| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2023/03172/И |
| Дугаар | 210/МА2025/02162 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/02162
|
|
|
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04506 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: *******ийн захирлын 2023 оны 04 сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, *******д эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2022 оны 10 сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр *******сургуулийн *******д ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2023 оны 04 сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн ******* тогтоолоор сургууль байгуулагдсаны 30 жилийн ойг 2022-2023 оны хичээлийн жилд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсний дагуу ******* би ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг хариуцан ажиллахаар дээрх ажилд томилогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар 2022 оны 10 сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.11-д зааснаар гэрээний хугацаа 2022 оны 12 сарын 31-ний өдөр дуусахаар байсан ч ажил олгогчоос гэрээ дуусгавар болгохыг мэдэгдээгүй тул гэрээний хугацаа сунгагдсан. Гэтэл сургуулийн захирлын ******* дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй юм. Мөн тус тушаалд Нийслэлийн ******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022.12.23-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр сургуулийн 30 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгогдоогүй, тус сургуулийн удирдах багийн хурлаар 30 жилийн ойтой холбоотой ажлуудыг цуцлах санал гаргасан гэжээ. Сургуулийн Удирдах зөвлөл 2023 онд нэг ч удаа хуралдаагүй байхад сургуулийн захирал тушаал гарган намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ. Иймд ******* Захирлын 2023 оны 04 сарын 17-ны өдрийн*******дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн *******д эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******ийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн ******* тогтоолоор тус сургуулийн 30 жилийн ойг 2022-2023 оны хичээлийн жилд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон. ******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр "2019 оны ******* дүгээр тогтоолын *******хавсралт болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу сургуулийн 30 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох эрх зүйн үндэслэлгүй" гэсэн хариу ирүүлснээр сургуулийн Удирдах багийн зүгээс 2023.01.23-ны өдөр "сургуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай" хуралдаж тухайн сургуулийн 30 жилийн ойг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-д Түр ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулна гэсний дагуу түр хугацаатай буюу 2022.10.06-аас 2022.12.31-ний өдөр хүртэлх хугацаагаар *******той хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингэхдээ тухайн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэгт ******* байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийх гэж заасан. ******* дүүргийн ИТХ-аас ирсэн албан бичиг болон сургуулийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу уг 30 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэхгүй болсон тул *******той хийсэн түр хугацаатай хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах үндэслэлгүй. Мөн захирал ******* нь олон удаа амаар гэрээг дуусгавар болж байгаа талаар *******д сануулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 50 дугаар зүйлийн 50.3, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч *******иас 24,644,497 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, энэхүү олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, *******ийн захирлын 2023 оны 04 сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, *******д эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******иас 281,172 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлоосоо 2025 оны 12 сарын 12-ны өдөр татгалзсан байна.
5.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэргийн үйл баримтын хувьд *******ийн 30 жилийн ойн баярыг зохион байгуулахтай холбоотой сургуулийн бүтцэд байхгүй ажпын байранд түр ажлын байр бий болгон *******г уг ойн баярын зохион байгуулах менежерийн албан тушаалд ажиллуулсан. Уг түр томилгоо нь ойн баярын арга хэмжээг зохион байгуулж дуусах хүртэл хугацаагаар байгуулсан боловч эцэг, эхчүүдийн төлбөр, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ойн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон албан бичиг ирснээр *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох нөхцөл бүрдсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д Энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно" гэж хуульчилсан. Нийслэлийн ******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022.12.23-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр тус сургуулийн 30 жилийн ойг тэмдаглэх зөвшөөрөл олгогдоогүй. Энэ шийдвэрийн талаар ******* мэдэж байсан бөгөөд ийнхүү шийдвэр гарсныг болон хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэгт ажил байхгүй болсныг *******д мэдэгдэж, танилцуулсан, ******* нь 2022 онд 6 удаа ажилдаа ирсэн. 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахгүй болсон талаар мэдэгдсэн бөгөөд түүнээс хойш ажилдаа огт ирээгүй.
Сургуулийн удирдлагын зүгээс уг албан бичгийн талаар *******той хамт хэлэлцэж байсан нь мэдэгдсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжпэх боломжгүй болж, дуусгавар болох үр дагавар үүссэн. Тус сургуулийн удирдлагын багын хурал болж цаашид *******г ажиллуулахгүй гэж шийдвэрлэсэн нь хэрэгт баримтаар болон гэрчээр оролцсон ******* нотолдог. Гэтэл ******* нь бодит байдлыг гуйвуулсан, асуудалд илтэд үндэслэлгүй хандаж, худал тайлбар гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д нийцэхгүйг харуулж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсгийн агуулга нь ажилтан үргэлжпүүлэн ажиллаж байгаа бол гэсэн нөхцөлийг заасан ба ******* уг албан бичиг ирснээс хойш ажил үүрэг гүйцэтгээгүй, огт ажилдаа ирээгүйг шүүх анхааралгүй хөдөлмөрийн гэрээ сунгагдсан гэж дүгнэж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага нийцэхгүй байна. ******* нь 1957 онд төрсөн, өдгөө 68 настай бөгөөд Захиргааны хэргийн шүүхээс *******г тэтгэвэрт гарах насанд хүрсэн, цаашид *******д ажиллуулах талаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан хуулийн агуулгад хамаарч байна.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй бөгөөд түр орон тоонд хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсноор цаашид үргэлжлэн ажиллах боломж бүрдэхгүй бөгөөд хууль зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдахгүй. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрээс 24,644,497 төгрөг гаргуулсан хэсгийг хангахгүй орхиж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хөдөлмөрийн гэрээний 1.1-т 2022.12.06-ны өдрөөс 2022.12.31-ний өдрийг хүртэл 86 хоногийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасны дагуу түр ажлын байранд ажиллуулахад хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусвал хугацаа дуусах тухай сануулаагүй тохиолдолд үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол анх гэрээ байгуулсан хугацаа сунгагдана гэж заасан. Үүнээс тооцож үзвэл 2023.01.01-ний өдрөөс 2023.03.27-ны өдрийг хүртэл 86 хоногоор нэг удаа сунгагдаж, улмаар 2023.03.28-ны өдрөөс 2023.06.22-ны өдрийг хүртэл сунгагдан дуусгавар болох байсан. Гэтэл 2024 оны 04 сарын 13-ны өдрийн тушаал нь хөдөлмөрийн гэрээ сунгагдсан хугацаанаас 66 хоногийн өмнө буюу ажлын 47 хоногийн өмнө нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.
Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 2.3.5-д заасны дагуу дундаж цалин хөлсийг шүүхийн шийдвэрт заасны дагуу 24,644,497 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг дэмжиж байна. Хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэл нь ******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан бичиг байдаг. Тус албан бичигт түүхэн үйл явдлыг тэмдэглэх журмыг дурддаг ба журмаас харахад ойн баярын арга хэмжээг тэмдэглэх эсэхийг Засаг дарга шийдвэрлэдэг. Гэтэл ******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бидэнд ийм шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй гэсэн албан бичиг өгсөн болохоос ойн баярын арга хэмжээг тэмдэглэхгүй гэсэн албан бичиг ирээгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг 2022.10 сараас 2023.04 сар хүртэл ажиллаж байгааг хүлээн зөвшөөрч цалин олгосон тул нэхэмжлэгчийг энэ хугацаанд ажилласанд тооцно. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан тус сургуулийн захирлын 2023 оны 04 сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, *******д эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар түүнийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцох бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй.
4.Анхан шатны шүүх хариуцагч *******иас 24,644,497 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, энэ хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хөдөлмөрийн гэрээний хугацааг анх байгуулсан хугацаагаар сунгагдсан хугацааны цалинд хариуцагчаас 24,644,497 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч үндэслэлгүй цуцалсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлсний дараа мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтална. Харин мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсгийн зохицуулалт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болох тул шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлахгүй ба энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээнэ.
5.*******байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн *******тогтоол гарч, сургууль байгуулагдсаны 30 жилийн ойг 2022-2023 оны хичээлийн жилд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү ойн арга хэмжээг зохион байгуулж ажиллах менежерийн албан тушаалд нэхэмжлэгч *******г тус сургуулийн захирлын 2022 оны 10 сарын 14-ний өдрийн ******* тушаалаар түр томилж, ******* хоногийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байна.
Нийслэлийн ******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 сарын 23-ны өдрийн *******дугаартай албан бичгийг үндэслэн тус сургуулийн удирдлагын багийн зүгээс сургуулийн 30 жилийн ойг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн. Сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой аливаа арга хэмжээ 2022-2023 оны хичээлийн жилд зохион байгуулагдаагүй. Энэ тохиолдолд ажил олгогчоос ажилтан *******той байгуулсан түр ажлын байранд ажиллуулах тухай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар дуусгавар болгох учиртай.
Талуудын хооронд анх байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023.01.01-ний өдөр дууссан ч хариуцагч нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулсан байх тул гэрээний хугацаа 2023.03.27-ны өдрийг хүртэл сунгагдаж, энэ хугацаанд хариуцагч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй байх тул гэрээний хугацаа дахин ******* хоногоор буюу 2023 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл сунгагджээ. Энэ үйл баримтыг анхан шатны шүүх бодитой тогтоож, хариуцагч байгууллагын 2023 оны 04 сарын 17-ны өдрийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хугацаанаас хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6.Хариуцагч талаас, нэхэмжлэгч нь ойн арга хэмжээг зохион байгуулахгүй болсныг мэдэж байсан, ийнхүү мэдсэн учраас 2023 оноос эхлэн ажилдаа ирж ажиллаагүй байдлыг анхан шатны шүүх анхааралгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй байхад нь цалин олгосон нь хуульд нийцэхгүй гэж гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь аман бус бичгийн хэлбэрээр явагдах учир ажил олгогч ажилтантай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нөхцөлд энэ тухай ажилтанд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авсан байх үүрэгтэй. Сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээ цуцлагдсан талаар ажил олгогчоос ажилтан *******д мэдэгдсэн, мөн 2023.01.23-ны өдөр болсон тус сургуулийн удирдлагын багийн хуралд нэхэмжлэгчийг оролцохыг мэдэгдсэн, оролцуулсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн ******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны ******* дугаартай албан бичиг сургуульд ирснээс хойш ажилдаа ирээгүй тухай тайлбарлаж байгаа ч ажил тасалсан буюу хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоогүй байна.
Иймд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгааг нэхэмжлэгчид мэдэгдэж сануулаагүй, ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулсаар байсан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...158.2.2... гэснийг 158.1.1 гэж, ...50 дугаар зүйлийн 50.3... гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 282,950 төгрөгийг, хариуцагч ******* ийн төлсөн 281,172 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЭНЭБИШ