Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2020/0337

 

“Т-Э” ХХК-ийн гомдолтой,

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчид

холбогдох захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч, Ц.Сайхантуяа, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 231 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Т-Э” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 231 дүгээр шийдвэрээр: ”Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 5, 13.6 дугаар зүйлийн 5, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасныг тус тус баримтлан “Т-Э” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г-т холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г-ийн 2019 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн 0055538 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож,

        3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу гомдол гаргагчаас төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж” шийдвэрлэжээ.

        Гомдол гаргагч “Т-Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу тодорхойлсон, хуулийг буруутай тайлбарлан хэрэглэсэн.

        Ноос ноолуурыг Хөдөө аж ахуйн биржээр арилжаалахгүйгээр экспортод гаргасан үйл баримттай санал нийлэхгүй, “арилжсан, арилжаалсан” буюу тект нь өнгөрсөн цаг дээр бичигдсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй.

        Худалдагч нь Монгол улсын, худалдан авагч нь гадаад улсын этгээд” байна гэсэн үг. Малчид өөрсдөө уг харилцаанд орохгүй, нэгдэж байгуулсан хоршоодоороо дамжин биржийн арилжаанд оролцоно.

        Аж ахуйн нэгж өөрийн худалдаж авсан бараа, түүхий эдээ хөдөө аж ахуйн биржээр дамжуулан гадаад улсын этгээдэд худалдаж экспортод гаргана гэсэн агуулгатай заалт биш юм.

        Нэхэмжлэгчийн үйлдэл нь хуулийг биелүүлэхээс татгалзсан, хуулийг зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл биш, хариaн хөдөө аж ахуйн биржийн дүр үзүүлсэн, зохиомол арилжаанд оролцох, уг үйл ажиллагааг явуулахаас татгалзсан буюу хууль бус үйлдэл хийхээсээ татгалзсан үйлдэл байхад түүний уг үйлдлийг зөрчил гэж үзэн эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулсан, эрх бүхий албан тушаалтан энэхүү нөхцөл байдлыг нотолж чадаагүй байхад нэхэмжлэгчийг зөрчил үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

        Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 231 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        “Т-Э” ХХК-аас “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2019 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн 0055538 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдол гаргажээ.

        Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуульд зааснаар бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалахаар, тухайн шаардлагыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, торгох шийтгэл ногдуулахаар хуульчилжээ.

        Хариуцагч албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх нэмэлт ажиллагааг явуулснаар “Т-Э” ХХК 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24 хүртэлх хугацаанд 719.060 кг, 7,316,739,252.4 төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөнийг Гаалийн ерөнхий газрын гаалийн мэдүүлгийн сангийн мэдээллийн жагсаалт[1], зөрчил шалган шийдвэрлэх нэмэлт ажиллагааны тэмдэглэл[2], Санхүүгийн зохицуулах хороонд эвлэрэхээр хүргүүлсэн санал[3], нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг баримтуудаар тогтоож, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлсөн 15.000.000 төгрөгийг учруулсан хохирлыг төлөгдсөн тооцож, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг экспортлосон үнийн дүнгийн 0.04 хувь буюу 2,926,695.70 төгрөгийн үйлчилгээний хөлс, биржийн арилжааны шимтгэл, хураамжийн нөхөн төлбөрийг гаргуулж, торгох шийтгэл ногдуулжээ.

        Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу Хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар баталсан “Бараа түүхий эдийн жагсаалт, ангиллын код”-д заасан түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг биржээр арилжиж экспортлогч этгээд нь хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-аас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлс, биржийн шимтгэл, хураамжийг Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 126 дугаар тогтоолд зааснаар зуучлалын үйл ажиллагаанаас Хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдсан худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн 0.08, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар тогтоолоор баталсан Спот гэрээний төлбөр тооцооны шимтгэлийг 0.02, тус зөвлөлийн 2016 оны 07 дугаар тогтоолоор баталсан Спот гэрээний арилжааны шимтгэлийг авах тал нь 0.1, зарах тал нь 0.2 хувиар тус тус тооцон төлөх учиртай.

        Гэтэл гомдол гаргагчийн “тухайн журмын дагуу бус арга хэлбэрээр буюу өөрийн худалдан авсан түүхий эдээ “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-аар дамжуулан худалдсан худалдагч болгож, өөрсдийн шууд худалдан авсан түүхий эдээ тус компаниар дамжуулан худалдан авсан мэтээр зохиомол, хуурамч арилжаанд оролцдог” гэх тайлбараас үзвэл тухайн компанийн экспортлосон бүтээгдэхүүнээ зохих журмын дагуу худалдан аваагүйг батлахаас гадна ““Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн арилжаа бодитоор явагддаггүй, тус компани нь хууль бус үйл ажиллагаа явуулдаг” гэх тайлбар нь гомдол гаргагчийн зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

        Гомдол гаргагч дээрх байдлаар биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн нь нэгэнт тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны актаар дээрх үйлчилгээний хөлс, биржийн шимтгэл, хураамжийг тооцон гаргуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

        Иймд энэ талаар “төрөөс хөдөө аж ахуйн биржийн арилжаа явагдах хүн, хуулийн этгээдийн эрхийг хангахуйц шаардлагатай дэд бүтэц, нийгмийн болоод эрх зүйн орчныг бүрдүүлээгүй мөртлөө шийтгэл ногдуулсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Харин ““Хөдөө аж ахуйн бирж” ХХК бодит байдалд хууль болон холбогдох журмыг биелүүлдэггүй, арилжаанд худалдагчаар тодорхой цөөн тооны этгээдүүд удаа дараа тогтмол оролцдог” зэрэг асуудлуудыг холбогдох эрх бүхий этгээдэд хандан шийдвэрлүүлэх гомдол гаргагчийн эрх нээлттэй.

        Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Т-Э” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 231 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Т-Э” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ

                                        ШҮҮГЧ                                                                 Ц.САЙХАНТУЯА

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 


[1] Хэргийн 35-36 дахь тал.

[2] Хэргийн 29 дэх тал.

[3] Хэргийн 49 дэх тал.