Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/02161

 

 

 

 

 

 

 

 

*******ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/04115 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний хохиролд 337,798,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******ХХК нь *******апартмент, *******" орон сууцны барилгыг барихдаа *******" ХХК-тай 2022 оны 07 сарын 21-ний өдөр Барилгын цонхны хаалтны ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж, тухайн өдрөө 310,500,000 төгрөгийн гэрээний төлбөрт ******* автомашин, *******апартмент" орон сууцны барилгаас ******* м.кв байрыг бартераар шилжүүлсэн. Гэрээнд зааснаар гүйцэтгэгч гэрээт ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, ажлын гүйцэтгэлийг захиалагчид тайлагнахаар тохиролцсон ч *******" ХХК үүргээ биелүүлээгүй тул ажлаа бүрэн дуусгасан гэж үзэхгүй. Мөн ажлыг чанарын доголдолтой хийснийг арилгуулахаар талууд 2023 оны 06 сарын 10-ны өдөр барилгын талбайд уулзалт хийж гарын үсэг зуруулах хуудас гаргаж айл бүрээр зуруулах, *******апартмент"-ийн гомдол гаргасан айлуудын цонхны түгжээ, нуух дутууг гүйцээх, бүтэн солиулахаар гомдол гаргасан айлуудтай уулзаж асуудлыг шийдвэрлэх, *******-ийн айлуудын балконы хаалтанд силкон хийх, шүрүүпний толгойнуудыг далдлах, дутуу хийсэн ажлаа яаралтай бүрэн дуусгаж "*******апартмент-ийн айлуудтай хүлээлцэж гарын үсгийг нь авч, "*******"-ийн айлуудад болон хариуцсан талбайн инженерт бүрэн хүлээлгэн өгөх, гэрээний биелэлтийг 2023 оны 06 сарын 19-ний өдөр актаар дүгнэхээр тохиролцсон. Уулзалтын дагуу доголдлоо арилгахаар айлуудтай уулзаж байгаа тухай утсаар мэдэгдэж байсан ч ажлаа хүлээлгэж өгөлгүй алга болж, утсаа авахаа больсон. Улмаар "*******"-ийн айлуудын цонх, тагтны хаалганы тохиргоог "*******" компаниар хийлгэж 21,628,000 төгрөгийн хөлс төлснийг "******* ХХК-аас гаргуулахаар шаардаж байна.

Мөн шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд оршин суугчдаас гомдлууд ирсээр байсан тул мэргэжлийн байгууллага болох *******" ХХК-д хүсэлт тавьж үзлэг хийхэд ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах боломжгүй, барилгын норм дүрэм, барилгын цонхны техникийн шаардлага, барилгын хуванцар (PVC) цонх хаалга, техникийн шаардлага, цонх, хаалга поливинилхлорид хэлбэржүүлсэн цувимал эзлэхүүн, техникийн шаардлага зэрэг стандартуудыг хангаагүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар байгааг тогтоосон. Оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж тагтны хаалтыг шинээр хийлгэх шаардлагатай болсон. Иймд гүйцэтгэгч "*******" ХХК-аас тагтны хаалтыг шинээр хийлгэх 310,500,000 төгрөг, "Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо-г шинжээчээр томилон үзлэг хийлгэхэд төлсөн зардал 5,670,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани гэрээний дагуу 200 орчим айлын тагтны хаалт, вакум цонхыг үйлдвэрлээд, тээвэрлээд, угсарч хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөх үед бол ямар нэг гомдол гараагүй бөгөөд дараа нь *******ХХК-аас танайд мөнгө нэмж өгье бага сага дутуу ажлаа гүйцээгээд өг. Дараагийн ажилд хамтаръя гэх саналыг тавьсан. Гэвч захирал нь дараа 7 хоног гэж хойшлуулсаар чимээгүй болсон. Манай байгууллагын хийсэн ажилтай холбоотой доголдол эсэхийг одоо тогтоох боломжгүй. *******ХХК нь өөр байгууллага сонгож ажиллуулж, хэзээ, юуны засвар нь мэдэгдэхгүй мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардпага нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас 15,242,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, үлдэх 322,555,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,082,210 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 234,164 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хөөн хэлэлцэх хугацааг зөв дүгнэсэн боловч хэргийн зарим үйл баримтанд буруу дүгнэлт хийснээс гадна хуулийг буруу тайлбарласан, зарим нотлох баримтыг үнэлээгүй.

Тухайлбал, 2023 оны 06 сарын 10-ны өдөр болсон талуудын уулзалтын тэмдэглэлээр хариуцагч ажлын үр дүнг шилжүүлж, нэхэмжлэгч хүлээн авсан нь тогтоогдож байгаа гэж дүгнэжээ. Гэтэл тухайн уулзалтын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн нь хэсгийн 4-т Гэрээний биелэлтийг 2023.06.19-ний өдөр актаар дүгнэх гэж шийдвэрлэсэн. Эндээс харахад ******* 2022.07.21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу, доголдолтой хийснээс гадна ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй буюу тэмдэглэлд заасан ажлыг хийж гүйцээсний дараа актаар хүлээлгэн өгөх, хүлээж авах тухай тохирсон байна. Ийм учраас нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлаа хүлээлгэж өгөөгүй тухай нэхэмжлэл гаргасан үеэс тайлбарласан буюу бодит байдал дээр хүлээлгэж өгөөгүй болно. Иймд шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ... нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээж авсан гэж үзэх үндэслэлтэй нь 2023.06.10-ны өдрийн Балкон, тагтны хаалт хийх ажил гүйцэтгэх гэрээний талуудын уулзалтын тэмдэглэлээ тогтоогдож байна гэж дүгнэсэн нь буруу юм. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар нэмэлт хугацаа тогтоосон, гэвч энэхүү хугацаанд хариуцагч ямар нэг ажил хийгээгүйгээс гадна ажлыг актаар хүлээлгэж өгөөгүй.

Нэхэмжлэгч хариуцагчид гэрээний төлбөрийг бүрэн төлсөн тул БНбД, стандартад нийцүүлэн хүлээж авах гэрээний үүргийн биелэлтийг шаардсан хэдий ч шүүхээр хэрэг маргааныг хянах явцад оршин суугчдын эрүүл, аюулгүй байдал, эд хөрөнгө, амь насанд аюултай нөхцөл байдал тогтоогдсон. Барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн заалтаас гадна гүйцэтгэж буй ажлын норм дүрэм, стандарт нь Барилгын тухай хуулийн 14.3. Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жш байна. , 14.6. Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материая, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жш байна. 14.7.Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн алъ буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна. гэж зааснаар талуудын байгуулсан гэрээгээр 3 жилийн баталгаат хугацаанд илэрснийг болон Барилгын тухай хууль-ийн эдгээр заалтуудыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ харгалзаж үзээгүй.

Мөн шүүх ******* ХХК-ийг гэрээгээ ноцтой зөрчөөгүй гэж үзсэн. Гэтэл Монголын Цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбооны гаргасан 2024.12.02-ны өдрийн Д-12- 02 тоот Дүгнэлтээр MNS 5802:2007 Барилгын цонх техникийн шаардлага, MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх хаалга, техникийн шаардлага, MNS 6266:2011 Барилгын цонхны уулзварын угсралтын заадал, Техникийн ерөнхий шаардлага зэрэг стандартуудыг хангаагүй тухай дүгнэсэн. Тухайн тагтны цонхны доголдлыг сайжруулахдаа үндсэн хийцүүд металл зүрхэвч суурилуулах, хөндлөвчийн холбоос хийх, цонхыг стандартын дагуу бэхлэх зэрэг ажлуудыг тухайн тагтны цонхыг заавал буулгаж шинээр хийх шаардлагатай гэж үзсэн. Эдгээр нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй тухай одоо манай компанийн төсөлд цонх үйлдвэрлэж, угсрах ажлыг хариуцан байгаа компани болох ******* ХХК-ийн үзлэг, Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбооны үзлэгээр тус тус тогтоогдсон. Шүүх Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасан шинжээчийн эрх, үүрэг хэрэгжүүлэх тусгай мэдлэг бүхий этгээд болох нотлох баримт хэрэгт авагдаагүй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчийг гэрээний 5.2-т заасан ажлыг хийгээгүй нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, байгууллагын нэхэмжлэх болон албан бичигт дарсан тэмдэгт бичигдсэн хуулийн этгээдийн регистрийн дугаараар нотлогдож байгаа. Энэ мэдээллийг шүүх Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс харах нь нээлттэй байсан.

Хариуцагч цонхыг үйлдвэрлэж угсрахдаа стандартыг мөрдөөгүй, гол шаардлагатай хийц болох хүчитгэгч металл зүрхэвчийг суурилуулах, хөндлөвчийн холбоос хийх, цонхыг бэхлэх зэрэг олон олон ажлуудыг стандартын дагуу хийгээгүй, өөр өөр материалыг эвлүүлж угсарсныг нэхэмжлэгчийн хүсэлтээр 2 компанийн үзлэгээр тогтоосон. Иймд Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбооны дүгнэлт нь хуульд заасан шинжээчийн эрх, үүрэг хэрэгжүүлэх тусгай мэдлэг бүхий этгээд бөгөөд ******* ХХК нь гэрээний 5.2-т заасан ажил, үүргийг хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу хийгээгүй нь тогтоогдож байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг маргааныг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Гэрээний ерөнхий зүйлд зааснаар гэрээний нийт төлбөр 310,500,000 төгрөг гэж тусгасан. 1 м.кв талбайн үнэ нь 170,000 төгрөг. Нийт 1826 м.кв цонхны хаалт гэх ерөнхий заалттай. Барилгын ажлын онцлог буюу барилгын фасаднаас хамаарч бэрхшээлүүд гарч ирдэг. Талуудын хооронд байгуулсан барилгын хаалтын ажил гүйцэтгэх гэрээгээр нийт дүн, хэмжээг тохирсон. Барилгын ерөнхий хэмжээг дундажлан хаалтын рамыг үйлдвэрт урьдчилан хийж болконд суурилуулдаг онцлогтой. Барилгын фасадны налуу болон барилгын ажлын гүйцэтгэлээс хамаарч барилга хаалтын хооронд зай үүсдэг. Энэ нь үндсэн гүйцэтгэгч буюу барилга барьсан болон фасад хийсэн компанитай холбоотой асуудал. Хаалт нь бүтцээс хамаарч өөр өөр байдаг. Хариуцагчийн гүйцэтгэсэн хаалт нь дундаа бэхэлгээ төмөртэй байсан. Гэтэл нэхэмжлэгч тал ажлын гүйцэтгэлийг үгүйсгэж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж өнөөдрийг хүртэл маргадаг. Хариуцагч нь нэхэмжлэгчид олон удаагийн ажлыг гүйцэтгэж өгсөн учраас нэхэмжлэгч тал хольж тайлбарласан ба улсын комисс ажлыг дүгнэж хүлээн авсан бөгөөд ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл авагдсан. ******* орон сууцны барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн талаар мөн тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээг үгүйсгэж 310,000,000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь ажлыг хүлээн авч тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******ХХК, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахад гарсан зардал 21,628,000 төгрөг, тагтны хаалтыг шинээр хийлгэхэд шаардлагатай 310,500,000 төгрөг, дүгнэлт гаргуулсны хөлс 5,670,000 төгрөг, нийт 337,798,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, вахум цонхны ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгөх үед гомдол гаргаагүй ба зарим дутуу ажлыг гүйцээхээр тохиролцсон өөрсдөө хойшлуулсан гэж тайлбарлан маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, хариуцагч ******* ХХК-аас 15,242,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлээс 322,555,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймээс шүүх нотлох баримтыг буруу дүгнэж, нэхэмжлэгч болон оршин суугчдад хохирол учруулахаар байгааг анхаараагүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаалгах тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

4.Талуудын хооронд 2022.07.21-ний өдөр байгуулсан 34 дугаартай Барилгын цонхны хаалтны ажил гүйцэтгэх гэрээ-ээр гүйцэтгэгч ******* ХХК нь ******* дүүргийн ******* хороо, *******апартмент болон мөн дүүргийн ******* хороо, ******* орон сууцны барилгын цонхны хаалтын ажлыг гүйцэтгэх, захиалагч *******ХХК нь цонхны хаалтын 1 м.кв талбайн хөлсийг 170,000 төгрөгөөр тооцон нийт 310,500,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлжээ.

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч нь гэрээний үнэ 310,500,000 төгрөгийг бүрэн төлсөн, хариуцагч нь *******апартмент төслийн балконы хаалтын ажил, ******* төслийн балконы хаалт, цонхны рамын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Гэрээнд заасан ажлыг хариуцагч гүйцэтгэсний дараа талууд 2023 оны 06 сарын 10-ны өдөр уулзалт хийж гэрээт ажилд гарсан доголдлыг арилгахаар шийдвэрлэж, уулзалтын тэмдэглэл үйлджээ. Уг тэмдэглэлээр дараах асуудлыг шийдвэрлэхээр тусгасан нь *******-ын гомдол гаргасан айлуудын цонхны түгжээ, нуух дутууг гүйцээх, бүтэн солиулах ..., *******-ийн айлуудын балконы хаалтад силкон хийх, шүрүүпний толгойг далдлах, гэрээний биелэлтийг 2023 оны 06 сарын 19-ний өдөр актаар дүгнэх-ээр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд хариуцагч нь дээрх хоёр хотхоны балконы хаалт, цонхны рамын ажлыг гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь энэхүү уулзалтын тэмдэглэлээр тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн байдалд нийцжээ. Учир нь *******апартмент орон сууцны барилгыг 2023.01.06-ны өдөр, ******* орон сууцны барилгыг 2023.09.01-ний өдөр тус тус улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авчээ. Тухайн орон сууцанд айлууд нүүн орсны дараа хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу орон сууцны цонх, балконы хаалтын талаар айлууд гомдол гаргасны дагуу гэрээний талууд гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахаар уулзалт хийсэн байна.

Иймд гэрээнд заасан ажлыг хариуцагч актаар хүлээлцээгүй байхад анхан шатны шүүх ажлыг нэхэмжлэгч хүлээн авсан гэж буруу дүгнэснээр нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирч, айл өрхийн аюулгүй байдалд ноцтой нөлөөлөхөөр байгааг анхаараагүй тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 322,555,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаалгахаар гомдол гаргахдаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ нотолж гаргасан *******-ны 2024 оны 12 сарын 02-ны өдрийн Д/12-01 дугаартай тайланг шүүх нотлох баримтаар үнэлээгүй гэж дурджээ. Шүүх нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг буруу үнэлснийг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдлийг хэвээр үлдээнэ.

Нэхэмжлэгч нь тагтны хаалтыг шинээр хийлгэхэд шаардлагатай зардлыг талуудын байгуулсан гэрээний үнээр тооцож 310,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, хариуцагчийн гүйцэтгэсэн ажил үр дүнгүй болсныг *******-ны тайлангаар нотлохоор шүүхэд нотлох баримтаар гаргажээ. Хэргийн нотлох баримт нь мөн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт байх учиртай бөгөөд зохигч өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотолж буй баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тус тайлан хэрэгт эх хувиар авагдсан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохоор гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байна. Иймээс хэргийн оролцогчийн шаардлага, татгалзлаа нотлох агуулгаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж, нотлох баримтын буюу хэлбэрийн шаардлага хангасан байдлаар шүүхэд гаргасныг шүүх хүлээн авахгүй байх үндэсгүй.

Анхан шатны шүүхээс *******-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжээч биш гэсэн үндэслэлээр тус холбооны гаргасан тайланг нотлох баримтаар үнэлээгүй нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна. ******* нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шинжилгээний байгууллагад хамаарахгүй, мөн шүүх өөрөө тус холбоог мөн хуулийн 47 дугаар зүйлд зааснаар шинжээчээр томилоогүй байх тул тус холбооны дүгнэлтийг шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд үнэлэхгүй, харин бичмэл нотлох баримтын хэмжээнд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай.

 

6.Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан. *******-ны тайлан-/дүгнэлт/-д ...гүйцэтгэгч ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь MNS 5802:2007, 5830:2007, 6266:2011 стандарт, шаардлагуудыг хангаагүй, зөрчиж гүйцэтгэснийг дүгнэсэн бөгөөд тагтны доголдлыг сайжруулахдаа заавал буулгаж ... шинээр хийх шаардлагатай ... шинээр хийх зардлыг манай зүгээс тооцох боломжгүй... гэжээ.

Нэхэмжлэгч энэ тайланг үндэслэн хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг зориулатын дагуу ашиглах боломжгүй, дахин хийхэд шаардагдах зардлыг тооцохдоо талуудын хооронд 2022 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлжээ. Гүйцэтгэгч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн захиалагч гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй боловч гэрээний нэг талд учирсан хохирол нь бодитой тогтоогдсон байх учиртай.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болон түүний хэмжээг тогтоосон үйл баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй байна. *******-ны тайлангаар хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын чанар болон доголдлыг илрүүлсэн баримт гэж үзнэ. Харин хариуцагчийн гүйцэтгэсэн доголдолтой ажлыг нэхэмжлэгч завсарлах, шинээр гүйцэтгэх зэргээр уг доголдлыг арилгаж, тодорхой зардал гаргаж 310,500,000 төгрөгийн хохирол учирсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

Энэ үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн дүгнэлтийг залруулна.

 

7.Нэхэмжлэгч *******ХХК нь талуудын 2023.06.10-ны өдрийн уулзалтаар шийдвэрлэсэн буюу гүйцэтгэсэн ажлын доголдлыг хариуцагч арилгаагүй гэсэн үндэслэлээр бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс, шинжээчид төлсөн хөлс зэргийг хохиролд тооцон шаарджээ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбогдуулан шаардлага гаргах эрхтэй болохыг дүгнэж, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэхэмжлэгч доголдлыг өөрөө арилгахад гарсан зардал 15,242,800 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр, харин шинжээчийн хөлс 5,670,000 төгрөгийн хувьд хариуцагч буруугүй гэсэн үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй байна. Иймд энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөхгүй.

 

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/04115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,770,726 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ