Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2026/00100

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/09144 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

143,312,588 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *******-тай гэрээг байгуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, 2в тоот хаягт байрлах ******** оффисын 1 дүгээр давхрын, 103 тоотын 272.3 м.кв хэмжээтэй талбайг түрээслүүлж эхэлсэн.

Гэрээний 4.1.1-т заасны дагуу нэг сарын түрээсийн төлбөр 20,967,100 төгрөг ба түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-ны дотор урьдчилан төлөх учиртай байсан.

******* нь 2024 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг 06 дугаар сарын 25-ны өдөр төлөх ёстой байсныг төлөөгүй ба үүнээс хойш түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.

Төлбөр төлөх хугацаа тогтоож өгсөн хэдий ч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул гэрээний 8.1.4.1, 7.1, 7.2-т заасныг үндэслэн гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр цуцалж буй талаар мэдэгдэл хүргүүлж, гэрээг цуцалсан.

******* нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000, 10 дугаар сарын 21-ний өдөр 4,500,000 төгрөгийн төлбөр төлсөн. Мөн тус компани нь энэ оны 03 дугаар сарын түрээсийн төлбөрийн зөрүү болох 12,580,260 төгрөгийн үлдэгдэлтэй. Гэрээний 7.1-д 0.3 хувийн алданги тооцох талаар заасан.

Иймд түрээсийн төлбөрт 53,884,849.70 төгрөг, алдангид 11,806,574.01 төгрөг, нийт 65,691,424.01 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2. Хариуцагч нь 2024 оны 08 дугаар сараас эхлэн ашиглалтын төлбөр төлөх үүргээ зөрчсөн. Мөн ******* нь манай компанийн оффисын барилгын 101 тоотод үйл ажиллагаа явуулдаг *******-тай хамтран ажиллах болсноо илэрхийлж, 2024 оны 08 дугаар сараас эхлэн тус компанийн түрээс, ашиглалтын төлбөрийг хариуцан төлөхөө 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн албан тоотоор илэрхийлж байсан.

Ийнхүү 101 тоотын түрээслэгч байсан *******-ийн 8 дугаар сарын ашиглалтын төлбөр 688,046 төгрөг болсон ба үүнийг ******* хариуцан төлөх учиртай.

Харин *******-ийн өөрийн түрээсэлж байсан 103 тоот оффисын талбайн 2024 оны 8, 9, 10, 11, 12 дугаар сарын ашиглалтын төлбөрүүдийг төлөөгүй ба 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,005,898 төгрөгийг 103 тоотын ашиглалтын төлбөр гэж төлсөн. Өдгөө ******* нь нийт 2,139,604 төгрөгийн ашиглалтын төлбөр төлөх үлдэгдэлтэй байна.

1.3. *******-д түрээсийн төлбөр төлөх хугацаа тогтоосон ч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул манай компани гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж дуусгавар болгосон. Энэ цагаас хойш хариуцагч нь төлбөрөө төлөхгүй атлаа, оффис суллаж өгөх шаардлагыг биелүүлэхгүйгээр хэвийн ашигласаар байсан тул манай компани 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл оффисын талбайг түрээслүүлж олох ёстой байсан орлогыг *******-д оффисыг 1 сарын 20,967,100 төгрөгөөр түрээслүүлж байсан үнээр тооцоход, 75,481,560 төгрөгөөр хохирсон.

Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65,691,424.01 төгрөг, ашиглалтын төлбөрт 2,139,604 төгрөг, олох ёстой байсан орлого буюу хохиролд 75,481,560 төгрөг, нийт 143,312,588 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах цаг хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Э.Буянхишиг нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй.

Тухайлбал, хэргийн материал дотор ******** нэхэмжлэл гаргах эрхийг олгосон итгэмжлэл, түүнийг томилсон тушаал, эсхүл түүнтэй байгуулсан гэрээний аль аль нь байхгүй, итгэмжлэлгүйгээр хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэхээргүй байна.

Мөн хэрэгт авагдсан компанийн дүрэм нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Э.Буянхишигийг томилсон гэх өдрөөс өмнөх дүрэм авагдсан зэрэг эргэлзээтэй зүйлүүд байгааг анхаарч үзнэ үү.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж хуульчилсан. Манай компанийн зүгээс /нөхөж байгуулсан/ 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

******* гаргасан нэхэмжлэл болоод нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай албан бичгүүдэд нийт нэхэмжилж буй үнийн дүн тодорхой бус тусгагдсан нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой, ойлгомжтой байх ёстой гэсэнтэй нийцэхгүй байна. Учир нь гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр цуцалсан талаар дурдсан атал уг хугацаанаас хойших төлбөрийг гэрээнд тусгасны дагуу олох байсан орлого гэсэн агуулгаар, гэрээ хүчин төгөлдөр үетэй нэгэн адил дүнгээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Гэрээг цуцалсан гэх цаг хугацаанаас хойших хугацааны дийлэнх хугацаанд гэрээнд тусгасны дагуу зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаагүй буюу тог, цахилгаанаар хязгаарласны улмаас манай компани хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч, бид өөр оффис, газруудаар компанийн үйл ажиллагааг явуулсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 326 дугаар зүйлийн 326.2, 294 дүгээр зүйлийн 294.1, 295 дугаар зүйлийн 295.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 143,312,588 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,407 төгрөг, 546,056 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 1,032,463 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ" гэж, 318.4 дахь хэсэгт "Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна" гэж тус тус хэлбэрийн шаардлагуудыг маш тодорхой хуульчилсан.

Хуульд хоёрдмол утга санаагүй, тодорхой хуульчилсан байхад ямар нотлох баримтад тулгуурлан уг гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх боломжгүй гэж үзсэн нь тодорхойгүй байна.

******* нь нэхэмжлэлдээ олох ёстой байсан орлого буюу хохиролд 75,481,560 төгрөгийг нэхэмжилсэн. Түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт "аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоор биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх" гэж, 318.2 дахь хэсэгт "зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ" гэж хуульчилсныг анхаарах ёстой байсан.

Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалтуудаас үзвэл манай компанийн хувьд дүрэмд заагдсан үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулж, тодорхой үр шимийг хүртэх эрхийг зохих ёсны дагуу эдэлснээр хариу төлбөр төлөх үүргийг хүлээхээр ойлгогдож байна.

Гэвч гэрээг цуцалсан гэх 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш ус, цахилгааны бүрэн хязгаарлалт хийсний улмаас манай компанийн хувьд дүрэмд заагдсан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж гадуур ажиллаж байсан.

Манай компанийн хувьд гэрээг цуцалсан талаарх мэдэгдэл өгсөн гэх 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойших хугацаанд тухайн оффист үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд ******* нь бусдад түрээслүүлэх, орлого олох ямар бодит боломж байсныг тогтоосон, нотолсон зүйл байдаггүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж маргаж буй боловч 655 м.кв талбайгаас зөвхөн 272 м.кв хэсгийг түрээслүүлсэн тул бүртгүүлэх шаардлагагүй байсан. Манай тал гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлснээс хойш хариуцагч талбайг чөлөөлөлгүй 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ашигласан. Иймд олох ёстой байсан орлогын хохирлыг түрээсийн үнээр тооцсон нь үндэслэлтэй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 53,884,849.70 төгрөг, алданги 11,806,574.01 төгрөг, ашиглалтын төлбөр 2,139,604 төгрөг, олох ёстой байсан орлого буюу хохиролд 75,481,560 төгрөг, нийт 143,312,588.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийг эрх бүхий этгээд гаргаагүй, гэрээ цуцалсны дараа ашиглах боломжоор хангаагүй атлаа төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөр маргажээ.

 

3. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж 2в тоот хаягт байрлах ******** барилгын 103 тоот хаягт байрлах 272.3 м.кв хэмжээтэй талбайг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай түрээслүүлэхээр,

******* нь 1 м.кв талбайн төлбөр нь 77,000 төгрөг, нийт 1 сарын төлбөрт 20,967,100 төгрөг төлөх, ашиглалтын зардал буюу цахилгаан, цэвэр ус, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах зардал, хог ачилтын зардал зэргийг өгөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний 7.1-д заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Уг гэрээний ашиглалтын зардалтай холбоотой гэрээг талууд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөн байгуулсан.

Улмаар хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд түрээсийн зүйлийг ашигласан байна.

 

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

Түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлага хангагдсан, үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийг түрээсэлсэн учир улсын бүртгэлд гэрээг бүртгүүлэх шаардлагагүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарласан байна.

Энэ талаарх хариуцагчийн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан гэх гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхив.

 

3.2. Гэрээний 4.1.5-т зааснаар түрээслэгч нь дараа сарын түрээсийн төлбөрийг урьдчилан өмнөх сар бүрийн 25-ны өдрийн дотор түрээслүүлэгчид төлөх байсан боловч энэ үүргээ 2024 оны 07-09 дүгээр сард биелүүлээгүй.

Иймээс гэрээний 7.2, 8.1.4.1, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3, 294.2.1-д зааснаар нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр гэрээ цуцалж буй талаар мэдэгдсэнээр гэрээ цуцлагдсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Улмаар гэрээ цуцлагдсантай холбоотойгоор цуцлагдах хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 53,884,849.70 төгрөг, алданги 11,806,574.01 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

3.3. Гэрээний хэрэгжилтийн явцад үүсэх цахилгаан, цэвэр болон бохир ус, хог ачилтын зардлыг хариуцагч хариуцах талаарх ашиглалтын гэрээ 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан.

Түрээсийн гэрээ 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр цуцлагдсан боловч хариуцагч нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн зүйлийг буцаан хүлээлгэж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд хариуцагчаас 2024 оны 08-12 дугаар сарын ашиглалтын төлбөрт 2,139,604 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

3.4. Өмнө дурдсанчлан түрээсийн гэрээ цуцлагдсанаар хариуцагч нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн зүйлийг буцаан хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлэлгүй түрээсийн зүйлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн.

Талууд гэрээний 8.2-т түрээсийн гэрээ дууссан боловч түрээслэгч нь ажлын байрыг чөлөөлж өгөөгүй тохиолдолд ажлын байрыг хүлээлгэн өгөөгүй хоног тутамд ногдох түрээсийн төлбөр болон ашиглалтын төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ гэж харилцан тохиролцсон.

Мөн Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар гэрээг дуусгавар болгоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно.

Иймд түрээсийн талбайг хариуцагч хүлээлгэж өгөөгүйгээс олох ёстой байсан орлогыг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээнд заасан 1 сарын түрээсийн төлбөрөөр тооцож, 75,481,560 төгрөг гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн нь зөв байна.

3.5. Хариуцагчийн гаргасан гэрээ цуцлагдсанаас хойших хугацаанд хэрэглээний цахилгаан, усыг хязгаарласны улмаас компанийн дүрэмд заасан аж ахуйн үйл ажиллагааг эрхэлж явуулах боломжгүй болсон тул түрээсийн талбайг ашиглаагүй, мөн нэхэмжилж буй хохирол баримтаар тогтоогдоогүй гэх гомдлыг хангахгүй.

Учир нь хэрэв түрээсийн зүйлийг компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр ашиглах боломжгүй гэж үзсэн тохиолдолд хариуцагч нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн зүйлийг буцаан хүлээлгэж өгөх ёстой байсан. Энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг бусдад түрээсэлж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй болж, улмаар олох ёстой байсан орлогын хохирол учирсан.

Мөн нэгэнт талууд гэрээгээр түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд үүсэх үр дагавар, төлбөр тооцох журмыг урьдчилан харилцан тохиролцсон тул олох ёстой байсан орлогыг тусгайлан өөр баримтаар нотлох шаардлагагүй байна.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/09144 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 874,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ