| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2024/04910/И |
| Дугаар | 210/МА2025/02163 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/02163
|
|
|
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 237,329,798 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******ХХК нь ******* ХХК-тай 2021.09.23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж *******д *******ийн хоол үйлдвэрлэлийн барилгын дотор заслын ажил хийж гүйцэтгэсэн. *******ХХК гэрээт ажлаа 2021.11.30-ны өдөр хийж гүйцэтгэн ******* ХХК-ийн ерөнхий менежер *******, менежер ******* нарт гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгсөн. Ажлын хөлсөнд гэрээний урьдчилгаа төлбөр 91,189,849 төгрөгийг авсан ба үлдэгдэл төлбөр 212,776,315 төгрөгийг одоо болтол аваагүй байна. Мөн ******* ХХК-ийн хүсэлтээр 24,553,483 төгрөгийн нэмэлт ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн ба тус компанийн ерөнхий менежер *******, архитектор ******* нар хүлээн авсан ч ажлын гүйцэтгэлийн тайланд гарын үсэг зураагүй. Нэмэлт ажлыг 2022.03.29-ний өдөр хийж дуусгаад ажил гүйцэтгэлийн тайланг нэхэмжлэлийн хамт ******* ХХК-д өгсөн. Иймд ******* ХХК-аас нийт 237,329,798 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг 303,966,164 төгрөгөөр байгуулж, урьдчилгаа 91,189,849 төгрөгийг өгсөн. Үлдэх төлбөрийг ажлын даалгаварт заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсний дараа өгөхөөр тохиролцсон ч нэхэмжлэгч нь ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй байгаа учраас хүлээж аваагүй. Хэрэгт нэмэлт ажлыг 2022.02.25-ны өдөр дуусгавар болгож акт өгсөн байдаг. Гэтэл энэхүү ажил нь 2022.03.16-ны өдрөөс и-мэйл бичээд 2022.03.19-ний өдөр дууссан ба ажлын төсвийг 24,553,483 төгрөг гэж нэхэмжлэлд дурдсан үнийн дүн нь и-мэйлд үзлэг хийснээр 22,358,912 төгрөг гэсэн үнийн төсөв хүргүүлсэн байна. Иймд уг үнийн дүнгээр даалгавар хийсэн гэж үзэх боломжгүй. Нэмэлт ажлыг 2022 онд хийсэн гэж байгаа ч нэхэмжлэгчийн тооцоо нийлсэн актаар зөвхөн 212,000,000 төгрөгт 2 тал гарын үсэг зурсан учраас нэмэлт ажлын хөлс 24,553,483 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 237,329,798 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх гухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,344,599 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,344,599 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 212,776,315 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй тухай хангалттай баримт хэрэгт авагдаагүй байгааг шүүх харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч гэрээний дагуу ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэдэг ч ийнхүү гүйцэтгэснийг нотлох ажлын даалгавар, гэрээ дүгнэсэн акт, гэрээт ажлын тайланг хоёр талаас баталгаажуулсан зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн шийдвэрт заасан нотлох баримтууд болох ажил гүйцэтгэсэн фото тайлан нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй, ажил гүйцэтгэсэн актууд нь ердөө ил далд ажлын акт буюу барилгын ажлын явцад далд ордог зарим ажлын хэсгийг баримтжуулсан акт байдаг. Гэвч шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж, мөн нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийг хангасныг зөвшөөрөхгүй.
Хариуцагчаас нэмэлт ажлын хөлс 24,553,483 төгрөгийг гаргуулах шаардлага нь мөн нотлох баримтаар нотлогдоогүй. Нэмэлт ажил хийлгэх гэрээ, ажлын даалгавар хэрэгт авагдаагүй, ажил гүйцэтгэсэн хугацаа, төсөв зэргийн талаарх баримт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар хоорондоо зөрүүтэй байсан. Гэвч шүүх тус нөхцөл байдлыг харгалзаагүй, зөрүүтэй баримтыг зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарын дагуу үнэлж шийдвэрлэсэн. Хэргийн 1-р хавтас 9 дэх талд авагдсан талуудын тооцоо нийлсэн актад нэмэлт ажилд 24,553,483 төгрөгийг огт тусгаагүй байдаг ба тус баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байхад шүүх уг баримтыг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн нэгдэх шаардлагын хувьд нотлох баримт хангалттай авагдаагүй, ажил хүлээлцэх актад захирал гарын үсэг зураагүй учраас ажил хүлээж авсанд тооцохгүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүх хуралдааны асуулт хариултын явцад хариуцагч компанийн төлөөлөгчөөс Танайх ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээж авсан ажлын үр дүнг ашиглаж байгаа юу гэж асуухад ашиглаж байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа гэж хариулдаг. Хариуцагч компанийн эрх бүхий инженерүүд нь ажил дуусахад ажлыг хүлээж аваад гарын үсэг зурсан. Гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй байдаг. Хоёр компани хоорондоо тооцоо нийлсэн акт үйлдэж, баталгаажуулсан. Гомдлын хоёрдахь шаардлага мөн үндэслэлгүй. Анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж нэмэлт ажил гүйцэтгэх ажлын дүн хэмжээ, үнэ тохиролцсон и-мэйл хаягт үзлэг хийлгэсэн. Иймд хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 237,329,798 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч ажлаа бүрэн гүйцэтгээгүй бөгөөд хүлээлгэн өгөөгүй, нэмэлт ажил хийлгэхээр тохиролцоогүй гэж тайлбарлан маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байх тул шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, үнэлэх ёсгүй баримтыг үнэлж, мөн хэргийн байдлыг бүрэн тогтоолгүйгээр нэхэмжлэлийг хангасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4.Зохигчийн хооронд 2021 оны 09 сарын 23-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр *******ХХК нь ******* хоол бэлтгэх зориулалттай катерингийн барилгын A блокны нэмэлт ажлыг гүйцэтгэх, мөн энэ ажлын хүрээнд 2023 оны 03 сард нэмэлт ажил гүйцэтгэхээр хэлэлцэн тохиролцсон, ******* ХХК нь үндсэн гэрээний төлбөрт 303,966,164 төгрөгийг, нэмэлт ажлын төлбөрт 24,553,483 төгрөгийг тус тус төлөх үүргийг хүлээжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлсон байна.
5.Нэхэмжлэгч талаас дээрх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг илэрхийлсэн баримтууд болох 2021.11.30-ны өдрийн ******* аймаг, ******* ******* *******ийн барилгын заслын ажлын гүйцэтгэлийн тайлан, 2021.10.05-ны өдрийн 1 тоот Хавтан угсрах ажил гүйцэтгэсэн акт, 2021.11.20-ны өдрийн 2 тоот Заслын ажил гүйцэтгэсэн акт, 2021.11.26-ны өдрийн 3 тоот Төмөр бүтээцийг угсарч гагнасан акт, 2021.12.10-ны өдрийн 4 тоот Хавтан угсрах ажил гүйцэтгэсэн акт, 2021.12.12-ны өдрийн 5 тоот Өрлөгийн ажил гүйцэтгэсэн акт, 2021.12.14-ний өдрийн 6 тоот Заслын ажил гүйцэтгэсэн акт, 2021.12.20-ны өдрийн 7 тоот Шалны ажил гүйцэтгэсэн акт, 2021.12.25-ны өдрийн 8 тоот Заслын ажил гүйцэтгэсэн акт, 2022.02.25-ны өдөр ******* аймаг, ******* ******* *******ийн барилгын заслын ажлын гүйцэтгэлийн тайлан тус тус хэрэгт авагджээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан бөгөөд хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдаанд ...барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэснээс хойш тухайн барилгад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа... тухай тайлбарлажээ. Ажил гүйцэтгэх гэрээний 13-т заасан нөхцөлийн дагуу талууд акт үйлдэн ажил хүлээлцсэн тухай баримт хэрэгт авагдаагүй нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэрээт ажлыг хариуцагч бодит үйлдлээр хүлээн авч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгааг үгүйсгэхгүй, ажлын үр дүнг бий болгоогүй гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр дээрх ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд 24,553,483 төгрөгийн ажлыг 2023.03.19-29-ний өдрийн хугацаанд гүйцэтгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******ХХК-ийн ******* цахим хаягт шүүхийн журмаар үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн авсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Талууд харилцсан мэдээллээ солилцсон нэхэмжлэгчийн *******, хариуцагчийн ******* цахим хаягт дурдсанаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 24,553,483 төгрөг болохыг талууд тохиролцсон гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзлаа нотлох үүргийн хүрээнд нэхэмжлэгч *******ХХК-ийг нэхэмжлэлээ нотолсон гэж дүгнэнэ, харин хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ нотолж шүүхэд гаргасан баримтыг үгүйсгэж, няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна. Энэ үндэслэлээр хариуцагч талын гэрээт ажлыг 100 хувь гүйцэтгэснийг нотлоогүй ... нэмэлт ажил хийлгэх гэрээ, даалгавар хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хангасан тухай гомдлыг хүлээн авахгүй.
6.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,344,599 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Э.ЭНЭБИШ