| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2024/00828/И |
| Дугаар | 210/МА2025/02218 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02218
|
|
|
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07003 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ГХОХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан *******ийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд тооцон нөхөн олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь "*******"' ХХК-тай 2016 онд хөдөлмөрийн гэрээ байгуулан *******ийн албан тушаалд томилогдон ажилласан ба 2019.05.03-ны өдрөөс тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдсон. Энэ үеэс хойш ажил олгогчийн хяналт, дарамт, шаардлага ирэх болсон ба эцэст нь ажлаас чөлөөлсөн. Би хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй тул ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр цуцалсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.01.12-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр 2024.01.12-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, апбан тушаалаас чөлөөлсөн. Энэ нь түүний Компанийн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтай холбоогүй. Нэхэмжлэгч нь ажлын байран дээр эмэгтэй ажилтнуудтай дээрэнгүй харилцдаг, аливаа шаардлага тавих бүрт үйлдвэрчний эвлэлийн дарга болохоор ингэж байна гэх хандлага гаргадаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч ******* ГХОХХК-д холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дараа зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээгээ шүүхэд ирүүлсэн байна.
ХЯНАВАЛ:
1.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ГХОХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 7/24 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан *******ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцэж, дараах агуулгатай эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн. Үүнд:
Нэхэмжлэгч ******* нь ажил олгогчийн 2024.01.12-ны өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ******* ГХОХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 50,000,000 төгрөгийг олгохыг звөшөөрч, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ажлын 10 хоногийн дотор *******ийн ******* ХК дахь ******* тоот дансанд шилжүүлэх нөхцөлийг талууд гэрээнд тусгажээ.
2.Гэрээнд нэхэмжлэгч *******, хариуцагч компанийн гүйцэтгэх захирал ******* / ******* / нар гарын үсэг зурсан нь эвлэрлийн гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулсан гэж үзнэ. Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчийн эвлэрэл нь хэргийн баримтын хүрээнд дүгнэхэд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ГХОХХК нарын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07003 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь ажил олгогчийн 2024.01.12-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг, хариуцагч ******* ГХОХХК нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 50,000,000 төгрөгийг давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ажлын 10 хоногийн дотор *******ийн ******* ХК дахь ******* тоот дансанд шилжүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЭНЭБИШ