Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-д холбогдох эрүүгийн 1825008920024 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Т

Прокуророос, шүүгдэгч С.Т-г 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-5-р байрны 5 давхарын шатнаас 4 давхарын шат руу Ц.Сандагдоржийг унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т-г мэдүүлсэн: Тэр үед архи уусан байсан. Гэр рүүгээ орох гээд шатан дээр явж байхад Сандагдорж гарч ирсэн. Шүдэнз асуусан. Араас татах шиг болохоор нь мушгиад татсан чинь доош уначихсан. 500 000 төгрөг төлж бүх эмчилгээг нь хийлгэсэн. Би гэм буруугаа хүлээж байна. Архи ууснаас болсон. Уухаа больно гэж бодож байна гэсэн мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 4-5-р хуудас/ -Хохирогч Ц.Сандагдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...”Ингээд би орцонд гараад тамхи татах гэтэл шүдэнз байхгүй байхаар нь эгчийг шүдэнз аваад ирээч гэж хэлчихээд орцонд зогсож байтал манай аавын дээд талд байдаг Т ах гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Би шүдэнз байна уу гэтэл наашаа хүрээд ир гэхээр нь би 4 давхараас 5 давхарт гартал Т ах миний куртикны захаас татаад доош 4 давхарын шат руу унагаачихсан. Би энэ үед ухаан балартсан байсан ба сэртэл 4 давхарт аавынхаа гэрийн үүдэнд уначихсан байсан. Би гомдолгүй тул шүүх хуралдаанд суухгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

Гэрч Ц.Болорын өгсөн мөрдөн байцаалтад өгсөн ....“Гэтэл гадаа орцонд юм унах чимээ гараад хүн болохоор нь сандраад гартал манай аавынх 4 давхарт байдаг ба хаалганы урд манай дүү газар дээшээ хараад хэвтчихсэн ёолж байгаад Т ах намайг аваад шидчихлээ шүү дээ гэхээр нь би чи яах гэж дээшээ гарсан юм бэ гэтэл шүдэнз асуух гэж дээшээ гарсан гэсэн. Би дээшээ хартал 5 давхарын 27 тоотын хаалга хаагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/

Гэрч Н.Булганцэцэгийн өгсөн мөрдөн байцаалтад өгсөн:..”Гэтэл гэрт хүмүүс дуугараад байхаар нь сэрээд хартал манай доод айлын залуу Сандагдорж эхнэртэйгээ цуг орж ирээд Сандагдорж нь манай нөхөртэй заамдалцчихсан зогсож байсан. Би Сандагдоржийг юу болсон яасан бэ гэтэл танай нөхөр намайг шатнаас унагаачихлаа гэхээр нь та нар больцгоо гээд салгах гэтэл Сандагдоржийн аав нь орж ирээд аваад гарсан. Улмаар маргааш нь Сандагдоржийн эхнэр над руу залгаад нөхөр маань босож чадахгүй байна. Цагдаад өгнө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

-Шинжээчийн 2018-12-24-ний өдрийн 33 дугаартай: Ц.Сандагдоржийн биед ахар сүүлний далд хугарал, баруун хөлний шилбэний зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Ахар сүүлний ясны далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Баруун хөлний шилбэний зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Шинэ гэмтэл ба тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Ердийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Дээрхи хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Т нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-5-р байрны 5 давхарын шатан дээр шүдэнз асуухаар уулзсан Ц.Сандагдоржийг 4 давхарын шат руу унагааж биед нь ахар сүүлний далд хугарал, баруун хөлний шилбэний зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-5-р байрны 5 давхарын шатнаас 4 давхарын шат руу Ц.Сандагдоржийг унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдолгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 1 сарын дотор ялыг биелүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ. Хохирогч Ц.Сандагдорж шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй “надад эмчилгээний зардал өгсөн. Бид хоёрын хооронд ямар нэг гомдол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж шүүхэд мэдэгджээ.

Шүүгдэгч С.Т-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлсөн байдал,шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг торгох ялын хэлбэрээр хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. С.Т нь хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой байх тул оногдуулсан ялыг хэсэгчлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С.Т Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд бүрэн хэмжээгээр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Д.АРИУНЦЭЦЭГ