| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 128/2025/1069/З |
| Дугаар | 001/ХТ2026/0107 |
| Огноо | 2026-10-20 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2026/0107
“Т и***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0383 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2026/0433 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М***, өмгөөлөгч Б.Азжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М***, А.О*** нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ШХТ2026/0364 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
“Т и***” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “тус яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/52*** дугаартай “Хариу хүргүүлэх тухай” шийдвэрээр (албан бичиг) татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид “Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-ийг 5 жилийн хугацаатай олгохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/766 дугаар тушаалаар “Т и***” ХХК-д аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар олгосон. “Т и***” ХХК-аас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/13, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 25/24 дүгээр албан бичгээр аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар олгуулах хүсэлтийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлд гаргасан. Тус зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэсэн.
2.2.Тус компаниас 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 25/77 дугаар албан бичгээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай гаргуулах хүсэлтийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад гаргасан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/52*** дүгээр албан бичгээр “... “Хяналт шалгалтын баг”-ийн өгсөн зөвлөмж болон зөрчлийг хэрхэн арилгасан талаарх тайлан мэдээллийг танай компани ирүүлээгүй байна. Иймд БОУАӨ-ийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/727 дугаар тушаалаар батлагдсан “Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл”-д зөрчлийг арилгаж, зөвлөмжийг биелүүлсэн талаарх ажлын тайлан, холбогдох бусад баримт материал болон тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ ирүүлнэ үү” гэх агуулгаар татгалзсан байна.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
“... 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх 00000*** дугаартай түр зөвшөөрлийг авсан, үүнээс хойш үйлдвэрлэлийн барилгын ажлыг дуусган, туршилт хийж үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон тул 5 жилийн хугацаагаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах хүсэлтийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлд гаргасан. Тус зөвлөлөөс тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн. 2025 оны 25/77 дугаар албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргахад 2025 оны 05/52*** дугаартай албан бичгээр татгалзсан хариуг өгсөн. Уг албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үндэслэлгүй, хууль бус шийдвэр юм. Хүсэлтээ, холбогдох баримтуудын хамт Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлд хүргүүлснийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр нь хүчин төгөлдөр байхад яамнаас шинээр байгуулагдсан Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлд хүсэлт гаргаж дахин шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5, 4.2.8-д заасан зарчимд нийцээгүй, Зөвшөөрлийн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийг зөрчсөн. Хяналт шалгалтын зөвлөмжийн тайланг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүргүүлсэн ...” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Бохирдолгүй Орчин-Бидний үүрэг аяны хүрээнд аюултай хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад салбарын хяналтын газар, хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрууд хамтран хяналт шалгалтыг хийж, хяналт шалгалтын дүнд үндэслэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд 2025 оны 11/4302 дугаар албан бичгээр чиг үүргийн асуудлыг нь харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн. “Т и***” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 7.1-д заасны дагуу нийслэлийн Байгаль орчны газарт шалгагдаж байсан тул зөвшөөрлийн асуудлыг түр хойшлуулсан ... Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/2805 дугаар албан бичгээр “Т и***” ХХК-д хийсэн хяналт шалгалтын дүнгээр тус компани нь 64% буюу “их эрсдэлтэй” дүнтэй гарсан. Тус компани нь түр зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд үйлдвэрээс гарсан битум нь газрын хөрс бохирдуулсан, үйлдвэрийн барилга дотор агуулах болгосон, цахилгааны шит ил утас байрласан гэх мэт зөрчилтэй ... Нөгөө талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийхдээ Хог хаягдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан аюултай хог хаягдал, дахин боловсруулах, устгахад тавигдах шаардлагыг хангуулж ажиллуулах үүрэг өгсөн. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 5.5, 5.6-д заасны дагуу дээрх зөрчлийг арилгуулсны дараа тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлсэн ...” гэсэн тайлбар өгсөн.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0383 дугаар шийдвэрээр “Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2, 37.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.1, 8.1.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т и***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Т и***”ХХК-д аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгаж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“... Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2, 37.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.1, 8.1.1.5-д заасны дагуу уг тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгох асуудлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам шийдвэрлэх зохицуулалттай байна.
5.2.Нэхэмжлэгчид аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгохоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл хэлэлцэж дүгнэлт гаргасан, нэхэмжлэгч нь “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврын дагуу хийгдсэн ажлын тайлан, холбогдох баримтыг эрх бүхий этгээдэд буюу байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүргүүлсэн байхад уг асуудлыг шийдвэрлээгүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эс үйлдэхүй нь Хог хаягдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндсөн ....
5.3.Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2, 37.4-т заасныг зөрчиж, хариуцагч нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/727 дугаар тушаалаар батлагдсан, шинээр байгуулагдсан Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлд ажлын тайлан, холбогдох бусад баримт материал болон тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг дахин ирүүлэх шаардлага тавьж, уг асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тус тус тогтоогдсон ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2026/0433 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2, 37.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5.5.1, 8.1 дүгээр зүйлийн 8.1.1, 8.1.1.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан “Т и***” ХХК-аас “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/52*** дугаартай “Хариу хүргүүлэх тухай” шийдвэрээр татгалзсан шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсэн ... өөрчлөлт оруулж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд:*
6.1.“... Зөвшөөрлийн тухай хуульд заасан зохицуулалтаас үзвэл зөвшөөрөл олгох ажиллагаа нь зөвхөн “хурлаар хэлэлцсэн”, “олгож болох эсэх талаар санал гаргасан” хэмжээнд дуусахгүй. Харин эрх бүхий этгээд өргөдөл, хавсаргасан баримт бичгийг шалгаж, хуульд заасан нөхцөл, шаардлагыг магадлан шалгаж, шаардлагатай бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, улмаар зөвшөөрөл олгох эсхүл, олгохоос татгалзах тухай эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг хуульд заасан хугацаа, хэлбэр, журмын дагуу гаргах үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч захиргааны байгууллагын хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзсэн агуулга тусгагдсан боловч уг тэмдэглэл нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан зөвшөөрөл олгох тухай эцсийн шийдвэр, мөн маргаан бүхий албан бичиг нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 9-д заасан татгалзсан үндэслэл бүхий мэдэгдэл гэж үзэх боломжгүй ...
6.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, 5, Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 37.7-д заасан зохицуулалтын агуулгаас үзвэл зөрчил тогтоогдсон нь зөвшөөрлийн харилцаанд ач холбогдолтой боловч уг зөрчил арилсан эсэхийг шалгахгүйгээр, эсхүл, зөрчил арилсан нөхцөлд тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдсэн эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр зөвшөөрлийн олгох шийдвэр гаргах ажиллагааг тодорхойгүй байдалд хариуцагчаас хүргэсэн байгаа нь хуульд нийцээгүй.
6.3.Хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн өмнө тогтоогдсон зөрчилд арга хэмжээ авсан атлаа уг зөрчил арилсан эсэхийг дахин нягтлаагүй, зөрчил арилсан бол тусгай зөвшөөрөл олгох нөхцөл хангагдсан эсэх, зөрчил арилаагүй бол олгохоос татгалзах үндэслэл болох эсэхийг Зөвшөөрлийн тухай хууль болон Хог хаягдлын тухай хуулийн холбогдох зохицуулалттай уялдуулан эцэслэн дүгнэж, тодорхой шийдвэр гаргаагүй байна.
6.4.Энэ хэргийн хувьд нэхэмжлэгчийн зөрчил арилсан эсэх, тусгай зөвшөөрөл олгох Хог хаягдлын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангагдсан эсэх, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, магадлан шалгах ажиллагааны үр дүн хангалттай эсэх, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах бодит үндэслэл байгаа эсэхийг дахин тодруулах шаардлагатай тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий татгалзсан шийдвэрийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй ...” гэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*** хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.“... Давж заалдах шатны шүүх Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.4-т заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан. Дээрх зохицуулалтаар төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг олгох үүрэгтэй ингэхдээ зөвхөн Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн олгохоор хуульчилсан байхад шүүхээс өргөн агуулгаар буюу Хог хаягдлын тухай хуульд заасан тусгай шаардлага, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвшөөрөл хүсэгчийн бодит нөхцөл байдал, өмнө тогтоогдсон зөрчил арилсан эсэхийг бүрэн шалгаж тусгай зөвшөөрлийг олгох үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл нь аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Хог хаягдлын тухай хуульд заасан бүх шаардлага болон Зөвшөөрлийн тухай хуульд заасан шаардлага, хугацаанд холбогдох баримт бичгийн бүрдлийг болон зөвлөлийн ажлын хэсэг нь газар дээр нь очиж шалгалт хийн дүгнэлтээ гаргадаг, энэ нь төрийн захиргааны байгууллагын магадлан шалгах ажиллагаа тул төрийн захиргааны байгууллага уг дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасаар ирсэн, хуулийн зохицуулалт ч гэсэн ийм агуулгатай байхад шүүхээс төрийн захиргааны байгууллага дахин шалгах ёстой гэж тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой ...
7.2.Мөн магадлалд ямар бичиг нөхөн бүрдүүлэх шаардлагатай, ямар мэргэжлийн дүгнэлт хүлээгдэж байгаа, магадлан шалгах ажиллагаа ямар шалтгаанаар үргэлжилж байгаа, ямар, ямар бичиг баримтыг бүрдүүлж тусгай зөвшөөрөл авах ёстой, нэхэмжлэгчийн хувьд дутуу баримт байгаа эсэх талаарх нөхцөл байдлыг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас тодруулсан, хүлээгдэж байгаа ажиллагаа байхгүй талаар хариуцагч мэдүүлсэн байхад шүүхээс ямар үндэслэлээр дахин шалгаж, юуг тодруулах шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй. Хариуцагч нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг олгоход ямар хуулийн шаардлага хангахгүй, ямар бичиг баримт дутуу, ямар хууль зүйн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаагаа тайлбарлаж чадахгүй, эс үйлдэхүй гаргаж баримт бичиг нь бүрдсэн, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг шүүхээс тайлбарлахдаа нэхэмжлэгчид хуулийн ойлгомжгүй байдал үүсгэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй ...
7.3.“Бохирдолгүй орчин-Бидний үүрэг” аяны хүрээнд хийгдсэн шалгалтуудыг тусгай зөвшөөрөл олгох асуудалтай хольж тайлбарласан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байхад шүүхээс энэ талаарх баримтыг тусгай зөвшөөрөл олгох асуудалтай хольсон ... Мөн нэхэмжлэгч нь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн төсөлд 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ... Гэтэл шүүхээс зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой байтал гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байтал хуулийг буруу тайлбарлаж маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчид аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М***, А.О*** нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
8.1.“... Шүүх хэргийг хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 3-3,22-д “... захиргааны байгууллага нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл шууд олгохыг шүүхээс даалгах хэмжээнд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй, учир нь аюултай хог хаягдалтай холбоотой зөвшөөрөл мэргэжлийн шалгалт, дүгнэлт, байгаль орчин, хүний эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах эсэхтэй шууд холбоотой тул эдгээр нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дахин магадлан шалгаж, дүгнэлт өгөх шаардлагатай” гэж дүгнэсэн атлаа магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... зөвшөөрөл олгох асуудлыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хэлэлцэж, зохих журмын дагуу гурван сарын дотор шийдвэрлэх үүрэгтэй болохыг дурдаж” шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг үүсгэсэн. Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, устгах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохдоо холбогдох хууль болон аюултай хог хаягдалтай холбоотой дүрэм журам, Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн зөвлөмж, дүгнэлт зэрэг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэдэг.
8.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн болон дүрмийг шинэчлэн батлах тухай” А/105 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 4.11 дэх зохицуулалтын агуулгаас үзэхэд хурлын тэмдэглэл нь дангаараа бус, дүрс болон дууны бичлэгтэй хамт байж хүчин төгөлдөр, бүрэн нотлох шинжийг хангахаар зохицуулагдсан. Иймд дүрс, дууны бичлэг нь зөвлөлийн хурлын тэмдэглэлийн үнэн зөв, бүрэн байдлыг баталгаажуулах салшгүй хэсэг мөн. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтад тухайн хурлын дүрс болон дууны бичлэг байхгүй, шүүхэд гаргаж өгөөгүй байгаа нь Байгаль орчны судалгаа шинжилгээний төвийн тайлбараар нотлогдож, Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг бүрэн цуглуулах, үнэлэх зарчимд үндэслэн тухайн хурлын дүрс болон дууны бичлэгийг нотлох баримтаар гаргуулах, эсхүл ийм баримт байхгүй тохиолдолд зөвлөлийн хурлын тэмдэглэлийг дангаар нь үнэлэхгүй байх, түүнд үндэслэсэн дүгнэлтийг үндэслэн аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, устгах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчимд нийцэхгүй, нотлох баримтад үндэслээгүй ба “Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн шийдвэр хүчингүй байхад түүнд үндэслэн нотлох баримтыг буруу үнэлсэн” нь хууль бус байна.
8.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2.1, 2.28, 11, 13-т Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01, 02, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/01 дүгээр хурлаар “Т и***” ХХК-ийн нэг жилийн түр зөвшөөрлийг 3 өөр агуулгаар шийдвэрлэсэн. Үүнд: Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 01 дүгээр хурлаар 100 хувь саналаар дэмжиж, Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/01 дүгээр хурлаар 75 хувийн саналаар дэмжиж, ингэхдээ газар дээр үзлэгт очоогүй гэж хурлын тэмдэглэлд байгаа ч газар дээр үзлэг хийсэн, үйл ажиллагааг явуулж байсан гэж дүгнэсэн нь зөрүүтэй, мөн Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар хурлаар үйл ажиллагаатай танилцан дараагийн хурлаар оруулахаар шийдвэрлэсэн байгаа нь эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй нь тодорхой байхад анхан шатны шүүх үүнийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхүүд хууль хэрэглээний зөрүү, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9.Хяналтын шатны шүүх хэргийн оролцогч нарын гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
ХЯНАВАЛ:
10.Хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
11.Энэ хэргийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдсонгүй, харин шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах нь зүйтэй гэж үзлээ.
12.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
13.Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.1-д заасан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд дараахь төрлийн зөвшөөрөл олгоно”, 37.1.2-т “үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”, 37.4-т “Энэ хуулийн 37.3-т заасан хугацаанд явуулсан үйл ажиллагаа, технологийн горим, хяналт-шинжилгээний дүнг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгоно” гэж тус тус заажээ.
14.Хуулийн дээрх зохицуулалтын агуулга, системчлэлээс үзвэл, 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт” нь мөн зүйлийн 37.4-т заасан шалгуурыг хангасан эсэх тухай дүгнэлт байна гэж тайлбарлахаар байна. Тодруулбал, аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа шинээр эхлүүлэхээр нэг жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авсан этгээдийн тухайн (туршилтын) хугацаанд явуулсан үйл ажиллагаа, технологийн горим, хяналт шинжилгээний дүнг үндэслэн мэргэжлийн зөвлөл дүгнэлт гаргах бөгөөд холбогдох дүгнэлтийг үндэслэн эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага (хариуцагч) тусгай зөвшөөрлийг олгох (эсэх) асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байна.
15.Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага … зөвшөөрөл олгоно” гэж, мөн 37.4-т “… таван жилийн хугацаатайгаар олгоно” гэж заасан нь үүрэг болгосон шинжтэй боловч, тухайн зохицуулалтууд нь эрх бүхий этгээдийн “зөвшөөрөл олгохоос татгалзах бүрэн эрх”-ийг хязгаарласан гэж ойлгох боломжгүй юм.
16.Учир нь, Хог хаягдлын тухай хуульд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлийг тодорхой заагаагүй, энэ тохиолдолд тухайн харилцааг зохицуулж буй ерөнхий хууль болох Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль (маргаан бүхий актыг гаргах үед Зөвшөөрлийн тухай хууль нэртэй байсан) үйлчилнэ. Уг хуулийн 5.2 дугаар зүйлийн 5-д “Зөвшөөрөл хүсэгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана”, 5.1-д “тусгай зөвшөөрлийг ажлын 10 өдрийн дотор”, 7-д “Магадлан шалгах ажиллагаанд төрийн болон мэргэжлийн байгууллагаас дүгнэлт, тодорхойлолт гаргуулах шаардлагатай бол энэ зүйлийн 5-д заасан хугацааг нэг удаа ажлын таван өдрөөр сунгаж болно”, 8-д “Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргана”, 9-д “Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгохоос татгалзсан бол мэдэгдэлд татгалзсан үндэслэлийг тодорхой заана” гэх зэргээр эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлийг зохицуулсан байна.
17.Энэхүү маргааны тухайд, хариуцагч нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаагүй, харин нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтэд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/52*** дугаартай албан бичгээр “... “Хяналт шалгалтын баг”-ийн өгсөн зөвлөмж болон зөрчлийг хэрхэн арилгасан талаарх тайлан мэдээллийг танай компани ирүүлээгүй байна. Иймд БОУАӨ-ийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/727 дугаар тушаалаар батлагдсан “Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл”-д зөрчлийг арилгаж, зөвлөмжийг биелүүлсэн талаарх ажлын тайлан, холбогдох бусад баримт материал болон тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ ирүүлнэ үү ...” гэсэн хариу өгсөн нь холбогдох хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан агуулгатай хууль бус эс үйлдэхүй гэж үзнэ, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
18.Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д зааснаар “Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй ...”, 2-т.Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, дараах арга хэмжээ авна:, 2.1-д.баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлэх;, 2.2-т.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэх;, 2.3-т.өргөдлийг харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэх; гэж тус тус заасан.
19.Гэтэл хариуцагч тусгай зөвшөөрөл олгох тухай мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан байхад, түүнээс хойш хийсэн хяналт шалгалтын дүнг үндэслэн хүсэлт гаргагчийг шинээр байгуулагдсан мэргэжлийн зөвлөлд дахин хандахыг шаардсан нь дээрх хуулиудад заагаагүй үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас буюу шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус байна.
20.Түүнчлэн, хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон “Хяналт шалгалтын багийн зөвлөмж”-д дурдсан зөрчлүүд нь Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасан тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхэд үндэслэл болгох тухайн аж ахуйн нэгжийн “явуулсан үйл ажиллагаа, технологийн горим, хяналт-шинжилгээний дүн”-г агуулсан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийн агуулгад хамаарах эсэх нь ч эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүд нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болох уу, эсхүл тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа ч эрх бүхий этгээдээс шаардан арилгуулж болох зөрчил үү гэдэг нь тодорхойгүй байна. Энэ тохиолдолд хууль тогтоогчоос Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасан журмын дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлнэ”, 37.7-д “Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу сэргээнэ”, 37.8-д “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан журмын дагуу зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж тухайлан заасныг анхаарах нь зүйтэй.
21.Давж заалдах шатны шүүх “... зөвшөөрөл олгох шийдвэр гаргах ажиллагааг тодорхойгүй байдалд хариуцагчаас хүргэсэн нь хууль бус ...” гэж зөв дүгнэсэн атлаа “... Энэ хэргийн хувьд нэхэмжлэгчийн зөрчил арилсан эсэх, тусгай зөвшөөрөл олгох Хог хаягдлын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангагдсан эсэх, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, магадлан шалгах ажиллагааны үр дүн хангалттай эсэх, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах бодит үндэслэл байгаа эсэхийг дахин тодруулах шаардлагатай тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий татгалзсан шийдвэрийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй ...” гэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
22.Учир нь, нэхэмжлэгчээс “даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх “захиргааны актыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн хэрэгт хэрэглэгдэж болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэн хариуцагчийн татгалзал буюу эс үйлдэхүйг түдгэлзүүлсэн нь буруу. Нөгөөтээгүүр, хэрэв шүүхээс хариуцагчийн татгалзал буюу эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон тохиолдолд нэг бол холбогдох шийдвэрийг гаргахыг даалгах (хариуцагч сонголтгүй бол), эсхүл зохих журмын дагуу шийдвэрлэхийг (хариуцагчид сонголт байгаа бол) үүрэг болгох учиртай.
23.Дээр дурдсан үндэслэлээр “давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7.1-7.3-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй. Харин нэхэмжлэгчид аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгохыг хариуцагчид шууд даалгах боломжгүй, “зохих журмын дагуу шийдвэрлэхийг үүрэг болгох нь зүйтэй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
24.Мөн дээрх үндэслэлээр “хоёр шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол (Тодорхойлох хэсгийн 8) үндэслэлгүй болно.
25.Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2026/0433 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Г.БАНЗРАГЧ