| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0187/Э |
| Дугаар | 0189 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 0189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
Улсын яллагч Б.Ж
Шүүгдэгч Ч.Гнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г холбогдох эрүүгийн 1925003340197 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ч.Г
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 22-11 тоот хашааны гаднаас А.Ш-гийн эзэмшлийн 2576 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг түлхүүр зоолттой, онгорхой байхад нь завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Г-рыг Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч А.Ш- нь “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч А.Ш-гийн... ”2019 оны 05 сарын 09-ний өдөр гэртээ байж байгаад өөрийн эзэмшлийн “хонда ариа” маркийн тээврийн хэрэгслээ унаад Уртын гол багт байдаг ‘Жаст ойл” ШТС-д очиж машиндаа бензин хийчихээд буцаж гэр лүүгээ яваад хашааны гадна машинаа байрлуулчихаад гэрээсээ ороод бичиг баримтаа аваад буцаад 2-3 минут орчмын дараа гараад ирэхэд хашааны гадна байсан миний машин байхгүй болсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгчихөөд дээшээ зам руу алхаад явж байсан чинь манайхаас 5-6 гудамж яваад миний машин зам хөндлөн зогсож байсан. Тэгээд яваад очиход нэг согтуу залуу унаж яваад эсрэг урсгалаас ирж байсан приусны тольны тагийг хугалсан байсан. Би машинаа унтраагаад буусан, харин түлхүүрээ зоолттой орхиод, машинаа онгорхой орхисон байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 4 хуудас/
2. Иргэний нэхэмжлэгч Д.Г-ын... “Өчигдөр 13 цагийн үед өөрийн эзэмшлийн тоёота приус 20 маркын тээврийн хэрэгсэлтэйгээ Их залуу багийн төв замаар урагшаа чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас 25-76 ОРО улсын дугаартай цагаан өнгийн жижиг автомашин эсрэг урсгалд буюу миний явж байсан урсгалд орж зөрөхдөө миний машины зүүн талын толийг шүргэж хагалчихаад араас нь хөөж очиж чи зогс гэхэд нөгөө машинаас үл таних залуу машинаа зогсоогоод бууж ирсэн. Тэр залуу их хэмжээний согтолттой бууж ирсэн. Миний 87-88 УБЧ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын тольны таг гэмтсэн”... гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/
3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 12-14 хуудас/
4. Эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд. /хх-ийн 16-31 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Ж дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Гнь 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хохирогч А.Ш-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг түлхүүр нь зоолттой онгорхой байхад нь завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг, хохирогч А.Ш-гийн мэдүүлэг, Д.Г-дын мэдүүлэг мөн гэрчээр өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт гэх нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатнаас үйлдсэн гэмт хэргийнхээ талаар мэдүүлэг өгч, шүүхийн хэлэлцүүлэг энэ өгсөн мэдүүлгээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Ч.Г нь авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж гэм буруутайд тооцох. Энэ зүйл ангид зааснаар шүүгдэгчийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Ш-гийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Г-дын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 22-11 тоот хашааны гаднаас А.Ш-гийн эзэмшлийн 25-76 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг түлхүүр зоолттой, онгорхой байхад нь завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС