Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/02167

 

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/06335 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүргийн ******* хороо, ******* байр буюу ******* блок, ******* орцны ******* давхрын ******* тоот ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2022 онд ******* улсын дугаартай ******* маркийн автомашинаа *******т 64,320,000 төгрөгөөр худалдсан ч төлбөрөө авч чадаагүй. Улмаар ******* нь "автомашины мөнгийг төлж чадахгүй нь, би ******* гэдэг хүнтэй хамтарч ажилладаг, төлбөр нь төлөгдсөн, ашиглалтад ороогүй, *******ын нэр дээр захиалгын гэрээ хийгдсэн миний мэдлийн ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 124,320,000 төгрөгт тооцож авах уу, зөрүү 60,000,000 төгрөгийг төлчихвөл захиалгын гэрээг чам руу шилжүүлье" гэсэн. Ингээд ******* дүүргийн ******* хороо, ******* орон сууцны цогцолбор хороолол, ******* ******* орц, ******* давхрын ******* тоот ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцны үнийг ******* нь 2023.10.26-ны өдөр "*******" ХХК-ийн байранд *******, ******* нартай хамт очиж орон сууц захиалгын гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Компаниас 2023.10.30-ны өдөр Төлбөр тооцоо үлдэгдлийн баталгаа гаргаж өгсөн. Зөрүү төлбөр 60,000,000 төгрөгийг *******ын зааснаар *******ын Хаан банкны ******* тоот дансанд 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Энэ орон сууц нь ашиглалтад орсон ч компаниас *******д орон сууцыг өгөхгүй байгаа тул гэрчилгээ олгохгүй гэж өнөөдрийг хүрсэн. Иймд *******г ******* дүүргийн ******* хороо, ******* орон сууцны цогцолбор хороолол, *******, ******* орц, ******* давхрын ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь *******д уг орон сууцыг өгөх ямар ч үндэслэлгүй. "*******" ХХК, "*******" ХХК нар 2023.08.24, 28-ны өдрийн "Гадна фассадны ажил гүйцэтгэх гэрээ"-г тус тус байгуулж, гэрээний төлбөр 1,080,970,000 төгрөгийг бэлэн болон бартераар төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөрт өгөх орон сууцнаас "*******" ХХК-ийн саналыг үндэслэн ******* дүүргийн ******* хороо, ******* орон сууцны цогцолбор хороолол, ******* ******* орц ******* давхрын ******* тоот ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууц захиалгын гэрээг /2023.10.20-ны өдрийн 105/13А-01/ *******тай байгуулсан. Гэтэл ******* нь төлбөр тооцоог "*******" ХХК-д төлөөгүй атал бидэнд бүрэн төлсөн гэж итгүүлэн, хууран мэхэлж 2023.10.26-ны өдөр дээрх гэрээг ******* руу шилжүүлсэн. Бид ******* ХХК-тай холбогдож чадаагүйн улмаас *******ын үгэнд итгэж дээрх гэрээг байгуулсан. ******* ХХК-ийн удирдлагуудтай холбогдож ******* 3 ширхэг орон сууцыг борлуулж өгнө гэж хууран мэхэлж авсныг сүүлд мэдсэн ба ******* ХХК-ийн зүгээс *******д холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байна. Иймд ******* ХХК-ийн гаргасан гомдлыг шийдвэрлэхээс наана бид уг орон сууцыг *******д өгөх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар *******гийн нэхэмжлэлтэй, манай компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Бие даасан шаардлага гаргаагүй "*******" ХХК-ийн тайлбарын агуулга: "*******" ХХК, "*******" ХХК нарын хооронд 2023.08.28-ны өдөр байгуулсан "Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ"-ээр ******* дүүрэг ******* хороо ******* хотхон, Аялал зуучлал орон сууцны цогцолбор хороолол *******ын гадна металл фасадны ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Тус гэрээний 2.4-т "Төлбөрийг бартерын нөхцөлөөр хийх буюу бартерт үл хөдлөх эд хөрөнгө өгөх ба м2-ийн үнэ 2,800,000 төгрөгөөр тооцож бодно" гэж зааснаар манай компани дээрх орон сууцыг ажлын хөлсөнд авсан. Нэхэмжлэлийн шаардлага болсон орон сууцыг 2023.10.12-ны өдөр ******* нь ******* төслөөс 5 байрыг 718,452,000 төгрөгт худалдаж авахаар хэлцэл байгуулж, компанийн хувьцаа эзэмшигч *******-ийн дансанд хэлцэл хийсэн өдөр 10,000,000 төгрөг шилжүүлж, үлдэх төлбөрийг 2023 оны 10, 11, 12-р сард хуваан шилжүүлэхээр тохиролцсон. Бид "*******" ХХК-д 2023.10.12-ны өдрийн А/017 тоот "Орон сууц захиалга"-ын гэрээг *******ийн нэр дээр шилжүүлэх албан бичгийг хүргүүлсэн ч ******* нь Би өөрийн нэр дээр гэрээ хийлгэх ээ болилоо, *******ын нэрээр орон сууц захиалгын гэрээг хийлгэх хүсэлтэй" гэсэн тул манай компаниас "*******" ХХК-д мэдэгдэж "Орон сууц захиалгын гэрээ"-г байгуулсан. ******* нь үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул манай компаниас орон сууц захиалгын гэрээг цуцалсныг 2023.10.23-ны өдөр *******д мэдэгдсэн. Гэвч 2024.02 сард ******* үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг мэдэгдмэгц бид манай компанид төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүй, дээрх байрыг бусдад зарсан, залилсан тухай гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан нь одоо ******* дүүрэг дэх Цагдаагийн газар хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэрэг нээн шалгаж байна. Иймд дээрх ******* тоот ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууц нь "*******" ХХК-ийн орон сууц тул захиран зарцуулах эрх нь манай компанид байх, байрны төлбөрийг манай компанид шилжүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч *******г ******* дүүрэг, ******* хороо, *******, орон сууцны цогцолбор хороолол *******, ******* орц, ******* давхар, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 779,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 779,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, гуравдагч этгээдийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бартераар хийхээр тохиролцсон ч ******* ХХК-ийн саналыг үндэслэн иргэн *******ын нэр дээр Орон сууц захиалгын гэрээ-г 2023.10.20-ны өдрийн ******* тоот гэрээний дагуу *******, ******* хороо, ******* орц, ******* давхар ******* тоот ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг байгуулсан бөгөөд ******* нь орон сууцны төлбөрөө төлөөгүй байж манай компанийн харилцааны менежер, нягтлан бодогч нарыг зориуд хуурч, мэхлэн тооцоо дууссан гэсэн акт, гэрээ гаргуулж авсан байсан. ******* нь зах зээлд байхгүй 100,000,000 төгрөгийн ханшаар ******* м.кв талбайтай орон сууцыг хуурч мэхлэн *******д худалдсан. Бусад орон сууцыг ч мөн энэ мэтээр худалдсан байсныг ******* ХХК нь цагдаагийн байгууллагаар шалгуулж, хохирлыг барагдуулахаар эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Манай компаниас ******* болон *******д албан бичиг хүргүүлэн Эрүүгийн хуульд заасан Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжтэй байгаа тул *******тай байгуулсан Орон сууц захиалгын ******* тоот гэрээ, Орон сууц захиалгын ******* тоот гэрээ, Орон сууц захиалгын ******* тоот 3 ширхэг гэрээ-ний асуудлыг 2024.02.15-ны өдрийн дотор ******* нь шийдвэрлэхгүй бол компаниас дээрхи гэрээг цуцалж, хуулийн байгууллагаар шалгуулахыг мэдэгдсэн. Анхан шатны тойргийн шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч *******г ******* дүүрэг, ******* хороо, *******, орон сууцны цогцолбор хороолол *******, ******* орц, ******* давхар, ******* тоот ******* м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд ******* нь ******* дүүргийн цагдаагийн байгууллагад *******г залилсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6.Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч ******* нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлээ хариуцагчтай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бол нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байх, энэ тухайгаа нотлох үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг дараах байдлаар төлсөн гэж тайлбарласан. Тэрээр ******* гэх хүнд тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гэсэн ч энэ талаар нотлох баримтгүй, мөн мөнгө шилжүүлсэн гэсэн ч ******* гэх хүнд мөнгө шилжүүлсэн баримттай. *******аас орон сууцны захиалгын гэрээг шилжүүлэн авсан гэх боловч *******д шилжүүлсэн төлбөргүй. Хариуцагчтай гэрээ байгуулсан боловч хариуцагчид төлсөн төлбөргүй зэргээс үзвэл *******, ******* нарт залилуулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Үүнээс гадна *******, *******, ******* нар нь захиалгын гэрээг ашиглан нэхэмжлэлд дурдсан орон сууцыг өнгийн эрхийг хэд хэдэн хүнд худалдан борлуулсан мэтээр ойлгуулж залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныг шалган тогтоохоор цагдаагийн байгууллагат мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно. Гэтэл нэхэмжлэгчийг хариуцагчид төлбөр төлснөө хангалттай нотолсон гэж үзэхгүй байгаа бөгөөд гуравдагч этгээд, нэхэмжлэгч нар нь гэмт этгээдүүдэд залилуулсан байх боломжтой. Энэ утгаараа гуравдагч этгээдээс манай өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглан бусдыг залилан мэхэлсэн гэх агуулгатай мэдээлэл гаргасныг ******* дүүргийн цагдаагийн газар ******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Хэрэг бүртгэлтийн ажиллагаанд эрүүгийн хэрэг нээсэн тохиолдолд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль нэгийг хохирогчоор тогтоон шийдвэрлэх шаардлагатай ба гэмт хэргийн улмаас хохирол учруулсан болон хохирол хүлээсэн этгээдийг мөрдөгч, прокурор, шүүх тогтоодгоос гадна хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж дуусаагүй байгаа тул урьдчилан дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж байна. Нөгөө талаас ******* нь орон сууцны үнийг төлсөн гэх баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн ч түүний нэрлэсэн этгээдүүд төлбөрийг огт хүлээн аваагүй мэт байгаа нь нэхэмжлэгчээс бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний мөнгө, эд хөрөнгийг шилжүүлэн авсан байж болзошгүй үйлдлүүд харагдаж байгаа юм. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоосноор шууд эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцох этгээд нь зөвхөн ******* ХХК хэмээн тогтоосон шийдвэр болж байна. Тухайн маргааны зүйл буюу эд хөрөнгөтэй холбоотой эрүүгийн журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг маргаан байгаа бол уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Учир нь энэ хэргийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн төлбөртэй холбоотойгоор түүнийг эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоох боломжтой. Энэ утгаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан зохицуулалт байгаа гэж ойлгож байгаа юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7.Хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Бусдыг залилсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсэж шалгагдаж байгаа гэх боловч хэргийн 65-67 талд мөрдөгчийн тогтоол болон гуравдагч этгээдийн өмчлөгчийн мэдүүлэг авагдсан. Мөрдөгчийн тогтоолоор 2024.03.10-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ч хэн ч энэ хэрэгт яллагдагчаар татагдаагүй учир эрүүгийн хэрэг үүсээгүй 1,3 жил өнгөрсөн. Нэхэмжлэгчээс 1 удаа гэрчийн мэдүүлэг авч энэ хэрэгт хамаагүй, иргэний журмаар асуудлаа шийдвэрлүүл гэж хэлээд явуулсан байдаг. Энэ хэргийг түдгэлзүүлэх үндэслэлгүй нь хэргийг бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн бөгөөд хэргийн 67 талд гуравдагч этгээдийн эцсийн өмчлөгч *******ийн би тухайн хэлцлийн төлбөрийг төлөхгүй байгаа учраас *******д холбогдуулж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэсэн мэдүүлэг авагдсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн маргаж байгаа гэрээний зүйл нь тодорхой үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тогтоолгох, харин гуравдагч этгээд нь хэлцлийн үндсэн дээр төлөгдөх ёстой төлбөрийг гаргуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэсэн агуулгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлд гуравдагч этгээд, хариуцагчийн ярьж байгаа үндэслэлд хамаарахгүй. Тэгэхээр ******* гэх хүнд 5 орон сууцны захиалгын гэрээ хийх эрхийг олгож ******* нь *******д тухайн эрхийг олгож, ******* нь орон сууцыг нэхэмжлэгчид гэрээгээр шилжүүлсэн харилцаа байдаг. Тиймээс энэ хэрэг маргааныг анхан шатны шүүх рүү буцаах үндэслэлгүй. Хэргийн тухайд нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны төлбөрийг төлсөн баримтууд 1-р хавтаст хэргийн 13-14 талд авагдсан. ******* гэх хүн автомашин худалдан авч, зөрүү мөнгөө орон сууцаар бартер хийе гэсэн санал тавьсан ч нэхэмжлэгч *******т итгээгүй тул орон сууцны өмчлөгчтэй харилцаж ******* ХХК-аас өөрөө нэхэмжлэгч рүү залгаж дуудан гэрээ байгуулсан, гэрээ байгуулсны 1 хувийн шимтгэлийг тухайн компанийн нягтлан бодогч өөрийн дансаар авч, үлдэгдэл төлбөрийн талаар *******тай учраа ол гэж тайлбарлан 2025.10.30-ны өдөр тооцооны үлдэгдэлгүй баталгаа хийж өгсөн. Тухайн баталгаанд үндэслэж ******* ХХК-д итгэж нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн. Хэрэв гуравдагч этгээд, хариуцагч нар тооцоо үлдэгдэлгүй гэсэн баталгаа гаргаж итгэл төрүүлээгүй бол нэхэмжлэгч төлбөрөө шилжүүлэхгүй байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, ******* орон сууцны цогцолбор хороолол, ******* блок буюу ******* байрны ******* орц, ******* давхрын ******* буюу ******* тоот хаягт байх ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн зүгээс орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй, орон сууцтай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагчийг дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гуравдагч этгээд ******* ХХК-ийн хувьд ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцон ******* ХХК-аас авсан тус компанийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд орон сууцаа бусдад залилуулсан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэсэн тайлбарыг гарган маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь маргаж буй орон сууцыг *******аас худалдан авахдаа хариуцагч, гуравдагч этгээдүүдийн зохих зөвшөөрөл, мэдэгдлийг үндэслэн худалдан авсан байх тул түүнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн дүгнэлт хэргийн байдалд нийцжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, гуравдагч этгээдүүдийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нийтийн зориулалттай орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний төрөлд хамаарах тул зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, шийдвэрт хууль хэрэглээнд өөрчлөлт оруулна. Энэ нь шийдвэрийг хүчингүй болгох, хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлыг хангах үндэслэл болохгүй юм.

4.Захиалагч ******* ХХК, гүйцэтгэгч *******" ХХК-ийн хооронд 2023.08-р сард байгуулсан "Гадна фассадны ажил гүйцэтгэх гэрээ"-ний үнэ 1,080,970,000 төгрөг бөгөөд талууд төлбөрийг мөнгө болон бартераар төлөхөөр харилцан тохиролцжээ.

Энэхүү гэрээний төлбөрт тооцон ******* ХХК нь "*******" ХХК-ийн саналыг үндэслэн 2023.10.20-ны өдөр иргэн *******тай ******* дүүргийн ******* хороо, ******* орон сууцны цогцолбор хороолол, *******ын ******* орцны ******* давхрын ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг худалдахаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан үйл баримтад хариуцагч, гуравдагч этгээд маргаагүй байна. Тус гэрээний 2.1-д орон сууцны үнийг 124,320,000 төгрөг гэж, 2.2-т орон сууцны төлбөр тооцоо бүрэн дууссаныг тус тус илэрхийлжээ.

Гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнэд 5 ширхэг орон сууцыг хариуцагчаас авахаар тохиролцсон, тухайн орон сууцуудыг худалдан борлуулах хэлцлийг 2023.10.12-ны өдөр *******тэй хийжээ. ******* нь зохигчийн маргаж буй энэхүү орон сууцыг *******ын нэр дээр шилжүүлэх хүсэлтийг гуравдагч этгээдэд гаргаснаар тус компаниас орон сууцны захиалгын гэрээг *******тай байгуулахыг хариуцагчид зөвшөөрснөөр дээрх гэрээ байгуулагдсан байна. Мөн хариуцагч, гуравдагч этгээдийн хооронд байгуулсан "Гадна фассадны ажил гүйцэтгэх гэрээ"-ний 3.1-д зааснаар захиалагч нь ажлын хөлсийг төлөх үүргийн хүрээнд бартерийн нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага буюу орон сууцыг гүйцэтгэгчээс бусад этгээдэд шилжүүлэхэд төлбөр төлөгдсөн эсэхийг шалгах нэмэлт шаардлагыг талууд гэрээгээр тохиролцоогүй байна.

Иймээс хариуцагч ******* ХХК нь давж заалдах гомдолдоо, ******* нь орон сууцны үнийг төлөлгүйгээр орон сууц захиалгын гэрээ байгуулж, тус компанийн ажилтныг хуурч мэхлэн төлбөрийн тооцоогүй гэсэн баримтыг үйлдүүлсэн тухай гомдлыг хүлээн авахгүй. Учир нь гуравдагч этгээд "*******" ХХК-ийн зөвшөөрсөн этгээдтэй хариуцагч орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэхэд уг сууцны төлбөрийг тухайн этгээд гуравдагч этгээдэд төлсөн эсэх нь хариуцагчид ач холбогдолгүй юм.

5.Харин гуравдагч этгээд *******" ХХК-аас маргаж буй орон сууцны үнийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлснөө нотлоогүй, тэрээр бусдад залилуулсан нөхцөлд тухайн этгээдүүдээс хохирлоо шаардах эрхтэй, гуравдагч этгээдийн орон сууцыг шаардах эрхгүй, мөн *******, *******, ******* нар нь гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл, орон сууц захиалгын гэрээг ашиглан тус компанийг залилан мэхэлсэн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байхад иргэний журмаар давхар шийдвэрлэх үндэслэлгүй гэсэн агуулгаар гомдол гаргажээ.

Энэ шийдвэрийн 4-т дүгнэсний дагуу ******* нь хариуцагч ******* ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулснаар маргаж буй орон сууцны эрхийг өөрийн мэдэлд шилжүүлэн авчээ. Гуравдагч этгээдийн зүгээс *******тэй 2023.10.12-ны өдөр байгуулсан Хэлцэл-ээс хожим татгалзсан ч тус хэлцэлд үндэслэн ******* дүүргийн ******* хороо, ******* орон сууцны цогцолбор хороолол, *******ын ******* орцны ******* давхрын ******* тоот ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууц *******д шилжсэн байна.

*******" ХХК нь орон сууцуудыг *******д шилжүүлэх, ******* нь тохиролцсон үнийг төлөхөөр хэлэлцэн тохиролцсон байх тул гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгч *******гаас орон сууцны үнийг шаардах эрхгүй. Зүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийн талууд өөрсдийн үүргийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй, хэрэв үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол хэлцлийн нэг тал нь нөгөө талаасаа үүргийг шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгч нь орон сууц худалдан авахаар гуравдагч этгээдтэй хэлцэл хийгээгүй байх тул гуравдагч этгээдэд орон сууцны үнийг төлөөгүй гэсэн үндэслэлээр маргасан нь үндэслэлгүй.

Хэрэгт ******* дүүргийн цагдаагийн хэлтсийн 2024.09.27-ны өдрийн ******* тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн Мөрдөгчийн тогтоол авагдсан. Тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2024.03.10-ны өдрийн тогтоолоор *******" ХХК-ийн захирал *******ын *******д 5 ширхэг орон сууц худалдах гэрээ байгуулан 10,000,000 төгрөг авснаас өөр төлбөрийг төлөөгүй, орон сууцыг бусдад зарж залилсан тухай гомдлыг үндэслэн хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар тогтжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 31.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ******* нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон уг хэрэгт нэхэмжлэгч хохирогчоор тогтоогдож орон сууцны үнийг ******* нараас шаардан эрүүгийн журмаар шаардан оролцож байгаа үйл баримт хэрэгт авагдаагүй, энэхүү хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэх хугацаанд дээрх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхийг хэргийн оролцогч тайлбарлаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаархи нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбоотой буюу нэхэмжлэгч нэг асуудлаар иргэний, эрүүгийн журмаар давхардуулан гомдол гаргаагүй байх тул энэхүү иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлэхгүй байх үндэслэлгүй байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг түдгэлзүүлээгүй болон хэрэгсэхгүй болгоогүй гэсэн гомдлыг хүлээн авахгүй.

6.Нэхэмжлэгч ******* нь *******аас авах авлагадаа ******* дүүргийн ******* хороо, ******* орон сууцны цогцолбор хороолол, ******* блок буюу ******* байрны ******* орц, ******* давхрын ******* буюу ******* тоот хаягт байх ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг авах, үнийн зөрүү 60,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон тухай тайлбарлажээ.

Хэргийн 10-15 талд авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 58,000,000 төгрөгийг *******тоот, 1,243,200 төгрөгийг ******* тоот дансанд тус тус шилжүүлсний дагуу *******, ******* нар орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх болон төлбөрийг хүлээн авсныг ******* ХХК-д гаргаснаар нэхэмжлэгч болон хариуцагч ******* ХХК нарын хооронд 2023.10.26-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээний гэрээний 2.1-д орон сууцны үнийг 124,320,000 төгрөг гэж, 2.2-т төлбөр тооцоо бүрэн дууссаныг зааснаар зохигчийн хооронд хүчин төгөлдөр эрх зүйн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Нэхэмжлэгч нь нийтийн зориулалттай орон сууцыг хариуцагчаас худалдан авахаар гэрээ байгуулсан учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэнэ. Нэхэмжлэгч дээрх байдлаар орон сууцны үнийг *******, ******* нарт төлснийг хариуцагч ******* ХХК-аас 2023.10.26-ны өдөр үйлдсэн Төлбөр тооцоо үлдэгдлийн баталгаа-аар зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч орон сууцны үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэнэ.

Хариуцагч орон сууцыг 2024 оны 1-р улиралд ашиглалт оруулах үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч орон сууцыг өмчлөх эрх болон эзэмшлийг шилжүүлэхийг шаардах эрхтэй, хариуцагч орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн хариуцагч талаас нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууцны тоот тодорхойгүй, гэрээний хаяг өөрчлөгдсөн тухай дурдсан нь нэхэмжлэлийг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгчийг тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах баримт, мэдээллийг хариуцагч бүртгэх байгууллагын шаардлагад нийцүүлэн гаргаж өгөх үүрэгтэй тул орон сууцны хаяг, тоот өөрчлөгдсөн нөхцөлд ******* ХХК нь хамгийн сүүлчийн буюу улсын бүртгэлд бүртгэгдэх боломжтой байдлаар мэдээллээ гарган өгөх үүргийг хүлээнэ. Энэ нь Иргэний хуулийн 182, 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэл үнэн зөв байхад ач холбогдолтой, зохих үр дагавартай юм.

7.Дээрх үндэслэлээр хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/06335 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, гуравдагч этгээд ******* ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 779,950 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 779,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Э.ЭНЭБИШ