| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 306/2025/00369/И |
| Дугаар | 216/МА2026/00003 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 216/МА2026/00003
“Х а а к” ТӨХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 306/ШШ2025/00375 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Х а а к” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Х о” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,144,953 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч Д.У, нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1.1. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө, өр авлагыг “Х а а к” ТӨХХК шаардах болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. “Х а а к” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. “Х о” ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 13,429,969 төгрөг байна. Үүнд:
...2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар Мал эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээний нийт үнэ 12,527,957 төгрөг, хүү 902,012 төгрөг, нийт 13,429,969 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Мөн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2011/01 дугаар Барьцааны гэрээг байгуулсан. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 6,714,984 төгрөг болно. Иймд ...гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 13,429,969 төгрөг, алданги 6,714,984 төгрөг, нийт 20,144,953 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, ... барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
1.2. Анхан шатны шүүх хуралдааны явцад гэрээний үүрэг 3,600,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
2011 онд Хүнс хөдөө аж ахуйн яамны “Мал хамгаалах” сангийн хөрөнгөөр аймаг бүрт мал эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор мөнгөн зээл гэрээгээр олгосон юм. Энэ шийдвэрийн дагуу манай аймагт “Х о” мал эмнэлгийг шалгаруулж тус зээлд хамруулан 12,527,957 төгрөгийг эмийн сангийн эргэлтийн хөрөнгө санхүүжилт хийж гэрээ байгуулсан. Манай “Х о” ХХК мал эмнэлэг тус зээлийг 2015 оны 09 дүгээр сарын 01-нд “Мал хамгаалах сан” төрийн санд 12,829,000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэрээнд илүү алданги тооцно гэж заагаагүй, мөнгө төлсөн баримт нь бүрэн байгаа. Гэрээнд заасан хугацаанд мөнгөө бүрэн төлсөн байхад дундаас нь 3,600,000 төгрөгийн өр гарсан гэж байна. Энэ талаар эхлээд мэдэгдэхгүй 10 жилийн дараа гарч ирж байгаад гайхаж байна гэжээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан “Х а а к” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Х о” ХХК-ийн захирал Д.У холбогдох 20,144,593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5.3 дахь заалтад “Энэхүү гэрээ нь хоёр тал гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулан зээлийн гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд дуусгавар болно” гэж заасан. Үүнээс харахад талууд зээлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байх бөгөөд үүрэг заавал биелэгдэх шинжийн хүрээнд бүрэн төлж, тооцоо нийлснээр гэрээ дуусгавар болно гэж зааснаас үзвэл, гэрээний ерөнхий хугацааг “төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл” гэж үйл явдлаар тодорхойлсон. Хариуцагч нь гэрээтэй холбоотой шаардлага хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан ч нэхэмжлэгчийн зүгээс гэрээг хугацаагүй байгуулсан, хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж маргасан тул гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй юм. “Үүргийг биелүүлэх хүртэл” үйл явдлаар гэрээний хугацааг тогтоож байгаа талуудын харилцан тохиролцоо нь нийтийн ашиг сонирхол, гэрээний зүйл нь төрөөс олгосон санхүүжилт гэсэн онцлог нөхцөл байдлаас шалтгаалсныг дурдах нь зүйтэй. 2011 оноос хойш нэхэмжлэгч байгууллагын хуулийн мэргэжилтнүүд жил бүр “Х о” ХХК-ийн гүйцэтгэх захиралтай уулзаж, тооцоо нийлэх гэхээр “цаг агаарын нөхцөл байдлын улмаас алдагдалд орсон, төлөх боломжгүй” гээд тооцоо нийлэхгүй, төлөхгүй байсан учраас 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит ХХК-ийн хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд хариуцагчтай байнгын тооцоо нийлэх санал тавьж байсан. Нэхэмжлэгч байгууллагын хувьд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, иргэдэд зээл олгодог бөгөөд тухайн бизнесийн онцлог нь цаг агаарын байдал ихээр нөлөөлдөг буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автах эрсдэл өндөр байдаг. Түүнчлэн 2019 оноос хойш 2022 оныг дуустал хугацаанд дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас зээлдэгч байгууллагууд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул уг хугацаагаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон. Энэ байдлаар хариуцагч байгууллагыг дэмжиж, үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд удаа дараа үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон бөгөөд хариуцагч байгууллагын хувьд хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг тул аливаа харилцаа бичгийн хэлбэрээр бус аман байдлаар явж ирснийг өөртөө давуу байдал болгон ашиглаж, үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хариуцагч компанийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж улсын төсөвт хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгч нарын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхийн зүгээс Иргэний хуулийн 82.4 дэх хэсэгт “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасныг баримтлан шударга ёсны зарчим, үүрэг заавал биелэгдэх зарчмын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх бүрэн эрхтэй. Гэтэл зөвхөн нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давууд үзэж, хэргийн нөхцөл байдал, үүссэн болон үүсэж болох үр дагаврыг үл харгалзан гагцхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. ...Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага хэвээрээ. Төлөөлүүлж байгаа байгууллага маань гэрээ, барьцааны гэрээ, ийм үлдэгдэл байгаа, үүнийг нэхэмжил гэсэн зааварчилгаа өгсний дагуу л явж байгаа.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
5. Хариуцагч “Х о” ХХК-ийн төлөөлөгч Д.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Би энэ хүний яриад байгааг ойлгохгүй байна. 3 жилийн хугацаатай гэрээ өгсөн. Нэг удаа ч гэрээгээ дүгнээгүй. Би 12,500,000 төгрөг аваад эргүүлээд 13,431,000 төгрөг болгоод хугацаанд нь төлсөн. Одоо ямар алданги тооцоод хаанаас юу гарч ирээд байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Яагаад гэвэл би яаман дээр өөрөө биеэрээ очиж Мал хамгаалах сангийн мэргэжилтэн О гэж хүн дээр очиж тооцоо хийсэн. Барьцаанд байсан байрныхаа ордерыг өөрөө авсан. Одоо манай байр банкны барьцаанд байгаа, нөхөр бид хоёр байрандаа амьдардаг. Та ямар ч өр авлагагүй боллоо гэж явуулчхаад одоо 10 жилийн дараа ийм зүйл гарч ирээд байгааг гайхаад байна. Анхан шатны хурал дээр 2 байгууллагын нэр өөрчлөгдсөн гэж энэ хүн ярьсан. Миний хувьд эцсийн шийдвэр бол надад төлөх мөнгө байхгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл би авсан санхүүжилтээ буцаагаад 100 хувь хүүтэй нь төлсөн. Гэрээн дээрээ хүү алданги тооцно гэсэн тийм юм байхгүй. Гэрээгээ 2 жил тутамд дүгнэнэ гэж хэлсэн боловч дүгнэсэн ч юм байхгүй. Дорноговь, Өмнөговь манай 3 ойрхон төлсөн. Манайхыг жижиг аймаг болохоор ингээд байгаа юм уу. Бусад аймгуудаас асуухаар ерөөсөө тийм зүйл яригдахгүй байгаа гэдэг. Яг намайг мөнгөө төлөх гээд явах гэж байхад шүүхэд бичиг ирсэн байсан. 2015 оны 08 дугаар сард санагдаж байна. Би шүүхэд ирээд уулзахад гэрээн дээр чинь алданги, тооцно гэсэн юм байхгүй байна, тийм учраас та үндсэн мөнгөө, хүүтэй нь төлж болно гэсэн. Хөдөө аж ахуйн яамны хуулийн зөвлөх нь дуудаад очиход та нар өөрсдөө ийм гэрээ хийчхээд энэ улсуудаас илүү алданги тооцно гэж юу яриад байгаа юм гэсэн. Би бодохдоо тэрийгээ яриад байдаг юм болов уу. Хэрвээ тийм л байсан юм бол энэ 10 жилийн хугацаанд бид нартай ярьж хөөрөөд хэлэхгүй яасан юм. Би ийм шинэ байгууллага байгуулагдсан гэдгийг мэдээгүй. Энэ бичгэн дээрээ болохоор удаа дараа шаардаж байсан, яасан яасан гэнэ үү их л сайхан зүйл бичсэн байна. Бид нарт нэг удаа ч болов үг цухуйлгаж та нар ийм байна шүү гэж хэлээгүй байж байгаад гэнэтхэн сая 08 дугаар сард анхан шатны шүүхийн бичиг ирсэн. Тэгж би мэдээд гайхаад ямар учиртай юм гээд бүх байгаа баримтаа өгсөн. Би 70 гарсан хүн. Олон дахин дуудагдаад байж чадахгүй. Надад төлөх хөрөнгө ч байхгүй, өр ч байхгүй. Миний эцсийн шийдвэр тийм л байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч “Х а а к” ТӨХХК нь “Х о” ХХК болон иргэн Д.У нарт холбогдуулан мал, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,144,953 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж 3,600,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч “Х о” ХХК нь “төлбөрийг бүрэн төлж дууссан” гэсэн үндэслэлээр маргаж, хүлээн зөвшөөрөөгүй байна.
3. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч “Х а а к” ТӨХХК нь хуулийн дагуу Мал хамгаалах сангийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхийг залгамжлан авсан этгээд мөн эсэхийг тодруулаагүй, нэхэмжлэлд заасан хамтран хариуцагч тус бүрт холбогдуулан, мөн бие даасан хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад иргэний хэрэг үүсгэлгүй шийдвэрлээгүй орхигдуулсан, талуудын хооронд Иргэний хуульд заасан ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг хууль зүйн үүднээс дүгнээгүй, хуулбар баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, талууд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн асуудлаар маргаагүй байхад энэ үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, улсын тэмдэгтийн хураамжийн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт зөрүүтэй заасан зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна.
Тодруулбал, дээрх зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэсэн үндэслэлд хамаарах ба мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
3.1. Хэрэгт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай”, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дугаартай “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай” тогтоолууд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай”, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/553 дугаартай “Авлага, өр төлбөр балансаас балансад шилжүүлэх тухай” тушаалууд зэрэг нь хуулбар хэлбэрээр авагджээ.
Нэхэмжлэгч “Х а а к” ТӨХХК нь, Мал эмнэлэг үржлийн газар, Мал хамгаалах сангаас санхүүжүүлж, Говьсүмбэр аймгийн ХХААЖДҮГазар, “Х о” ХХК нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан Малын эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах 01 дугаар гэрээ болон 2011/01 тоот зээлийн гэрээний барьцааны гэрээг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Дээрх, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Сайдын тушаал зэргээс харахад гэрээний нэг тал болох санхүүжүүлэгч Мал хамгаалах сан, Говьсүмбэр аймгийн ХХААЖДҮГазар нь хэзээ, ямар шийдвэрээр татан буугдсан нь тодорхойгүй, Мал хамгаалах сангаас санхүүжүүлсэн хөрөнгө, өглөгө, авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлсэн, уг алба татан буугдаж, тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг “Х а а к” ТӨХХК-д бүрэн шилжүүлсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар оролцох эрх үүссэн, шаардах эрхтэй гэж дүгнэх боломжгүй байна.
3.2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг “Х о ХХК, гүйцэтгэх захирал Д.У, хамтран хариуцагч Х б овогт Д У” гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ “...хариуцагч Х о ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.У...” гэж бичсэн нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэснийг баримтлаагүй нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийг зөв тодорхойлоогүй гэж үзэхээр байна.
3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч хоорондоо холбоотой хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд нэгтгэн гаргаж болно” гэснээр нэхэмжлэгч нь, ...гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,144,953 төгрөг гаргуулах шаардлагаас гадна барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах бие даасан шаардлага гаргасан байхад иргэний хэрэг үүсгээгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан нь мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.
3.4. Хэрэгт авагдсан 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан “Малын эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах 01 дугаар гэрээ”, “2011/01 тоот зээлийн гэрээний барьцааны гэрээ” гэж нэрлэсэн гэрээнүүд нь Иргэний хуулийн тусгай ангид заасан ямар гэрээний шинжийг агуулсан гэрээ болох хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэснийг баримтлаагүй гэж үзнэ.
3.5. Мөн хариуцагч талаас төлбөр төлсөнтэй холбоотой банкны баримтуудыг хуулбарлаж өгсөн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “...Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэснийг биелүүлэлгүй уг баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг зөрчсөн.
3.6. Шүүх иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгч “Х а а к” ТӨХХК-ийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан “төсвийн байгууллагын нэхэмжлэл” үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсан хэрнээ шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв” гэж, Тогтоох хэсэгт “Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай” гэж алдаатай бичсэн.
3.7. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “...төлбөрийг төлж барагдуулсан байна” гэж дүгнэсэн боловч Тогтоох хэсэгтээ “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж зөрүүтэй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой огт маргаагүй, зөвхөн “төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад 10 жилийн дараа шүүхэд хандсанд гайхаж байна” гэсэн тайлбар гаргасан, нэхэмжлэгч талаас энэ асуудлаар мөн тайлбар гаргаагүй байхад Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй буюу талуудын маргаангүй асуудлаар шүүх шийдвэр гаргасан нь буруу юм.
4. Хариуцагч “Х о” ХХК-ийг төлөөлж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Д.У нь “...2015 онд энэ асуудлаар шүүхэд дуудагдсан. Тэгээд төлбөрөө төлж барагдуулсан, би өөрийн биеэр очиж байрныхаа гэрчилгээ авсан. Одоо байр банкны барьцаанд байгаа” гэж тайлбарласан. Энэ үйл баримт нь анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй байх тул энэхүү маргаан өмнө нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсч байх тул хэргийн оролцогч, эсхүл шүүх санаачилгаараа энэ асуудлын талаар нотлох баримтыг цуглуулж, бүрдүүлж, шинжлэн судалсны эцэст шийдвэрээ гаргах шаардлагатай болохыг тэмдэглэж байна.
5. Мөн, хэрэгт нэхэмжлэгч талаас Ж.М гэсэн хүнтэй холбоотой итгэмжлэл, холбогдох баримтуудыг андуурч гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэсэнд хамаарахгүй байхад буцааж өгөлгүй хэрэгт хавсаргаж үдсэн алдаа гаргасныг шүүгчийн туслахууд цаашид анхаарах шаардлагатай.
6. Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэл болон нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
7. Иймд, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 306/ШШ2025/00375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ О.ОДНЯМАА
|
|