| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 306/2025/00368/И |
| Дугаар | 216/МА2026/00001 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 216/МА2026/00001
| 2026 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 216/МА2026/00001 |
Н.Н-Э нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 306/ШШ2025/00399 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.Н-Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Н э, У.А-Э, Э.Ц нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 07 настай Б.Н-Э амь насыг хохироосон гэм хорын хохирол буюу сэтгэл санааны хохирлыг 50,000,000 төгрөгөөр тооцон хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н-Э биечлэн, түүний өмгөөлөгч П.Наранхүү /цахимаар/, хариуцагч Говьсүмбэр аймгийн Н э, У.А-Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу /цахимаар/, хариуцагч Э.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буяндэлгэр /цахимаар/, нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Амь хохирогч Б.Н-Э нь эмэгтэй, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн бөгөөд хэрэг учрал болох үед 07 настай байсан. Говьсүмбэр аймгийн Н э 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирээд хагалгааны явцад хэт мэдрэгшлийн шоконд орж нас барсан. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга У.А-Э, эмч Э.Ц нарт холбогдох эрүүгийн 2117000550053 дугаар хэргийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж У.А-Э, Э.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон 2025/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоол гаргасан, одоо шийтгэх тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч У.А-Э 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө *******т мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхлэх лицензгүй эмч буюу яаралтай тусламжийн эмч Э.Ц мэдээгүйжүүлэх хийлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтэн буюу мэдээгүйжүүлэх эмч Д.Ө ажиллуулаагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-Э хагалгааны явцад нас барсан гэм буруутайд, шүүгдэгч Э.Ц мэдээгүйжүүлэх эмчийн эрхгүй атлаа 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө *******т мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд мэдээгүйжүүлэх эмчээр орж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Н-Э хагалгааны явцад нас барсан гэм буруутайд тус тус тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-Э эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилтан албан хаагчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 7 настай Б.Н-Э амь нас хохирч хохирол, хор уршиг, гэм хор учирсан тул шүүгдэгч нар болон эмнэлгийн зүгээс хариуцлага хүлээж гэм хорыг арилгах ёстой гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Хүний амьд явах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан эрх бөгөөд 7 настай Б.Н-Э амь насыг хохироосон гэм хорын хохирол буюу сэтгэл санааны хохирлыг 50,000,000 төгрөгөөр тооцон хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар талийгаачийн ээж Н.Н-Э миний бие шаардлага гаргаж байна. Учир нь амь нас хохирох гэдэг бол хамгийн хүнд төрлийн хохирол, үүнээс шалтгаалж тухайн этгээдийн ирээдүй, хүсэл мөрөөдөл, амьдралын зорилго, итгэл найдвар дуусгавар болж гэр бүл ойр дотнынхонд нь нөхөж баршгүй хохирол учирдаг. Иргэний хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахдаа иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд тулгуурлана. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар гэм хор учруулах нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийн нэг болох бөгөөд 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэсэн зохицуулалт байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж тус тус заасан байдаг.
Иймд, 07 настай Б.Н-Э амь насыг хохироосон гэм хорын хохирол буюу сэтгэл санааны хохирлыг 50,000,000 төгрөгөөр тооцон хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэжээ.
2. Хариуцагч Говьсүмбэр аймгийн Н э, У.А-Э нарын татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа. Учир нь, нэгдүгээрт: Энэ гэмт хэрэг бол 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжиж гарсан хэрэг байгаа. 2021 онд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Тухайлбал Шүүх шинжилгээний тухай хууль шинэчлэн батлагдаад гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоодог байя, шинжилгээ хийе. Цаашлаад гэмт хэргийн улмаас хохирогчид сэтгэцэд учирсан гэм хорыг нөхөн төлдөг байя гэдэг ийм хууль, дүрэм журам батлагдсан. Шинжилгээ хийх дүрэм журмыг бас хуульчилсан. Үүнтэй холбогдуулаад Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд эдийн бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж өөрчлөн найруулсан. Үүнээс гадна Иргэний хуулийн 508.5, 511.3, 511.5 гэсэн заалтуудыг өөрчлөн найруулж, зарим заалтуудыг шинээр баталж хуульчилсан. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт, зохицуулалтуудыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж Шүүх шинжилгээний тухай хуулийн хуульд заасан. Ялангуяа Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтуудыг энэ хугацаанаас эхлэн дагаж мөрдчихсөн. Тэгэхээр дээр дурдсан Шүүх шинжилгээний тухай хууль, Иргэний хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон шинэ хуулиуд батлагдаж хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн ийм хэрэг учраас энэ хэрэгт сэтгэл санааны гэм хорын нөхөн төлбөрийг гаргуулах хууль зүйн боломж байхгүй. Тийм ч учраас эрүүгийн хэрэг хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойш шийдэгдсэн ч гэсэн энэ үндэслэлээр шинжээч томилогдож ямар нэгэн дүгнэлт гараагүй. Мөн ямар нэгэн гэм хор төлүүлэхээр шийдвэр гараагүй. Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч тал 2021 онд Улсын дээд шүүхээр шийдэгдсэн нэг хэргийг жишиг кэйс болгож хуулбарлаж өгсөн байсан. Энэ бол дээр дурдсанаар сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг төлүүлэхтэй холбоотой холбогдох хууль, дүрэм журам батлагдаж хэрэгжихээс өмнө буюу эрх зүйн орчин байхгүй үед шийдэж байсан кэйс байна. Гэтэл Монгол Улс 2023 оноос гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр хууль дүрэм нь батлагдаж хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой Улсын дээд шүүхийн олон шийдвэр тогтоол байдаг. Үүнийг өмгөөлөгч бид нар бүгдээрээ мэдэж байгаа. Ялангуяа эрүүгийн хэрэгт сэтгэцэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхэд шинжээчийн дүгнэлтгүй бол сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг гаргуулах боломжгүй гэсэн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын удаа дараагийн тогтоолууд гарсан байдаг. Одоо ч мөн гараад явж байгаа. Улсын дээд шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тоот тогтоол, жишээ нь ийм адилхан хэргийг шийдсэн. Мөн яг одоо иргэний журмаар нэхэмжилж байгаа тохиолдолд ер нь яаж шийдэж байгаа юм бэ? Бид нар хууль, дүрэм журмыг нэг мөр хэрэглэх талаар ямар байдлаар хэрэглэж байгаа юм гэдгийг үзэхээр гэмт хэргийн улмаас гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг шаардсан яг адилхан нэхэмжлэл бүхий хэрэг маргааныг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 294 тоот тогтоолоор Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим шийдсэн байсан. Энд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлөхөөр зохицуулсан. Гэтэл Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт орохдоо сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гээд өөрчилчихсөн учраас буцаан хэрэглэх боломжгүй байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Э.Ц татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ...иргэний хариуцагч болох Говьсүмбэр аймгийн Н э нэхэмжлэлийг хариуцах нь зүйтэй гэж үзэж байна. ...Учир нь, 2021 онд Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр ковид цар тахлын үе байсан. Тухайн эмнэлгийн мэдээгүйжүүлэгч эмч Ө хувьд тусгаарлалтад орчихсон байсан гэдэг баримт нь эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн хэрэгт хангалттай тогтоогдсон буюу Ц эмчийн хувьд яаралтай түргэн тусламжийн эмч хийдэг байсан боловч тухайн цаг хугацаанд тусгаарлалтад ороогүй. Тэр 12 удаагийн хагалгаанд орсон. 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө насанд хүрээгүй буюу 7 настай хохирогч амьсгалын шоконд орж амь нас хохирсон гээд шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолын 10 дугаар заалтаар тухайн хэрэг маргаантай холбоотой сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй гэж заасан боловч 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ДШМ/06 дугаартай Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-Э сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байгаа. Энэ тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой 5 төрлийн гэмт хэрэгт сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар заасан байгаа юм. Энэ шинжээчийн дүгнэлт нь ямар цаг хугацаанд хэрэглэгдэх вэ гэхээр 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарна гээд улс орон даяар шүүхийн жишиг тогтоод явж байгаа. Гэтэл энэ хуулийг мэдэхгүй мэт нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Иргэдийн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Би хууль дүрэм сайн мэдэхгүй байна. Анх энэ хүний сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэл гарсан. Энд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байна гэж хэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө энэ үйл явдал болсон юм байна. 2023 онд хуульд өөрчлөлт орсон юм байна. Миний өөрийн дүгнэлтээр бол 2021 онд болсон асуудалд 2023 онд хуульд өөрчлөлт орсон заалтаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр 50,000,000 төгрөг өгөх өгөхгүй асуудал шийдэгдэх юм байна гэж ойлголоо. Шинжээчийн дүгнэлт байхгүй учраас 50,000,000 төгрөгийг гаргах ёсгүй гэж бодож байна гэжээ.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан Н.Н-Э нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Н э, У.А-Э, Э.Ц нарт холбогдуулан гаргасан 07 настай Б.Н-Э амь насыг хохироосон гэм хорын хохирол буюу сэтгэл санааны хохирлыг 50,000,000 төгрөгөөр тооцон хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
...Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хариуцагч У.А-Э 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө *******т мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эрхлэх лицензгүй эмч буюу яаралтай тусламжийн эмч Э.Ц мэдээгүйжүүлэх хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтэн буюу мэдээгүйжүүлэх эмч Д.Ө ажиллуулаагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-Э хагалгааны явцад нас барсан гэм буруутайд, хариуцагч Э.Ц мэдээгүйжүүлэх эмчийн эрхгүй атлаа 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд мэдээгүйжүүлэх эмчээр орж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Н-Э хагалгааны явцад нас барсан гэм буруутайд тус тус тооцсон. Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу дээрх хариуцлагыг У.А-Э, Э.Ц нар хүлээхийн зэрэгцээ 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ -ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсний дагуу амь нас хохирсон гэм хорын хохиролд нэхэмжилсэн 50,000,000 төгрөгийг хариуцагч хуулийн этгээдээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2021/01122 дугаартай тогтоолд нэхэмжлэгчийн амь насны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах нь иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд нийцнэ гэсэн байдаг. ...Нэхэмжлэгч тал сэтгэцэд учирсан хохирол нэхээгүй, харин 07 настай Б.Н-Э амь насыг хохироосон гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг шаардсан. Хэрэг учрал 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө гарсан, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний хууль одоо ч хэрэгжиж байгаа тул тухайн хуулийн хэм хэмжээг үндэслэж нэхэмжлэлээ гаргасан. Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн холбогдох хууль тогтоомжийг үндэслэн, бас тухайн харилцааг тусгайлан зохицуулсан хэм хэмжээ байхгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Эдгээрийг харгалзан үзэж 00399 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүүгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 7 настай Н-Э охин *******т мухар олгой гэсэн оноштойгоор ирээд тэндээ хагалгаанд орж байх явцдаа нас барсан. Энэ үйл явдал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоод хэрэг нь 3 шатны шүүхээр шийдэгдэж Нэгдсэн эмнэлгийн дарга У.А-Э, эмч Э.Ц гэсэн 2 хүнийг буруутай гэдгийг шүүхээс тогтоосон байгаа. Дээрээс нь Нэгдсэн эмнэлэг гэсэн хуулийн этгээд өөрөө эрх зүйн харилцаанд оролцож байгаа учраас байгууллагынхаа хувьд хариуцлага хүлээх ёстой гэсэн зарчим явагдаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар амь насны хохирол дээр 50,000,000 төгрөг гэдгийг шүүхээр нэг удаагийн тогтоосон жишиг байгааг баримтлаад шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргачихсан байгаа. Нэгдсэн эмнэлэг, түүнд буруутай ажилтнууд ажил хариуцаж байгаа тохиолдолд нийгмийнхээ жишгээрээ хэн нэгэн, ямар нэг буруутай этгээд хариуцлага хүлээж байх ёстой. Энэ маргааны явц дунд бид нар буруугүй, бид бүхэн гэмт хэрэг үйлдээгүй гэж маргасаар байгаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан. Гэвч буруутай гэдгийг нь шүүх тогтоосон. Хэрвээ буруутай гэдгийг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн бол үлдсэн ар гэрт нь үүссэн сэтгэл санааны хохирол, бусад зардлуудыг хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Бид буруугүй гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ярьснаас үүдээд зүгээр буруугаа ухамсарлахгүй байгаа байдал байгаа болохоос биш буруутай бол хохирол барагдуулах ёстой. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Тэгэхээр шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг 2023 оноос хойш тогтоож зохицуулж байгаа учраас хангахгүй гэж байгаа. Гэтэл амь насны гэм хорыг гээд Иргэний хууль дээр анхнаасаа хуульчилчихсан, олон жил хэрэглээд явчихсан. Гэхдээ амь насны хохирол дээр ярьж хэлж, нэхэж байсан жишиг ховор. Энэ тохиолдолд яг амь насных нь жишиг тохиолдол дээр шүүхээс эрх зүйн хувьд нь зөв ойлгож тайлбарлаад хуулийг нь хэрэглээд явчихад болохгүй зүйл байхгүй. Амь насны хохирлыг сэтгэл санааны хохирол гэж холиод байгааг зөв ойлгох боломжгүй байгаа. Амь нас гэдэг бол өөрөө гэм хорын хохирлын жагсаалтад дурдагдчихсан байгаа. Тийм учраас энэ хуулийн зохицуулалтыг зөв агуулгаар нь хэрэглээд, шүүхийн практикт шинэ ойлголт цаашид үүсээсэй гэж бодож гомдол гаргаад яваад байгаа тул гомдлыг хангаж өгөөч гэж хүсэж байна гэв.
8. Нэхэмжлэгч Н.Н-Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Би үр хүүхдээ алдсан эх хүний хувьд амь насных нь талаар ярина. 6 настай хүүхэд магадгүй 60, 70 жил амьдрах байсан, цаг нь болоогүй байсан. Энэ хүмүүс буруугаа хүлээгээд буруутан нь тодорхой гарчихсан байгаа. Анх үнэхээр хөл толгой нь мэдэгдэхгүй хүмүүс байсан. Дарга нь ч дарга биш, цэрэг нь ч цэрэг биш. Энэ хүмүүс өнөөдөр хууль яриад байгаа болохоос аман хэлэлцээгээр У.А-Э, шүүгдэгч Э.Ц, Ө гурав хоорондоо яриад би улаан бүс рүү оръё, Ө Ковидын үед хагалгаанд хүн орвол оруулна шүү гээд У.А-Э хэлсэн байгаа юм. Тэгэхэд Ө нь за гэж хэлээд цагаа тулахаар Ц эмчийг оруулсан байна. Үнэхээр хуулиа яриад байгаа юм бол тэр өдөр ажлын байран дээрээ тэр хууль дүрэм журмын дагуу явуулахгүй яасан юм бэ?, Ц эмч өөрөө ковид тусчихсан байсан юм билээ. Яг тэр өдөр гэрээс нь дуудаж авчраад хагалгаанд оруулсан. Тэгэхэд мэс заслын эмч Н, Ц хоёр өөд өөдөөсөө хараад цагаан хувцас өмсчихсөн сууж байсан. Тэгээд Н эмчтэй ярихад хагалгааны үед амь нас хохирвол бид нар хариуцахгүй гээд нэг юм хэлээд байсан. Тэгэхээр нь та юу яриад байна, юу гэсэн үг юм бэ? гэхэд бид нар хийдэг ажлаа хийх гэж байна, ямар нэгэн алдаа гаргахгүй гэж тайлбар тавьж байсан. Дараа нь ажил явдал болоход хэдэн цагт өнгөрсөн нь мэдэгдэхгүй, яасан нь мэдэгдэхгүй байсан. Би маргааш нөгөөдөр нь ажил явдал гаргаж байхад Ц дээр ирээд бүх асуудлыг асуусан чинь дарга намайг ор гэсэн, би тэр үед Ковид тусчихсан байсан, өнөөдөр би Ковидын тусгаарлалтаас гарч ирээд байна гэчихсэн зогсож байсан. Би нэг юманд гомдолтой байгаад байдаг юм. Тухайн үед хүүхэд ханиалгаад эхэлсэн байгаа юм. Тэгэхэд магадгүй өнөөдөр Ө эмч тэр дотор байсан бол мэргэжлийн хүн учраас тэр өнцгөөс нь хараад хүүхдэд анхаарах ёстой байсан. Хоорондоо утсаар ярьж байгаа учраас дахиад нэмээд хийчих гээд хэлэхээр нь нэмж хийсэн байгаа юм. Хуульдаа болохоороо болно гээд байгаа. Амьдрал дээр болохоор харамсмаар байгаа биз дээ? Ө эмч үхэхийг зарлах гэж гүйгээд ороод ирж байгаа. Тухайн үедээ 20 минут зарцуулаад тэр дотор байж байсан бол өнөөдөр ийм юм болохгүй байсан. 6 настай хүүхдийг минь шороонд булчхаад эд нар яаж ийм муухай байдал гаргаж чадаж байна. 4 жил би ёстой төмөр зүрхтэй юм шиг байгаа. Тэгэхдээ сум орон нутгийнхаа шүүх, задлан шинжилгээний ажилчдад би өнөөдрийг хүртэл итгээд энэ хүртэл явж байгаа. Бусдаар арай дэндүү, ковид гээд яриад байгаа. Ц эмч өөрөө нялх нойтон 4-ийн 4 охин хүүхэдтэй хүн юм билээ. Үнэхээр өөрөө өвдчихсөн байсан бол би өвдчихсөн гээд яагаад хэлж болдоггүй юм бэ? Тэгсэн бол дараагийн арга хэмжээг авч л таараа. Анх бүгдээрээ хөл толгой нь мэдэгдэхгүй ******* үнэхээр аймар байсан. Тухайн үед бид нар өөрсдөө хүртэл харсан, надад хэлсэн, хэлээгүй, гээд хоорондоо маргалдаад тэр дотор чинь юу болсон билээ. А.Буяндэлгэр, Ч.Баднайнямбуу өмгөөлөгч нар бүгдээрээ анхан шатны шүүхийг хараагүй болохоор мэдэхгүй байгаа байх гэж би бодож байгаа гэв.
9. Хариуцагч Говьсүмбэр аймгийн Н э, У.А-Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуугийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. Энэ гомдолтой танилцсан, гомдлын үндэслэл амь насны хохирлыг төлөх талаар Улсын дээд шүүх 2021 онд 1 хэрэг шийдэж байсан юм байна. Тэгэхээр тэр үед шийдэж байсан Иргэний хууль чинь одоо ч хэрэгжиж байна гэдэг агуулгаар гомдол гаргасан байсан. Сая өмгөөлөгчийн тайлбарыг сонсоход бас сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, амь насны хохирлыг нэхэмжилж байгаа гэдэг агуулгаар тайлбар гаргаж байна. Уг нь нэхэмжлэлийн шаардлагыг нь харахаар сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлээд байгаа юм шиг агуулга харагддаг. Одоо тайлбарлахдаа сэтгэц биш, бусад гэм хороо гэж тайлбарлаж байна. Аль нь ч бай хангах боломжгүй. Шинжээчийн дүгнэлт байхгүй байна гэдэг агуулгаар. 2 дугаарт сэтгэц биш, бусад гэм хор гэдэг асуудлыг ярьж байгаа. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт эдийн бус гэм хорыг арилгахаар хохирол шаардах эрхтэй, 230.2 дахь хэсэгт нь сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана гээд бусад эдийн бус гэм хорыг гэж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын яриад байгаа сэтгэц биш гэж байгаа бол тэгвэл бусад эдийн бус гэм хорд нь хамаарч байна гэж ойлгогдож байна. Бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гээд байгаа. Танайх сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлээгүй юм бол бусад эдийн бус гэм хорыг нэхэмжилж байгаа юм байна. Тэгвэл энийг чинь гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд арилгана гээд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заачихсан байна. Энэ хуулийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулаад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Та нарын яриад байгаа 2021 онд Дээд шүүхэд шийдэж байсан, хэрэгжиж байсан хууль өөр хууль байсан гэдэг агуулгыг бид нар тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт урьд нь ямар заалт байсан бэ гэхээр гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр төлөхөөр зохицуулсан байсан. Харин 2022 оны өөрчлөлтөөр сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгана, бусад гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд арилгана гэж өөрчилсөн. Тэгэхээр энэ өөрчлөгдсөн заалтыг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд тухайлан заагаагүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг 2021 онд гарсан тул буцаан хэрэглэх асуудал үүснэ. Гэтэл буцаан хэрэглэх асуудлыг Иргэний хуульд заагаагүй байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн заалттай. Энэ үндэслэлээр бид нар 2021 онд гарсан гэмт хэрэгт бусад эдийн гэм хор гэдэг агуулгад хамаатуулж 50,000,000 төгрөгийг гаргаж шийдэх хууль эрх зүйн хувьд ямар ч боломжгүй. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв гарсан, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
10. Хариуцагч Э.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буяндэлгэрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй буюу зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбарыг хэлж байна. Анхан шатны шүүх дээр ч гэсэн хэлж байсан. Шүүх нэхэмжлэгч талын гаргаад байгаа үйл баримтыг тогтоочихсон байгаа. 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдчихсан байж байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал энэ агуулгаар хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол, эсвэл амь насны хохирол гээд нэхээд байгаа. Тэгэхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоохгүй буюу үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргаад байна гэж үзэж байна. Тухайн үед Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Ө ковидын тусгаарлалтад орсон байсан гэсэн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл Э.Ц эмчийн хувьд тухайн үед 5 сартай жирэмсэн, энэ үед нийт 12 хагалгаанд орсон. 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө гэрээсээ дуудагдаж ирээд Ө эмчийн заавраар энэ хагалгаанд орсон байж байгаа. Мөн түүнчлэн талууд буюу ******* болоод эмнэлгийн дарга У.А-Э болон Э.Ц нар эрүүгийн журмаар гэм буруутайд тооцогдоод ял шийтгэлээ эдлээд явж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд ял шийтгэлээ эдлээд 10,000,000 төгрөгөөр торгуулаад өнөөдөр ажилгүй, орлогогүй, 2 жилээр эмчийн эрхээ хасуулчихсан сууж байгаа. Гэтэл тэр хүний нийт 12 хагалгааны 11 нь амжилттай болсон байна. 1 дээр яах аргагүй нөгөө анафлаксийн шокт орсон гээд хэргийн материалыг нь харах юм бол шинжээчийн дүгнэлтээр бүгд гарчихсан байж байдаг. Тухайн үеийн нөхцөл байдал, ковидын нөхцөл байдал, мэдээгүйжүүлэгч эмч тусгаарлалтад орчихсон байсан аргагүй гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэлд нь ерөнхийдөө гэмшихгүй байна гэсэн байдлаар яриад байна. Гэмшсэн бол магадгүй нэхэмжлэгчийн сэтгэл санаа өөр байх байсан гэдэг агуулга яриад байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Ч.Баднайнямбуу төлөөлөгчийн хэлж байгаачлан Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан заалтууд байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй, гомдлыг хангахгүй орхиж өгөөч гэсэн саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Говьсүмбэр аймгийн Н э, У.А-Э, Э.Ц нарт холбогдуулан 7 настай Б.Н-Э амь насыг хохироосон гэм хорын хохирол буюу сэтгэл санааны хохирлыг 50,000,000 төгрөгөөр тооцон хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нар нь “...сэтгэл санааны хохирлыг хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгахаар зохицуулсан. Хуулийг буцаан хэрэглэх боломжгүй. ...Энэ асуудлыг шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэсэн үндэслэлээр маргаж хүлээн зөвшөөрөөгүй.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх “...сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй. Хүүхдийн амь насыг хохироосон гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг нэхэмжилсэн. ...анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн хууль тогтоомжийг үндэслэсэн, мөн тухайн харилцааг тусгайлан зохицуулсан хэм хэмжээ байхгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна” гэсэн агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шаардлагыг хангаж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан.
3. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...амь насыг хохироосон гэм хорын хохирол буюу сэтгэл санааны хохирол” гэж нэхэмжлэлдээ тусгасан байсан ба шүүх хуралдааны явцад “...сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй, амь насыг хохироосон гэм хорын хохирол гаргуулах” гэж тодруулж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдээс гадна Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2021/01122 дугаар тогтоолыг гаргаж өгсөн байна.
4. Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичмэл баримтад тулгуурлаж маргааны үйл баримт, шаардах эрхийг зөв тогтоосон, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
5. Хариуцагч У.А-Э, Э.Ц нарын гэм буруутай үйлдлийн улмаас 7 настай хохирогч Б.Н-Э амь нас хохирсон, улмаар хариуцагч Говьсүмбэр аймгийн эмнэлэг нь эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан, түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-Э сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг үйл баримтыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/29 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ДШМ/06 дугаар магадлалаар тогтоогдсон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул түүнийг дахин нотлохгүй” гэж үзнэ.
6. Онолын хувьд авч үзвэл гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хариуцлага нь дотроо эдийн болон эдийн бус гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хариуцлага гэсэн үндсэн хоёр шинжид хуваагдана. Гэм хор нь өөртөө хохирол, хор уршиг гэсэн ойлголтыг багтаасан өргөн утга агуулгатай ойлголт боловч гэм хорыг зөвхөн хохирол, хор уршиг гэж явцуу ойлгож болохгүй. Хор уршиг нь шууд арилах, нөхөн төлөх боломжгүй, ирээдүйд үр дагавар нь бий болох, гинжин хэлхээ мэт үргэлжлэн үүсэх сөрөг үр дагавар бол хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдснөөс түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар байдаг.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан “амь насыг хохироосон гэм хорын хохирол” гаргуулах шаардлага нь эдийн бус гэм хорд хамаарна.
7. Иргэний хуулийн 228, 230, 497 дугаар /зөрчлийн улмаас үүсэх үүрэг/ зүйлүүдэд гэм хорыг арилгуулах шаардах эрхийн зохицуулалтыг ерөнхий байдлаар, хуулийн 498-513 дугаар зүйлүүдэд тусгайлсан байдлаар буюу нарийвчлан зохицуулж өгсөн.
Эмнэлгийн мэргэжилтний буруутай үйл ажиллагаанаас хохирогч нас барсан өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэсэн зохицуулалт үйлчилж байсан ба 2022 оны хуулиар “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана." гэж өөрчлөлт орсон нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна.
Улмаар Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5, 511.6 дахь хэсгүүдэд өөрчлөлт орж гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах журмыг хуулиар тусгайлан нэмж өгсөн нь эдийн бус гэм хорын нэг төрлийн харилцааг зохицуулсан гэж ойлгоно.
Өөрөөр хэлбэл, манай улсын Иргэний хуульд эдийн бус гэм хорын хохирлын зөвхөн хоёр төрлийн харилцааг тусгайлан зохицуулж өгсөн, тодруулбал, сэтгэцэд учирсан хор уршиг болон бусдын нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлж гэм хорыг арилгуулахаар байна. Харин бусад эдийн бус гэм хорын хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгах зохицуулалт хуульд заагдаагүй.
8. Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотолж гаргаж өгсөн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол нь хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө буюу 2021 оны шийдвэр байх бөгөөд шүүхээс хүний амь настай холбоотой эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлсэн цөөн тооны шийдвэр шүүхийн практикт байна. Гэсэн хэдий ч тухайн хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж гаргасан дээрх шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үзээгүй болно.
9. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан “...шинжээчийн дүгнэлт байхгүй учраас...” гэсэн дүгнэлтийн үндэслэл нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль зүйн үндэслэлтэй тохирохгүй хэдий ч “...50,000,000 төгрөгийг гаргах ёсгүй гэж бодож байна” гэсэн дүгнэлтийг магадлал гаргахад харгалзан үзсэн.
10. Иймд, нэхэмжлэгчийн шаардаж буй амь насны гэм хорын хохирлын маргаан нь “...бусад эдийн бус гэм хор” гэдэгт хамаарах бөгөөд үүнийг мөнгөн хэлбэрээр арилгах урьдчилсан нөхцөл хуульд тусгайлан зохицуулагдаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхилоо.
11. Давж заалдах гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 306/ШШ2025/00399 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ