Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/79

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогч Б.Ган-Эрдэнэ

Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мод холбогдох эрүүгийн 1825005350456 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.М

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч О.Мыг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12 дугаар байрны 7 дугаар орцонд Б.Ган-Эрдэнийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М-ын мэдүүлсэн: 2018 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 01 цагт ажил тараад байтал Ган-Эрдэнэ дуудаж очсон, архи уусан. Тэгээд хариад байж байтал Ган-Эрдэнэ залгаад ганц юм ууя гэхээр гараад уулзаад байж байтал ажлын Эрдэнэчулуун ах залгаад уулзаад 2 шил архи аваад Ган-Эрдэний хамт гэрт нь очсон. Ган-Эрдэнэ Очироотой маргасан. Тэгснээ уучлал гуйсан. Дахин агсрах шинжтэй болохоор нь би дагуулаад гэрээс гарсан. Би гэрээс гараад “чи айлд ирээд агсам тавиад айл хүндэлсэнгүй” гэхэд Ган-Эрдэнэ уурлаж маргаад намайг 2 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би 1 удаа цохисон. Тэгээд  миний урд ороод түрүүлж яваад шатны уруу унасан. Би Эрдэнэчулуун ахыг дуудсан. Эмнэлэг авч явж оёдол тавиулж зургийг нь авахуулсан. Би араас нь цохиогүй. Хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж байгаа. Хохиролд 3,865,000 төгрөг төлсөн. Цаашид хөнгөн гэмтэлтэй холбоотой төлбөрийг төлнө гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Ган-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 7 дугаар сарын 30-31-ний шөнө найзуудын хамт уулзсан. Шөнийн 04 цагийн орчим 3-12-р байранд Эрдэнэчулууныд очсон. Тэнд маргалдаад би гарахдаа уучлалт гуйгаад гарсан. Орцны 1 давхарт Мөнхболд намайг “биднийг хүндэтгэсэнгүй гээд миний нүүр рүү цохисон. Би шатны уруу хальт гишгиж унасан. Босоод гарах гэж явахад араас цохиж би ухаан алдсан. Нэг сэрэхэд эмнэлэгт байсан. Хүнд болон хөнгөн гэмтэл авсан байсан. Нүдний ухархайн яс гэмтсэн. 8-10 сард гэрээр эмчлүүлсэн. 10 дугаар сард хамрын таславч тэгшлэх өөхөн эдийн тайралт хийх хагалгаанд орсон. 3 дугаар сард чихний хэнгэрэг нөхнө гэсэн. Тархиндаа хүнд гэмтэл авсан. Тархины гэмтлийг шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой гэж үздэг. Мөнхболдыг түлхчихээд доош явж байхад толгойн араас даралт ирж унасан. Гэвч хохирлыг маань барагдуулбал надад гомдол алга. 8-10 сард хэвтрийн дэглэмд эмчлүүлсэн. Одоо үе үе толгой өвддөг. 8-10 дугаар сарын цалин 5,400,000 төгрөг, хамрын мэс заслын төлбөр 1,419,000 төгрөг зэргийг нэхэмжилнэ. Мөнхболд надад 3,865,000 төгрөгний хохирол төлсөн байгаа. Хамрын ясны гэмтэл бол хуучин гэмтэл гэдгийг зөвшөөрнө гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 6-р хуудас/

-Хохирогч Б.Ган-Эрдэний... “Бид хоёр орцонд гарахад Мөнхболд над руу уурлаж миний нүүр рүү нэг удаа цохиж, баруун чих рүү нэг удаа алгадахаар Мөнхболдыг хойш нь түлхээд орцноос гарснаа санаж байна.”... гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

-Гэрч Б.Номин-Эрдэний ... “Ган-Эрдэнэ гэмтэл авсан өдрөө над руу залгаад эгчээ би шатнаас уначихлаа та эмнэлэг дээр хүрээд ирээч гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

              -Гэрч А.Эрдэнэчулууны ... “М тухайн үед Ганаа шат руу уначихлаа гэж байсан. Нармандах бид хоёрыг гэрээс гарахад Ганаа газар уначихсан толгойноос нь цус гарч байсан. Шат руу унаад биедээ гэмтэл авсан байх гэж байна. ...Орцонд хүн орилох юм уу хүмүүс зодоон хийж байгаа чимээ шуугиан сонсогдоогүй.”... гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

              -Гэрч Л.Нармандахын ...“Мөнхболд найзтайгаа хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй. Найз нь Очир-Эрдэнэтэй маргалдахад болиоч чи гэж байсан. Мөнхболд гэрээс гараад удаагүй л Нараа ахаа гээд намайг дуудсан. Гэрээс гарахад нь найз нь газар цементэн унасан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

- Гэрч Б.Зулзаяагийн ...“Намайг том өрөөнд ороход М найз гээд туранхай өндөр залуугаа дагуулаад манай гэрээс гарсан юм. Төд удалгүй Мөнхболд гадаа болконы доороос орилоод гараад ирээчээ манай найз шатнаас уначихлаа гээд чанга орилохоор нь би нөхөр Эрдэнэчулуун, Нараа хоёрыг гэрээс гаргахад удалгүй М найзыг Нараа, Эрдэнэчулуун нар дамжлаад гэрт оруулж ирсэн.Тэр залуугийн толгойноос цус гарч байсан болохоор би толгойг бинтээр ороож цусыг нь тогтоож Мөнхболд 103 дуудсан. ...М найз манай гэрээс гарахдаа гуйваад хөл дээрээ бараг тогтож чадахгүй гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

-Гэрч Б.Мөнхсанаагийн . . . “Би Ган-Эрдэнээс чи яаж байгаад толгойдоо гэмтэл авсан юм бэ гэж асуухад би юу болсныг санахгүй байна гэж байсан. Би Ган-Эрдэнийг чи хүнд зодуулчихсан юм уу гэж асуухад мэдэхгүй санахгүй байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

-Шинжээч эмч Ч.Буянзаяагийн . . .” Хоёр нүдний ухархайн хананы хугарал хоёр чихний хэнгэргэн хальсны цооролт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба өндрөөс газарт толгойгоороо цементен дээр унах үед үүсэх боломж муутай ба цементен дээр унасан үед нүүрний тухайн хэсгүүдэд зулгаралт үүснэ. Харин Б.Ган-Эрдэнийн биед хийсэн үзлэгээс үзэхэд шарх, зөөлөн эдийн няцрал, хуралтууд үүссэн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/

-Шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 559 дугаартай:.. .Б.Ган-Эрдэнийн биед ... Гавлын баруун талын зулай, чамархай ясны хугарал, тархины аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хоёр нүдний ухархайн дотор хананы хугарал, хоёр чихний хэнгэргэн хальсны цооролт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хуйх уруулын дотор талын салстад шарх, хуйханд зөөлөн эдийн няцрал, нүүр зүүн гуя, зүүн өвдөг хоёр хөлийн шилбэнд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавлын баруун талын зулай, чамархай ясны хугарал, тархины аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Бусад бүх гэмтэлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байхаар байна. Бусад гэмтлүүд нь шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/

              -Хохирогчийн эмнэлэгийн өвчний түүхийн хуудасны хуулбар /хх-ийн 83-94-р хуудас/

             -Хохирлын нэхэмжлэл, төлбөрийн болон эмнэлгийн баримтууд /128-151,178,193-219,227-228,241/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзнэ.

Эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч О.М нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12 дугаар байрны 7 дугаар орцонд Б.Ган-Эрдэнийн нүүрэн тус газарт цохиж биед нь хоёр нүдний ухархайн дотор хананы хугарал, хоёр чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12 дугаар байрны 7 дугаар орцонд үйл явдал болсон. Хохирогчийг шатны уруу хий гишгэж унасанаас толгойд гэмтэл учирсан гэж үзсэн. Яллах дүгнэлтийг тогтоогдсон хэмжээнд үйлдсэн. Боломжтой бүх шалгах ажиллагааг хийсэн байдаг. Б.Ган-Эрдэнийн биед хүнд хөнгөн гэмтлүүд учирсан. 2 нүдний ухархайн хананы хугарал, чихний гэмтлийг Мөнхболдын үйлдлээр учирсан гэж үзсэн. Гэрчүүдийн мэдүүлгээр Мөнхболдын үйлдлээр толгойн хүнд гэмтэл учирсан байх үндэслэл тогтоогдоогүй. Харин шинжээч эмчийн мэдүүлгээр 2 нүдний ухархайн хананы хугарал, чихний гэмтэл цохисноос үүссэн байх бололцоотойг нотолсон. Хохирогч “толгойн араас даралт ирж унасан” гэж байгаа боловч тодорхой мэдүүлж чаддаггүй. Иймд хэргийг шалгаад тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд зүйлчилсэн. Харин тархины хүнд гэмтлийг шат руу хий гишгиж унаснаас үүсчээ гэж дүгнэж байна. Иймд О.Мыг хохирогчийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Хохирлын тухайд 2 нүдний ухархайн хананы хугарал гэмтэл нь ажлаа хийж чадахгүй байдалд бас нөлөөтэй тул зохих баримтуудыг үндэслэж цалинг гаргуулж болно гэж үзэж байна. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж байгаа. Хохирлыг төлсөн. Анхаасаа зөрүүгүй мэдүүлэг өгсөн. Хохирогч Мөнхболдыг түлхээд орцноос гарсан, унасан, татахад сэрэхгүй байсан гэдэг. Хохирогчийн 3 сарын цалинг гаргуулах үндэслэлгүй байна. Баримт дутуу байна. Хамрын гэмтэл хуучин болох нь тогтоогдсон тул мэс заслын төлбөрийг төлөх үндэслэлгүй. Чихний хэнгэрэг солих хагалгааны төлбөрийг төлсөн. Шүүгдэгч ар гэртээ ганцаараа ажилладаг. Хохирлыг бүрэн барагдуулсан тул торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: Орцонд гарч бие биенээ цохиж авсан. Ган-Эрдэнэ түрүүлж гарч явахдаа унасан, хүнд хөнгөн гэмтэл авсан байдаг. 8 сарын 9-нд эмнэлгээс гарч 10 сар хүртэл эмнэлгийн чөлөө сунгагдсан. Энэ хугацаанд хамар ясны өөх цүлхийсэнд хагалгаа хийлгэсэн. Хамар хоолойн эмчийн үзлэгт үрэвсэлтэй гэж тэмдэглэсэн байгаа. Шинжээчийн дүгнэлтээс бусад эмнэлгийн баримтуудыг анхаарна уу. 10 сард хамрын гэмтэл эмчлүүлсэн зардлыг Мөнхболд төлөх үндэстэй гэж үзэж байна. 3 сарын цалинг гаргуулна уу гэжээ.

Шүүгдэгч О.Мын энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

Яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдсон гэж үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан ба шүүхийн хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн үндэслэл нотлогдсон гэж үзнэ. Хохирогч шүүхэд “тархины хүнд гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой гэж үзэж байгаа. Гэвч хохирол төлчихвөл гомдолгүй” гэж мэдүүлсэн ч энэ талаар мэтгэлцээгүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Шүүгдэгч О.М нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12 дугаар байрны 7 дугаар орцонд Б.Ган-Эрдэнийн нүүрэн тус газарт цохиж биед нь хоёр нүдний ухархайн дотор хананы хугарал, хоёр чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.               

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Ган-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлээр хамрын таславч тэгшлэх, самалдагны өөхөн эд тайруулах мэс засал хийлгүүлсний төлбөр 1,419,000 төгрөг, чихний хэнгэрэг солиулах мэс заслын төлбөр 2,365,000 төгрөг, эмчийн үзлэгийн төлбөр 30,000 төгрөг, ажилгүй байсан 3 сарын цалин 5,400,000 төгрөг нийт 9,214,000 төгрөг нэхэмжилснээс чихний хэнгэрэг солиулах мэс заслын төлбөр 2,365,000 төгрөг, эмчийн үзлэгийн төлбөр 30,000 төгрөгийг төлсөн байна. Хавтаст хэргийн 85 дугаар хуудаст авагдсан Медипас эмнэлгийн комьпютер томограф тодосгогч бодисгүй толгойн зураг авах гэсэн баримтад “...Баруун талын нүдний ухархайн дотор хана 1,0х0,3 см, зүүн ухархайн дотор хана 1,8х0,5см хэмжээтэй самалдаг руу цөмөрч, өөхөн эд ивэрсэн байна...”гэсэн байх тул самалдагны өөхөн эд тайруулах мэс заслын төлбөр 1,419,000 төгрөгний төлбөрийг шүүгдэгч төлөх үндэстэй, түүний үйлдлийн улмаас дээрхи гэмтэл хохирогчид учирч эмчилгээний төлбөр гарсан байна гэж дүгнэв.

Хохирогч 8-10 дугаар саруудын цалин 5,400,000 төгрөг нэхэмжилснийг бүрэн хэмжээгээр хангах үндэслэлгүй байна. Учир нь хохирогч “Эко-Алтан заамар” ХХК-д уулын мастер ажилтай, үндсэн цалин 1,800,000 төгрөг болох нь байгууллагын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байх боловч, эмнэлгийн чөлөөний хуудас, нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэмжийн талаархи баримт хэрэгт авагдаагүйн дээр, 8 дугаар сард 1095652 төгрөгний цалин, 9,10 сард 240,000 төгрөгний цалин гарснаар лавлагаа гарсан байх тул цалингийн зөрүүг тооцох үндэслэлгүйн зэрэгцээ, хохирогч шүүх хуралдаанд “тэтгэмж аваагүй” гэж тайлбарласан тул шүүгдэгчээс 3 сарын бүтэн цалин гаргуулах хуулийн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлсийг...хохирогчид төлөх үүрэгтэй, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр авах эрхтэй”. Шүүгдэгч цалинтай хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг бүрэн хэмжээгээр төлөх үүрэг хүлээхгүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 3 сарын нөхөн төлбөр 720,000 төгрөг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв. Ингээд нийт 2,139,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүх хуралдаан завсарласнаар хохирогчид  төлж баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,680,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болголоо.        

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч О.М Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар О.Мод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,680,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ