| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/08538/И |
| Дугаар | 210/МА2025/02138 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/02138
2025 12 10 210/МА2025/02138
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/06926 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 175,908,042 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******, ******* нартай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/08 тоот Зээлийн гэрээ, 22/08 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 160,000,000.00 төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг, жилийн 8 хувийн хүүтэй, 360 сарын хугацаатай олгосон.
Зээлийн барьцаанд *******гийн өмчлөлийн ******* тоот хаягт байрлах ******* тоот бүртгэлийн дугаартай, ******* тоот гэрчилгээний дугаартай 74.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан барьцаалсан.
1.2. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг тогтмол тавьж, зээлийн гэрээг цуцлах талаар дараах хугацаанд албан мэдэгдлийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд өгч байсан.
1.3. Зээлдэгч нар нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 157,895,232.75 төгрөг, хүү 17,990,936.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,873.00 төгрөг нийт 175,908,042.47 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлдэгч нартай байгуулсан 22/11 тоот зээлийн болон барьцааны гэрээний 7.1.1, 7.1.2 дугаар зүйл, Иргэний хуулийн 451.1, 452, 453.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 157,895,232.75 төгрөг, үндсэн хүү 17,990,936.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,873.00 төгрөг нийт 175,908,042.47 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн ******* тоот хаягт байрлах ******* тоот бүртгэлийн дугаартай, ******* тоот гэрчилгээний дугаартай 74.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2025 оны 02 сарын 18-ний өдөр хүүгийн төлбөрт 5,594,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 44,937 төгрөг, нийт 5,999,000 төгрөг төлсөн тул хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, үндэслэлийн агуулга:
2.1. Хариуцагч бөгөөд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…Үлдэгдэл төлбөрийг гүйцээн төлж эвлэрэх гэж байгаа. Би төлж байгаа, үлдэгдэл 19,000,000 төгрөгийг төгрөгийг төлж дуусаад эвлэрэх гэж байгаа...” гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 169,909,042 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нар нь сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгө болох ******* тоот, 3 өрөө, 74,85 м.кв, ******* улсын бүртгэлийн дугаартай, *******гийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,037,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 1,007,719 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ талуудыг эрх тэгш мэтгэлцэх эрхээр хангаагүй, хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйгээс шалтгаалж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гараагүй гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ.", 89.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна.", гэж заасан боловч анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны товыг нэхэмжлэгч надад боломжит хугацааны өмнө мэдэгдээгүйгээс шалтгаалж шүүх хуралдаанд биечлэн оролцож татгалзал, тайлбарыг шүүхэд гаргаж чадаагүй болно.
4.2. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ.", 34.3.10-т “шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах” 34.3.12-т “шүүх хуралдаанд оролцох", 100 дугаар зүйлийн 100.3-т "Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.", мөн хуулийн 6.1-т "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ", 6.3-т "Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ." 6.4-т "Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно." гэж тус тус журамласан.
Миний бие хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг товыг хуралдаан болохоос 2 цагийн өмнө мэдсэн бөгөөд боломжит хугацааны өмнө хуралдааны товыг мэдээгүйгээс шалтгаалж шүүх хуралдаанд биечлэн оролцож хэргийн үйл баримтын талаар мэтгэлцэх боломжоор хангалгүйгээр шүүх хуралдааныг явуулж шийдвэрээ гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн хэргийг ийнхүү журам зөрчиж шийдвэрлэснээр хариуцагчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрх нь зөрчигдөөд байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/06926 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
2024 оны 12 дугаар сараас эхлэн 3-4 удаа шүүх хуралдааны товыг зарласан. Шүүх хуралдаанд хариуцагч ******* нэг ч удаа ирж байгаагүй, хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангаж өгнө үү гэх үндэслэлээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулдаг байсан. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул анхан шатны шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч энэ талаар мэдэж байсан, хариуцагч тал хэрэг үүсгэснээс хойш 5,954,062 төгрөгийг төлсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 175,908,042 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. “*******” ХК нь *******, ******* нарын хооронд 2019 оны 04 сарын 25-ний өдөр “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 160,000,000 төгрөг, сарын 0,66%, жилийн 8%-ийн хүүтэй, 360 сарын хугацаатай зээлж, зээлдэгч нар зээл, түүний хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөгдөөгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх талаар харилцан тохиролцсон;
3.2. Талуудын хооронд 2019 оны 04 сарын 25-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот, 3 өрөө, 74,85 м.кв талбайтай, *******гийн өмчлөлийн орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот 49,3 м.кв орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан;
3.3. “*******” ХК нь 160,000,000 төгрөгийг *******, ******* нарын дансанд шилжүүлсэн, хариуцагч нар нь зээлийн хүүнд 5,954,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 44,937 төгрөг, нийт 5,999,000 төгрөг төлсөн байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгуулсан талаар зөв дүгнэсэн.
5. Хариуцагч нар нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй үүргийн зөрчил гаргасан байх тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.2-т зааснаар нэхэмжлэгч талын санаачилгаар урт хугацааны гэрээг цуцлах эрхтэй.
Хариуцагч нарт 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 3 удаа зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг нэхэмжлэгч нь өгч байсан бөгөөд хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй.
6. Анхан шатны шүүх хэргийн баримтыг үндэслэн хариуцагч нараас 169,909,042 төгрөг гаргуулан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.
7. Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн. Шүүх хуралдаан болох 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдааны цагийг андуурсан талаар хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хэлсэн тайлбарыг “...утсаар холбогдсон тухай” тэмдэглэлд тусгагдсан байх тул анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Анхан шатны шүүх хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэгт төлсөн 5,999,000 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлтэй боловч уг мөнгөн хөрөнгөд тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын шинжтэй өөрчлөлт оруулна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/06926 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 169,909,042 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлээс 5,999,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,077,695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.ЦЭРЭНДУЛАМ