| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 123/2025/0077/З |
| Дугаар | 001/ХТ2026/0106 |
| Огноо | 2026-10-20 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2026/0106
“Ө***” шашны байгууллагын нэхэмжлэлтэй,
*** аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, тус хэлтсийн
хяналтын улсын байцаагчид холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Н.Батзориг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 123/ШШ2026/0029 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2026/0326 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б***, Г.Д***, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М**, өмгөөлөгч Г.Жанчив нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2026/0322 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэл байгаа эсэхийг гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
“Ө***” шашны байгууллага нь *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, тус хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “*** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 23*** дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах, Г.П*** агсныг “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус бүртгэлийг үндэслэн БНСУ-ын иргэн К***, Монгол Улсын иргэн П.А***, П.Н*** нарыг “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болгохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Анх “Ө***” шашны байгууллагыг *** багш Г.П***ын санаачилгаар 2006 онд үүсгэн байгуулсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлж 000070*** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Г.П*** нь нас бараад 1 жил болсны дараа 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Л.О***ыг Удирдах зөвлөлийн дарга, хийдийн тэргүүн ламаар сонгон, улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулан тус байгууллагын тэргүүнээр Л.О***ыг бүртгэж 000329*** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг дахин шинээр олгосон.
2.2.Маргаан бүхий хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23*** дугаар дүгнэлтийн 2 дахь заалтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд хувийн хэргийн 1480001*** дугаарт бүртгэлтэй 104*** регистрийн дугаартай “Ө***” шашны байгууллагын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн, тэргүүнийг томилсон, бүртгэлийн 000329*** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2.3.2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлээр Г.П***ыг “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлээр БНСУ-ын иргэн К***, Монгол Улсын иргэн П.А***, П.Н*** нарыг “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр тус тус бүртгэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
“... Шашны байгууллага нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.6, 33 дугаар зүйлийн 33.2, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6 дахь хэсэг, Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд тус тус зааснаар ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд шашны байгууллагын өмч, хөрөнгөтэй холбоотой харилцааг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд тодорхой зохицуулсан. Хуулийн энэ зохицуулалтаар шашны байгууллагын өмч, хөрөнгө нь хэн нэгэн хувь хүнд өмчлөгддөггүй. Гэтэл улсын байцаагч манай байгууллагын тэргүүн асан Г.П***ыг эцсийн өмчлөгч гэж дүгнэсэн нь хууль бус юм. ... Ашгийн төлөө бус, хэн нэгэн этгээдийн хувийн өмч биш, хувийн өмч биш учраас өвлөгдөх тухай ямар ч хууль зүйн үндэслэлгүй тул “... хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан улсын бүртгэл хөтлөхдөө анхны үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэлд тэргүүнээр бүртгэлтэй Г.П*** агсны хууль ёсны өв залгамжлагч нарт мэдэгдээгүй ...” гэх үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгосон маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт илт хууль бус юм... Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагч *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн тайлбарт: “... Хуулийн этгээдийн хувийн хэрэг болон мэдээллийн санг шалгахад “Ө***” шашны байгууллагын мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэл, мөн оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл, 04 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолд Удирдах зөвлөлийн гишүүнээс Д.Б***г чөлөөлж, Б.Г***г томилсныг бүртгэсэн, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Ө***” шашны байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэлд тэргүүнээр Л.О***ыг бүртгэсэн бүртгэлтэй байсан. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар албан шаардлагын хавсралтад нийслэлийн тойргийн нотариатч Д.О***ийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0***, 0***, 0*** дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийн хуулбарыг хавсарган ирүүлсэн. Дээрх өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр байдаггүй. “Ө***” шашны байгууллагын хувийн хэрэгт байх 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дүрмийн 9.3 дахь заалтад Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацааг 2 жил байна гэж заасан. 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2302 дугаар дүгнэлт гаргасан. Шашны байгууллага энэ тохиолдлоор өмнө нь бүртгэлд бүртгэгдэж байгаагүй. Төв аймгийн хэмжээнд ч бүртгэгдэж байгаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна …” гэсэн тайлбар өгсөн.
5.Хариуцагч *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тайлбарт: “Тухайн үед мэдээлэл нь Татварын ерөнхий газрын мэдээллийн сангаас манай бүртгэл дээр автоматаар орж ирсэн. “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгч бүртгүүлэх албан ёсны хүсэлт гараагүй. Хүсэлт гаргах маягт бөглөж өгөөгүй учраас бид бүртгэлийг хийсэн гэж үзээгүй. Манай дээр эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн гэсэн нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна ...” гэжээ.
6.Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт: “... “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр тус сүмийг үүсгэн байгуулагч Г.П***ыг бүртгэсэн нь хуульд нийцнэ. Г.П*** нь 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Ө***” шашны байгууллагыг, өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулж холбогдох хүсэлт, өргөдлөө хуулийн этгээдийн улсын бүртгэлд өгч бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгчээс эцсийн өмчлөгч нь зөвхөн ашгийн төлөө хуулийн этгээд байх ёстой мэтээр хуулийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн хуулийн этгээдийн дүрэмд үүсгэн байгуулагч Удирдах зөвлөлийн гишүүнийг томилохоор зааж уг дүрмийг эрх бүхий байгууллага бүртгэсэн бөгөөд тус дүрэмтэй нэхэмжлэгч тал маргаагүй. Нийслэлийн тойргийн нотариатчид эд хөрөнгийг өвлөх хүсэлтийг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 0***, 0***, 0*** дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, хүчин төгөлдөр өвийн гэрчилгээг үндэслэн Г.П***ын үүсгэн байгуулсан “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр гуравдагч этгээдүүдийг бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж үзэх боломжгүй … Дүрмийн 9.3 дахь хэсэгт “Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 2 жил байна. Улируулан сонгож болно” гэж заасны дагуу бүрэн эрхийн хугацаа дууссан ба бүртгэлийн хувийн хэрэгт улируулан сонгох тушаал, шийдвэр гараагүй. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.П***ыг хуульд заасны дагуу эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
7.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 123/ШШ2026/0029 дүгээр шийдвэрээр “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.7.1, 19 дүгээр зүйлийн 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.14, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.9, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 4, 11 дүгээр зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө***” шашны байгууллага, иргэн Л.О*** нарын *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 23*** дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах, Г.П*** агсныг “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Ө***” шашны байгууллага, иргэн Л.О*** нарын хууль бус бүртгэлийг үндэслэн иргэн К***, П.А***, П.Н*** нарыг “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
7.1.“... Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн санд “Ө***” шашны байгууллагын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн, тэргүүнийг томилсон, бүртгэлийн 000329*** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагч Г.У***г буруутгах үндэслэлгүй, маргаан бүхий 2302 дугаар дүгнэлт хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нарын “*** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23*** дугаар дүгнэлтийн 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7.2.“Ө***” шашны байгууллагын тэргүүн, эрх барих этгээд Г.П*** нь “Ө***” шашны байгууллагын хуулийн этгээдийн бүртгэлд “эцсийн өмчлөгч”-өөр бүртгүүлсэн байх тул уг бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар, маргаж буй бүртгэлийг “утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нарын “Г.П*** агсныг “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгоно.
7.3.Захиргааны хэргийн шүүх “Ө***” шашны байгууллагын хөрөнгө, өмчийг Г.П*** өмчлөх эрхтэй эсэхэд дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй тул “иргэн К***, П.А***, П.Н*** нарыг “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй …” гэх зэргээр дүгнэжээ.
8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2026/0326 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
8.1.“... Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дүрмийг үүсгэн байгуулагчдын шийдвэрээр баталсан бөгөөд холбогдох 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд орсон өөрчлөлтөд үүсгэн байгуулагч Г.П*** гэж нэг иргэн бүртгэгдсэн байхад тухайн дүрмийг шинэчилсэн үүсгэн байгуулагчдын хурлын протоколд Г.П***аас гадна Л.О***, Д.Э***, Ө.Т***, Б.С***, Д.Б***, Ц.М***, С.Л***, Б.Ч*** нар гарын үсэг зурсан энэ тохиолдолд уг хурлын протоколд гарын үсэг зурсан дээрх нэр бүхий этгээдүүд нь тухайн шашны байгууллагын үүсгэн байгуулагч мөн эсэхийг тодруулах, дүгнэлт өгөх шаардлагатай байх төдийгүй үүнтэй холбоотой “Ө***” шашны байгууллагыг төлөөлж тэргүүн лам Л.О*** шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг мөн тодруулах шаардлагатай ...
8.2.Нөгөөтээгүүр, анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 123/АБ2026/065 дугаар албан бичгээр “Ө***” шашны байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Г.П***, Д.Э***, Л.О***, Ө.Т***, Б.С***, Д.Б*** нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, “Ө***” шашны байгууллагын 2016 оны 01 дүгээр сараас 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын тайлан зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэхийг *** аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан, дээрх албан бичгийн дагуу аливаа баримт хэрэгт авагдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасантай нийцээгүй. Мөн “Ө***” шашны байгууллагын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шинэчилсэн дүрмийн 9.3-т “Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна. Улируулан сунгаж болно” гэж заасан. 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 2018 онд 03 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон, дүрэмд заасан 2 жилийн хугацаа өнгөрсний дараа хэрхэн, ямар нөхцөлөөр Удирдах зөвлөлийг томилох талаар холбогдох зохицуулалтыг дээрх дүрэмд тусгаагүй байх энэ тохиолдолд үүнтэй холбоотой Удирдах зөвлөл шинэчлэн байгуулагдсан эсхүл өмнөх Удирдах зөвлөл улиран сонгогдсон эсэхийг тодруулах нь зүйтэй байна.
8.3.Түүнчлэн маргаан бүхий бүртгэлүүдийн улмаас иргэн Л.О***ын хувьд эсхүл Удирдах зөвлөлийн дарга, тэргүүн лам Л.О***ын хувьд ямар эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа, түүнчлэн Л.О*** иргэний хувиар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тодруулах, Г.П*** агсныг “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгож, уг илт хууль бус бүртгэлийг үндэслэн иргэн К***, П.А***, П.Н*** нарыг “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болгохыг тогтоолгохоор маргаж буй энэ тохиолдолд шүүх Г.П*** агсныг “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлтэй холбоотой баримтыг цуглуулах шаардлагатай ...” гэжээ.
9.Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*** хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
9.1.“... Магадлалын Хянавал хэсгийн 2.2 дахь дүгнэлт илтэд үндэслэлгүй байна. Учир нь “Ө***” шашны байгууллагын үүсгэн байгуулагч Г.П*** болох нь нотлогдож байхад шүүхээс баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэж буй нь тодорхойгүйгээр гарын үсэг зурсан гэх протоколыг үндэслэн нэр бүхий хүмүүсийг үүсгэн байгуулагч мөн эсэхийг тогтоолгохоор хэргийг буцааж буй нь илтэд үндэслэлгүй. Түүнчлэн шүүхийн дурдаад буй баримт нь 1-р хавтаст хэргийн 154 дүгээр талд авагдсан баримт бөгөөд тухайн баримтад нэр дурдсан иргэдийн гарын үсгийн доод талд (Удирдах зөвлөлийн гишүүн), (Хяналтын зөвлөлийн гишүүн) хэмээн дурдсан байдаг. Нөгөөтээгүүр шүүхийн нэр дурдсан хүмүүс Г.П***ыг “Ө***” шашны байгууллагын үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэнд нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй ба шүүхээс талуудын мэтгэлцээгүй үндэслэлээр нотлох баримт бүрдүүлэхээр буцааж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд магадлалд дурдсан нэр бүхий иргэдийг үүсгэн байгуулагч мөн эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм.
9.2.Удирдах зөвлөлийн гишүүдийг улираан сонгосон бол үүсгэн байгуулагч тэргүүн лам Г.П*** тушаал шийдвэр гаргаж батлах ба тухайн шийдвэрийг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр дүрэм болон бүртгэлийн тухай хуульд заасан байна. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар нотлох баримт гаргаж өгч байгаагүй ба өөрийгөө улираан сонгогдсон гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ч тайлбар өгч байгаагүй. Гуравдагч этгээдийн зүгээс Г.П*** агсныг нас барсны дараа холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Иргэний хууль, Нотариатын тухай хуульд заасны дагуу нийслэлийн тойргийн нотариатч Д.О***д талийгаачийн эд хөрөнгийг өвлөх хүсэлт гаргасныг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 0***, 0***, 0*** дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээнд “Ө***” шашны байгууллага, өөрийн хөрөнгийн хэмжээ 6,255, 995,400 төгрөг өвлүүлэгчид оногдох хэсэг 100%, өвлөгч П**ын А***, П***ын Н***, K*** нар тус бүр 1/3 хувь гэсэн байдаг.
9.3.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө”, 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ” гэж заасан бөгөөд өвлөгч нар эд хөрөнгө өвлөсөн гэхээс илүүтэй эцсийн эзэмшигчийн эдлэх эрх, хүлээх хариуцлагыг өвлөж авсан гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх санаатайгаар хэрэгт байгаа нотлох баримтыг байхгүй мэтээр дүгнэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Энэ тохиолдолд буюу хүчин төгөлдөр өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн эцсийн өмчлөгчийг бүртгэсэн бүртгэл нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ. “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр тус сүмийн үүсгэн байгуулагч Г.П***ын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Татварын ерөнхий газарт гаргасан хүсэлтийн дагуу бүртгэсэн байдаг. Иймд хууль ёсны өвлөгчдийг “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн нь үндэслэлтэй.
9.4.Харин хүчин төгөлдөр өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой маргааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хянан шийдвэрлэж байх тул үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан нь хуульд нийцсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэгт байгаа нотлох баримтыг байхгүй мэтээр дүгнэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг анхан шатны шүүхээс өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, анхан болон давж заалдах шатны шүүх нэг агуулгаар хоёр өөр дүгнэлт гаргаж хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
10.Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжсэн байр суурьтай оролцов. Хариуцагч тал хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
11.Хяналтын шатны шүүх гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
ХЯНАВАЛ:
12.Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
13.Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.
14.Учир нь, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн илт хууль бус бүртгэлийг үндэслэн БНСУ-ын иргэн К***, Монгол Улсын иргэн П.А***, П.Н*** нарыг “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болгохыг тогтоолгох шаардлагыг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
15.Учир нь, “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч” гэх ойлголт нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд бий болсон бөгөөд хуулийн этгээдийн цаана бодитоор оршин буй эцсийн хяналт, үр шимийг хүртэгч (хувь хүн)-ийг ил тод болгох, ингэснээр эдийн засаг санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой улсын бүртгэлийн байгууллагаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу заавал хийх ёстой бүртгэлийн үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч” нь иргэний эрх зүйн “эд хөрөнгийн өмчлөгч”-өөс ялгаатай нийтийн эрх зүйн ойлголт бөгөөд тухайн бүртгэлтэй холбоотой маргаан нь нийтийн эрх зүйн буюу захиргааны маргаан болно.
16.Иймд “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчийн бүртгэл хууль ёсны эсэхийг захиргааны хэргийн шүүх холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэнэ.
17.Гэтэл анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар хэргийн үйл баримт тогтоогдоогүй, энэ тохиолдолд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс маргаан бүхий бүртгэлийн талаар хууль зүйн дүгнэлт өгч эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
18.Ийнхүү тухайн хэрэг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдэх тул “Ө***” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр Г.П*** агсныг бүртгэсэн бүртгэл болон гуравдагч этгээд нарыг бүртгэсэн бүртгэлтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах шаардлагатай, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй (Магадлалын Хянавал хэсгийн 2.5).
19.Харин хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалын зарим үндэслэл нь тухайн маргааны үйл баримтад ач холбогдолгүй болохыг дурдах нь зүйтэй. Тухайлбал, нэхэмжлэгч байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, 2016 оны 01 дүгээр сараас 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын тайланг нотлох баримтаар цуглуулах нь энэхүү бүртгэлийн маргаанд ач холбогдолгүй буюу шаардлагагүй, түүнчлэн “шашны байгууллагын зорилго, эрх барих дээд байгууллага, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, шийдвэр гаргах, үүсгэн байгуулагч гишүүдийн эрх хэмжээний талаар дүгнэлт өгөх”, “Удирдах зөвлөл шинэчлэн байгуулагдсан эсхүл өмнөх Удирдах зөвлөл улиран сонгогдсон эсэхийг тодруулах шаардлагатай” гэх зэрэг дүгнэлт нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй.
20.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2026/0326 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээд П.А***ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Н.БАТЗОРИГ
Г.БАНЗРАГЧ