Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2026/00164

 

 

 

****** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/15863 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ****** нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******** холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******** холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч төлбөр төлөгдсөн гэж эс зөвшөөрч маргасан.

 

3. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээгээр ******** нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Тахилт 7 гудамж, ******* тоот хаягт байрших 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрших 35 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус худалдахаар, ******* нь гэрээний үнэд нийт 10,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, холбогдох улсын бүртгэл хийгдсэн.

 

3.1. Гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид газар, хувийн сууцны үнийн төлбөрт 10,000,000 төгрөг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хэдийгээр гэрээний 3.2-т төлбөр тооцоо дууссан гэж заасан боловч гэрээний үнэ төлөгдсөн эсэх талаар маргаан үүссэн тохиолдолд уг 10,000,000 төгрөгийг хэзээ, ямар хэлбэрээр төлж барагдуулсныг нотлох үүрэг хариуцагчид ногдоно.

Гэвч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид гэрээний үнийг төлж барагдуулсан болохоо баримтаар нотолж чадаагүй.

Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

3.2. Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан газар, хувийн сууцыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б.Бямбадоржид худалдаж, өмчлөх эрхийг улсын бүртгэлээр шилжүүлсэн.

 

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хүчин төгөлдөр эсэхэд зохигч маргаагүй тул талуудын зарчмын хүрээнд уг гэрээг хүчин төгөлдөрт тооцов.

 

4.1. Хариуцагч нь өөр гэрээний гүйцэтгэлд хүлээн авах зорилгоор худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж тайлбар гаргасан боловч тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

Мөн гэрч О.Сарангэрэлийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул үнэлэхгүй орхив. Өөрөөр хэлбэл, уг маргааныг шийдвэрлэхэд гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгохгүй.

 

4.2. Хүчин төгөлдөр гэрээний дагуу нэхэмжлэгч нь газар, хувийн сууцыг худалдан авагчийн өмчлөлд улсын бүртгэлээр шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээгээр харилцан тохиролцсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.3. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн нэр болон хуулийн зохицуулалтыг алдаатай бичсэнийг залруулна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/15863 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********т олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ