Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2016/00465

 

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2016/00465

               Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн гудамж 45-2266 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, Дууч овогт Цагааны Алтанцэцэг /РД:ХК68072507/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 8 дугаар гудамжны 281 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, 58 настай, эмэгтэй, Цагаан туг овогт Түдэвийн Энхтуяа /РД: ЧМ58012100/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20.349.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг, хариуцагч Т.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Энхтуяа нь нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгтэй 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулан 13.500.000 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сарын 8 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцон зээлдэж авсан юм. Гэвч хариуцагч нь гэрээний нийт хугацаанд сар бүр төлөх үүрэгтэй хүүний мөнгөнөөс 600.000 төгрөгийг төлж, өөр төлөлт хийлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс үүргээ биелүүлэхийг байнга шаардахад удахгүй төлнө гэдэг байсан ч мөнгөө төлөхгүй байсаар өнөөдрийг хүргэж байна. Иймд хариуцагч Т.Энхтуяагаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үндсэн төлбөр 13.500.000 төгрөг, зээлийн гэрээний 1 дэх хэсгээр тохирсоны дагуу мөн хуулийн 282 дугаар зүйлийн зээлийн нийт хүү 6.480.000 төгрөгнөөс төлөлт хийсэн 600.000 төгрөгийг хасч 5.880.000 төгрөг, мөн гэрээний 3 дахь хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд ...хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг тооцож төлнө” гэж тохирсоны дагуу алдангид шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцон 10 хоног гэж үзэн 969.000 төгрөг, нийт 20.349.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

Хариуцагч Т.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Ц.Алтанцэцэгээс 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сард нь 4.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын эхээр 1.700.000 төгрөг нийт 10.700.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохиролцсон. Боломжтой үйл ажиллагаа явуулж буй үедээ хүүгээ өгч байгаад сүүлдээ орлого байхгүй болсон тул 2.800.000 төгрөгийн төлөөгүй хуримтлагдсан хүүг үндсэн зээлийн төлбөр дээр нэмээд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13.500.000 төгрөгийн зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Өмнөх хүүнд бэлнээр 650.000 төгрөг, 170 000 төгрөгийн бараа, нийт 820 000 төгрөг өгсөн. Иргэний хуульд зээлийн гэрээг амаар байгуулсан тохиолдолд хүү тооцохгүй байх тухай зохицуулсан тул 10.700.000 төгрөгийн зээлд хүү тооцогдох ёсгүй. Мөн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Гэвч бодит байдал дээр Ц.Алтанцэцэгээс Т.Энхтуяад 13.500.000 төгрөг шилжүүлсэн зүйл байхгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу шүүх хариуцагчийн байдлыг харгалзан үзэж зээлийн хүүг бууруулж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь хариуцагч Т.Энхтуяад холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 13.500.000 төгрөг, зээлийн хүү 5.880.000 төгрөг, алданги 969.000 төгрөг нийт 20.349.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...нийт 10.700.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохиролцсон. Боломжтой үйл ажиллагаа явуулж буй үедээ хүүгээ өгч байгаад сүүлдээ орлого байхгүй болсон тул 2.800.000 төгрөгийн төлөөгүй хуримтлагдсан хүүг үндсэн зээлийн төлбөр дээр нэмээд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13.500.000 төгрөгийн зээлийн гэрээг нөхөж байгуулсан тул 10.700.000 төгрөгийн зээлд хүү тооцогдох ёсгүй. Мөн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу шүүх хариуцагчийн байдлыг харгалзан үзэж зээлийн хүүг бууруулж өгнө үү” гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

 Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь хариуцагч Т.Энхтуяад 2015 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хугацаанд нийт 10.700.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр талууд амаар тохиролцсон, түүнчлэн хариуцагч Т.Энхтуяа зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй тул хуримтлагдсан хүү болох 2.800.000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөр 10.700.000 төгрөг дээр нэмж 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13.500.000 төгрөгийн зээлийн гэрээг нөхөж байгуулсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд талууд энэ  асуудлаар маргаагүй.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ 2015 оны 5 дугаар сард байгуулагдсан гэж үзэх үндэстэй.

 

Зохигчдын тайлбар болон хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13.500.000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээ байгуулагдсан боловч энэ гэрээний дагуу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй үйл баримтаас дүгнэвэл уг зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэстэй. Гэсэн хэдий ч үндсэн зээл 10.700.000 төгрөгийг бэлнээр хүлээн авснаа болон үндсэн зээл, зээлийн хүүг төлөхийг хариуцагч Т.Энхтуяа зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийг 2015 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 10.700.000 төгрөгийг хүү, алдангийн хамт нэхэмжлэх эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүх хэргийн нөхцөл байдал болон хариуцагчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж зааснаар зээлийн хүүг 6 хувь болгон бууруулах боломжтой байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Т.Энхтуяагаас үндсэн зээл 10.700.000 төгрөг, зээлийн хүү 3.852.000 төгрөг /6 хувиар тооцоход 1 сарын зээлийн хүү 642.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар тооцоход/ алданги 535.000 төгрөг /нэхэмжлэгчийн шаардсан 10 хоногийн алдангийг үндсэн зээл 10.700.000 төгрөгөөс тооцоход/ нийт 15.087.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.262.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.       

      

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259.695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 233.385 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 281.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Энхтуяагаас 15.087.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.262.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259.695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Энхтуяагаас 233.385 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгт олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ