| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 197/2025/12968/И |
| Дугаар | 210/МА2025/02217 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02217
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 197/ШШ2025/09604 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмж болон ээлжийн амралтын зөрүү 9,303,295.39 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ХЯНАВАЛ
1.Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарсантай нь холбогдуулан 10 сарын дундаж цалин хөлстэй нь тэнцэх нэг удаагийн тэтгэмж болон ээлжийн амралтын олговрыг олгохдоо ажил олгогч буруу тооцсоноос тэтгэмжийг 9,137,734 төгрөгөөр, олговрыг 165,561 төгрөгөөр тус тус дутуу олгосон үндэслэлээр нийт 9,303,295.39 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч тогтмол цагаар бус ээлжээр ажилладаг онцлогтой ажилтан тул түүний дундаж цалин хөлсийг тодорхойлоход Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191, А/192 дугаар тушаалыг баримтлахгүй. Харин байгууллагын дотоод дүрэм, журмын дагуу ажилтны сүүлийн 6 сарын хугацаанд ажилласан нийт ажлын цагаар тооцож тэтгэмж, олговрыг олгосон нь үндэслэлтэй гэж тайлбарлан маргажээ.
3.Харьцангуй тодорхой эрх зүйн маргаанаас үүдэлтэй, бага үнийн дүнтэй шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийн нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх ажиллагааг хялбаршуулж, хэргийн оролцогчийг чирэгдүүлэлгүй, эрхийг зөрчихгүйгээр аль болох богино хугацаанд хэргийг шийдвэрлэх зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн бүлгийг хууль тогтоогч нэмсэн өөрчлөлтийг оруулсан. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд хялбар ажиллагааны шүүхийг байгуулж, мөн хуулийн 751.1 дэх хэсэгт тус шүүхийн харьяалан шийдвэрлэх хэргийн харьяаллыг тогтоосон.
*******ын *******гийн даргын 2024.02.26-ны өдрийн ******* дугаар тушаалаар *******ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч, ажилтан хүсэлт гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, ажилтанд 10 сарын дундаж цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. Энэ тушаалыг үндэслэн ажил олгогч 35,805,246 төгрөгийн тэтгэмжийг ажилтанд олгосон үйл баримтад зохигч маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 44,942,980 төгрөг олгох байсан гэсэн үндэслэлээр дутуу олгогдсон тэтгэмжийн зөрүүд 9,137,734 төгрөг, мөн ээлжийн амралтын олговрын зөрүү 165,561 төгрөгийг тус тус гаргуулахаар хялбар ажиллагааны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.3-т хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах-тай холбоотой буюу тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нэхэмжлэлийн төрөлд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "хөдөлмөрийн гэрээ" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог ойлгохоор хуульчилсан бөгөөд хэрэгт талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй байна. Гэвч ажилтанд тэтгэмж олгохтой холбоотой харилцаа нь хөдөлмөрийн гэрээний дагуу бус мөн хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсноор мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмж авах эрх үүсчээ.
Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д хамтын гэрээгээр зохицуулах харилцааг тухайлан заасан ба хуулийн 37.1.3-т ажил олгогчоос ажилтанд олгох тэтгэмж-ийн хэмжээг хамтын гэрээний талууд харилцан тохиролцож хамтын гэрээнд тусгахаар хуульчилсан. Энэ хүрээнд ажил олгогч ******* болон Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2024.02.08-ны өдөр байгуулсан Хамтын гэрээгээр өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд ажилласан хугацаанаас хамааруулан 2-18 сарын дундаж цалин хөлстэй нь тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан байна.
Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан ба үүнд тэтгэмжийг хамруулаагүй байна. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасан тодорхойлолтын 1.4-т цалин хөлсний бүрэлдэхүүнд тэтгэмж хамаарахгүй тухай тодорхойлжээ.
Иймд тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд үл хамаарах нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчсөн байна.
5.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж зохицуулсан. Хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэргийн харьяалал зөрчсөн байх боловч тухайн хэрэг нэгэнт тусгайлсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарахгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд буцаах нь ач холбогдолгүй юм.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг шийдвэрлэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон учир хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангав.
6.Шүүх хариуцагч *******ын хэлбэрийг ГХОХХК гэж тодорхойлсон нь хэрэгт авагдсан тус нийгэмлэгийн оноосон нэр, хэлбэрийг тодорхойлсонтой нийцээгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 197/ШШ2025/09604 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******аас тэтгэмж болон ээлжийн амралтын зөрүү 9,303,295.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЭНЭБИШ