Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгч О.У, О.А, Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.У, О.А, Б.П нарт холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

О.У,

 

О.А

 

Б.П 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч О.У нь тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын Цагаан-Элгэн гэх газраас хохирогч Б.Бын олон тооны буюу 18 тооны адууг хулгайлж 13250000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.П нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө яллагдагч О.Уын хулгайлсан олон тооны адуунаас 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагч О.А, О.У нартай бүлэглэн 3 адуу нядалж зарсан нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан,

 

Шүүгдэгч О.А нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө яллагдагч О.Уын хулгайлсан олон тооны адуунаас 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч О.Утай бүлэглэн 1 адуу, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагч Б.Птой бүлэглэн 3 адуу нядалж зарсан нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манайх Хэнтий аймгийн Галшар суманд байдаг. Би Иххэт сумын Цагаан Элгэн гэх газраас 2019 оны 01 сарын 13-нд 18 тооны адуу тууж Ноён уулын ард байдаг Балдан гуайн хороонд аваачаад Аыг дуудсан. Тухайн үед би өөрийн эзэмшлийн “Мустанг” мотоцикльтойгоо явж байсан. Тухайн үедээ хэний адуу болохыг таниагүй. Шөнөдөө Атай хамт 1 тооны адуу нядалсан. Тухайн үед П байгаагүй. Харин А буцаж ирэхдээ Птой хамт ирсэн...” гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: У шөнө надруу Бын адууг хөөж Ноён уулын ард ирсэн байна гэж утасдсан. Тэгээд намайг  хүрээд ир гэхээр нь би очоод хашаанд хашсан хамар цагаан хар гүүг хийж аваад Хэнтий аймаг явсан. Хэнтий аймаг явж гэрлүүгээ аваачиж буулгаад орой нь Хөөврийн говийн хойно байх хаваржаандаа байх Улаанаа гэх хүн дээр ирсэн. Пүүеэ гэх хүний гэрээр нь дамжиж авсан. Хөөврийн говийн хойно 2 адуу хийж Хэнтий аймаг руу явж зараад ирсэн...” гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч Б.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Хэнтий аймгийн Галшир сумынх. Намайг гэртээ байж байхад Анхаа ирээд 2 адуу хийлцээд өг гэхээр нь хийлцэж өгөөд Хэнтий аймаг явсан” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх Дорноговь аймаг Иххэт сум 2 дугаар багийн нутаг Цагаан-Элгэн гэх газар хөдөө малтай. ... 2019 оны 01 сарын 13-ны өдөр манай адуунд байдаг хүрэн халзан азаргатай адуу дутчихсан байсан...маргааш өдөр нь алга болсон хүрэн халзан азарга нь хар охин дааганы хамт адуундаа ирчихсэн байсан...ирэхдээ хүзүүндээ мяндсан бөөрөнхий бугуйлтай ирсэн тэгээд би дутсан адууг хүн туусан байна гээд эрэл сурал болоод олоогүй...бүгд зөв талын гуян дээрээ ширээтэй гал тамгатай байсан...” гэсэн мэдүүлэг

 

Гэрч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн орчим ажил дээрээ байхад манай ажлын жолооч Мягмаржав ах надад хөдөөнөөс нэг тооны адууны мах ирсэн чи зараад өгөөч гэж хэлсэн... цагаан өнгийн портер маркийн машинтай жолооч, жолоочоос гадна нэг залуу байсан... Оюунцэцэгт зарсан... 740000 төгрөг... Мягмаржав ахад тэр мөнгийг нь өгсөн ...мах л байсан... гэсэн мэдүүлэг

 

Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ...Б утсаар залгаад хүрэн халзан азаргатай адуу дутуу байна хүрэн халзан азарга нь хээр шүдлэн байдастай хамт өнөөдөр адуундаа ирж нийлсэн хээр байдас нь бугуйл чирээд явж байна гэсэн тэгээд би уг адууг хүн туусан байна гэж төрсөн ах Энхтүвшингээр азарга болон байдасны ирсэн мөрийг нь мөрдүүлсэн тэгээд манай гэрээс 40 орчим км зайд байдаг Хэнтий аймгийн Галшар сумын нутагт Даваадорж гэх хүний хороон дээр хашаад хорооны урд хоёр адууг төхөөрсөн сэвс гүзээ нь байна гэсэн ...бүгд Бын нэр дээр байдаг ...хүрэн халзан азаргатай адууг очиж үзэхэд хүрэн халзан азарганы хамт ирсэн сартай хээр шүдлэн байдасны хүзүүнд бөөрөнхий цагаан мяндсан бугуйл углаатай чирээд явж байхаар нь би хашаандаа хашиж байгаад салгасан... гэсэн мэдүүлэг

 

Ашид билгүүн ХХК-ны газраас нас бие гүйцсэн хээлтэй гүү 2 ширхэгийг 1 600 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 54 /,

 

Ашид билгүүн ХХК-ны газраас соёолон үрээ азрагыг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 54 /,

Ашид билгүүн ХХК-ны газраас шүдлэн үрээг 700 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ.

/ хх-ийн 54 /,

 

Ашид билгүүн ХХК-ны газраас эр даагыг 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 54 /,

 

Ашид билгүүн ХХК-ны газраас соёолон үрээ азрагыг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 54 /,

 

Ашид билгүүн ХХК-ны газраас зээрд халзан азрагыг /8 настай/ 1 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 78 /,

 

Ашид билгүүн ХХК-ны газраас хээлтэй гүү /8настай/ 2 ширхэгийг 1 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 78 /,

 

Ашид билгүүн ХХК-ны газраас хамар халзан унагыг 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 78 /,

 

Ашид билгүүн ХХК-ны газраас үрээ /4 настай/ 4 ширхэргийг 2 800 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 78 /,

 

Ашид билгүүн ХХК-ны газраас үрээ /3 настай/ 2 ширхэгийг 1 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 78 /,

 

Ашид билгүүн ХХК-ны газраас шүдлэн байдас /3 настай/ 2 ширхэгийг 1 300 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 78 /,

 

Ашид билгүүн ХХК-ны газраас шүдлэн байдас /4 настай/ 2 ширхэгийг 1 300 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 78 /,

 

Ашид билгүүн ХХК-ны газраас халзан морийг /8 настай/ 900 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 78 /,

 

Ашид билгүүн ХХК-ны газраас  Мустанг мотоциклийг 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 78 /,

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-119-121 / зэргийг шинжлэн судлав.

       

           Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч О.У нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын Цагаан-Элгэн гэх газраас БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг маркийн мотоцикль ашиглан хохирогч Б.Бын олон тооны буюу 18 тооны адууг хулгайлан авч 13250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 01 сарын 13-ны өдөр манай адуунд байдаг хүрэн халзан азаргатай адуу дутчихсан байсан...маргааш өдөр нь алга болсон хүрэн халзан азарга нь хар охин дааганы хамт адуундаа ирчихсэн байсан...ирэхдээ хүзүүндээ мяндсан бөөрөнхий бугуйлтай ирсэн...бүгд зөв талын гуян дээрээ ширээтэй гал тамгатай байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ...Б утсаар залгаад хүрэн халзан азаргатай адуу дутуу байна хүрэн халзан азарга нь хээр шүдлэн байдастай хамт өнөөдөр адуундаа ирж нийлсэн хээр байдас нь бугуйл чирээд явж байна гэсэн тэгээд би уг адууг хүн туусан байна гэж төрсөн ах Энхтүвшингээр азарга болон байдасны ирсэн мөрийг нь мөрдүүлсэн тэгээд манай гэрээс 40 орчим км зайд байдаг Хэнтий аймгийн Галшар сумын нутагт Даваадорж гэх хүний хороон дээр хашаад хорооны урд хоёр адууг төхөөрсөн сэвс гүзээ нь байна гэж хэлсэн ...”гэсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны гэрэл зурган үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар

 

           Шүүгдэгч О.А нь 2019 оны 01 сарын 12-ны шөнө шүүгдэгч О.Уын хулгайлсан олон тооны адуунаас 2019 оны 01 сарын 12-ны шөнө 1 адуу, 2019 оны 01 сарын 13-ны шөнө шүүгдэгч Б.Птой бүлэглэн 2 адуу нядалж заран гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан гэмт хэргийг

 

           Шүүгдэгч Б.П нь 2019 оны 01 сарын 12-ны шөнө шүүгдэгч О.Уын хулгайлж авчирсан олон тооны адуунаас 2019 оны 01 сарын 13-ны шөнө шүүгдэгч О.Атай бүлэглэн 2 адуу нядалж заран гэмт хэргийн улмаас олсон  хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь гэрч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн орчим ажил дээрээ байхад манай ажлын жолооч Мягмаржав ах надад хөдөөнөөс нэг тооны адууны мах ирсэн чи зараад өгөөч гэж хэлсэн... цагаан өнгийн портер маркийн машинтай жолооч, жолоочоос гадна нэг залуу байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А ах бид хоёр хамар цагаан хар зүсмийн гүүг нядалж А ахын 43-76 УНХ улсын дугаартай...автомашины тэвшин дээр ачиж Хэнтий аймагт А ах гэртээ буулгаад ирье гээд явсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хашсан адуунаас нь хамар цагаан хар гүүг миний бугуйлаар манай дүү У бид хоёр алсан адуугаа эвдэж шуудайлж өөрийн эзэмшлийн 43-76 улсын дугаартай Хонда Портер маркийн  автомашины тэвшин дээр ачиж Хэнтий аймаг руу хөдөлсөн. ...П ахад хэлэхдээ У энд ойрхон хэдэн хулгайн адуу туугаад ирсэн байгаа 2 адуу хамт төхөөрөх үү гэж асуусан чинь П ах за тэгье гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,...зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

          Харин шүүгдэгч Б.П нь 2019 оны 01 сарын 12-ны шөнө шүүгдэгч О.Аыг гэрт нь очиход хамт явж, шүүгдэгчийн машин дээрээ ачсан махаа гэртээ буулгах үед хамт явсан үйлдлийг шүүгдэгч О.Атай бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан гэмт хэрэгт оролцсон гэж үзэх үндэслэл шүүгдэгч О.У, О.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдохгүй байна гэж үзлээ.       

 

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр, шүүгдэгч Б.П, О.А нарт мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч О.Уыг бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч Б.П, О.А нарыг  гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.У нь бусдын олон тооны буюу 18 тооны адууг хулгайлсан, шүүгдэгч Б.П, О.А нар нь  гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгч О.Ут 2 жил хорих ял, шүүгдэгч Б.П, О.А нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч нарыг тэнсэж хянан харгалзсантай холбогдуулан тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхийн зэрэгцээ мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх хязгаарлалтын албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн хуулийн 3-т ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж  хуульчилжээ.

 

 Шүүгдэгч О.У нь өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг маркийн мотоциклоор бусдын 18 тооны адууг тууж өөр малчны хороонд аваачсан,  шүүгдэгч О.А нь  гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхдээ адууг нядалж зарж борлуулахдаа Портер маркын тээврийн хэрэгсэл ашиглан зөөж тээвэрлэсэн тул тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинжтэй, шаардлагатай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч О.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 43-76 УНХ улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгсэл нь С.Чинбатын эзэмшлийнх болох нь Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-ийн109/ тогтоогдож байх ба  уг тээврийн хэрэгслийн үнийг Хөрөнгө, даатгалын үнэлгээний Ашид Билгүүн ХХК-аас 7000000  төгрөгөөр үнэлэн тогтоожээ.  

 

Иймд шүүгдэгч О.Уын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг” маркийн хар өнгийн мотоциклийг хураан улсын төсөвт, шүүгдэгч О.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 7000000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэж, шүүгдэгч О.Аын хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүйд тооцож уг тээврийн хэрэгслийг эзэмшигч С.Чинбатад буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нар нь хохирогч Б.Бад учирсан 13250000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

     Шүүгдэгч О.У, О.А, Б.П  нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 119-121/ ял шийтгэгдэж байсан болох нь тогтоогдож  байна.

 

Шүүгдэгч  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн мяндсан бугуйлыг устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.П.ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 тооны адуу ашигласан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс 1 тооны адуу ашигласан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Б.  овогт О.гийн У.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг, шүүгдэгч Б.  овогт О.гийн А., Б.  овогт Б.ийн П. нарыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.У.ыг 2 жил хорих ял шийтгэсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.А., Б.П. нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3,3-т зааснаар шүүгдэгч О.А., Б.П. нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдаж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А., Б.П. нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.У.т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.У.ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг” маркын хар өнгийн мотоциклийг /цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах газрын хашаанд байгаа/, шүүгдэгч О.А.аас Портер маркын тээврийн хэрэгслийн үнэ 7000000 /долоон сая/ төгрөгийг  гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Портер маркын цагаан өнгийн 43-76 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэх мөрдөгчийн тогтоолыг хүчингүйд тооцож /Иххэт сумын цагдаагийн хэсгийн хашаанд байгаа/, тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Ч.ад олгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн мяндсан бугуйлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.У.т авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч О.А., Б.П. нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН