Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ц.Э 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр  Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Быг хутгалсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Саруултай хамт ажиллаж байгаад утас авсан гээд байсан. Хутгыг залуус хорооллын хойноос авсан. Бид нар хөдөө мах чанаж иддэг болохоор хэрэг болох байх гэж бодсон. Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. ... гэсэн мэдүүлэг, 

 

Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн үед аймгийн спорт заалны хойд талд явж байхад Этэй таараад чи хөшөөн аль дээр миний утас, сахлын машиныг авчихсан байна лээ. Тэрийг өгчих гэж хэлсэн. Тэгээд би Эийн урд талд гараад явж байтал миний араас бөгс рүү 1 удаа хутгалсан. ... эргэж харахад хутгаа өмднийхөө арын халаасанд хийсэн байсан. Тухайн үед миний бөгснөөс цус гараад байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/0193 дугаартай дүгнэлтэнд: “...Н.Бын биед баруун өгзөгний шарх гэмтэл тогтоогдлоо. ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...." гэжээ. /хх-ийн 10 дугаар хуудас/

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-17 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

       

           Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр  Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Быг хутгалсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн үед аймгийн спорт заалны хойд талд явж байхад Этэй таараад чи хөгшөөн аль дээр миний утас, сахлын машиныг авчихсан байна лээ. Тэрийг өгчих гэж хэлсэн. Тэгээд би Эийн урд талд гараад явж байтал миний араас бөгс рүү 1 удаа хутгалсан. ... эргэж харахад хутгаа өмднийхөө арын халаасанд хийсэн байсан. Тухайн үед миний бөгснөөс цус гараад байсан. ...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/0193 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримт  зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Ц.Эт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал / гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа ял шийтгүүлж байгаа/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын нийтэд тустай ажил хийлгэх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

           Шүүгдэгч Ц.Эт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 17/ тогтоогдож байна.

 

Хохирогч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй “ гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх цэнхэр болон урд хэсгээрээ цагаан өнгийн хуванцар иштэй 21 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь  мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч М. овогт Ц. Э.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.М. улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э.ийг 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Э. нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч Ц.Э. нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6.М. улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх цэнхэр болон урд хэсгээрээ цагаан өнгийн хуванцар иштэй 21 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.М. улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.М. улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН