Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Хохирогч Д.Б,

Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч З.Алтанцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Эд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Р.Э 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Р.Э нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн ...тоот гэртээ эхнэр Д.Бгийн толгой, гар, хөлөн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Р.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 24-ний 20 цагийн үед гэртээ байж байтал Б орж ирээд дээшээ өрөө рүүгээ орсон, төд удалгүй гарч ирээд матрас завааруулсан байна гэхээр нь очиж үзэхэд шар толбо болсон байсан. Би мэдэхгүй гэж хэлчихээд доошоо бууж зурагт үзээд сууж байтал бууж ирээд чи гэрт Сийлэгмааг авчраад матрас завааруулсан байна гээд хажуугаас цохиод байсан. Тэгэхээр нь уур хүрээд цохиход баруун гараараа хаагаад намайг хоёр хөлөөрөө тийрэхэд тавчиг нь сугараад өвөр дээр унахаар нь тавчигийг нь аваад гар луу нь хоёр гурван удаа цохьсон ... гэсэн мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бгийн өгсөн “Энэ хүнтэй суухдаа нэг хүүтэй байсан. Суусан үеэсээ хойш миний хүүг ад үзсэн. Гар хүрдэг байсан,ална гээд халуун савтай цай хүртэл чулуудаж байсан. ...Би энэ хүнээс хайр гуйж амьдарсан. Гэтэл надад хэзээ ч халамж үзүүлж байгаагүй. Энэ хүн анхнаасаа надтай сууж эд хөрөнгөтэй болж салах төлөвлөгөөтэй байсан. Хэдийгээр Эгийнх, ам бүл гэж 4 гэж явдаг ч би ар гэрээ авч явдаг. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нөхрийнхөө утаснаас нохойныхоо зургийг авах гээд утсаа өгчих гэтэл уурлаад чих нь хүртэл улайсан, чи яагаад ингэж уурлаад байгаа юм бэ? Ямар ноо байгаа юм гэхэд утсаа өгсөн. Гэтэл эгчийн фейсбүүк хаягаас унтлаа гэсэн чат ирсэн. Тэгэхээр нь яагаад манай эгч нөхөр лүү маань унтлаа гэж бичиж байгаа юм бол гээд ортол боссон бэлэг эрхтэнийхээ зургийг эгч рүү маань явуулсан байсан. Доор нь манай эгч лайк дараад унтлаа гэж бичсэн байхаар нь би шооконд ороод Эд очиж, очиж манай эгч рүү ийм зураг явуулаад байхдаа яадаг юм, өөр хүн рүү явуулж болоогүй юм уу гэж уурлаад, уйлсан. ...Маргааш нь дэлгүүр дээрээ очоод камерын бичлэг үзэхэд манай эгчтэй өдөр бүр, секунд бүр чат бичдэг байсан юм билээ, бичлэгээс харагдана. Дээр нь манай эгчтэй өдөрт 2 удаа 00-ын өрөөрүү 4-5 минутын хугацаатай ордог байсан байна лээ... 24-ний өдөр би хотод нүүр, өвдөгтөө зүү тавиулчихаад ирээд өрөөнийхөө даавууг угаая гээд харахад даавуу болон матрасыг маань шарлуулсан байсан. Даавуугаа угаахад толбо арилахгүй болохоор нь Э дээр очоод чи Сийлэгийг л авчирсан, өөр хэн даагвуу, матрасыг ийм болгох юм, намайг байхгүйд гэр орон бузарласан байна гэхэд босч ирээд алаад өгье гээд хацар луу цохьсон. Толгой маш их өвдөхөөр нь алаад өг гэж хэлээд босоход нөгөө хацар луу цохьсон. Саваад унахад таавчиг сугарсан. Гэтэл таавчиг аваад намайг хэд ч цохьсон мэдэхгүй байна. Би уйлаад дайрахад удирдлагаар цохьсон. Маргааш нь үзүүлэхгүй гэж бодож байтал толгой өвдөөд байхаар нь уламжлалт дээр очоод үзүүлэхэд тархи хөдөлсөн байна гэсэн учраас 3 хоног бариулсан. Энэ хүн зодохдоо дандаа толгой руу цохьдог...гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Д.Бгийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Э буйдан дээрээс босч ирээд намайг алаад өгье гээд миний зүүн шанаа хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохьсон. ... дахиад миний баруун шанаа хэсэгрүү зүүн гараараа нэг удаа алгадахад би хойшоогоо буйдан дээр унасан. ... таавчигийг аваад миний гар болон бие хэсэг рүү нилээн хэдэн удаа цохьсон. ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 24-ний орой л аав чинь намайг зодчихлоо гээд зүүн гараа харуулж байсан. Тухайн үед гар нь хөхөрчихсөн харагдаж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/,

 

Шинжээчийн 2...дугаартай: “...Д.Бгийн биед тархи доргилт, баруун бугалга, баруун шуу, зүүн шуу, баруун шилбэний цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... .Бгийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалга, баруун шуу, зүүн шуу, баруун шилбэний цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-42 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

       

           Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ ...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасан улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02/0141 дүгээр дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 3-т “Д.Бгийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь эргэлзээтэй. Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд рентгений эмч У.Энхбаярын гэмтлийн эмчид үзүүл гэсэн заалтаар хохирогч гэмтлийн эмчид үзүүлж онош баталгаажуулаагүй, үндсэн онош эцэслэн тавигдаагүй байхад хүлээн авахын эмчийн урьдчилсан оношийг баримталж шинжээч дүгнэлт гаргасан тул эргэлзээтэй гэж үзэж байна... Яаралтай тусламжийн хуудсанд Пальцовый давлений сул илэрсэн гэх рентгений эмчийн тодорхойлолт нь мэргэжлийн үүднээсээ тархины дотоод даралт ихэссэний шинж тэмдэг гэж үздэг юм байна. Энэ шинж тэмдэг нь тархины хуучин эмгэг өвчний өөрчлөлтөөс үү, эсхүл шинээр тархи доргисноос болсон уу, өөр бусад шалтгаантай юу гэдгийг нарийвчлан оношилж тогтоогоогүй байгааг шинжээч дүгнэлт гаргахдаа харгалзан үзээгүй ... хохирогчийн зөрүүтэй мэдүүлгүүд, эргэлзээтэй шүүхийн шинжилгээний дүгнэлтээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж үзээд, дахин шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байна гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Р.Э нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Шизүока гудамж 53 дугаар байр 8 тоот гэртээ эхнэр Д.Бгийн толгой, гар, хөлөн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Д.Бгийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Э буйдан дээрээс босч ирээд намайг алаад өгье гээд миний зүүн шанаа хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохьсон. ... дахиад миний баруун шанаа хэсэгрүү зүүн гараараа нэг удаа алгадахад би хойшоогоо буйдан дээр унасан. ... таавчигийг аваад миний гар болон бие хэсэг рүү нилээн хэдэн удаа цохьсон. ... ” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хүн зодохдоо дандаа толгой руу цохьдог... Эхлэж зүүн хацар луу, дараа нь баруун хацар луу цохьсон. Тавчигаар болон удирдлагаар цохьсон. Зүүн хөлний шилбэн дээр сорви тогтсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 24-ний орой л аав чинь намайг зодчихлоо гээд зүүн гараа харуулж байсан. Тухайн үед гар нь хөхөрчихсөн харагдаж байсан. ...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн .... дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримт  зэргээр тогтоогдож байна.

 

Шинжээч эмч Э.Анхбаяр нь 02/0141 тоот дүгнэлтийг гаргахдаа хохирогч Д.Бг биечлэн үзэж тархи доргилтын үндсэн шинж байгаа эсэхийг шалгаж үзлэгт тэмдэглэн эмнэлэгийн бичиг баримтыг /яаралтай тусламжийн хуудас/ үндэслэн дүгнэлтийг гаргажээ. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцсэн, гаргасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-т заасан шинжилгээ хийлгэх журмыг зөрчөөгүй байна.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын  1.9.1-д “ шинжлүүлэгч нь өмнө нь гэмтсэн эсхүл ямар нэг өвчтэй байсан зэргийг харгалзахгүйгээр зөвхөн тухайн үед гэмтлийн улмаас үүссэн эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох” гэж заасан тул хохирогчийн тархины хуучин эмгэг өвчний өөрчлөлтөөс болж гэмтэл учирсан эсэхийг шалгах гэсэн өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй юм.

 

Шинжээч эмчийн 2019 оны 02 сарын 28-ны өдрийн үзлэгт хохирогчийн биед баруун бугалга,баруун шуу, зүүн шуу, баруун шилбэний цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй хэдий боловч шүүгдэгч нь хохирогч Д.Бг зодсон болохыг нотолсон нотлох баримт гэж шүүхээс үзлээ.

 

Иймд шүүгдэгч Р.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Р.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал / анх удаа гэмт хэрэг үйдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Р.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42/ тогтоогдож байна.

 

           Хохирогч Д.Б нь хохиролд 300000 төгрөг нэхэмжилдэг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж ирүүлээгүй ба хавтаст хэрэгт авагдсан эм тарианы 47300 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид шүүхийн хэлэлцүүлэгийн явцад төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Р.Э нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Ү. овогт Р.ын Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э.г 600 / зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          

З. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э.т оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э. нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Р.Э. нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ба хэрэгт хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хадгалахыг  дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН