Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1758

 

 

Ё.Жамсумын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05726 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ё.Жамсумын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Тогтохсүрэнд холбогдох

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ё.Жамсумын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ё.Жамсум,

Хариуцагч Л.Тогтохсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Хашчулуун,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Мөнхчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Жамсум би Э.Мөнхчулуунаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол Улс гудамж 410 дугаар байр 175 тоот хаягт байршилтай 43.5 м.кв талбайтай хоёр өрөө байрыг 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нотариатч Г.Мэндбаяраар батлуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийн төлбөр тооцоог бүрэн хийж худалдаж авсан болно. Мөн бидний байр худалдаж өгөлцөж авсан баримтад үндэслэн улсын бүртгэлийн газар Ү-2204030902 дугаарт бүртгэж Ё.Жамсум миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон болно. Тэгээд ОЮ66042968 регистрийн дутаартай Л.Тогтохсүрэн нь уг байранд түр хугацаанд байрлаад байрыг чөлөөлж өгөхөөр тохирлцсон боловч одоог хүртэл байрыг чөлөөлж өгөхгүй байгаа болно. Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол Улс гудамж 410 дугаар байр 175 тоот хаягт байршилтай 43,5 м.кв талбайтай хоёр өрөө байрыг Л.Тогтохсүрэнгээс чөлөөлж өгнө үү. Би Л.Тогтохсүрэн, Э.Мөнхчулуун нартай 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн баталгаа болгож худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Зээлээ төлж чадахгүй бол маргаж буй байрыг би өөрийн өмчлөлд авна гэж амаар тохиролцсон. Ингээд орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу орон сууцыг өөрийн нэр дээр болгож гэрчилгээ авсан. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Жамсумаас 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 50 000 000 төгрөг зээлж, өөрийн компанийн инженер Э.Мөнхчулууны нэр дээр байсан 2 өрөө байраа барьцаалсан. Ё.Жамсумаас мөнгө зээлсэн болохоос биш Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол Улс гудамж 410 дугаар байр, 175 тоот, 2 өрөө байраа худалдаагүй юм. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 3 сарын хүү төлсөн. Миний бие "Харвайн толгой" ХХК-ийн захирал бөгөөд "Драгон холдинг" ХХК-тай хийсэн гэрээний хөлсөндөө 2 байр авсан ба маргаж буй байрыг Э.Мөнхчулууны нэр дээр авсан юм. Э.Мөнхчулуун бид 2 хамтран өмчлөх эрхтэй юм. 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ё.Жамсумаас ажилчдын цалин тавихаар 50 000 000 төгрөг зээлсэн. Гэтэл зээлийн баталгаа болгож заавал худалдах-худалдан авах гэрээ хийхгүй бол мөнгө зээлэхгүй гээд байсан учраaс Э.Мөнхчулуун худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Түүнээс байраа худалдах зорилго байгаагүй, байрны үнэнд Э.Мөнхчулуун 50 000 000 төгрөг аваагүй. Би зээлсэн 50 000 000 төгрөгөө төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба хуваагаад төлье гэхээр заавал бөөнөөр өг гээд учраа ололцохгүй өнөөдрийг хүрсэн гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Мөнхчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Л.Тогтохсүрэн, Ё.Жамсум гэх хүнээс ажилчдын цалин тавих зорилгоор 50 000 000 төгрөг зээлэхээр болж бид зээлийн гэрээ байгуулж, мөнгийг Л.Тогтохсүрэн авсан. Миний бие зээлээс нэг ч төгрөг аваагүй. Орон сууц миний нэр дээр боловч Л.Тогтохсүрэн хамтран өмчлөх эрхтэй юм. Байрыг худалдах санаа зорилго байгаагүй, байрны үнэд би 50 000 000 төгрөг аваагүй. Худалдах-худалдан авах гэрээ заавал хий гэхээр нь хийсэн, зээлийн барьцаа болгож байраа барьцаалж байна гэж ойлгосон гэжээ.

 

Хариуцагч Л.Тогтохсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Тогтохсүрэн би иргэн Ё.Жамсумтай 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авсан. Энэхүү зээлийг өөрийн 100 хувь хувьцаа эзэмшдэг "Харвайн толгой" ХХК-ийн үйл ажиллагаа, материалын зардал, ажилчдын цалинд зарцуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш ажил гүйцэтгэсэн газруудаасаа мөнгө авч чадалгүй өнөөдрийг хүрсэн зээл авсан өдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ё.Жамсум нь надаас зээлийн барьцаа авъя гэсэн. Тухайн үед надад барьцаанд тавих зүйл байгаагүй бөгөөд миний хувьцааг нь эзэмшдэг "Харвайн толгой" ХХК-ийн ажлын хөлсөнд "Драгон Холдинг" ХХК-иас хүлээн авсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 410 дугаар байрны 175 тоот 2 өрөө орон сууц байсан боловч манай компанийн инженер Э.Мөнхчулууны нэр дээр бүртгэлтэй байсан. Э.Мөнхчулуун нь зээлийн гэрээний дагуу авсан 50 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй боловч байрны өмчлөгч гэдгээрээ "Зээлийн гэрээ" болон "Орон сууц худалдах-худалдан авах гэрээ"-нд гарын үсэг зурсан. Энэхүү "Орон сууц худалдан-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд "Орон сууц худалдагч тал худалдан авагч талд 50 0000 000 төгрөгөөр худалдах ба худалдан авагч төлбөрийг 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төлж төлбөр тооцоо дуусгасан гэж заасан. Энэ нь Зээлийн гэрээгээр авсан 50 000 000 төгрөгийг хэлж байгаа бөгөөд 50 000 000 төгрөг зээлж, мөн 50 000 000 төгрөгөөр орон сууц худалдаж 100 000 000 төгрөг авсан хэрэг огт биш юм. Э.Мөнхчулуун, Ё.Жамсум нарын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн "Орон сууц худалдах-худалдан авах гэрээ" нь орон сууцаа худалдах гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл биш, гэрээнд 50 000 000 төгрөг хүлээн авсан мэт дүр үзүүлэн хийсэн, Зээлийн гэрээг халхавчилан хийсэн хэлцэл юм. Бодит байдал дээр ч 50 000 000 төгрөгийн үнэлгээтэй байр биш. Мөн миний зүгээс гэрээний дагуу 7 770 000 төгрөгийг Ё.Жамсумд төлсөн, Зээлийн гэрээний үүргээ цаашид гүйцэтгэн үлдэгдэл төлбөрөө төлөх болно. Иймд Э.Мөнхчулуун, Ё.Жамсум нарын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож  өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ё.Жамсум шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Ё.Жамсум миний тус шүүхэд анх гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлага нь Ё.Жамсум миний өмчлөлд байгаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол Улс гудамж 410 дугаар байр 175 тоот хаягт байршилтай 43,5 м.кв талбайтай хоёр өрөө байрнаас Л.Тогтохсүрэнг албадан гаргаж байрыг чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй сөрөг нэхэмжлэл болно. Л.Тогтохсүрэн нь 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн орон сууц худалдах-худалдан авах гэрээний аль нэг тал биш учир сөрөг нэхэмжлэл гаргах этгээд биш болно. Иймд Л.Тогтохсүрэнгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Мөнхчулуун сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ё.Жамсумд орон сууц худалдаагүй тул сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Тогтохсүрэнд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол Улс гудамж 410 дугаар байрны 175 тоот хаягт байршилтай 43,5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ё.Жамсумын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 407 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ё.Жамсумаас 407 950 төгрөг гаргуулж хариуцагч Л.Тогтохсүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ё.Жамсум давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн процессийн зөрчилтэйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь хариуцагч Л.Тогтохсүрэнтэй би 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээг огт байгуулаагүй. Уг гэрээний нэг тал нь би, нөгөө тал нь Э.Мөнхчулуун байсан байхад шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Э.Мөнхчулууныг татсан атлаа Э.Мөнхчулуун бид хоёрын мэтгэлцэх эрх, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжийг хангалгүйгээр дан ганц Л.Тогтохсүрэнгийн хүсэлт, Э.Мөнхчулууны шүүх хуралдаанд хэлсэн тайлбараар Орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн уг байрны өмчлөгч, надад байраа худалдсан Э.Мөнхчулуун тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага огт гаргаагүйг шүүх анхааран үзнэ үү. Хэрэв Э.Мөнхчулуун гэрээг цуцлах шаардлага гаргасан бол Э.Мөнхчулуун надад худалдсан байраа буцааж авах нөхцөл нь 50 000 000 төгрөгийг хүү, алдангийн хамт өгч байж надаас худалдан авна гэж хэлж байсныг Ё.Алтанцэцэг, Л.Түвшинбаатар, Э.Эрдэнэчулуун нараар би гэрчлүүлэх байсан. Мөн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хийсний дараа Зээлийн гэрээ хийгдсэнийг нотлох байсан. Бодит байдал дээр тухайн үед Э.Мөнхчулуун, Л.Тогтохсүрэн нар нь хоёулаа бартераар авсан байруудаа зарах шаардлагатай байгаа, тэгээд яг одоо бол байр авах хүнгүй байгаа тул та энэ байрыг 50 000 000 төгрөгөөр авчих, тэгээд энэ байр болон өөр бартераар авсан байруудынхаа аль нэгийг зарчихаад таны 50 000 000 төгрөгийг хүү, алдангитай нь өгнө, ер нь та энэ байрыг худалдаж аван гэрчилгээ гаргуулаад авчихаж байгаа юм чинь дараа нь бид таны мөнгө хүү, алдангийг чинь өгөхгүй тохиолдолд та энэ байртайгаа үлдэнэ шүү дээ гэж хэлээд би мөнгө авч чадахгүй тохиолдолд байртай үлдэх юм байна гэж бодоод худалдах-худалдан авах гэрээ хийсэн юм. Тухайн үед эд нар байраа зарж байж, хүмүүсийнхээ цалинг өгнө гэж байсан юм. Тэгээд намайг уг байрыг худалдаж авсны дараа зээлийн гэрээ хийе гээд хийсэн. Үүнийг миний тухайн өдөр гэрээ хийсэн огноо, цаг батална. Учир нь эхлээд Орон сууц худалдах-худалдан авах гэрээг Баянзүрх дүүргийн наториат дээр хийсэн ба хийгдсэн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ болон бусад холбогдох материалыг зөвхөн худалдагч тал буюу Э.Мөнхчулуун өөрөө Баянзүрх дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт өгдөг дүрэм журмийн дагуу 14 цагийн үед материалаа өгч орой 17 цагийн үед улсын бүртгэлд бүртгэгдэн баталгаажсан гэрчилгээг зөвхөн худалдан авагч тал буюу Ё.Жамсум би өөрөө гардаж авсан. Тэгсний дараа бүүр орой 18 цаг өнгөрөөгөөд тэдний хүсэлтээр Баянгол дүүргийн наториатч дээр Зээлийн гэрээ хийгдсэн. Энэ байдал нь хүртэл байраа надад худалдсаныг гэрчилж байгаа ба энэ байдлуудыг шүүх үнэлэлгүйгээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Э.Мөнхчулуун нь энэ байдлуудыг үгүйсгэсэн бол би энэ байдлуудыг нотлох бүрэн боломжтой. Орон сууц худалдах-худалдан авах гэрээг Баянзүрх дүүргийн наториат дээр, зээлийн гэрээг Баянгол дүүргийн наториат дээр тус тус хоёр өөр газар, хоёр өөр цаг хугацаанд хийгдсэн байдаг. Энэхүү үйл баримт нь надад эхлээд байраа худалдсаныг, дараа нь зээлийн гэрээ хийгдсэнийг гэрчилж байгаа болно. Мөн Э.Мөнхчулуун буюу байраа худалдсан хуучин эзний бие даасан ямар нэг шаардлага гаргаагүй байхад энэ хэргийг эцэслэн шийдвэрлэлээ. Зээлийн гэрээг тойруулж асуугаад байхаар нь зээлийн гэрээ хийгдсэн үнэн гэдгийг нь хэлсэн гэтэл уг зээлийн гэрээг эхэлж хийсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзээд, орон сууц худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзсэнд гомдолтой байна. Би шүүх хуралдаан эхлээд орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн, дараа нь зээлийн гэрээ хийгдсэн гэдгийг хэлж байсан. Шүүх хуралдаанаар үндсэн нэхэмжлэлийн талаар огт авч хэлэлцээгүй. Яагаад намайг байр чөлөөлүүлэхийг хүсээд байгаа, намайг уг байрны өмчлөгч мөн гэж яагаад үзээд байгаа талаар тодруулалгүйгээр, зээлийн гэрээтэй холбоотой асуулт тавьсаар байгаад хэргийг хянан шийдвэрлэснийг би шүүх хэт нэг талыг барьж, хэргийг хянан шийдвэрлэлээ гэж үзэж гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гарсны дараа, би ямар байдалтай үлдэж байна вэ гэхээр миний байр гэж бодож байсан байр ч үгүй, 1 жил 6 сарын эцэст Э.Мөнхчулуун, Л.Тогтохсүрэн нараас мөнгөө ч авч чадахгүйд хүрч хохироод үлдэж байна. Энэ хүмүүсийн зальтай, башир аргаас болж би авах юм юу ч үгүй үлдэж байгаадаа гомдолтой байна. 1 жил 6 сарын өмнөх 50 000 000 төгрөгийг одоогийн мөнгөний үнэ цэнэтэй харьцуулж үзэхэд үнэхээр үнэгүйдсэн. Давж заалдах шатны шүүхээс шудрага үнэн мөнийг ялгаж өгнө гэдэгт итгэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хэрэв хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай баримт бүрдээгүй байна гэж үзвэл, миний эрхийг хангаж хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Ё.Жамсум нь хариуцагч Л.Тогтохсүрэнд холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол Улс гудамж 410 дугаар байрны 175 тоот хаягт байршилтай 43,5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Хэргийн 15 дугаар талд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ авагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Ё.Жамсум гуравдагч этгээд Э.Мөнхчулууны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол Улс гудамж 410 дугаар байрны 175 тоот, 43,5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ.

 

Дээрх гэрээг үндэслэн уг орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ё.Жамсум бүртгүүлэн улсын бүртгэлд өмчлөх эрхийн 000373641 дугаартай гэрчилгээ авсан тухай үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

Хэргийн 16 дугаар талд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд уг гэрээнд Ё.Жамсумаас Э.Мөнхчулуун, Л.Тогтохсүрэн нарт 50 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлэхээр талууд тохиролцож, мөн өдөртөө нэхэмжлэгч Ё.Жамсум 50 000 000 төгрөгийг хариуцагч Л.Тогтохсүрэнд хүлээлгэн өгсөн тухай үйл баримтыг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар зөв тогтоожээ.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Ё.Жамсум хариуцагч Л.Тогтохсүрэнд 50 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, харин худалдах-худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Ё.Жамсум гуравдагч этгээд Э.Мөнхчулуунд орон сууц худалдан авсан үнийг шилжүүлээгүй, зээлийн гэрээг баталгаажуулж мөнгө төлөгдөөгүй нөхцөлд 2 өрөө орон сууцны өмчлөл шилжихээр талууд тохиролцсоныг талуудын хэн аль нь үгүйсгээгүй байна.

 

 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Ё.Жамсум нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахад өмчлөх эрх нь хуульд заасан арга журмын дагуу үүссэн байх ёстой бөгөөд тэрээр өмчлөлийн зүйлийг өөрт шилжүүлсэн үндэслэлээ орон сууц худалдах-худалдан авах гэрээ гэж тайлбарладаг боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан шинжтэй байх тул Ё.Жамсум, Э.Мөнхчулуун нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулах зорилго агуулаагүй байжээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулах зорилго агуулаагүй тул орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, уг гэрээ нь хүчин төгөлдөр бус энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ё.Жамсумын орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Иймд Л.Тогтохсүрэнгийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол Улс гудамж 410 дугаар байрны 175 тоот хаягт байршилтай 43,3 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ё.Жамсумын нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Ё.Жамсум, гуравдагч этгээд Э.Мөнхчулуун нарын хооронд байгуулагдсан 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Энэхүү шийдвэр нь зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардахад саад болохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ё.Жамсумын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ