| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0094/Э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Алтанцэцэг
Хохирогч Б.Б
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Тт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Т
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 05 дугаар сарын 08-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг Виктория бааранд хохирогч Б.Бий нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний ганхаа, дээд, доод уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 05 сарын 07-нд шилжих шөнө Виктория бааранд найзтайгаа 1 шил архи хувааж уугаад 00 орж бие засах гээд явж байгаад хохирогч Бтэй мөрлөлцөөд би түүнийг пизда минь гэж хэлсэн. Гэтэл Б чи намайг пизда минь гээд хэн бэ гээд өөдөөс дайрахаар нь уруул хавьцаа нь 1 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ 20:00 цагийн үед очсон. ...01:15 минутын үед ажлынхаа Виктория баарны үүдэн хэсэгт 00 орох гээд явж байтал нэг залуу намайг шээс минь гэх шиг болсон тэгээд би эргэж хараад чи яахаараа намайг шээс минь гэдэг юм гэтэл шууд миний шүд рүү баруун гараараа 1 удаа цохьсон. Бид хоёрын хооронд мөрлөлцсөн асуудал байхгүй.Дээд 2 шүд булгарч унасан. 2 шүдний ёзоороо авахуулсан. Би имплант шүд хийлгэнэ.1 шүдийг 3 сая төгрөгөөр хийнэ гэсэн. Нийт 6686180 төгрөг нэхэмжлэнэ ...гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2019 оны 05 дугаар сарын 07-ны орой 00:00 цаг өнгөрч байхад найз Ттэй хамт Виктория бааранд орсон юм. Бааранд ороод бид 2 хамт 1 шил 0.5 литрийн архи хувааж уугаад, дуусаад 02:00 минутын үед бид 2 хамт баарнаас гарах гээд баарны үүдэнд 00 орох гээд явж байхад манай найз Т баарны хөгжимчин залуутай мөрлөлцөх шиг болсон юм. Тэгээд л би 00 руу ороод эргээд гарч ирэхэд Т нөгөө залуутай маргалдаад зогсож байсан. Би гарч ирээд л салгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд аваад явсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 6 дугаар хуудас/,
Шинжээчийн .... дугаартай дүгнэлтэнд: “...Б.Бий биед дээд баруун 1, зүүн 1 дүгээршүдний булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний ганхаа , дээд, доод уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон хэд хэдэн удаагийн аль алинд нь үүсгэгдэх байх боломжтой. ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...." гэжээ. /хх-ийн 11 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-40 / болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 05 дугаар сарын 08-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг “Виктория” бааранд хохирогч Б.Бий нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний ганхаа, дээд, доод уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Б.Бий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ 20:00 цагийн үед очсон байсан. ... 01:15 минутын үед ажлынхаа Виктория баарны үүдэн хэсэгт 00 орох гээд явж байтал нэг залуу намайг шээс минь гэх шиг болсон тэгээд би эргэж хараад чи яахаараа намайг шээс минь гэдэг юм гэтэл шууд миний шүдрүү баруун гараараа 1 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2019 оны 05 дугаар сарын 07-ны орой 00:00 цаг өнгөрч байхад найз Ттэй хамт Виктория бааранд орсон. Бааранд ороод бид 2 хамт 1 шил 0.5 литрийн архи хувааж уугаад, 02:00 минутын үед баарны үүдэнд 00 орох гээд явж байхад манай найз Т баарны хөгжимчин залуутай мөрлөлцөх шиг болсон юм. Тэгээд л би 00 руу ороод эргээд гарч ирэхэд Т нөгөө залуутай маргалдаад зогсож байсан. Би гарч ирээд л салгасан...”гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 02/0239 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Г.Тт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Тт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал / гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ТМС-д суралцдаг гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй,өөрийн гэсэн орлогогүй/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор,өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Тт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Т нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/ тогтоогдож байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч эрүүл мэнддээ учирсан гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан олгуулахаар шаардах эрхтэй.
Хохирогч Б.Бд имплант шүд суулгах эмчилгээний зардлын тооцоог “Заяат алтан буурлууд” ХХК-ний Ортодонт шүдний эмнэлэгээс гаргаж ирүүлсэн хэдий боловч хохирогч нь уг эмнэлэгт цаашид эмчлүүлэх эсэх нь эргэлзээтэй, уг эмнэлгийн тарифт үнэлгээ авагдаагүй,гэмтлийн улмаас урьдын хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон эсхүл тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан талаар баримтаа ирүүлээгүй тул эрүүл мэнддээ учирсан гэм хор,гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах зайлшгүй зардлыг урьдчилан гаргуулах болон цалингийн тодорхойлолт ирүүлсэн Гэрэлт шанд ХХК-ний тодорхойлолт нь гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс зөрүүтэй /2019 оны 04 сарын 07-ноос хойш ажилгүй/ байх тул 18 хоногийн цалин 569680 төгрөгийн нотлох баримт дутуу байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Хохирогч Б.Бий нэхэмжилсэн 6686180 төгрөгнөөс “Ортодонт” шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 116500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С. овогт Г.гийн Т.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т.ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Т.т нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т.ээс 116500 төгрөг гаргуулан хохирогч Б.Б.д олгож, 6569680 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Т. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН