг мэдээллийн системд оруулж захирамж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* болон *******нд тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 314,880,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...эзэмшиж байгаа *******м.кв газарт 2006 онд барилга барих зөвшөөрөл олгогдсон ч газрын албаны ажилтнууд буруу шийдвэр гаргадаг, бусдад дур мэдэн газрын гэрчилгээ гаргаж өгснөөс болж газартай холбоотой маргаан үүсгэн газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаагаас бизнес төлөвлөгөө тасалдаж, үйл ажиллагаа алдагдан барилга барих боломжгүйд хүрч хохирсон... гэсэн агуулгаар илэрхийлсэн.

Мөн давж заалдах гомдлоо энэ үндэслэлээр илэрхийлж, анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох, нэхэмжлэгч газраа бодитой эзэмшиж чадахгүй байгааг анхаараагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн бодит нөхцөл, хохирол учирсан байдлыг дахин шалгаж, зохих баримтаа шүүхэд гаргах боломжоор хангуулахыг хүссэн агуулгаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 318,400,000 төгрөгийн хохирол учирсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

4.Нэхэмжлэгч ******* ХХК нь анх ******* ын 2006 оны *******дугаар захирамжаар ******* м.кв газрыг ******* дүүргийн ******* хороонд эзэмшиж байгаад мөн Засаг даргын 2009 оны ******* дугаар захирамжаар газрын хэмжээ нь ******* м.кв болж нэмэгдсэн, энэ хэмжээ нь өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрчлөгдөөгүй, уг газар улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэнийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч газраа хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзнэ.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч одоогийн эзэмшиж буй газраа анх 1996 онд мэдэлдээ авч 2000 оноос эхлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүсч эрх бүхий этгээдэд хандсан, мөн иргэн ******* 2001 онд нэхэмжлэгчийн газрын зүүн талд газар эзэмшихээр хөрш болсон үеэс тэдний хооронд газрын маргаан үүсчээ. Энэ асуудлаар тэдгээрийн хооронд үүссэн газрын маргаан өнөөг хүртэл шүүхийн болон шүүхийн бус журмаар үргэлжилж байгааг зохигч тайлбарлаж байна. Энэ үйл явдалд холбоотойгоор холбогдох *******, *******наас удаа дараа зохих шийдвэр гаргасан ч ******* ХХК, ******* нарын газар эзэмших эрхийн болон орц, гарцтай холбоотой асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байна. Мөн ******* ХХК, ******* нарын хоорондын газар эзэмших эрхийн болон газраа бодитой ашиглахтай холбоотой үүссэн шүүхийн хэд хэдэн маргаанд хариуцагч нар шийдвэр гаргасан этгээдийн хувьд хэргийн нэг тал болж оролцсон, одоогийн байдлаар *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч нарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мөн шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаад зохигч маргахгүй байна.

Эдгээр маргааны улмаас нэхэмжлэгч компани нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх, газар дээрээ үйл ажиллагаа явуулах бодит нөхцөл бүрдэхгүй байгаа нь дээрх маргаантай байдалтай шалтгаант холбоотой гэж дүгнэхээр байна. Иймээс зохигч болон иргэн ******* нарын хоорондын газартай холбоотой үүссэн маргаантай байдал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах шууд үндэслэл болохгүй юм.

 

5.******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* дугаартай шийтгэх тогтоолоор *******, *******, *******, ******* нарыг албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хайнга хандсан гэм буруутайг тогтоож, эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Прокуророос нэр дурдагдсан хүмүүсийг Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2-т зааснаар зүйлчлэхдээ ******* ХХК-д 318,400,000 төгрөгийн үнэ бүхий газар эзэмших эрхийг зөрчин хүнд хор уршиг учруулсан гэжээ. Нэхэмжлэгч энэ үндэслэлээр буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн дагуу тэдгээр хүмүүсийн ажиллаж байсан байгууллага болох хариуцагч нараас уул мөнгийг хохиролд тооцон гаргуулахаар шаарджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын үнэлгээг 318,400,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд эрүүгийн хэргийн улмаас нэхэмжлэгч газар эзэмших эрхээ алдаагүй, ******* м.кв газрыг өнөөгийн байдлаар хууль ёсоор эзэмшиж байгаа нь хэргийн баримтаар тогтоогдож, мөн зохигч энэ тухайд маргаагүй. Энэ нөхцөлд хариуцагч байгууллагууд, түүний албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч ******* ХХК-д 318,400,000 төгрөгийн гэм хор учруулсан буюу дурдсан үнэ бүхий газар эзэмших эрхээ нэхэмжлэгч алдаж бодитоор хохирсон гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч нараас Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд заасан үндэслэлээр 318,400,000 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл хэргийн байдалд нийцээгүй, нэхэмжлэгчид уг хохирол бодитоор учраагүй байх тул гомдлыг хангахгүй. Энэ тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, хуульд нийцжээ.

 

6.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/06411 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Э.ЭНЭБИШ