Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 499

 

Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2016-12-05-ны өдрийн 24161200603 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтыг хүчингүй болгуулах, 24161200603 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу хийгдэж буй хяналт шалгалтын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллагаас уг томилолтыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн Татварын хэлтэст хандан гомдол гаргасан. Гомдлын хариуг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20-3/2925 дугаар албан тоотоор хяналт шалгалтын ажлыг хийх хууль зүйн үндэслэлтэй тул хяналт шалгалтын ажлыг яаралтай хийлгэж дуусгахыг мэдэгдье гэсэн хариу болон мэдэгдлийг ирүүлсэн. Түүнчлэн уг мэдэгдлийн дагуу хяналт шалгалтын ажил явуулахаар компанийн баримт материалуудыг шаардаж байна.

Манай компаниас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2416200603 дугаар томилолтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хяналт шалгалт явуулах гэж буй үйл ажиллагаа нь хууль бус байх тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Тус газраас хяналт шалгалт хийхээр гаргасан томилолтод зааснаар “Г” ХХК-ийн 2013-01-01 ээс 2015-12-31 ний өдрийг дуустлах хугацааны татвар төлөлтөд хяналт шалгалт хийхээр заажээ.

2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдан, хэрэгжсэн.

Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасан.

Манай компани тус хуулийн үйлчлэлд хамааран 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааг хамруулан санхүү, татварын тайлангаа сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнасан байгаа болно.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, бланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй” гэж заасан.

Үүнээс үзвэл хуулийн этгээд нь харьяалах гааль, татварын албанд сайн дурын үндсэн дээр санхүү болон татварын тайлан, байгууллагад нөхөн мэдүүлсэн бол уг тайлан, мэдүүлгийг эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж үзэх тул хяналт шалгалтыг үүнээс хойшхи хугацаанд хийх ёстой байхаар хуульд тусгайлан зохицуулж өгсөн байна.

Гэтэл ийнхүү хуулийг зөрчин тус компанийн 2013-2015 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх гэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эхлэлтийн тайлан, баланс гэдэг нь эдийн засгийн утгаараа аж ахуйн нэгж байгууллагыг шинээр үүсгэн байгуулах эсвэл зохион байгуулалтын хэлбэр нь шинэчлэгдэх өөрчлөгдөх үед гаргах санхүүгийн тайланг ойлгодог. Энэ утгаараа хуулинд шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайланг эхлэлтийн тайлан гэж үзэхээр заасан тул уг шинээр гаргаж өгсөн тайлангаас хойшхи хугацаанд татвар болон гаалийн хяналт шалгалт хийх боломжтой юм. Харин үүнээс өмнөх хугацааны хяналт шалгалт хийхгүй байх талаар хууль тогтоогч тогтоож өгсөн байтал ийнхүү хяналт шалгалт хийх гэж буй нь хууль бус юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үзэл баримтлал нь аж ахуйн нэгжээс нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнах, үүнтэй холбоотойгоор тухайн аж ахуй нэгж байгууллагад ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байх, үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийж шинээр тайлагнасан тайланг нягтлан шалгахгүйгээр, аж ахуйн нэгжийн мэдүүлснээр бүртгэх, хяналт шалгалт хийхгүй байх баталгааг бий болгох байсан. Энэ ч үүднээс тус хуулийн үйлчлэлд нилээдгүй тооны аж ахуйн нэгж бүртгүүлсэн билээ.

Дээр дурдсанчлан хуулиар хяналт шалгалт хийхгүй талаар баталгаа гаргасны үндсэн дээр шинээр тайлан гаргасан байтал үүнийг нь дахин нягтлан шалгана гэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 болон ҮТЕГ-ын даргын 2008-09-30-ны өдрийн 192 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 2.3.1-д заасныг тус тус зөрчин хяналт шалгалтын удирдамжийг танилцуулахгүйгээр хяналт шалгалт явуулах гэж буй нь хууль зөрчиж байна.

Дээрх үндэслэлүүдээр манай компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах гэж буй нь хууль зөрчсөн бөгөөд тус компанийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2016-12-05-ны өдрийн 24161200603 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтыг хүчингүй болгож өгнө үү гэв” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10д/5664 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газарт “Грийн сити” ХХК-ийн татвараас зайлсхийсэн үйлдлийг шалгуулахаар гомдол ирсэн байх тул тус компанид 2013-2015 оны байдлаар хяналт шалгалтыг хийж, дүнг ирүүлнэ үү гэсэн албан бичиг ирсэн.

Энэ нь ҮТЕГ, ЦЕГ-ын даргын 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 200/463 тоот тушаалаар батлагдсан “үндэсний татварын алба, цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам”-ын 2.1.5-д /Татварын хууль тогтоомж зөрчсөн үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд татвар төлөгчийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэх асуудлыг нийслэлд ҮТЕГ-ын даргад, орон нутагт тухайн орон нутгийн татварын албаны даргад хүсэлт тавьж шийдвэрлүүлэх/ гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

Тухайн асуудал нь Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/101 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт 3.1.1-д /ТЕГ-н ТХШАЭН нь Татварын албаны хэмжээнд татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах../, гэж заасны дагуу хяналт шалгалтыг ажлыг зохион байгуулсан. Татварын хяналт шалгалт хийх гэж байгаа нь “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийн үйлчлэлд хамааралгүй, харин уг томилолтын хүрээнд явуулах хяналт шалгалтын дүнд татвар төлөгчид хариуцлага ногдуулах болон албан татвараас чөлөөлөх харилцаанд энэ хуулийг хэрэглэх зориулалттай байна.

Татварын хууль тогтоомжоор татвар төлөгч нь албан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлээ татварын байгууллагад тайлагнаж холбогдох албан татварыг төлөх үүрэгтэй. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1 дэх хэсэгт “Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана” гэж заасан байдаг.

Татварын алба нь албан татвар, төлсөн эсэхийг холбогдох татварын тайланг үндэслэн татварын улсын байцаагч үндэслэн хянан шалгана. Энэхүү хяналт шалгалт хийх гэж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйл 5.2 дэх хэсэгт заасан “..тайлан мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй” гэж заасныг зөрчихгүй юм. Иймд “Грийнсити” ХХК-д холбогдуулан гарсан хяналт шалгалтын томилолт нь хууль тогтоомж зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр “Грийн сити” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24161200603 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтыг хүчингүй болгож, 24161200603 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу хийгдэж буй хяналт шалгалтын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Захиргааны актын нэг хэлбэр нь захиргааны үйл ажиллгаа” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байх тул Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчийн томилолт болон томилолтын дагуу хийгдэж байгаа хяналт шалгалтын үйл ажиллагааг захиргааны акт гэж үзэхээр байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөнө” гэж заасан байна.

          Дээрх хуулийн дагуу “Грийнсити” ХХК нь 2013-2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааг хамруулсан санхүү, татварын тайлангаа сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнасан байх бөгөөд талууд энэ тал дээр хэн аль нь маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

          Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан, хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа /цаашид “орлогоос бусад албан татвар ногдох зүйл” гэх/-нд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй” гэснээс  үзвэл хуулийн дагуу татварын тайлангаа нэхэмжлэгч нь гаргасан бөгөөд мэдүүлэг гаргах эхлэлтийн тайлан гэж үзэж үнээс хойших баримтанд хяналт шалгалт хийх тусгайлан зохицуулж өгсөн хуулийн зохицуулалттай байна.

          Гэтэл Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс ямар ч удирдамжгүйгээр мөн дээрх хуулийг зөрчин 2013-2015 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр зөвхөн томилолтонд үндэслэн шалгалтыг явуулж байгаа нь хууль бус үндэслэлгүй байна.

          Эхлэлтийн тайлан, баланс гэдэг нь эдийн засгийн утгаараа аж ахуйн нэгж байгууллагыг шинээр үүсгэн байгуулах эсвэл зохион байгуулалтын хэлбэр нь шинэчлэгдэх өөрчлөгдөх үед гаргах санхүүгийн тайланг хэлэхээр хуулинд зохицуулж өгсөнөөс үзвэл шинээр гаргаж өгсөн тайлангаас хойшхи хугацаанд татвар болон гаалийн хяналт шалгалт хийхээр байх бөгөөд дахин нягтлан шалгана гэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн агуулга, зохицуулалттай нийцэхгүй байна.

          Тодруулбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар хувь хүн хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр зөрчлөө ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлөх, ийнхүү гаргаж өгсөн татварын тайлан, гаалийн мэдүүлгийг тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж үзэх, хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин захиргааны хариуцлага, хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хоригложээ.

          Гэтэл хариуцагчаас “хуулийн этгээдийг ил тодын тайланг үнэн зөв ирүүлсэн эсэхийг хянан шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага ногдуулах боломжтой” гэж тайлбарлан, “Грийнсити” ХХК-д бүрэн хяналт шалгалт хийх гэж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна.

          Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр зөрчлөө ил тод болгосон хувь хүн, хуулийн этгээдийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, ийнхүү чөлөөлөхөөр заасан үндэслэлээр дахин хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг гаргасны үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээс зөрчлөө ил тод болгон мэдүүлсэн байхад тэдгээрийн тайлагнасан тайлан, мэдүүлгийн хугацаа, хүрээг хамруулан хяналт шалгалт хийхээр томилолт гарган уг томилолтын дагуу хийгдэж буй үйл ажиллгаа нь нэхэмжлэгчийн дээрх хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

          Иймд  “Грийн сити” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24161200603 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтыг хүчингүй болгож, томилолтын дагуу хийгдэж буй хяналт шалгалтын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.10, 106.3.12 дах хэсэгт заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24161200603 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтыг хүчингүй болгож, 24161200603 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу хийгдэж буй хяналт шалгалтын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОЮУНГЭРЭЛ