| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/26327/И |
| Дугаар | 210/МА2026/00081 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2026/00081
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 197/ШШ2025/17798 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг, ашиглалтын зардал 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...түрээсийн байранд 04 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа огт явуулаагүй, ...06 дугаар сарын 10-ны өдөр бид нар гэрээгээ цуцлахаар нотариат дээр очсон, ... талбайгаа чөлөөлж эд зүйлээ авах тухай мэдэгдлийг 07 дугаар сард өгсөн, ...эд зүйлээ авч талбайг чөлөөлөхөөр очоод, бичгээр мэдэгдээд байхад өөрсдөө чөлөөлүүлээгүй, ашиглалтын зардлыг давхардуулан нэхэмжилсэн, ...ашиглаагүй үеийн буюу 07, 08 дугаар сарын ашиглалтын зардал, түрээсийн төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй...” гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв тодорхойлсон боловч гэрээнээс татгалзсан гэж алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.Үүнд:
4.1.*******, ******* нар нь *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* давхар, ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гар утас, цахилгаан барааны дэлгүүрийн зориулалтаар 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 1 сарын 4,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. /хх6-8/
4.2.2025 оны 05, 06 дугаар сарын түрээсийн төлбөр төлөгдөөгүй үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор талуудын хооронд маргаан үүсэж, ******* нь шүүхэд хандаж 2025 оны 05, 06 дугаар сарын түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөг, 2025 оны 03, 04, 05, 06 дугаар сарын ашиглалтын зардалд 1,952,792 төгрөг, алдангид 720,000 төгрөг, нийт 10,672,792 төгрөг нэхэмжилснээс хариуцагч ******* түрээсийн төлбөрөөс нэхэмжлэгчид урьдчилан барьцаанд төлсөн 4,000,000 төгрөгийг суутгаад үлдэгдэл 6,672,792 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/14888 дугаар шийдвэрээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх60/
4.3.Мөн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/12530 дугаар шийдвэрээр хариуцагч *******гөөс 2025 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /хх18-19/
4.4.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/07401 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* давхар, ******* тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******, ******* нарын эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэжээ. /хх37-39/
4.5.Дээрх шүүхийн шийдвэрүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар хүчин төгөлдөр болж, хариуцагч нь 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2025 оны 03-06 дугаар сарын ашиглалтын зардалд 1,952,793 төгрөгийг төлж, тухайн өдөр эд зүйлсээ авч түрээсийн талбайг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгчээ. /хх62, 64/
5.Харин анхан шатны шүүхийн “Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/14888 дугаар шийдвэр гарсан, хариуцагч ******* нь түрээсийн талбайг чөлөөлөхөөр удаа дараа очиход нэхэмжлэгч зөвшөөрөөгүй болох нь тогтоогдсон тул талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзсан” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.
5.1.Учир нь гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.
Талууд түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, дээрх гэрээний дагуу хэрэгжсэн харилцааг буцаах боломжгүй буюу гэрээний хугацаанд тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг түрээслэгч олж авах эрхтэй тул гэрээг цуцлах тухай асуудал яригдана.
5.2.Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн төлбөр төлөх, эд хөрөнгөө авах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч *******д хүргүүлсэн байгааг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүй алдаа гаргажээ.
Иймд 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээний 7.5-д “Талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд нөгөө талдаа 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй.” гэж заасны дагуу тус гэрээг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.
5.3.Түрээсийн гэрээг цуцалж, дуусгавар болсны дараа түрээслэгч ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй.
Гэвч хариуцагч түрээсэлсэн эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй, улмаар нэхэмжлэгч нь түрээсийн талбайг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гарсан байх ба хариуцагчийн “2025 оны 06 дугаар сард гэрээг цуцалсан, эд зүйлээ авахаар очиход нэхэмжлэгч өгөөгүй, ашиглаагүй хугацааны зардал төлөхгүй” гэх татгалзлаа нотлох баримт нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноотой байх тул түүний татгалзал үндэслэлгүй гэж үзнэ. /хх61/
5.4.Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч *******гөөс түрээсийн талбай ашигласны төлбөр, ашиглалтын зардлыг шаардах эрхтэй.
6.Нэхэмжлэгч ******* нь түрээсийн талбайн ашиглалтын зардалд 2025 оны 03 дугаар сард 522,134 төгрөг, 04 дүгээр сард 478,650 төгрөг, 07 дугаар сард 499,321 төгрөг, 08 дугаар сард 487,168 төгрөг, мөн 2025 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөрт 4,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг нэхэмжилсэн.
Хэрэгт авагдсан баримтаар 2025 оны 07 дугаар сарын ашиглалтын зардал болох 499,322 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын ашиглалтын зардал болох 487,168 төгрөг, мөн 2025 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөрт 4,000,000 төгрөг, нийт 4,986,490 төгрөг төлөгдөөгүй болох нь тогтоогдож байх тул уг төлөгдөөгүй төлбөрт хамаарах шаардлагыг хангах үндэслэлтэй байна. /хх34/
Харин нэхэмжлэлийн шаардлагаас 2025 оны 03, 04 дүгээр сарын ашиглалтын зардалд хамаарах шаардлага нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/14888 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас уг давхцаж буй шаардлага болох 1,013,510 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
Дээрх үндэслэлээр хариуцагч *******гөөс 2025 оны 07 дугаар сарын ашиглалтын зардалд 499,322 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын ашиглалтын зардалд 487,168 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөрт 4,000,000 төгрөг, нийт 4,986,490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,013,510 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.
7.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 197/ШШ2025/17798 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч *******гөөс 4,986,490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,013,510 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гөөс улсын тэмдэгтийн хураамжид 94,734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ч.МӨНХЦЭЦЭГ