| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0086/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бэд холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Бэ /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б 2019 оны 03 дугаар сарын 26-ны шөнө Дорноговь аймгийн ... тоотод байрлах хохирогч Т.Цгийн монгол гэрт нэвтэрч зурагт, хувцас зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 396000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 03 дугаар сарын 26-ны шөнө Дорноговь аймгийн ... тоотоос зурагт, цүнхтэй хувцсыг авсан. Өглөө цагдаа ирэхээр нь үнэнээ хэлсэн гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би шөнө 03 цагийн орчимд Одхүүгийнхээс гараад холбооны байран дундуур явган гэрлүүгээ харьж яваад шар дэлгүүрийн урд талын айлын хашааны том хаалга онгорхой, хашаан дотор монгол гэр цагаан цоожтой байсан. Би гэрийн хаалганы цоожны даруулгыг зүүн тийш эргүүлж хаалгыг онгойлгоод гэрт орж баруун талын орон дээр байсан 1 том тортой юм байхаар нь авсан. Мөн гэрийн хойд талд стикен дээр байсан хавтгай дэлгэцтэй зурагтыг аваад гэрлүүгээ явсан. Гэртээ очиод манай гэрийн зүүн талд байдаг түлээ нүүрсний онгорхой амбаарт зурагт, тортой хувцсыг хийчхээд гэрийнхээ хаалгыг тогштол эхнэр Шинэгэрэл хаалга нээж өгсөн. Гэрт эхнэр, хүү Үйлстөгөлдөрийн хамт байсан. Би гэртээ ороод эхнэртээ айлаас зурагт, тортой хувцас аваад ирлээ гэхэд эхнэр уурлаад айлд нь буцааж аваачиж өг гээд загнасан. Би буцаж гараад тортой хувцсыг нь амбаарт үлдээгээд зурагтыг нь гэрт оруулж баруун талын орон доогуур хийчхээд унтаад өгсөн.. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-34 дугаар хуудас/,
Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны 05 цагийн орчим үнсээ асгах гээд гэрээсээ гарахад хашаанд байрлах гэрийн хаалга руу харахад гэрийн хаалганы цоожны даруулга нь сонин болчихсон байсан. Тэгээд хүн байж магадгүй гэж бодоод айгаад түр гадаа зогсоод гэр рүү харж зогссон. Тэгээд хүү болох Од-Эрхэсийн хамт 06 цагийн орчим шалгахад даруулгыг нь хажуу тийш болгоод гэрийн хаалгаар ороод зурагт болон баруун орон дээр байсан хувцас зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ6/18-097 дугаартай: “...396000 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-51 дүгээр хуудас/,
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-н 16-18 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-19 дүгээр хуудас / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны шөнө Дорноговь аймгийн ... тоотод байрлах хохирогч Т.Цгийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн цоожны даруулгыг эвдлэн нэвтэрч Самсунг брэндийн 27 инчийн лед зурагт, хувцас зэрэг 396000 төгрөгийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь Хохирогч Т.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны 05 цагийн орчим үнсээ асгах гээд гэрээсээ гарахад хашаанд байрлах гэрийн хаалга руу харахад гэрийн хаалганы цоожны даруулга нь сонин болчихсон байсан. ...Тэгээд хүү болох Од-Эрхэсийн хамт 06 цагийн орчим шалгахад даруулгыг нь хажуу тийш болгоод гэрийн хаалгаар ороод зурагт, баруун орон дээр байсан хувцас зэрэг эд зүйлс алга болсон байсан. ..." гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ6/18-097 дугаартай: “...396000 төгрөгөөр тогтоов..." гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд гэмт үйлдлийн талаарх прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээд Б.Бийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан эд материалын хохирлыг биет байдлаар буцаан өгсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 удаа ял шийтгүүлж байсан болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 19/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Б.ы Б.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч,нууцаар,хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.д 1 жил хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б.Энь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН