Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 216/МА2026/00002

 

 

 

 

 

     

 

******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          

         Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 306/ШШ2025/00437 дугаар шийдвэртэй,

     Нэхэмжлэгч З.А нэхэмжлэлтэй,

     Хариуцагч У.Ц холбогдох,

         Нэхэмжлэлийн шаардлага: 91-74 ГЧ улсын дугаартай цементвозын чиргүүлд гэм хор учруулсан хохирол буюу засварын зардал 7,343,600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжингийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бүрнээ /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Бямбасайхан нар оролцов.

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

         2. Нэхэмжлэгч З.А төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин нь хариуцагч У.Ц холбогдуулан “...91-74 ГЧ улсын дугаартай цементвозын чиргүүлийн засварын зардал 7,343,600 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь “чиргүүлийнхээ эвдрэлийг З.А өөрөө хариуцахаар тохиролцсон тул би хариуцахгүй” гэж маргажээ.

            3. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол хэмээн тодорхойлсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1-д “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 751.1.4-т “бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах” гэснээр тухайн нэхэмжлэл нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлд хамаарна.

            4. Анхан шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар1 дугаар бүлэгт заасан “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичмэл  баримтад тулгуурлан хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнэж, үйл баримтыг тогтоосон байх бөгөөд шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

           5. Тухайлбал, 2023 оны 10  дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч З.А нь өөрийн өмчлөлийн 91-74 ГЧ улсын дугаартай цементвозын чиргүүлийг гаргах, хариуцагч У.Ц нь чиргүүл чирэх толгой тээврийн хэрэгслийг олж өөрөө жолоодон тээвэр хийж, олсон ашгаа тавь тавин хувиар хуваан авахаар тохиролцсон ба талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр гэрээ болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

          6. Талууд, дээрх хүсэл зоригийн илэрхийлэл болон нэг удаа тээвэр хийж, ашгаа хуваан авсан, гэрээ дуусгавар болсон талаар маргаагүй.

            7. Анхан шатны шүүх, “чиргүүлийнхээ эвдрэлийг З.А өөрөө хариуцах, чиргүүл чирэх толгойнхоо эвдрэлийг У.Ц хариуцахаар тохиролцсон”  гэсэн хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үнэлэхдээ гэрч Д.Б мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг  үнэлсэн нь үндэслэлтэй.

           8. Цементвозын чиргүүлийн эвдрэл нь анхнаасаа байсан эсэх, нэг удаагийн тээврийн явцад үүссэн эсэх, тээврийн явцад учирсан эвдрэлийг өмчлөгч З.А өөрөө хариуцахаар үүрэг хүлээсэн тохиролцоо хийгдсэн эсэх, эсхүл хариуцагч У.Ц зөвшөөрөлгүйгээр чиргүүлийг ашигласнаас эвдрэл гэмтэл учирсан зэргийн аль нь болохыг тогтоосноор талуудын маргаантай харилцаа тодорхойлогдоно.

            9. Нэхэмжлэгч нь, “тохиролцооны дагуу нэг удаа хийсэн тээврээс гадна зөвшөөрөлгүйгээр хэд хэдэн удаа тээвэр хийж чиргүүлд эвдрэл гэмтэл учруулсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй байна.

        10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон чиргүүлийн эвдрэлийг нэхэмжлэгч З.А өөрөө хариуцахаар тохиролцсон гэсэн  хариуцагчийн тайлбарын талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бүрнээгээс тодруулахад “тийм утгатай зүйл ярьсан” гэж тайлбарласан, харин чиргүүлийн эвдрэл нь анхнаасаа байсан гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй, мөн “Ц.Ц, З.А зөвшөөрөлгүйгээр хэд хэдэн удаа тээвэр хийснээс эвдрэл үүссэн” гэж тайлбарласан боловч баримтаар нотлоогүй тул гэм хорын хохирол биш, хариуцагч У.Ц гэм буруутай болох нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

          Учир нь, хариуцагчийн тайлбар үнэн зөв болох нь гэрч Д.Б “...миний сольсон эд анги нэг удаагийн явалтаар эвдэрдэг эд биш, олон удаагийн давтамжтайгаар элэгдэж, элэгдэлд орж эвдэрдэг эд анги учир тухайн эд ангийг бүрэн сольж өгсөн...” гэсэн мэдүүлэг, Техникийн шинжилгээний шинжээчийн “...гэхдээ эдгээр сольсон эд анги нь нэг удаагийн тээврээр эвдрэх эд ангиуд биш бөгөөд урт хугацааны ашиглалтын явцад элэгдэж мууддаг эд ангиуд юм. Эсвэл хамаагүй ширүүн явж нүх, гуу жалганд харайлгасан тохиолдолд гагнаас ханзрах, нум хугарах, стермен тасрах тохиолдол гардаг. ...Жолоочийн буруутай үйлдлээс гэдгийг эд ангиудын цуурсан, салсан мөр, эвдэрч хэмхэрсэн эд ангиуд машиндаа байсан үед нь шалгах шаардлагатай...” гэсэн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байна.  

           11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу “...шийдвэрийг бүтцийн дагуу боловсруулаагүй, 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү”  гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах боломжгүй байна. Учир нь:

           11.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.2-т “Энэ хуулийн 759 .1-д заасан шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх бөгөөд үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, шийдвэрийн үндэслэлийн товч агуулгыг дурдана”, 759.4-т “...Шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлалыг Улсын дээд шүүх батална.” гэж зохицуулсан. Улмаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаар тогтоолын хавсралтаар “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын бүтэц, аргачлал”-ыг, 2024 оны 12 дугаар сарын 20-ын өдрийн 42 дугаар тогтоолын  1 дүгээр хавсралтаар Загварыг баталсан ба анхан шатны шүүхийн шийдвэр дээрх хууль, журмын дагуу боловсруулагдсан байна.

          11.2. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай бөгөөд тухайн хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1-д заасан “...нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэсэн шаардлагад нийцжээ.

        12. Иймд, анхан шатны шүүх маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 306/ШШ2025/00437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДНЯМАА

                      ШҮҮГЧ                                                         А.САЙНТӨГС

                           ШҮҮГЧ                                                         Б.НАРАНЧИМЭГ