Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

          2016 оны 06 сарын 28 өдөр

    Дугаар 183/ШШ2016/00160

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 61 дүгээр байр, 18 тоот хаягт оршин суух, Жалайр овогт Гомбодоржийн Март /РД:НУ75030803/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам, өөрийн байранд байрлах Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харъяа Сэргээн засал, сувилалын цогцолборт холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Март, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням Т.Баярцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

       

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Март шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа сэргээн засах сувилалд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар нэмэгдүүлэн гаргасан байдаг. Нэгдүгээрт:  2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр аж ахуйн нярвын ажилд томилогдоод ажиллаж байгаад 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нярайн асаргааны чөлөөтэй байсан Гөлгөөгийн оронд кассын нярав ажилд томилогдон ажиллах болсон. Гэвч Гөлөгөөг шүүхээс ажилд эгүүлэн тогтоогоод 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр миний бие кассын нярвын ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Сэргээн засах сувилалын захиргаатай хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулсан боловч намайг иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ажлаас халсан.  Иргэний нисэхийн ерөнхий газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар бололцооны дагуу ажлын байр олж өгөх бололцоо байсаар байтал олж өгөхгүй өдий хүртэл явж байгаад нь гомдож байна. Иймд өмнө нь ажиллаж байсан ажил, хөдөлмөрийн нөхцөлтэй ижил ажил, ажлын байранд томилуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү. Хоёрдугаарт: Миний бие ажлаас 2016 оны 3 дугаар сарын 04-ны өдөр чөлөөлөгдөөд 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар гомдол гаргасан боловч энэхүү хуулийн заалт биелэгдэхгүй байсан тул 2015 оны 6 дугаар сарын 11 өдөр дахин өргөдөл гаргахад 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газраас ажлын байраар хангах боломжгүй гэсэн хариу ирсэн байгаа.  Иймд миний бие 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандсан байгаа. Сэргээн засах сувилалын захиргаанаас миний гомдлыг хугацаанд нь шийдвэрлээгүйгээс хугацаа хэтэрсэн. Гуравдугаарт: Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон учраас 13 сар ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сар хүртэлх цалин хөлс 12.957.828 төгрөгийг хариуцагчаас гаргуулах. Дөрөвдүгээрт: Миний ажилгүй байсан 2015 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх гэсэн эдгээр шаардлагуудыг гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт: 2014 оны 12 дугаар сарын хугацаагүй хөдөлмөрийн гэрээг Сэргээн засах үндэсний төвийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн Б/13 тоот тушаалыг цуцлагдаагүй болохыг шүүх дээр тогтоох бололцоо байхгүй гэж үзэж байна. Г.Марттай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь байгуулагдаад нэмэлт өөрчлөлт орсон. Анх Г.Март нь эд хариуцагч ачигч нярав гэдэг албан тушаалтай байсан бол өөрчлөгдөх үедээ касс нярав болж өөрчлөгдсөн. Кассын нярав орон тоон дээр өмнө нь ажиллаж байсан Гөлөгөө 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдөр шүүхийн шийдвэрээр буцааж томилсон учир Г.Мартыг ажлаас халсан байгаа. Иймд энэ гэрээг цуцлагдаагүй гэх үндэслэл байхгүй. Хоёрдугаарт: Сэргээн засах үндэсний төвийн захиргаанаас гомдлыг хугацаанд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шийдвэрлээгүйгээс шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг сэргээн тогтоох гэдэг нь бие даасан процесс бие даасан нэхэмжлэл байх ёстой. Эхлээд шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаанаа хэтрүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүнийг шийдвэрлэсний дараа шүүхэд үндсэн нэхэмжлэлээ гаргаж эрх нь үүснэ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сард байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдөр гарсан Б/13 тоот тушаалаар цуцлагдаагүй болохыг тогтоогоод урьд өмнө нь эрхэлж байсан ажил түүнтэй адил хөдөлмөр эрхлэлттэй ажил албан тушаалд буцаан томилох гэсэн нэхэмжлэлийн үндсэн шаардлага байгаа. Б/13 тоот тушаал цуцлагдаагүй гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага тодруулж байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулсан байгаа бөгөөд байгууллагын захиргаанаас миний гомдлыг хугацаанд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шийдвэрлээгүйг тогтоолгох, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэг сарын хугацаа өнгөрсөн гэсэн хариу тайлбар өгч байгаа учраас шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна. Энэ шаардлага нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай уялдаж байгаа. 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эцсийн байдлаар байгууллагын захиргаанаас хариу өгсөн байгаа тул Г.Март нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ үндэслэлүүдээс харахад Г.Март нь шүүхэд нэхэмжлэл гаргахад хугацаа хэтэрсэн гэх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг тогтоолгох шаардлагатай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

             

      ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Г.Март нь хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын харъяа Сэргээн засал, сувилалын цогцолборт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгийн үед нэхэмжлэгч Г.Март нь нэхэмжлэлийн шаардлагаа Сэргээн засах, сувилалын цогцолборын захирлын Б/13 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй тул өмнө эрхэлж байсан ажил, цалин, хөдөлмөрийн нөхцөлтэй ижил ажил, ажлын байранд томилуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан 13 сарын цалин 12.957.828 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардаж байна гэж нэмэгдүүлэн тодруулжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Март нь Иргэний нисэхийн Ерөнхий газрын Сэргээн засал, сувилалын цогцолборын захирлын 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/73 тоот тушаалаар эд хариуцагч, ачигч нярав ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс кассын няравын ажилд томилогдон ажиллажээ.

 

Харин Иргэний нисэхийн Ерөнхий газрын Сэргээн засал, сувилалын цогцолборын захирлын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/13 дугаартай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2008/Х дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 1141 дугаартай Магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 38 дугаартай тогтоолыг үндэслэсэн тушаалаар Г.Мартын хөдөлмөрийн гэрээг 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

 

Нэхэмжлэгч нь уг тушаалын хууль зүйн үндэслэлийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Ажлаас буруу халагдсан ажилтыг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасан заалтыг баримтлаагүй ажлаас чөлөөлсөн нь уг тушаал цуцлагдаагүй болохыг тогтоож байгаа бөгөөд хариуцагч байгууллагад өөр ажил олж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа өгсөөр байтал хариу өгөлгүй хугацаа удааж “....өөр ажил олж өгөх боломжгүй” гэсэн хариуг өгсөнөөр хугацааг тоолж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Г.Мартыг өөр ажлын байраар хангаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь тус байгууллагын захиргаанд бололцооны дагуу ажил олгох талаар 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргаж, захирлаас хуулийн дагуу өдөрт нь шийдвэрлэ гэсэн цохолтоор хүний нөөцийн менежерт шилжүүлж, хариуг 2015 оны 6 дугаар сарын 17-нд боломжгүй гэсэн хариуг өгсөн гэдэг нь Өргөдөл гомдлын бүртгэлийн карт /хх 6/, нэхэмжлэгчийн өргөдөл /хх7, 9/, Өргөдөл гомдлын бүртгэлийн картыг шийдвэрлэсэн байдал /хх8/ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч байгууллагын ажлаас халсан тушаал хууль зөрчөөгүй бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2008/Х дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1141 дугаартай Магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаартай тогтоолыг үндэслэн Д.Гөлгөөг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засал, сувилалын цогцолборын кассын няравын албан тушаалд эргүүлэн томилсон тул уг шийдвэрийг биелүүлэх зорилгоор Г.Мартыг ажлаас чөлөөлсөн бөгөөд өөр ажлын байр байхгүй байсан тул өөр ажилд томилох боломжгүй нөхцөл байдал үүсэн тул ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэхгүй гэж маргажээ. 

Нэхэмжлэгч Г.Март нь 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/73 тоот тушаалаар эд хариуцагч, ачигч нярав ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс Сэргээн засал, сувилалын цогцолборын кассын няравын ажилд томилогдон ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн тус байгууллагын даргын Б/13 тоот тушаалаар ажлаас халагдсан болох нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/73 Б/13, Б/12, Б/60 дугаар тушаал /хх-ийн 40, 35,36, 38/ болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. 

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2008/Х дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1141 дугаартай Магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаартай тогтоолыг үндэслэн Д.Гөлгөөг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засал, сувилалын цогцолборын кассын няравын албан тушаалд эргүүлэн эгүүлэн тогтоосон байна. Дээрх шийдвэр хуулийн хүчинтөгөлдөр болсон байна гэдэг нь 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2008/Х дугаартай шийдвэр /хх 92-98/, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1141 дугаартай Магадлал /хх 99-106/, 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 4468 дугаар Шүүгчийн захирамж /хх 107-108/ -аар тус тус тогтоогдож байна.

Иймд ИНЕГ-ын даргын Б/13 дугаар тушаал нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2008/Х дугаар шийдвэрийг биелүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гарсан гэж дүгнэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж зааснаар хариуцагч ИНЕГ-ын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн Б/13 тоот тушаалаар Г.Мартыг ажлаас чөлөөлж, тус байгууллагын даргын мөн өдрийн Б/12 дугаар тушаалаар Д.Гөлгөөг Сэргээн засал, сувилалын цогцолборын нярав кассын ажилд эгүүлэн ажиллуулсугай гэсэн тушаалыг гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гарган 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүйдлийн тэтгэмж авсан гэдэгт талууд маргаагүй байна.

Гэвч хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Г.Марттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд хуульд заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн үүргээ биелээгүй гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч хэлэхдээ “....Д.Гөлгөөг эргэж ажилдаа ороогүй байхад өөр хүнийг түүний ажилд сэлгүүлэн ажиллуулж, удаа дараа өөр ажил олж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөөр байхад, мөн ажлын байр гарсаар байхад намайг ажилд авалгүй өөр хүмүүсийг ажилд авч байгаа явдал нь хариуцагч байгууллага үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна” гэсэн нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/62 дугаартай Г.Наранзаяаг Д.Гөлгөөгийн эрхэлж байсан кассын няравын албан тушаалд томилсон тушаал /хх37/, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/60 дугаартай Д.Гөлгөөг ажилд авах тухай тушаал /хх38/, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай Г.Эрдэнэбилэгийг Д.Гөлгөөг ажилдаа орох хүртэл түр ажиллуулах тухай тушаал /хх39/, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/49 дугаартай Д.Ууганцэцэгийг ачигч, няраваар ажиллуулах тухай тушаал /хх41/, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/48 дугаартай Б.Баттөрийг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал /хх42/, 2015 оны 6 дугаар сарын Д.Ууганцэцэгийн Б.Баттөрийн оронд түх ажиллуулах тухай тушаал /хх43/, 2015 лны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/38 дугаартай Х.Оюун-Эрдэнийг түр хавсруулан ажиллуулах тухай тушаал /хх44/, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/28 дугаартай Х.Оюун-Эрдэнийг түр ажиллуулах тухай тушаал /хх45/ болон талуудын тайлбараар тус тус тогтогдож байна гэж үзлээ.  

Хариуцагч байгууллага нь шүүхэд гаргасан тайлбартаа “...манай байгууллагад энэ хүний ажиллаж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц орон тоо ажлын байр байхгүй, мөн үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэхгүй байгаа. Энэ хүн ажилгүй байсан хугацааны тэтгэмж авчихсан байгаа.” гэсэн тайлбар гаргасан нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч ИНЕГ-ийг нэхэмжлэгч Г.Мартад өөр ажлын байр санал болгоогүй, түүнчлэн ажлын байраар хангах талаар ямар нэг санаачилга гаргаагүй байна гэж дүгнэх үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэгч “....намайг ажлаас чөлөөлсөнөөс хойш хариуцагч тал ажлын байраар хангахгүй байхад хариуцагч нь ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй гэж 1 сарын дотор шүүхэд миний гомдол гаргах эрх маань нээгдсэн хэдий ч ажил олгогчид хуулийн дагуу өөр ажлаар хангаж өгнө үү гэсэн өргөдөл гаргахад хариуцагч байгууллага “...хүлээж бай, одоохон гаргаж өгнө” гэж хэлсэний дагуу шүүхэд гомдол гаргахгүйгээр хүлээсэн бөгөөд ИНЕГ өргөдлийн хариуг 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “..боломжгүй” гэсэн хариуг өгсөнөөр би шүүхэд нэхэмжлэлээ 2015 оны 7 дугаар сарын 09-ны өдөр буюу 1 сарын дотор гаргасан гэж тайлбарлаж байгаа явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой тул хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэрэгжих боломжтой байсан гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэгч дээрхи нөхцөл байдлын улмаас хариуцагч байгууллагын хариуг хүлээж байж боломжгүй гэсэн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан явдал нь хуульд харшлахгүй гэж шүүх үзлээ. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтыг биелүүлээгүй гэж татгалзаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,  түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, баримтыг цуглуулах, гаргаж өгөх ”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “ Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу татгалзах үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлэгүй байх тул татгалзалыг үндэслэлгүй байна шүүх дүгнэв.

                                                                                                   

           Иймд хариуцагч байгууллагага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө.” гэж заасны дагуу ажилтныг хөдөлмөрийн гэрээг цуцалсан явдал нь 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй хэдий ч хариуцагч нэхэмжлэгчид бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил, цалин, хөдөлмөрийн нөхцөлтэй ижил ажил, ажлын байранд томилуулахыг хариуцагчид даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаа болох 13 сарын цалин 12.957.828 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

         Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсэгт “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сүүлийн 3 сард 3.034.081 төгрөгийн цалин авсан байх ба нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 3.034.081 төгрөг болж байх тул  өдрийн /3.034.081:64= 47.408 төгрөг/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг Г.Мартын ажилгүй байсан 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 5 дугаа сарын 01-нийг хүртэлх ажлын 274 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 12.957.828 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн  40.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мартад бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгаж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12.957.828 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мартад олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мартын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5  дахь хэсэгт тус тус зааснаар зохигчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 1.725 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжинд 292.475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ