Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/02216

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК,*******ХХК

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05427 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК,*******ХХК нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсөний 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, 2016.10.25-ны өдрийн ******* тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч*******ХХК-ийн өмгөөлөгч *******, нэхэмжлэгч*******ХХК-ийн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь манай компаниийн хамаарал бүхий*******ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 08 сарын 08-ны өдөр бэлнээр 25,000,000 төгрөг авсан ч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25,000,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Миний бие тухайн үед*******ХХК-ийн захирал байсан ба ******* ХХК нь тус компанийн охин компани тул техник, аж ахуй санхүүгийн удирдлагаар бүрэн хангаж ажиллаж байсан. Энэ үед хоёр компанийн хооронд санхүү, техник хүчний шилжүүлгийг байнга хийдэг байсан. Энэ гүйлгээ нь түүний нэг гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгч*******ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь*******ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015.08-2018.03 сар хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа тус компанийн өмчлөлийн 186 тоот орон сууцыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авахаар 2016.10.25-ны өдөр ******* тоот "Орон сууцыг захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г өөртэйгөө байгуулсан нь хууль зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар шүүхэд хандаж, өөрийн өмчлөлийн орон сууцаа хууль бусаар шилжүүлэн авах үндэслэл болсон дээрх ******* тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, уг хэлцлийн дагуу хариуцагчийн хууль бусаар шилжүүлэн авсан ******* дүүргийн ******* /*******/-р хороо, ******* /17012/, ******* гудамж, *******байр, ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцны өмчлөгчөөр*******ХХК-ийг тогтоож, эзэмшлийг нь нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч*******ХХК-ийн нэхэмжлэлд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Би залуу насаа*******ХХК-д өнгөрүүлж 2015-2018 оны хооронд гүйцэтгэх захирлаар ажилласныг компаниас өндрөөр үнэлж тухайн орон сууцыг өгч байсан. Гэтэл ийнхүү өөрийн эрх мэдэл албан тушаалаа ашиглаж хувьдаа завшсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар баримтлан хариуцагч *******аас 25,000,000 төгрөг гаргуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2016 оны 10 сарын 25-ны өдрийн ******* дугаартай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ******* дүүргийн ******* хороо, *******, ******* гудамж, ******* байр, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр*******ХХК-ийг тогтоож, хариуцагч *******ын эзэмшлээс нэхэмжлэгч*******ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч *******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид ******* ХХК-ийн төлсөн 282,950 төгрөг,*******ХХК-ийн төлсөн 1,664,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, *******аас 282,950 төгрөг гаргуулан ******* ХХК-д, мөн 1,664,550 төгрөгийг гаргуулан*******ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь *******ыг ******* ХХК-ийн мөнгөн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 25,000,000 төгрөгийг шаардсан. Энэ тохиолдолд нэхэмжпэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хугацаа буюу 10 жил гэж үзэж байна. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл тухайн зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй ба зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасан зохицуулалт хамаарна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн шаардэх эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн дүгнэлтийг эс зөвшөөрч, дээрх үндэслэлээр *******аас 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжпэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлд холбогдох шаардлагын талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа хэзээнээс хөөн хэлэлцэх хугацааг тооцох юм, хэзээнээс шаардах эрх үүсэх вэ гэх нөхцөл байдлыг тодорхойлсон байна. Шаардах эрх үүсээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

8.Хариуцагч *******ын давж заалдах гомдлын агуулга:

1.Анхан шатын шүүх хэргийн оролцогчийн хуулиар заасан эрхийг зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэх явцдаа хэт нэг талыг баримталсан.

Гэрээнд компанийн эрх бүхий албан тушаалтан болох Ерөнхий нягтлан бодогч *******, борлуулалтын менежер ******* нар*******ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан байдаг. Тиймээс хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тул *******, ******* нарыг гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүхээс үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн. Учир нь хэргийн баримтаар маргаан бүхий гэрээний эхэнд*******ХХК-ийг төлөөлж борлуулалтын менежер ******* гэсэн бөгөөд гэрээний төгсгөлд*******ХХК-ийг төлөөлж *******, ерөнхий нягтлан бодогч ******* нар гарын үсэг зурсан нь харагддаг.

Ялангуяа ерөнхий нягтлан бодогч ******* нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч буюу гэрээнд*******ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан хүний хувьд яагаад гэрээ байгуулах болсон нөхцөл байдал, үйл баримтыг хамгийн сайн мэдэж байгаа албан тушаалтан юм. Борлуулалтын менежер ******* нь*******ХХК-ийг төлөөлөн 2016.10.25-ны өдрийн ******* тоот гэрээг *******тай байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тэрээр гэрээний агуулга, зорилго, төлбөрийн нөхцөлийг мэдэж байгаа албан тушаалтан юм. Мөн түүний албан тушаалын чиг үүрэг, тодорхойлолт, гэрээ байгуулах эрх хэмжээ зэргийг тодруулж, *******тай байгуулсан ******* тоот гэрээг ямар учраас байгуулсан, компанийн хувьцаа эзэмшигч болон эцсийн өмчлөгч нар ямар чиглэл өгсөн талаар гэрчийн мэдүүлэг авахуулах нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Гэтэл анхан шатны шүүх эдгээр байдлыг тодруулахгүйгээр хэргийн оролцогчийн хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг баримталсан, хэргийн оролцогчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш оролцох, гэрч оролцуулах, мэтгэлцэх, тайлбар татгалзлаа нотлох зэрэг хуулиар олгогдсон эрхүүдийг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагч талын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Прокурорын газрын архивт байгаа эрүүгийн хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэргээс холбогдох материалыг гаргуулахаар хүсэлт гаргасан ч шүүхээс мөн үндэслэлгүй татгалзсан. Эдгээр баримтад гэрч *******, *******, ******* нарын мэдүүлгээр *******-д холбогдох хэргийг залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь хэрэгт ач холбогдолтой байсан. ******* нь*******ХХК-ийг анх үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд олон жил*******ХХК-ийг удирдан захирлаар ажилласан. Тэрээр *******ыг гүйцэтгэх захирлаар ажиллахыг дэмжиж байсан бөгөөд компанийн зүгээс орон сууц өгсөнийг ч мэдэж байсан. ******* нь нас барснаар ******* нь ийнхүү дураар аашлан олон жилийн бүтээсэн ажлыг нь үнэлж компаниас өгсөн орон сууцыг буцаан авах гэж байгаа нь үндэслэлгүй юм. Тиймээс *******, *******, ******* нарын *******-д холбогдох эрүүгийн хэрэгт өгч байсан гэрчийн мэдүүлэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт юм.

2.Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тодорхойлсон. Шүүх иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар Өндөр буянт холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар *******ыг 2019.09.30-ны өдөр улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэнийг үндэслэж, энэ үед ******* нь маргаан бүхий гэрээг мэдсэн гэж үзэн хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг баримталжээ. Гэтэл Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т эсхүл мэдэх ёстой байсан" гэсэн бөгөөд ******* нь дээрх хугацаанд улсын бүртгэлд бүртгэгдсэн ч түүнээс өмнө буюу 2018.03.20-ны өдрөөс компанийн үйл ажиллагаанд оролцож байсан нь хэргийн баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. ******* нь энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл*******ХХК-ийн үйл ажиллагааг удирдан ажиллаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа 2024.03.20-ны өдөр дуусч байна.

Иймээс анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

9.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч*******ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тус орон сууцыг бэлэглэсэн учраас өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авсан гэж тайлбарладаг ба тэрээр 2015-2018 оныг дуустал*******ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж 2019 онд ******* захирал ажлаа хүлээж авсан. Түүнд түр амьдруулахаар өгсөн орон сууцны өмчлөх эрхийг өөртэйгөө гэрээ хийж, компанийн хувьцаа эзэмшигчид мэдэгдэхгүйгээр 273,240,000 төгрөг төлсөн гэсэн албан бичгийг улсын бүртгэл рүү явуулсан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг шалгаад 5 жил буюу 2022 онд хаагдахдаа гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаасан. Хэлцэл хүчин төгөлдөр бус байхад улсын бүртгэгч тодруулалгүй өмчлөх эрхийг шилжүүлсэн талаар бүртгэлийн газарт гомдол гаргасан. Орон сууц нь Хаан банк ХК-ийн барьцаанд байгаа ч түүнийг чөлөөлөөгүй тул улсын бүртгэлээс Хаан банк ХК-аас тухайн орон сууцыг барьцаанаас чөлөөлөх хүртэл түдгэлзүүлсэн учир зээлээ төлөхөө больсон байдаг.

Хариуцагч талаас *******, ******* нарыг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаагүй гэдэг ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* өмгөөлөгчийн хувьд 2024.10 сараас хойш оролцсон ч шүүх хуралдаан товлоод 2 сарын дараа болж байхад өмнө нь гаргах боломжтой баримтуудыг шүүх хуралдаанд гаргадаг. Хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарладаггүй. 2025.06.17-ны өдөр *******, ******* нарыг гэрчээр оролцуулах хүсэлт нь өнөөдрийн давж заалдах гомдолд дурдсан үйл баримтыг тодруулах асуудал биш ба хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай үйл баримтыг тогтооно гэх ач холбогдолтой зүйлээ хүсэлтдээ дурддаггүй. Энэ үндэслэлээр шүүгч хүсэлтийг хангаагүй. Дараа нь шүүх хуралдаанд хариуцагч тал хүсэлтгүй гэсэн ба гэрч оролцуулах, эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулах хүсэлтээ дахин гаргаагүй.

Хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж мэтгэлцээгүй. Шүүх 2019.09.30-ны өдрийн улсын бүртгэл зөв гэх үндэслэлээр ******* захирлыг компанийг төлөөлөх эрхийн хувьд энэ үед нь мэдсэн гэдэг. Үйл баримтын тухайд 2019 онд ******* захирал орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсныг мэдэж өөрт нь хэлж, өмчлөх эрхийн гэрчилгээг хурааж аваад цагдаагийн байгууллагад хандсан ба гэрээнд заасан 273,240,000 төгрөгийг төлөөгүй. Цагдаагийн байгууллага гомдлыг шалгах явцад гэрчилгээг гээгдүүлсэн гээд дахин авч Хаан банк ХК-аас зээл авсан нь баримтаар нотлогддог. 2018-2019 оны хооронд гүйцэтгэх захирлынхаа ажлыг хүлээлгэж өгдөггүй, улсын бүртгэлд хүсэлт явуулж бүртгэлийг хүчингүй болгуулах үйлдэл гаргадаг. 2019 оны сүүлээр тус асуудлыг мэдэж цагдаагийн байгууллагад хандаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн учраас хөөн хэлэлцэх хугацааны дүгнэлт үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******ад холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн нэхэмжлэгч*******ХХК хариуцагч *******ад холбогдуулан 2016 оны 10 сарын 25-ны өдрийн ******* тоот гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгон хариуцагчийг уг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус тус гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хариуцагч талаас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж буй орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн нөхцөл байдлын талаар мэдэх*******ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч *******, борлуулалтын менежер ******* нарыг гэрчээр оролцуулах, маргааны зүйлийн талаар хариуцагчийг эрүүгийн журмаар шалгасантай холбоотой баримтыг прокурорын байгууллагаас гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Шүүх уг хүсэлтүүдийг 2025.06.17-ны өдрийн ******* дугаартай захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Хэрэгт 2016.10.25-ны өдрийн ******* дугаартай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ авагдсан ба тус гэрээгээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч*******ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ажил олгогчтой байгуулсан энэхүү гэрээний дагуу ******* дүүргийн ******* хороо, ******* хотхон, ******* байрны ******* орц, ******* давхрын ******* тоот ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцны өмчлөгч болжээ. Энэ гэрээнд гүйцэтгэгч талаас*******ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, ерөнхий нягтлан бодогч *******, борлуулалтын менежер ******* нар, захиалагч талаас ******* гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэгч*******ХХК-аас тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн бөгөөд тухайн гэрээг байгуулах үед*******ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан ерөнхий нягтлан бодогч *******, борлуулалтын менежер ******* нар хэлцэл хийсэн бодит байдлыг гэрчилнэ гэсэн агуулгаар тэднийг гэрчээр асуулгахаар 2025.06.17-ны өдөр хүсэлт гаргажээ. Мөн тус орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч өөртөө шилжүүлэн авсантай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгасан тухай талууд тайлбарласан ба хариуцагч талаас эрүүгийн хэрэг бүртгэлийн хэргээс тодорхой баримтуудыг гаргуулахаар нэр заан хүсэлт гаргасан байна.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулах, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд уг баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр заасан. Хариуцагч талын шүүхэд гаргасан дээрх хүсэлтүүд нь өнгөрсөн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар маргаж байгаа зохигчийн маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хэрэгт хамаарал бүхий баримтыг гаргуулахаар хүссэн гэж үзэхээр байна.

Шүүх мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх тухай хүсэлтийг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан бөгөөд шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Гэвч зохигчийн маргаж буй маргааны үйл баримтыг шүүх бодитой тогтоож, хэргийг үндэслэл бүхий байдлаар хянан шийдвэрлэх нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэх тул хэргийн оролцогч хүсэлтээ одоо гаргаж байгаа нь хүндэтгэх шалтгаангүй байсан ч хуулийн зорилгод нийцүүлэн шүүх хүсэлтийг хүлээн авах учиртай.

Анхан шатны шүүх хариуцагч талын нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил буюу хариуцагч талын нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлүүлэх эрхийг хязгаарласан гэж үзнэ. Иймд давж заалдах шатны шүүхээс мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх хариуцагчид холбогдох*******ХХК-ийн нэхэмжлэлд 2024.08.30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид 09.20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ. Хариуцагч нь 2024.11.19-ний өдрөөс эхлэн хэрэг хянан шийвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон байна.*******ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 9 сар 23 хоног үргэлжилж шүүх хэргийг хянан шийдвэрлэжээ. Хариуцагч ******* нь давж заалдах гомдолд дурдсан асуудлаар /*******ийг гэрчээр асуулгах/ анх 2025.04.14-ний өдөр шүүхэд хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг тодорхой бус гэж хүлээн авахаас татгалзсаны дараа 2025.06.17-ны өдөр дахин гаргажээ.

Хариуцагч тал ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй оролцож, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед хүсэлт гаргаснаас хэргийн ажиллагаа дахин үргэлжлэх, удаашрах нөхцөл бүрдсэн бол шүүх хэрэгт ач холбогдолтой байвал хүсэлтийг нь хүлээн авч, харин хүсэлтээ хүндэтгэх шалтгаангүйгээр одоо гаргаж байгаа үйлдэлд нь хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх эрхтэй. Энэ эрхээ шүүх хэрэгжүүлээгүй атлаа хүсэлтийг хүлээн авахаас татгалзсаныг зөвтгөх үндэслэлгүй байна.

 

5.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх замаар хэргийн үйл баримтыг тогтоох боломжгүй байх тул дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 282,950 төгрөгийг, хариуцагч *******ын төлсөн 1,664,550 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

Э.ЭНЭБИШ