| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0076/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.От холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х.О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.О нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн ...тоотод хохирогч С.Бын хоолойг архины шилээр зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Бынд хоносон. Өглөө нь Б архинд явж 1 шил архи хувааж уусан. Авгай нь уурлаад бид 2 гарч явсан. Тобемийн тэнд Батжаргал хэдэн хүнтэй архи ууж байсан...тэндээс Батжаргалыг дагуулан Батжаргалын гэр лүү явсан. Батжаргал гэрээсээ ХААН банкны картаа аваад Эклтэй гарч 0,75 граммын архи авчирсан.Архи ууж байхад Экл Нараа гэж залууг дуудсан. Нараа 2 шил 0,75 граммын Ерөөл архтай ирсэн. Тэгээд архиа ууж дуусаад Б гэрүүгээ явж хоол хийж идье гээд Батжаргалынхаас гарсан.Гэртээ ирээд сонгино авч ирнэ гэж гараад 0,75 граммын Түмний хишиг гэж архи авчирсныг бид хоёр хувааж ууж байгаад муудалцсан.Тэгээд архины шил хагалж хоолойг нь зүссэн байсан. ... Би гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О бид хоёр 20-30 минутын дараа архиа хувааж уучихаад байж байтал О нь зурагтны хажууд байсан 0.33 граммтай Ерөөл архийг хараад одоо энэ архийг ууя гэхээр нь хоёулаа өглөө босоод ууя гэж хэлсэн чинь О нь чи хар ус харамлаад байхдаа яадаг юм гээд өмнө уусан Түмний хишиг архины шилийг миний зүүн хөлний өвдөг дээр хагалаад хагарсан жижиг шилнээс жоохон хэсгийг нь аваад миний хоолойг зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “...С.Бын биед хүзүүний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн 02/062 дугаартай дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-72 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Х.О нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн ...тоотод хохирогч С.Бын хоолойг архины шилээр зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О бид 2 архиа задалж ... хувааж уучихаад байж байтал О нь зурагтны хажууд байсан 0.33 граммтай Ерөөл архийг хараад одоо энэ архийг ууя гэхээр нь хоёулаа өглөө босоод ууя гэж хэлсэн чинь О нь чи хар ус харамлаад байхдаа яадаг юм гээд өмнө уусан Түмний хишиг архины шилийг миний зүүн хөлний өвдөг дээр хагалаад хагарсан жижиг шилнээс жоохон хэсгийг нь аваад миний хоолойг зүссэн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02/062 дугаартай дүгнэлт болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Х.От холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал / гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал,урьд өмнө удаа дараа ял шийтгэгдэж байсан/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оыг 720 / долоон зуун хорь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч Х.Оын цагдан хоригдсон 3 хоногийг оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт эдлэх ялаас 24 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Х.Оын эдлэх ялыг 696 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.О нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Х.О нь урьд удаа дараа ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 72/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3*4 хэмжээтэй шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
онгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М. овогт Хгийн О.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О.ыг 720 / долоон зуун хорь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О.ын цагдан хоригдсон 3 хоногийг оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт эдлэх ялаас 24 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Х.О.ын эдлэх ялыг 696 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Онь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.О.т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Х.Онь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2*2 хэмжээтэй шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О.т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН