Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 86

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч Х.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Өнд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х.Ө

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.Ө нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр  Дорноговь аймгийн .... тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ө.Нийн нүүрэн тус газарт гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хутга болон хайч хоолойд нь тулгаж  Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцан, догшин авирлаж  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Өгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр унтаж байхад 14 цагийн үед эхнэр ажлынхаа хүнтэй гурвуулаа халамцуу орж ирсэн. Юм үзнэ, Чийн тоглолт үзнэ гээд эргээд гарах гэхээр нь унтаж байгаад яв гэхэд уурласан. Нөгөө хоёр хүнийхээ билетийг өгөөд  явуулсан. Явуулсангүй гэж бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүссэн. Намайг архи уулаа гээд хазахаар нь би нүүр лүү нь цохьсон. Хайч далайсан нь үнэн, харин хутга гаргаагүй  гэсэн мэдүүлэг.

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “... Ө.Нийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь тус бүрдээ, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дээд уруулын дотор салстын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0170 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, 

 

Хохирогч Ө.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өтэй маргалдаж байгаад Ө газар ор засчихсан хэвтэж байсан болохоор босч ирээд намайг баруун гар талд нь зогсож байхад баруун гараараа миний толгой руу маш олон удаа цохьсон. Яг хэдэн удаа цохьсон талаар би сайн мэдэхгүй байна. Миний нүүр лүү цохих үед би нүүрээ 2 гараараа дараад л тонгойтол миний хаа хамаагүй газар зогсоо зайгүй цохиод байсан. Яг хаана, юугаар хэдэн удаа цохьсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгснээ намайг газар хэвтүүлээд миний дээрээс дарж хэвтчихээд миний баруун гарын бугалганы дотор тал дээр хазсан, миний гарыг мушгиад дарсан байсан болохоор нь би хариу үйлдэл хийж чадахгүй байсан болохоор өөрийгөө хамгаалахын тулд Өгийн хацар дээр нь нэг удаа хазсан. Тухайн үед яг аль хацар дээр хазсанаа би сайн санахгүй байна.Ө миний үснээс бас зулгаагаад намайг газар шалан дээр дээшээ харуулж хэвтүүлчихээд ойрхон хажуунаасаа хутга хайч аваад миний хүзүүний 2 талд сөөлжүүлээд хатгаад байсан ...би гараа нүүрнээсээ аваад хартал Ө миний нүүр лүү баруун гараараа нэг удаа цохьсон, тэгтэл миний хамарнаас зэрэг цус гарсан...урьд өмнө нь бол олон удаа зодож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

Гэрч Т.Рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... намайг орж ирснээс хойш бас Нийн нүүр лүү нь баруун гараараа нилээн хэдэн удаа цохьсон. Яг хэдэн удаа цохьсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг гэрт нь ороод очиход цонхны доод талд, паарны хажууд нэг хайч хэвтэж байсан. Тэгснээ Ө паарны хажууд байсан хайчаа аваад Н рүү далайсан би хорьсон. Тэгээд цагдаа дуудлаа гэтэл Ө зугтаагаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29 / зэргийг  шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт эхнэр Ө.Нийн түрээслэн амьдарч буй Анагаахын 3-3 тоот гэрт 2019 оны 03 дугаар сарын 20-ны орой   согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  эхнэр Ө.Нийн нүүрэн тус газарт гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хутга болон хайч хоолойд нь тулгаж  Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Ө.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Ө газар ор засчихсан хэвтэж байсан болохоор босч ирээд намайг баруун гар талд нь зогсож байхад баруун гараараа миний толгой руу маш олон удаа цохьсон. Яг хэдэн удаа цохьсон талаар би сайн мэдэхгүй байна. Миний нүүр лүү цохих үед би нүүрээ 2 гараараа дараад л тонгойтол миний хаа хамаагүй газар зогсоо зайгүй цохиод байсан. Яг хаана, юугаар хэдэн удаа цохьсон талаар сайн мэдэхгүй байна...Ө миний үснээс бас зулгаагаад намайг газар шалан дээр дээшээ харуулж хэвтүүлчихээд ойрхон хажуунаасаа хутга хайч аваад миний хүзүүний 2 талд сөөлжүүлээд хатгаад байсан ... би гараа нүүрнээсээ аваад хартал Ө миний нүүр лүү баруун гараараа нэг удаа цохьсон, тэгтэл миний хамарнаас зэрэг цус гарсан...урьд өмнө нь бол олон удаа зодож байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... намайг орж ирснээс хойш бас Нийн нүүр лүү нь баруун гараараа нилээн хэдэн удаа цохьсон. Яг хэдэн удаа цохьсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг гэрт нь ороод очиход цонхны доод талд, паарны хажууд нэг хайч хэвтэж байсан. Тэгснээ Ө паарны хажууд байсан хайчаа аваад Ө.Н рүү далайсан би хорьсон....” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/0170 дугаартай дүгнэлт, захиргааны шийтгэл оногдуулсан  шийтгэвэрүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Өгийн өгсөн эхнэр Ө.Нтэй муудаж маргалдан зодох үедээ хутга хэрэглээгүй гэсэн мэдүүлэг нь хохирогч Ө.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг газар шалан дээр дээшээ харуулж хэвтүүлчихээд ойрхон хажуунаасаа хутга хайч аваад миний хүзүүний 2 талд сөөлжүүлээд хатгаад байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг гэрт нь ороод очиход цонхны доод талд парны хажууд нэг хайч, хэвтэж байсан гудасных нь хажууд бас хутга харагдаж байх шиг байсан. Тэгснээ Ө парны хажууд байсан хайчаа аваад Н рүү далайсан...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

           

            Шүүгдэгч Х.Өг хохирогч Ө.Нийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж, мөн Х.Ө нь байнга архи ууж эхнэрээ хэл амаар доромжлон, харааж зүхдэг, дарамтанд байлгадаг, зоддог зэрэг үйлдлүүд нь гэр бүлийн амьдрал нь хэвшил дадал болж тогтсон гэж үзэх үндэслэлтэй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д зааснаар хохирогч Ө.Н нь шүүгдэгч Х.Өтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарах ба мөн хуулийн 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчлан зааж өгчээ.

 

            Иймд шүүгдэгч Х.Өг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариулцага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь түүнийг зодсон шүүгдэгч Х.Өгийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэрэг явдлын үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Х.Өн нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах болон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Өгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч Х.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  хөнгөн ялыг хүндэд нь нэмж нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт тооцож /700 цаг=87 хоног/ нийт эдлэх ялыг 9 сар 27 хоногоор тогтоож шийдвэрлэв.

 

Хохирогч Ө.Н нь шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь  мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д. овогт Х.гийн Ө.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан  Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Шүүгчдэгч Х.Ө.г Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 7 сар хорих ял шийтгэсүгэй .

 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө.д оногдуулсан 11.7 дугаар зүйлийн 1.1,1.2-т зааснаар оногдуулсан 7 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож  87 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн  нийт эдлэх ялыг 9 сар 27 хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө.гийн цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

           5. Шүүгдэгч Х.Ө. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ө.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.АДЪЯАСҮРЭН