Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/02223

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04147 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 275,231,550 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзсаны хохирол болон алдангид 341,229,525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь 2023.07.08, 14-ны өдөр Бетон хучилтын ажил гүйцэтгэх үндсэн болон нэмэлт гэрээ, мөн сарын 19-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээг ******* ХХК-тай байгуулан ******* аймаг, ******* боомт, Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төсөлд ажилласан. Дээрх гэрээтэй холбоотой ажлуудыг 2023.11.16-ны өдөр дуусгаж, актаар хүлээлцэж, Улсын комисс хүлээн авч өнөөдөр хэвийн хэмжээнд ашиглаж байна. Бид ******* ХХК-тай 2023.11 сараас үлдэгдэл төлбөрийн асуудлаар 8 удаа албан тоот, олон удаагийн уулзалтыг хийж үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. ******* ХХК нь гэрээний 7.4, 11.1, 11.2 заалтыг зөрчин, гэрээний үүргээ биелүүлж ажиллаж чадаагүйгээс манай компани төслийн хүрээнд ажилласан ажилчдын цалин, туслах материал зээлээр худалдан авсан өр төлбөр, санхүү татвар, нийгмийн даатгалыг шимтгэлийн төлбөр гэх мэт олон асуудалтай санхүүгийн хүнд байдалд байна. Гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс болох 183,487,700 төгрөг, алданги 91,743,850 төгрөг, нийт 275,231,550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд ажил гүйцэтгэх болон худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Худалдах-худалдан авах гэрээгээр ******* ХХК нь 18,325 кг, нийт 393,071,250 төгрөгийн үнэтэй мастеркурыг 28 хоногийн дотор нийлүүлэх үүрэг хүлээсэн ч хугацаандаа нийлүүлээгүй тул бетоны ажил гүйцэтгэж буй компаниудад хүлээлгэн өгөх боломжгүй болсон. Бетон цутгалтын дараа 10-15 минут хүлээгээд түрхэх ёстой бодисыг ийнхүү хэрэглэх боломжгүй болсон. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн бетон талбай 26,5 га ба мастеркур худалдан авах гэрээний төлбөр 393,071,250 төгрөгийг бүрэн төлсөн. ******* ХХК гэрээний хугацаанд мастеркур нийлүүлээгүйн улмаас бетоны насжилт, бат бэх байдалд сөргөөр нөлөөлж хохирсон ба буцааж авах ёстой 150,150,000 төгрөгийн үнэтэй 9100 кг мастеркурын үнээр хохирсон. Хоорондын тооцоогоор бетоны ажлын төлбөр, мастеркурын төлбөрүүдээ нэгтгэн суутгахаар тохиролцсон тул ийнхүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Талууд ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээгээр алданги тохиролцоогүй гэжээ.

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Худалдпах-худалдан авах гэрээгээр ******* ХХК нь 18,325 кг, нийт 393,071,250 төгрөгийн үнэтэй мастеркурыг 28 хоногийн дотор нийлүүлэх үүрэг хүлээсэн. Бид төлбөр 353,764,125 төгрөгийг төлж үүргээ биелүүлсэн. Гэтэл ******* ХХК нь гэрээний 2.1-д зааснаар 28 хоногт /2023.08.16-ны дотор/ мастеркурыг нийлүүлэх үүргээ хожимдуулсан тул гэрээний 6.4-д зааснаар 0,3 хувийн алданги буюу 47,614,275 төгрөгийг гаргуулна. Мастеркур нь шингэн түрхлэг ба хугацаандаа нийлүүлэгдээгүйгээс шалтгаалан бетоны ажил гүйцэтгэж буй компаниудад хүлээлгэн өгөх боломж байгаагүй тул хэрэглэх шаардлагагүй болж үлдсэн мастеркураа эргүүлэн өгч, төлбөрөө буцаан авахаар 2024.05.02-ны өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тэй тооцоо нийлж 9100 литрийн 150,150,00 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө дурдсан 9100 л мастеркурыг ашиглах боломжгүй болсон тул ******* ХХК-ийн хүсэлтээр Улаанбаатар хот руу тээвэрлэн өнөөдрийг хүртэл дулаан агуулахад хадгалж байна. 2024.05.02-ны өдөр ашиглах шаардлагагүй болсон мастеркураа эргүүлэн авах тухай акт үйлдсэн ч өнөөдрийг хүртэл аваагүй байна. Иймд 2023.10.18-2024.11.30-ны өдрийг дуусталх агуулгын түрээсийн төлбөрт 27,200,000 төгрөг, нийт 341,229,525 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 108,487,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 166,743,850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,534,108 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,864,098 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 700,388 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

1.Үндсэн нэхэмжлэлийн тухай: Талуудын хооронд тооцоо нийлсэн актаар бетон хучилтын ажлын үнэ 753,840,000 төгрөг бөгөөд урьдчилгаа төлбөр 325,000,000 төгрөг, дундын санхүүжилт 100,000,000 төгрөг, түлш 37,847,090 төгрөг, цахилгаан 4,157,160 төгрөг, материал 6,143,000 төгрөг, согогтой бетон /доголдол/ 51,600,000 төгрөг, чигжээс 27,739,800 төгрөг, тээврийн зардал 33,476,500 төгрөг, мастеркурын илүү төлөлт 82,788,750 төгрөг, хасагдах дүн 668,752,300 төгрөг болно. Гэрээний 4.6, 7.5-д заасан чанарын баталгааны барьцаа төлбөр 5 хувь болох 37,692,000 төгрөгийг баталгаат хугацаа дуустал захиалагч саатуулах эрхтэй. Ингээд 753,840,000-668,752,300-37,692,000 =47,395,700 төгрөгийн хэмжээнд үндсэн нэхэмжлэлийг хангах ёстой байсан. Гэтэл шүүх согогтой бетоны дүнг 51,600,000 төгрөг биш 28,200,000 төгрөгөөр тооцсон. Талууд согогтой бетоны хэмжээг 1720 м.кв гэж зөвшнөрөн 1 м.кв-ын бетоны ажлын үнэ 30,000 төгрөгөөр тооцвол 51,600,000 төгрөг байх ёстой. "*******" ХХК-аас энэ 51,600,000 төгрөгийг суутгахыг зөшөөрсөн албан бичгийг захиалагчид хүргүүлж байсан. Мөн "*******" ХХК нь Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээний 4.6, 7.5-д зааснаар нийт дүнгийн 5 хувийн төлбөрийг 3 жилийн хугацаанд саатуулж, аливаа доголдол илэрвэл энэхүү төлбөрөөс суутгах эрхтэй бөгөөд гэрээний нөхцөл, болзол хангагдаагүй байхад хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Баталгаат хугацаа дуусах үед аливаа чанарын доголдол илрээгүй тохиолдолд захиалагч 5 хувийн төлбөр болох 37,692,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй.

2.Сөрөг нэхэмжлэлийн тухай: 1.Мастеркур бодисын буцаалт хийгдэж "*******" ХХК-ийн хүсэлтээр төслийн талбайгаас хот руу тээвэрлэх төлбөрийг төлөхөө зөвшөөрч, бетон хучилтын ажлын төлбөрт харилцан тооцсон. "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь 2024.05.02-ны өдөр тооцоо нийлэхдээ 9100 литр, 150,150,000 төгрөгийн үнэтэй мастеркурын буцаалтаа зөвшөөрч акт үйлдсэн. "*******" ХХК нь ******* аймгийн *******ын боомтод "Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал"-ын төсөлд "*******" ХХК-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажилласан. Энэ хүрээнд "*******" ХХК нь зөвлөх үйлчилгээ үзүүлж, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн гүйцэтгэгчтэй харилцдаг байсан ба дээрх баримтад гарын үсэг зурсан байдаг. Энэхүү актад гарын үсэг зурсан нь "*******" ХХК-ийн захирал *******ийн хүсэл зоригийн илэрхийлэл, өөрөө зөвшөөрсөн үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Мастеркур худалдах-худалдан авах гэрээний 2.1-д зааснаар 28 хоногт /2023.08.16-ны дотор/ нийлүүлэх үүрэгтэй байсан ч хугацаа хожимдуулсан.

Нийлүүлсэн огноо

 

25 кг-р савласан

 

Хэмжээ /кг/

 

Нэгж кг-ийн үнэ /төгрөгөөр/

 

үнэ

 

Алданги хоногт 0.3 хувь

Алданги төгрөгөөр

2023.08.25

 

20

500

15,000

7,500,000

22,500*9

202,500

2023.09.04

 

64

1,600

19,500

31,200,000

93,600*19

1,778,400

2023.10.16

162

4,050

15,000

60,750,000

182,250*61

11,117,250

2023.10.18

487ш

12,175,

15,000

182,625,000

547,875*63

34,516,125

 

 

 

 

 

Нийт алданги

47,614,275

Гэрээний 6.4-д "талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг ногоо талдаа төлнө" гэсний дагуу хугацаандаа биелүүлээгүй үүргийн алдангид 47,614,275 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байхад шүүх гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч бүтээгдэхүүнээ хугацаандаа нийлүүлээгүйн улмаас төслийн үйл ажиллагаанд бутээгдэхүүн нийлүүлэх хугацааг 28 хоногоор тогтоосныг зөвшөөрсөн байхад шүүх ийнхүү дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

2.Мастеркурын хугацаа дуусаагүй байхад буцаан авч агуулахыг суллаж өгөхөө нэхэмжлэгч зөвшөөрч ч өнөөдрийг хүртэл "*******" ХХК-ийн агуулахад хадгалагдаж байна. Сөрөг нэхэмжлэл гаргах үе буюу 2023.10.18-2024.11.30-ны өдрийг дуустал агуулахын төлбөрт 27,200,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Хэрэв нэхэмжлэгч 2024.05.02-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу үүргээ хэрэгжүүлсэн бол энэ хохирол, төлбөр үүсэхгүй байсан. Анхан шатны шүүх хөндлөнгийн байх, диспозитив зарчмыг зөрчиж нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал *******-ийн зөвшөөрсөн үүргийг үгүйсгэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн 61,092,000 төгрөгийн үндэсэн нэхэмжлэлийг хангаж, 224,964,275 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Нийт 108,487,700 төгрөгөөс 47,395,700 төгрөгийг зөвшөөрсөн гэж ойлгосон. Ажил гүйцэтгэх гэрээний тодорхой баталгаат хугацааны явцад барьцаалуулсан 5 хувийн төлбөрийн талаар гомдолд дурдсан. Үүнд 37,692,000 төгрөгийг шүүх шийдвэрлэсэн гэх боловч шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдаагүй. Шүүх 2 компанийн төлөөлөл уулзаад тооцоо нийлсэн баримтыг үндэслэсэн. Нийт 753,840,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. ******* ХХК-аас урьдчилаад 325,000,000 төгрөг өгсөн талаар маргаагүй ба энэ дүнг хасч тооцсон. Дээрээс нь 137,523,550 төгрөгийн түлш, цахилгаан, чигжээс, бетоны согог, тээврийн зардал зэрэгт гарсан зардлыг хассан. Манайд бараа материал захиалахдаа илүү төлсөн 82,788,750 төгрөгийг мөн хасаж тооцсон. Дундын 100,000,000 төгрөгийг хассан. Үүнээс үзэхэд нийт үнийн дүнгээс 645,352,300 төгрөг хассан ба энэ хүрээнд шүүх шийдвэрлэсэн бөгөөд энэ үнийн дүнд баталгааны 5 хувь ороогүй. Энэ талаарх гомдол ач холбогдолгүй буюу шүүх хуралдаанд яригдаагүй, хэрэгт баримтаар авагдаагүй.

Доголдолтой бетоны асуудлыг 2024.05.24-ний өдөр 51,000,000 төгрөгийг 28,200,000 төгрөгөөр суутгахаар тохиролцсон баримт хэрэгт авагдсан. Энэ баримтыг зөвшөөрөхгүй 51,000,000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй. Алданги 47,000,000 төгрөгийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй гэж гомдолд дурдсан ч шүүх мөнгөн дүн гэхээс илүү хууль зүйн үр дагаврыг харж шийдвэрлэсэн. Шүүх алданги тооцох боломжгүй гэж үзэхдээ гэрээний 1.1-д алдангитай холбоотой асуудлыг хавсралтаар тооцно гэж заасан ба бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон. Гэрээний 2.1-д зааснаар гэрээний хугацаа 28 хоног байна гэдгийг анхан шатны шүүх зөв дүгнэснийг хариуцагч гэрээний агуулгыг хольж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхэд мастеркур гэх бодисыг өөрсдөө хүлээж авсан бол 1 жилийн хугацаанд яагаад шаардаагүй талаарх асуудал яригдсан. Тухайн бодисын ******* ХХК-ийн агуулахад хадгалуулсан, түрээс төлдөг гэх боловч шүүх үүнийг зөв дүгнэж бараа хүлээж авсан бол түүний хадгалалт, үр ашиг, доголдол зэрэг бүх асуудлын хууль зүйн үр дагаврыг өөрсдөө хариуцдаг.

Ажлыг гүйцэтгэсэн талаар маргадаггүй ба энэ нь хууль зүйн үр дагавар үүсгэх хамгийн чухал хүсэл зориг гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд огт маргаагүй, одоог хүртэл гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар маргаагүй атлаа манай компанийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн зөвшөөрөхгүй, мөнгө өгөхгүй гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 275,231,550 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээний алданги болон гэрээний зарим хэсгээс татгалзсаны үр дагаварт 341,229,525 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч сөрөг нэхэмжлэлд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүйн улмаас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хангуулахаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

4.Зохигчийн хооронд 2023 оны 07 сарын 08, 14-ний өдрүүдэд *******, ******* дугаартай ******* аймгийн ******* сумын нутагт орших *******ын боомтын Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын төслийн зам, талбайн бетон хучилттай холбоотой ажил гүйцэтгэх үндсэн болон нэмэлт гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д гэрээний харилцаа үүссэнийг шүүх зөв тодорхойлжээ.

Гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж, талууд ажлын үр дүнг актаар хүлээлцсэнд маргаагүй байна. Дээрх хоёр гэрээний төлбөрийг захиалагч буюу хариуцагч бүрэн төлөөгүйн улмаас нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөр 183,487,700 төгрөгийг алданги 91,743,850 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 108,487,700 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон, нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар тухайлан дүгнэлт өгөхгүй.

5.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 108,487,700 төгрөгийн дүнд согогтой бетоны буцаан олгох мөнгөн дүнг 28,000,000 төгрөгөөр тооцсон, мөн гэрээний баталгаа 37,692,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас шүүх хасч тооцоогүй талаар хариуцагч давж заалдах гомдолд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар талууд 2024.05.24-ний өдөр тооцоо нийлж Согогтой бетоны барьцааны буцаан олголт гэсэн баримт үйлдэн уг талбайн нийт үнийг 28,200,000 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагчаас согогтой бетоны хэмжээ ******* м.кв ба нэг м.кв бетон хучилтын үнэ 30,000 төгрөг тул нийт үнэ нь 51,600,000 төгрөг болсон гэж гомдолд дурджээ. Талууд ажлын явцад хариуцагчийн тооцсон хэмжээ, дүнгээр согогтой бетон хучилтыг тогтоож, нэхэмжлэгч энэ дүнгээр суутгал хийхийг зөвшөөрч байжээ. Гэвч талуудын хамгийн сүүлд үйлдсэн баримтаар согогтой бетоны суутгалын мөнгөн дүнг 28,200,000 төгрөг гэж тогтоосон байна. Энэ хугацаанаас хойш хариуцагчийн нэрлэсэн 51,600,000 төгрөгөөр шинээр тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, энэ байдлаа хариуцагч нотлоогүй байх тул энэ тухай гомдлыг хангахгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Гэрээний 4.6, 7.5-д зааснаар захиалагч нь гэрээний нийт үнийн 5 хувьтай тэнцэх төлбөрийг гүйцэтгэгчийн ажлын чанарын баталгаа болгон 3 жилийн хугацаанд өөртөө үлдээхээр тохиролцжээ. Нэхэмжлэгч нийт 25,128 м.кв талбайд 753,840,000 төгрөгийн ажил гүйцэтгэснаас хариуцагч 325,000,000 төгрөгийн хөлс төлж үлдэх хөлсийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч шаардлага гаргасныг шүүх хангасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариуцагч тайлбар гаргахдаа болон анхан шатны шүүх хуралдааннд хариуцагч энэ тухай тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна. Харин шүүх нотлох баримтыг шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан завсарлахаас өмнө хариуцагч талаас нэмж тодруулсан тайлбартаа хариуцагч тал гэрээний баталгаа 37,692,000 төгрөгийн талаар дурдсаныг хэргийн оролцогч маргаж, мэтгэлцсэн гэж үзэхгүй. Энэ агуулгаар нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар шаардсанаас хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.,2 72.3, 107 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрээний баталгаа 37,692,000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцуулах талаар тухайлан маргаагүй гэж дүгнэнэ. Иймд хариуцагч анхан шатны шүүхэд маргаагүй асуудлаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авахгүй тул энэ гомдлыг хангахгүй.

6.Хариуцагч ******* ХХК нь зохигчийн хооронд 2023.07.19-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК-аас худалдан авсан 18,325 кг бөгөөд 393,071,250 төгрөгийн үнэтэй мастеркурыг хугацаандаа нийлүүлээгүйн алданги 47,614,275 төгрөг, мөн 9,100 литр мастеркурыг худалдан авахаас татгалзсаны үр дагаварт 9,100 литр мастеркурын үнэ 150,150,000 төгрөг болон уг мастеркурын хадгалалтын хөлс 27,200,000 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ нэхэмжлэгч хугацаа хэтрүүлэн мастеркурыг нийлүүлсэн, нийлүүлсэн мастеркурээс 9,100 литрийг буцаахаар тохиролцсон ч буцаан аваагүй гэж тодорхойлсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч мастеркур нийлүүлэх хугацааг талууд амаар тохиролцсон ба нийлүүлэх үед хариуцагч маргаж байгаагүй, буцаалт хийх баримт нь нотлох баримт болж чадахгүй гэсэн агуулгаар татгалзлаа илэрхийлжээ.

6.1.Худалдах-худалдан авах гэрээний 1.1-д зааснаар худалдагч нь гэрээний хавсралтад заасан тоо хэмжээ хуваарийн дагуу мастеркурыг худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч мөн хавсралтын дагуу барааг хүлээн авч үнийг төлөх үүргийг харилцан хүлээжээ. Гэвч барааг нийлүүлэх хуваарийг талууд бичгээр гаргаж хавсралт үйлдээгүй болон нэхэмжлэгч мастеркурыг 2023.08.15-10.16-ны өдрийн хугацаанд хариуцагчид нийлүүлсэн үйл баримтад зохигч маргаагүй байна.

Анхан шатны шүүхээс гэрээний 2.1-д гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 28 хоногийн хугацаатай байна гэж заасныг гэрээний хугацаа гэж үзэхгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг талууд хавсралтаар тогтоохоор тохиролцсон гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй байна. Гэрээний 1.1-д заасны дагуу талууд мастеркур нийлүүлэгдэх хуваарийг хавсралтаар баталж, уг хуваарийн дагуу барааг худалдан авагчид нийлүүлснээ нэхэмжлэгч нотлоогүй, гэрээнд дурдсан хавсралт хэрэгт авагдаагүй байна. Энэ нөхцөлд гэрээний 2.1-д зааснаас өөр хугацааг талууд тохиролцсон гэж дүгнэхгүй бөгөөд нэхэмжлэгч гэрээний 6.4-т заасан үүргээ зөрчсөн байх тул хариуцагч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги 47,614,275 төгрөгийг шаардах эрхтэй, нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсний алданги төлөх үүрэгтэй тул энэ тухай гомдлыг хангана.

6.2.Хариуцагч нь ******* аймгийн ******* сумын нутагт орших *******ын боомтод Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих, ашиглалтад оруулах төсөлд ******* ХХК-аас зөвлөх үйлчилгээ авахаар 2022.10.31-ний өдөр ******* тоот Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан, гэрээний 2, 3-р зүйлд тус тус гүйцэтгэх ажлын цар хүрээ, хугацааг тодорхой заажээ. Энэ гэрээний хүрээнд зохигчийн хооронд байгуулсан гэрээний харилцаанд ******* ХХК нь хариуцагчийг төлөөлөн нэхэмжлэгчтэй харилцаж байсан, ийнхүү харилцах эрхтэй байжээ.

******* ХХК, ******* ХХК нар 2024.05.20-ны өдөр мастеркур бодисын үлдэгдлийн талаар тооцоо нийлж 9100 литр 150,150,000 төгрөгийн үнэ бүхий мастеркур бодисыг ******* ХХК буцааж авахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч компанийн захирал ******* энэхүү баримтад гарын үсэг зурсан ч түүнийг төөрөгдүүлсэн, компанийн тамгагүй, мастеркурыг буцаан авах хүсэл зориг байгаагүй, ******* ХХК ийм эрхгүй тул уг акт хүчингүй тухай маргасан нь нотлогдоогүй, ийнхүү дүгнэх үндэслэлгүй байна.

Талууд мастеркур худалдах-худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж, 9,100 литр мастеркурыг буцаахаар тохиролцсон ч уг зүйлийг хариуцагч буцаан өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээний зүйлийг буцаан аваагүйд хариуцагчийг буруутгах байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д заасны дагуу гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний зүйлийг биет байдлаар, нэгэн зэрэг харилцан буцаах үүрэгтэй. Нэхэмжлэгч тал 9,100 литр мастеркурыг буцаан авахаас хожим татгалзсан нь уг зүйлийн үнэ 150,150,000 төгрөгийг хариуцагч мөнгөн хэлбэрээр шаардсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчээс 150,150,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

6.3.Мөн хариуцагч мастеркурын хадгалалтын хөлс 27,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч мастеркурыг буцаан аваагүйн улмаас хариуцагч хадгалалтын зардалд 27,200,000 төгрөг гаргасан буюу ******* ХХК-ын агуулахад хадгалуулсан тухай дурдаж, хэргийн 87-90 талд авагдсан баримтыг үндэслэн шаардсаныг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасан хохирол учирсан гэж үзэхгүй. Уг баримтууд нь талууд гэрээний зарим хэсгээс татгалзсантай холбоотой хариуцагчид хохирол учирсныг нотлохгүй бөгөөд гэрээний нэг талд учирсан хохирол бодитой тогтоогдсон байх учиртай. Харин анхан шатны шүүх хариуцагчийн шаардах эрхийг тодорхойлсон хуулийн 227.1 дэх заалтыг бус нэхэмжлэлийн үндэслэл болсон 227.3 дахь заалтыг шийдвэрт баримталсныг залруулна. Иймд энэ тухай хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч ******* ХХК-аас 197,764,265 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгосон болон хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04147 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас 197,764,265 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ...олгосугай... гэснийг олгож, нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,146,771 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,588,231 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Э.ЭНЭБИШ