Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 431

 

 

 

 

 

 

 

 

Н.Ганхүү, Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ

Г.Билэгтжаргал нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Н.Ганхүүгийн өмгөөлөгч М.Энхжаргал,

шүүгдэгч Г.Билэгтжаргалын өмгөөлөгч Н.Батзолбоо,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Оюунгэрэлийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр Н.Ганхүү, Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ Г.Билэгтжаргал нарт холбогдох 2016 2503 1590 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Онход овогт Ням-Очирын Ганхүү, 1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, “Боргүвээ” 3 дугаар хэсэг, гудамжны 144 тоотод оршин суух,

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч 1 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:РТ97010810/,

2. Хорчин овогт Бүрнээбаатарын Үүрийнцолмон, 1996 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр баг, Ивэн гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Арцатын 14-11 тоотод оршин суух,

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч 1 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:МЮ96090118/,

3. Боржигон овогт Цогтбаатарын Мөнх-Эрдэнэ, 1994 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, “Боргүвээ” 4 дүгээр хэсэг, гудамжны 104 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 4-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:МЮ94080713/,

4. Цагаан хуулар овогт Ганхуягийн Билэгтжаргал, 1997 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тээврийн дээд сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, 11 дүгээр  гудамж, 120 дугаар байрны 3 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 2 дугаар хороо 10 дугаар хорооллын За байрны с-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:РТ97102153/;

-Н.Ганхүү нь 2016 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах Дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, урьд нь энэ хэрэгт шийтгүүлэн ялтай байхдаа давтан үйлдлээр Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нартай бүлэглэж, догшин авирлаж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь “зүүн хөмсөгт шарх, хамрын нуруунд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан,

иргэн Б.Баянцогтын Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн,

-Б.Үүрийнцолмон нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, урьд нь энэ хэрэгт шийтгүүлэн ялтай байхдаа давтан үйлдлээр, Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нартай бүлэглэж, догшин авирлаж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь “зүүн хөмсөгт шарх, хамрын нуруунд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан,

иргэн Б.Баянцогтын Дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн,

-Ц.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, Б.Үүрийнцолмон, Н.Ганхүү, Г.Билэгтжаргал нартай бүлэглэж, догшин авирлаж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь “зүүн хөмсөгт шарх, хамрын нуруунд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан,

иргэн Б.Баянцогтын Дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн,

-Г.Билэгтжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, Б.Үүрийнцолмон, Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэж, догшин авирлаж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь “зүүн хөмсөгт шарх, хамрын нуруунд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан,

иргэн Б.Баянцогтын Дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Ганхүү, Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Цагаан хуулар овогт Ганхуягийн Билэгтжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Прокуророос Онход овогт Ням-Очирын Ганхүү, Боржигон овогт Цогтбаатарын Мөнх-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч Н.Ганхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5-д зааснаар, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилж, Прокуророос Н.Ганхүү, Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг болгон зөвтгөж, шүүгдэгч Б.Үүрийнцолмонг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг урьд энэ хэрэгт ял шийтгүүлэн ялтай байхдаа, давтан, бүлэглэж, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Н.Ганхүүг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг урьд энэ хэрэгт ял шийтгүүлэн ялтай байхдаа,  давтан, бүлэглэж, үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Ц.Мөнх-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Г.Билэгтжаргалыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Үүрийнцолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Ганхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Билэгтжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Үүрийнцолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар, Н.Ганхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар, Ц.Мөнх-Эрдэнэд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 10 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Б.Үүрийнцолмонд энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 5 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,  Н.Ганхүүд энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 5 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тооцож, Б.Үүрийнцолмонд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нарт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Үүрийнцолмон, Н.Ганхүү нарын тус бүр цагдан хоригдсон 17 хоног, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нарын тус бүр цагдан хоригдсон 8 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцож, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын цагдаагийн тасагт, Г.Билэгтжаргалд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн тасагт тус тус даалгахаар, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тогтоол хүчин төгөлдөр болтол бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ганхүү, Б.Үүрийнцолмон нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Прокурор Д.Оюунгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлага хангаагүй байна. Тухайлбал:

1.Шүүгдэгч Н.Ганхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5-д зааснаар, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсөн атлаа “...Шүүгдэгч Н.Ганхүүг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг урьд энэ хэрэгт ял шийтгүүлэн ялтай байдалтай байхдаа, давтан, бүлэглэж үйлдсэн, ...

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн... " гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь /давхар/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргээр зүйлчлээгүй хууль буруу хэрэглэсэн байна.

2.Анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хуралдаж шийтгэх тогтоол гаргасан атлаа “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ганхүү, Б.Үүрийнцолмон нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай” гэсэн нь ойлгомжгүй төдийгүй шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэх болон эдлэх ялыг хэзээнээс тоолохыг шийдвэрлээгүй байна.

3.Мөн шүүхийн тогтоолд дурьдсан шүүгдэгч Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нарын тухайд зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилсөн үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэлэхдээ хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Тухайлбал,

 -хохирогч Б.Баянцогтын “...Ганхүү нь миний дагз руу чулуугаар цохисон, Үүрийнцолмон миний нүүр лүү чулуугаар, Мөнх-Эрдэнэ нь намайг барьж аваад ар талаас 1 удаа цохиод байхаар нь би зөрүүлээд ганц нэг удаа цохисон юм. Тэнд зодуулж байсан залууг өмөөрч очсоны төлөө намайг уг залуучууд бүлэглэн зодож, мөн дугуй засварын цонх хаалгыг эвдэж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-31-33/,

-хохирогч О.Эрдэнэбилэгийн “...Баянцогт нь тэр залуучуудаас зугтаагаад доошоо гүйж яваад цагдаа дуудахаар явсан юм. Тэр хооронд би Тогоонтөмөрийн хамт дугуй засвар дотор байж байхад, уг залуучууд дугуй засварын хаалга руу өшиглөж, цонх хагалж, “алчихъя шатаачихъя” гэж орилж байсан юм ... Харин Баянцогтыг газар унаад байхад нь ... Мөнх-Эрдэнэ нь чулуу бариад толгойны дагз хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 /,

-Н.Ганхүүгийн сэжигтнээр: “...хаалгаа ерөөсөө онгойлгохгүй байхаар нь манай найз Билгүүнээ цонхыг нь чулуу шидээд хагалсан, тэр үед араас Үүрээ, Мөнх-Эрдэнэ хоёр хар цамцтай залууг нь доош нь хөөгөөд явсан. Эргэж ирээд бид нар бүгдээрээ цонх руу нь чулуу шидсэн. Цонх, хаалга руу нь нилээд олон удаа чулуу шидэж байгаад тэндээсээ хойшоо зугтаасан ... Билэгтжаргал эхлээд Баянцогттой анх зодолдож байх үед нөгөө найз нь салгахаар оролдоход Үүрээ цагаан цамцтай залуутай зодолдсон юм. Билгүүнээтэй хар цамцтай Баянцогт зодолдож байхаар нь би чулуугаар цохисон...” гэх мэдүүлэг /хх-84-85 /,

-Ц.Мөнх-Эрдэнийн сэжигтнээр: ”...Үүрээ, Ганхүү бид гурав очоод юу болсон талаар асуухад, Билгүүнээ “Энэ 2 залуу томроод байна, утсаар яриулчих гэсэн чинь” гэж хэлээд маргалдаж байхад тэр банди нартай би заамдалцаад зогсож байхад хажуу талд байх дугуй засварын 2 залуу салгах гээд ирэхээр нь Ганхүү, Үүрээ, Билгүүнээ нар миний хажуунаас орж ирээд дугуй засварын үл таних 2 залуутай зодолдоод эхэлсэн юм...” гэх мэдүүлгүүдийг /хх-86-87/ шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан байна.

Түүнчлэн шүүгдэгч Н.Ганхүү, Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нарын 2016 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 1-ний шилжих шөнө …дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн үйлдлийг “...бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдэхдээ дугуй засварын газрын хаалга цонхыг эвдье, хагалъя гэж урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн байх тул...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт байна.

“Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын тухай” Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд  ... “Танхайрах гэмт хэрэг” нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө ... өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ...

...Танхайрах гэмт хэрэг нь нэг болон хэд хэдэн объектод халддаг учраас ... бусдын эд хөрөнгийг санаатайгаар ямар ч шалтаг, шалтгаангүйгээр устгах буюу гэмтээх үр дагавар бий болдог тул танхайрах явцад бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол Эрүүгийн хуулийн 153, 181 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилнэ...” гэсэн байна.

Гэтэл шүүгдэгч Г.Билэгтжаргал нь эхлээд зодооныг салгах гэж байсан гэдэг боловч, гэрчээр анх мэдүүлэхдээ “...нэг залуу нь дугуй засвар луугаа гүйж ороод, нэг нь зам дагаад доошоо уруудаад явсан бөгөөд дугуй засварын хаалга онгойлгохгүй болохоор нь эхлээд би 1 чулуу аваад шидэхэд цонхны хаалт төмрийг онох үед Үүрээ, Ганхүү, Мөнх-Эрдэнэ нар чулуу аваад цонх руу шидээд, хаалгыг өшиглөөд байсан...” /хх-40-41/ гэдэг.

Тэгэхээр Г.Билэгтжаргалыг “ялимгүй зүйлээр шалтаглан чулууг зэвсгийн чанартай ашиглан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж танхайрсан” гэж, мөн шүүгдэгч Н.Ганхүү, Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ нарыг танхайрах явцдаа чулууг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2 дахь хэсэгт заасан “тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй”, 321 дүгээр зүйлийн 321.1.1 "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" гэх үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гэв.

Шүүгдэгч Н.Ганхүүгийн өмгөөлөгч М.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анх Н.Ганхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байсан бол шинжээчийн дүгнэлтээр Н.Ганхүү нь хохирогчийн дагзыг чулуугаар цохисон үйлдэлд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэж заасныг үндэслэн анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн гэв.

Шүүгдэгч Г.Билэгтжаргалын өмгөөлөгч Н.Батзолбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Билэгтжаргал танхайн гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт байдаггүй. Г.Билэгтжаргал өмгөөлөгчгүй байцаалт өгөхдөө “Би цонхыг нь хагалсан”, яллагдагчаар өгөхдөө “төмөр барьж гарч ирээд савчаад байхаар нь дахин гаргаж ирэхгүйн тулд айлгах зорилгоор чулуу шидэж цонхыг нь хагалсан” гэж мэдүүлсэн. Гэрч Эрдэнэбилэг: “Улаан цамцтай Билэгтжаргал гэх залуу зодооныг салгаж байсан, зодоонд оролцоогүй”, гэрч Тогоонтөмөр “Улаан цамцтай залуу зодоонд оролцоогүй. Эрдэнэбилэгийг хөнгөн цагаан төмөр барьж гарч ирэхэд бусдыгаа зугтаарай гээд байсан” гэж тус тус мэдүүлсэн байдаг гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ нарт холбогдуулан Г.Билэгтжаргал, Б.Үүрийнцолмон нартай бүлэглэн … согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ … дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бүлэглэж, догшин авирлаж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Н.Ганхүү, Н.Мөнх-Эрдэнэ нар нь уг зодоонд оролцсон боловч чулууг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч Б.Баянцогтын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь ...  гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна....” гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгийн заалт, шаардлагад нийцээгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “танхайн гэмт хэргийг зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй танхайн гэмт хэргийн объектив талын онцлог шинж нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг танхайрах явцдаа хэрэглэснээр хангагдах ба хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учирсан эсэхээс үл хамааран хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх хуулийн үндэслэлтэй болохыг анхаарвал зохино.

Нөгөөтэйгүүр, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “…шүүгдэгч Г.Билэгтжаргалд холбогдох бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бүлэглэж, догшин авирлаж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэх үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй…” гэж дүгнэн   тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Цагаан хуулар овогт Ганхуягийн Билэгтжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэж заасан атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт түүнийг “Б.Үүрийнцолмон, Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэн …бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмын ноцтой зөрчиж, энэ хэргийг догшин авирлаж, ... бүлэглэж иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож танхайрсан гэмт хэрэг үйлдсэн.” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

Мөн урьд танхайн хэрэгт ялтай байхдаа танхайн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.Үүрийнцолмонд оногдуулсан хорих ялын эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр хөнгөрүүлэн тогтоосон шалтгааныг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг огт заалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийн заалт, шаардлагад нийцээгүй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Н.Ганхүүг танхайн гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар,

шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг танхайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар тэдэнд тус тус хорих ял оногдуулсан атлаа Н.Ганхүүг “... догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг урьд энэ хэрэгт ял шийтгүүлэн ялтай байдалтай байхдаа үйлдсэн” гэм буруутайд,

Ц.Мөнх-Эрдэнийг “…догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсон нь ойлгомжгүй байх ба шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Үүрийнцолмон, Г.Билэгтжаргал нарын танхайрах явцдаа дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2, тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар уг үйлдлийг тусад нь зүйлчилсэн болон хохирогч Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарын биед шүүгдэгч Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ нар гэмтэл учруулаагүй гэж дүгнэсэн атлаа тэднийг хуульд заасан ямар үндэслэлээр догшин авирлан танхайрсан гэм буруутайд тооцсон нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр шийтгэх тогтоол гаргасан атлаа “…Н.Ганхүү, Б.Үүрийнцолмон нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай” гэж заасан, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэхийг шийдвэрлээгүй гэж улсын яллагчийн эсэргүүцэлд тэмдэглэснийг хүлээн авах үндэслэлтэй.

Хохирогч Б.Баянцогт, гэрч О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр, шүүгдэгч Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Үүрийнцолмон, Г.Билэгтжаргал нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан үзвэл Дугуй засварын гадна талын зөвхөн бүргэд хаалга болон цонх руу чулуу шидсэн үйл баримт тогтоогдсон, харин дотор талын модон хаалга руу чулуу шидсэн гэх нотлох баримт тогтоогдоогүй байхад хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-21/ “...бүргэд хаалганы урд хэсэгт хаалганы дотор тал хэсэг зурагдсан, модон хаалганы голын нүд хэсгийн 4 ширхэг мод цөмөрч хагарсан...” үйлдэж, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-23 тал, 7, 8 дугаар зураг/-ийг хавсаргасныг үндэслэн прокуророос “бүргэд хаалганы дотор тал, модон хаалганы голын нүд хэсгийн 4 ширхэг мод цөмөрсөн” гэж дүгнэж, тэдгээр эд зүйлийн үнэлгээг /1хх-120/ гаргуулан модон хаалганы хавтас модны эвдрэл хохирлыг 150.000 төгрөгөөр үнэлүүлж, яллагдагч нараар төлүүлэхээр тогтоосноос тэд хохирогч Б.Баянцогтод 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 140.000 төгрөг хүлээлгэн өгсөн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн эсэх болон бүргэд хаалганы гадна талаас чулуу шидсэн байхад дотор тал хэсэг зурагдсан, дотор модон хаалга эвдэрсэн  гэж үзсэнийг анхан шатны шүүх анхаарч дүгнэх шаардлагатай.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Оюунгэрэлээс “...дугуй засварын газрын сольсон бүргэд хаалганд үзлэг хийсэн.” гэсэн тайлбар гаргасан ба хэрэгт авагдаж, гэрэл зурагт бэхжүүлсэн бүргэд хаалга нь шүүгдэгч нарын үйлдэлд өртөж  эвдэрсэн хаалга, эсхүл сольж тавьсаны алин болохыг гэрч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан зөрүүг гарган, тэдний мэдүүлгийг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийх зэргээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоож шийдвэрлэх нь зүйтэй болно.

Ийнхүү тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, утга агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх…” хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй бөгөөд шийтгэх тогтоол бүхэлдээ бичвэрийн болон үг, үсгийн алдаатай гарсаны анхааруулан тэмдэглэх нь нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 294 дүгээр зүйлийн 294.2, 295 дугаар зүйлийн 295.1.2 дахь хэсгүүдийн заалт, шаардлагад нийцээгүй байх тул энэ талаар улсын яллагч  Д.Оюунгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Ганхүү, Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ Г.Билэгтжаргал нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.