| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 191/2025/08055/И |
| Дугаар | 210/МА2026/00028 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00028
|
|
|
*******н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/08186 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******н нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн болон санхүүгийн тамгыг гаргуулах, ажил хүлээлцэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь иргэн *******, ******* нартай хамтран ачаа тээврийн үйлчилгээ эрхлэхээр ******* ХХК-ийг 2023 онд үүсгэн байгуулсан. Компанийн нийт хувьцааны 40 хувийг *******, 30 хувийг *******, 30 хувийг ******* тус тус эзэмшдэг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн 2023.07.20-ны өдрийн хурлын тогтоолоор *******ыг компанийн гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэл бүртгүүлсэн. Гэтэл гүйцэтгэх захирал ******* нь ******* ХХК-ийн үйл ажиллагаа болон ашиг орлогын тооцоолол, тээвэрлэлт болон ажлын төлөвлөгөөний талаар хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөхгүй, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулах үүргээ биелүүлэхгүй байсан. Иймд хувьцаа эзэмшигч *******, ******* /*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ******* оролцдог/ нараас хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлагыг гүйцэтгэх захиралд 2025.02.21-ний өдөр ******* ХХК-ийн хаяг, цахим шуудангаар хүргүүлсэн.
******* тус санал, шаардлагад хариу өгөөгүй тул *******, ******* нар Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д зааснаар 2025.03.28-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гаргаж, хурлыг 2025.05.12-ны өдөр хуралдуулахаар товлож, хурлаар хэлэлцүүлэх асуудал, хуралд өгөх саналын хуудсыг хавсралтын хамт хүргүүлсэн. ******* нь мөн энэ шийдвэрийг хүлээн авсан ч хариу өгөөгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал 2025.05.12-ны өдөр 60 хувийн ирцтэйгээр хурал хүчин төгөлдөр болж, тухайн хурлаас гүйцэтгэх захирал *******ыг чөлөөлж, *******г ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон. Ингээд *******т гүйцэтгэх захирлаар ******* томилогдсоныг мэдэгдэж, ажил хүлээлцэх хугацаа тогтоож, мэдэгдэл, хурлын тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэж өгөхгүй, компанийн гэрчилгээ, тамга тэмдэг, бичиг баримтуудыг шилжүүлж өгөхөөс санаатайгаар зайлсхийж байна.
******* нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурлаас гүйцэтгэх захирлаар томилогдсон, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар ******* ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу *******аас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тамга тэмдэг зэргийг шаардах эрхтэй юм. ******* нь 2025.07.07-ны өдөр Баянзүрх дүүргийн хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст хандан бүртгэл хийлгэх хүсэлт гаргасан ч хүсэлтэд компанийн тамга дарагдаагүй, татварын газрын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм эх хувь байх шаардлагатай гэдэг үндэслэлээр татгалзсан.
******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх нь дуусгавар болсон ч ******* нь компанийн бичиг баримт, тамга тэмдгийг хүлээлгэн өгөөгүйгээс болж *******г тус компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлэх, компанийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул *******аас ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн болон санхүүгийн тамгыг гаргуулж, гүйцэтгэх захирлаар томилогдсон *******тай ажил хүлээлцэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Компани нь 3 хувьцаа эзэмшигчтэй атал 2 хувьцаа эзэмшигч нь нөгөө хувьцаа эзэмшигчийг байлцуулалгүй хурал хийж шинэ удирдлага томилсон байдаг. Улмаар шинэ удирдлагатай гэрээ хийж, ажил хүлээлцэхийг даалгасан. Ямар байдлаар ажил хүлээлцэхийг шаардсан нь тодорхойгүй, зөвхөн шуудан явуулсан ба албан ёсоор уулзаагүй. Шууданг хүүхэд гардсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байна вэ, гэрчилгээ, тамга тэмдэг нь өмчлөлийн зүйл биш. Удирдлага солигдсон тогтоол улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болдог учир шинэ удирдлага томилогдсон гэж үзэх үндэслэлгүй. Тогтоолд *******д ажил хүлээлцэхийг даалгасан байдаг. Хувьцаа эзэмшигч *******ээс олгосон итгэмжлэлээр захирлын ажил хүлээлцэх эрх олгогдоогүй. Тухайн үед өөр нэг компанийн хувьцаатай холбоотой маргаан явж байхад энэ асуудал шийдэгдсэн тул хуралд очоогүй. Хурлаар *******д даалгасныг нэхэмжлэгч хэрэгжүүлэхгүй. Хурлын зарыг утсаар болон мэйлээр хүргүүлээгүй тул хурал хүчингүй бөгөөд хэргийн 12 талд байгаа саналын хуудсанд гарын үсэг зурагдаагүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч *******т холбогдох ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн болон санхүүгийн тамга, тэмдэг гаргуулах, өөртөө ажил хүлээлцэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025.05.12-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор төлөөлөгч *******д гүйцэтгэх захирлын ажлыг *******д хүлээлгэхийг даалгасан бол 02 дугаартай тогтоолоор *******д гүйцэтгэх захирлын ажил, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн лиценз, тамга, тэмдэг, санхүүгийн анхан шатны баримт, баримт бичиг, санхүүгийн тайлан бүртгэл, гэрээ хэлцэл зэрэг бүхий л баримт бичгийг хүлээж авахыг даалгасан. Гэтэл *******д уг тогтоолын дагуу шаардах эрх үүсээгүй гэж шүүх дүгнэсэнд гомдолтой байна.
******* нь *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2025.05.12-ны өдөр хуралдаж ******* дугаартай тогтоолууд гаргасан нь хүчин төгөлдөр болсон байдаг. Анхан шатны шүүхээс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа уг шийдвэрийг хэрэгжүүлэхээр шаардах эрх нь үүссэн этгээдийн хувьд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ******* дугаартай тогтоолоор төлөөлөгч *******д гүйцэтгэх захирлын ажлыг *******д хүлээлгэхийг даалгасан, харин ******* дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирлын ажил холбогдох баримт, тамга тэмдгийг хүлээж авахыг *******д даалгасан. Иймд *******д уг тогтоолын дагуу шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны ******* дугаар тушаалын хавсралтаар Хуулийн этгээдэд тамга тэмдэг олгох журмаар компани нь тамга, тэмдэгтэй байх, түүнийг олгох журмыг тогтоосон. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар хувьцаа эзэмшигч ******* нь компанийн эрх үүргийг хэрэгжүүлэхгүй, хувь хүний хувьд компанийн тамга тэмдгийг шаардах эрхгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны ******* дугаар тушаалын хавсралт "Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам"-аар тамга тэмдгийг шинээр болон үрэгдүүлсэн нөхцөлд л тамга, тэмдэг авахдаа хэрхэн яаж авахыг журамласан ба энэ хэрэгт хамааралгүй юм.
Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар нэхэмжлэгчийн зүгээс компанийн тамга тэмдгийг хариуцагч *******аас гаргуулахаар шаардсан нь хувь хүний хувьд биш компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд нэхэмжлэл гаргасныг шүүх анхааралгүй шийдвэр гаргасан. ******* нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд албан тушаалаас чөлөөлөгдсөн *******аас компанийн бичиг баримт, тамга тэмдгийг шаардахад хариуцагч гарган өгөөгүй тул бүртгэл хийлгэхээр холбогдох байгууллагад хандсан. Гэвч бүртгэлийн байгууллагаас холбогдох баримтыг бүрдүүлэн бүртгэлээ хийлгэхийг мэдэгдэн татгалзсан. Мөн хувьцаа эзэмшигчдийн ******* тоот тогтоолын 2-т зааснаар *******аас компанийн бичиг баримт, тамга, тэмдгийг хүлээж авахыг хувьцаа эзэмшигч *******д даалгаж, ******* тоот тогтоолоор мөн хүлээн авахыг гүйцэтгэх захирал *******д даалгасан байсан. Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу буюу буруу үнэлж, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.15-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар бүрэн эрхийг нь цуцалсан *******т тамга тэмдгийг үлдээж, хувьцаа эзэмшигч, шинээр томилогдсон гүйцэтгэх захирал *******г нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийг хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Хувьцаа эзэмшигчдийн 2025.05.12-ны өдрийн *******, ******* дугаартай ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүдэд хэн, ямар үйлдэл хийхийг маш тодорхой заасан. ******* дугаартай тогтоолын 3-т бүрэн эрх нь чөлөөлөгдсөн *******ын гүйцэтгэх захирлын ажил, компанийн гэрчилгээ зэргийг хүлээж авахыг *******д даалгасугай, 3-т гүйцэтгэх захирал *******тай гэрээ байгуулж, ажил хүлээлцэхийг хувьцаа эзэмшигч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д даалгасугай, улсын бүртгэлд бүртгүүлэхийг *******д даалгасугай гэж тус бүрд нь заасан байдаг.
Анхан шатны шүүх ******* нэхэмжлэл гаргаж, шаардах эрхгүй этгээд гэж зөв дүгнэсэн бөгөөд хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Хэдийгээр хувьцаа эзэмшигчдийн хурал хийгдсэн ч хуульд заасан хугацаанд улсын бүртгэлд дээрх өөрчлөлт бүртгэгдээгүй байсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу 15 хоногийн дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэр, тогтоолыг бүртгүүлснээр тухайн хурал хүчин төгөлдөр болох ёстой. Ийнхүү бүртгэл хийгдэж хүчин төгөлдөр болоогүй учир тухайн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, шийдвэрийн дагуу *******д шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн болон санхүүгийн тамга, тэмдэг гаргуулах, ажил хүлээлцэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, компанийн нөгөө хувьцаа эзэмшигчийг байлцуулалгүй хурал хийсэн, ямар байдлаар ажил хүлээлцэхийг шаардсан нь тодорхойгүй, мэдэгдлийг албан ёсоор хүлээж аваагүй, шинэ удирдлага улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр гэж үзэхгүй гэж тайлбарлан маргажээ.
3.Анхан шатны шүүхээс ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 05 сарын 12-ны өдрийн хурлын 02, 03 дугаартай тогтоолуудаар тус компанийн гүйцэтгэх захирал *******ын бүрэн эрхийг дуусгавар болгож, гүйцэтгэх захирлаар *******г сонгосон болон хариуцагч ******* тус компанид хувьцаа эзэмшдэггүй тул дээрх тогтоолуудын хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй талаар үндэслэл бүхий дүгнэж, үйл баримтыг зөв тогтоожээ.
Харин шүүх *******г ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар сонгосныг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэрийг үнэлэхдээ хэргийн нөхцөл байдлыг буруу ойлгож, нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчийн хувиар бүрэн эрх нь дуусгавар болсон өмнөх гүйцэтгэх захирал *******аас ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн болон санхүүгийн тамга, тэмдгийг гаргуулах, ажил хүлээлцэхийг даалгуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, хэргийн байдалд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон Компанийн тухай хуулийг бус иргэний эрх зүйн хамгаалалтын арга болох ерөнхий зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсныг мөн залруулна.
Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч *******аас ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн болон санхүүгийн тамга, тэмдгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчтэй ажил хүлээлцэхийг хариуцагчид даалгасан болон хууль хэрэглээний өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.
4.******* ХХК нь төлөөлөн удирдах зөвлөлгүй талаар зохигч маргаагүй байна. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу компанийн гүйцэтгэх захирлыг сонгох, бүрэн эрхийг нь дуусгавар болгох бүрэн эрх зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарч, уг асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр заажээ. Тус компанийн Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа-аар ******* ХХК-ийн хувьцааны 40 хувийг *******, 30 хувийг *******, ******* нар тус тус эзэмшдэг байна.
Хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 05 сарын 12-ны өдрийн хурлаас гаргасан ******* дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирал *******ын бүрэн эрхийг дуусгавар болгож, түүнээс гүйцэтгэх захирлын ажил болон компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн лиценз, компанийн болон санхүүгийн тамга, тэмдэг, санхүүгийн баримт бичиг зэргийг хүлээн авахыг хувьцаа эзэмшигч *******д даалгасан, мөн ******* дугаартай тогтоолоор *******г гүйцэтгэх захирлаар сонгож, гүйцэтгэх удирдлагын мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг гүйцэтгэх захирал *******д даалгасан шийдвэрийг тус тус гаргажээ.
Компанийн тухай хуулийн 63, 69 дүгээр зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох нөхцөлийг заасан бөгөөд хэргийн оролцогчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар дээрх *******, ******* дугаартай тогтоолын хүчин төгөлдөр байдлын талаар гуравдагч этгээд маргасан, хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн ямар нэгэн шийдвэр гарсан нь тогтоогдоогүй байх тул хариуцагчийн татгалзлыг зөвтгөх үндэслэлгүй.
Иймд ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувьцаа эзэмшигч *******г тус компанийн гүйцэтгэх захирлаар сонгосон нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох гэж заасантай нийцсэн, мөн хуулийн 83 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд тус компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд хуулийн этгээдийн хувийн хэрэгт байвал зохих мэдээллийн агуулгыг тусгасан ба үүнд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол паспортын хуулбар гэж заасан. Улмаар хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах бол ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлд хүргүүлэх журмыг хуульчилсан. Энэ нь *******г ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар сонгосныг улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний бүрэн эрх эхлэх тухай бус гуравдагч этгээдийн эрхийг хамгаалахтай холбоотойгоор ******* ХХК-ийн үндсэн мэдээлэл ил тод, тодорхой байх гадагш чиглэсэн агуулгыг илэрхийлсэн хуулийн шаардлага юм.
Энэ хэргийн хувьд бүрэн эрх нь дуусгавар болсон гүйцэтгэх захирлын зүгээс хувьцаа эзэмшигчийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзсан буюу хуулийн этгээдийн дотоодод хамаарах маргаан тул нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд дээрх шаардлагын дагуу зохих бүртгэлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхээс үл хамааран ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй байна.
5.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны ******* тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.6 дахь заалт болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны ******* дугаар тушаалын хавсралт Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам-д зааснаар ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд өөрчлөлт орсныг бүртгүүлэх тухай өргөдөлд компанийн тамга дарагдсан байх зэрэг бүрдүүлбэрийг хангуулан дахин хандахыг дурдсан байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлээр хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэхтэй холбоотой харилцааг бүхэлд нь зохицуулсан ба уг зүйлд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнтэй холбоотой бүртгэлийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг хамаарахгүй юм. Харин мөн албан бичигт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны ******* дугаар тушаалаар баталсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам-ыг иш татсан нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т заасан шаардлагын хүрээнд хэлбэрийн зохих шаардлагыг хангахыг шаардан татгалзсан нь үндэслэлтэй.
6.Нэхэмжлэгч *******н хувьд өөрийг нь ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар улсын бүртгэлд бүртгүүлэх, чиг үүргээ хэрэгжүүлэх болон компани үйл ажиллагаагаа явуулахад компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга зэрэг баримт бичиг шаардлагатай, уг баримт бичгүүдийг хариуцагч ******* гарган өгөхөөс татгалзсан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан компанийн гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарч байна.
Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга буюу тэмдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.6 болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар тодорхой журмын[1] дагуу олгогдох бөгөөд гэрчилгээ нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэгдсэн иргэний эрх зүйн чадварыг нь нотлох бол тэмдэг (компанийн тамга) нь эрх зүйн харилцаанд оролцогчийн нь хувьд эрх, үүргийн нэгдлийг илэрхийлэх ач холбогдолтой баримт бичгүүд юм.
Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.14-т зааснаар компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга буюу тэмдэг, санхүүгийн тэмдгийг компанийн гүйцэтгэх захирал хадгалах, хамгаалах үүрэгтэй. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам"-ын 1.1, 2.3, 6.8-д зааснаар хуулийн этгээдийн удирдлага өөрчлөгдсөн тохиолдолд тамга, тэмдгийг шинэ удирдлагад хүлээлцэхийг заажээ.
Иймд нэхэмжлэгч ******* нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т зааснаар гарсан ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны *******, ******* дугаартай аль ч шийдвэрийг үндэслэн хариуцагч *******аас тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн тамга, санхүүгийн тэмдгийг гаргуулах, ажил хүлээлцэхийг даалгахаар шаардах эрхтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.
7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/08186 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******д ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн тамга, санхүүгийн тэмдгийг гаргаж өгөх, нэхэмжлэгчтэй ажил хүлээлцэхийг хариуцагч *******т даалгасугай гэж өөрчилж,
2 дахь заалтын ...60.1... гэсний дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 гэж нэмж, ...үлдээсүгэй... гэснийг үлдээж хариуцагч *******аас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ
[1] Монгол Улсын Засгийн газрын 2021.08.04-ний өдрийн 226 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам", Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018.11.19-ний өдрийн А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам"