Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн  даргалж

            Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Чимэг,

Хохирогч С.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан

            Шүүгдэгч Ш.У, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Уд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Ш. У 

 

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

 Шүүгдэгч Ш.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутагт иргэн С.Бийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ардчилсан намаас мөсний баярт урьсан учраас би нөхөртэйгөө хамт явсан. Өглөө 11 цагийн үед очиход Б түрүүлээд нэлээн хэдэн хүмүүстэй ирсэн байсан. Ширээн дээрхи Соёрхол нэртэй архи талдаа орсон байсан. Б тэр архинаас бидэнд хундгалж өгөөд өөрөө ч мөн уусан. Бид тэмцээнд ороод 50 000 төгрөгөөр шагнуулсан. Орж ирэхэд дахин нэг шил архи гаргаж ууцгааж байсан. Гэхдээ согтсон хүн байгаагүй. Би гараад Бт явах уу гэхэд явахгүй, чамтай хэн явдаг юм, чи өөрөө явахгүй юу, гуйлгачин гэж хэлсэн. Тэгэхээр нь би гуйлгачин юм бол чи надаас луйвардаж авсан 100 000 төгрөг, мөн зээлж авсан 20 000 төгрөгөө өг гэхэд битгий хуцаад бай зайл луусангийн авгай минь гэж хэлсэн. Тэр үг нь надад муухай сонсогдсон. Би гомдоод үнэгэн малгайг нь шүүрээд авсан, Б малгайгаа авах гээд бүчнээс нь татсан чинь тасарсан, тэгэнгүүт миний энгэрээс зуураад хагас суусан. Тэр үед газар гараараа тулаад өндийсөн. Өндийхдөө надаас зуураад сөхрөөд суусан. Гэрээс хоёр хүн гарч ирэхээр нь би автобус руу орж суусан гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч С.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Уг арга хэмжээг Сайншанд сумын Ардчилсан намын хорооноос зохион байгуулсан. Би гишүүний зүгээс л оролцсон. Энэ ажиллагаа дууссаны дараа намайг гэрээс гарахын өмнө Нарантуяа гэх эмэгтэй тал шил архи ширээн дээр гаргаж тавихад У миний архийг чи гаргаж тавьсан гээд хэл ам үүсгээд байхаар нь би настай хүн байж битгий ингээд бай, би чамд төв рүү ороод архи аваад өгье гэж хэлсэн. Тэгэхэд У баян авгайгаас архи авч ууя гээд дагаад байсан. Бүх хүн машинд орж суусны дараа У ганцаараа үлдсэн байсан. Би Батбаяр даргатай машинтай ирсэн учраас машины гадна зогсож байсан. Энэ хүн гэрээс гарахдаа л намайг дагаад байсан. Тэгэхээр нь чи явж бай, би араас чинь очиж хоёрдугаар байранд орсоныг чинь тэмдэглэж өгнө гэхэд үгүй чамтай заавал хамт явна гэж хэлсэн. Би Уг архи уухаараа тавьтаргүй агсам тавьдаг гэдгийг мэддэг учраас зугтсан. Миний гарт аягатай аарц байсныг булааж аваад намайг цохих гэхээр нь би нүүрээ бултуулаад байсан чинь малгайг маань татаад тасалж, үсдээд, толгой руу цохихоор нь би орилсон. Тэгэхэд автобусанд энэ хүнийг хүлээж байсан хүмүүс буугаад ирсэн. Мөн гэр цэвэрлэж байсан Дайрийжав, М, Сараа гурав гараад ирсэн. Би босож чадахгүй байтал М намайг өргөж босгоход миний гар санжиж байсан. Эмнэлэг явж байхад Э цагдаад дуудлага өгнө гээд ярьсан. Эмнэлэг дээр очоод зураг авахуулахад таны гар маш их зөрж гэмтсэн байна маргааш өглөө унтуулагатай эвлүүлгэнд орно, юм идэж болохгүй гэж хэлсэн. Эмнэлэгээс өвчин намдаах тариа хийлгээд гарч явахад цагдаагаас хүрээд ир байцаалт авна гэж хэлсэн. Очиход намайг драйгер үлээлгэсэн. Би архи уугаагүй учраас согтуурлын хэмжээ гараагүй. Би ер нь олон нийтийн цуглаан дээр архи уудаггүй, мөн хүнтэй муухай харьцаж байгаагүй. Аав ээж маань хараал хэлж болохгүй гэж захидаг байсан. Би луусан гэдэг үгийг мэдэхгүй, сонсож ч байгаагүй. Мөрдөгч Д надад луусан гэдэг нь эмэгтэйчүүдийн хорих анги гэсэн үг гэж тайлбарлаж өгсөн. Би Уг урьд нь шоронд хоригдож байсан үгүйг мэдэхгүй, хүнийг гуйлгачин гэж хэлж байгаагүй. Тэгэхэд яагаад намайг ингэж хэлсэн гэж гүтгэж байгаад гайхаж байна. Би чи ямар жигшмээр юм бэ гэж хэлэхэд би жигшмээр юм гэж ямар байдгийг үзүүлэх үү гээд надруу дайрсан. Миний аяга, малгай хоёрыг булаагаад автобусанд орсон байхад нь Энхмаа гэх эмэгтэй араас нь орж авч өгсөн. Автобустай хүмүүс ганцхан энэ хүнийг хүлээж байсан болохоор цонхоор харж байсан байж таараа. Намайг төрийн албанаас мөнгө авсан гэж байгаа бол баримтаа гаргаж өг гэж хэлмээр байна. Дээр нь намайг зодсон, аяга, малгайг маань булаасан гэдэг асуудлыг мөрдөгчдөө хэлэхэд наад хүний чинь хэрэг нь хүндэрнэ гэхээр нь гар хугарсан гэдэг дээр нь л явъя гэж хэлсэн. У гарыг маань хугалсанаас хойш 5 сар болж байж гайгүй болсон. Би Хөх хотруу явж тодорхой хэмжээний бизнес хийдэг хүн. Гэтэл үүнээс болоод явж чадаагүй. У намайг урьд нь гараа хугалж байсан гэж хэлсэн байдаг. Миний эмчлүүлэгчийн картанд бичигдсэн байгаа. Би зүүн гараа 2015 онд ажлаа хийж явахдаа гэмтээж байсан. Би 854 217 төгрөгийн эм тариа хэрэглэсэн. Би багийн засаг дарга байсан учраас энэ хүнтэй холбоотой байсан болохоос биш ахан дүүгийн холбоотой байгаагүй. Энэ хүнийг уучлалт гуйх байх гэж өнөөдрийг хүртэл бодож байсан гэтэл надруу 21 цагийн үед залгахаар нь согтуу хүнтэй юу ярьхав гээд утсаа аваагүй. Тэрнээс хойш надтай уулзаж уучлалт гуйх байх гэж бодож байтал уучлалт гуйхгүй, гүтгэж байгаад гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Эгийн мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ... У эгч Б эгчийн араас нь үсдээд татаж байгаа харагдсан. Тэгээд л би хувцасаа сандал дээр тавих хооронд Б эгчийг түлхээд унагааж байгаа нь нүдний буланд хальт харагдсан юм. ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 7-8 хуудас/ 

 

Гэрч Б.Мын мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ... хашгиралдаад ирэхлээр нь юу болов яав гээд гараад очиход гэрээс урд талд 4-5 метрийн зайтай л Б даргыг У үсдээд хойш нь гэдийлгээд татаж байсан ба тэр 2 юунаас болж маргалдаж муудсаныг нь бол мэдэхгүй. ...  гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/

 

Гэрч Б.Сийн мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ... хүмүүс шуугихлаар нь гараад очтол Б даргыг У эгч үсдээд зулгаагаад хойш нь татаж байгаа харагдсан тэгээд л Б дарга унах шиг болсон. ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 12 хуудас/

 

Гэрч Д.Дын мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ... хүмүүс шуугилдаад явчихлаар нь хартал Б дарга хойшоо ар талаараа унаж байгаа харагдсан. ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 13 хуудас/

 

Шинжээчийн 2019 оны 01 дуүгээр сарын 28-ны өдрийн 02/074 дугаартай: “... С.Бийн биед баруун шуу ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. ... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... гэсэн дүгнэлт  /хх-ийн 17 хуудас/

 

            Согтуурлын зэрэг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 24-25 хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 хуудас /

болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг Эрдэнээгийн мөсөн гулгуурын газарт Сайншанд сумын Ардчилсан намаас зохион байгуулсан мөсний баяр тэмдэглэх үед иргэн С.Б   Ш.У нарын хооронд таарамжгүй харьцаа үүсч маргалдсанаас Ш.У нь С.Бийн өмсөж байсан үнэгэн малгайг авч шидэн түүний үснээс зулгааснаас С.Б нь газарт унаж баруун  шууны  яс хугарсан үйл баримт тогтоогджээ.

 

            Хохирогч С.Бийн баруун шууны яс хугарсан нь шүүгдэгч Ш.Угийн хохирогчийн үснээс зулгаан хойш нь татсанаас газарт унагасан санаатай үйлдэлтэй шууд холбоотой болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч С.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 21-нд ... Энэ хүн гэрээс гарахдаа л намайг дагаад байсан. Тэгэхээр нь чи явж бай, би араас чинь очиж хоёрдугаар байранд орсныг чинь тэмдэглэж өгнө гэхэд үгүй чамтай заавал хамт явна гэж хэлсэн. Би Уг архи уухаараа тавьтаргүй агсан тавьдаг гэдгийг мэддэг учраас зугтсан. Миний гарт аягатай аарц байсныг булааж аваад намайг цохих гэхээр нь би нүүрээ бултуулаад байсан чинь малгайг маань татаад тасалж, үсдээд, толгой руу цохихоор нь би орилсон. Тэгэхэд автобусанд энэ хүнийг хүлээж байсан хүмүүс буугаад ирсэн. Мөн гэр цэвэрлэж байсан Дайрийжав, М, Сараа гурав гараад ирсэн. Би босож чадахгүй байтал М намайг өргөж босгоход миний гар санжиж байсан.  ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Эгийн мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ... У эгч Б эгчийн араас нь үсдээд татаж байгаа харагдсан. Тэгээд л би хувцасаа сандал дээр тавих хооронд Б эгчийг түлхээд унагааж байгаа нь нүдний буланд хальт харагдсан юм. ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мын мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ... хашгиралдаад ирэхлээр нь юу болов яав гээд  гараад очиход гэрээс урд талд 4-5 метрийн зайтай л Б даргыг У үсдээд хойш нь гэдийлгээд татаж байсан ба тэр 2 юунаас болж маргалдаж муудсаныг нь бол мэдэхгүй. ...гэсэн мэдүүлэг, гэрч Б.Сийн мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ...хүмүүс шуугихлаар нь гараад очтол Б даргыг У эгч үсдээд зулгаагаад хойш нь татаж байгаа харагдсан тэгээд л Б дарга унах шиг болсон. ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Дайрийжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ... хүмүүс шуугилдаад явчихлаар нь хартал Б дарга хойшоо ар талаараа унаж байгаа харагдсан. ... гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/074 дугаартай: “... С.Бийн биед баруун шуу ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ш.У нь “...би Бт доромжлуулаад 7 хоног хэвтсэн. Өгсөн мэдүүлгээ мэдэхгүй байна...” гэж мэдүүлж байгаа хэдий ч шүүгдэгч Ш.У нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 25-52 хоногийн дараа 2019 оны 02 сарын 15 /хх-ийн 9-р талд/, 2019 оны 03 сарын 13-ны /хх-ийн 29/ өдрүүдэд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгсөн нь шүүгдэгч нь өөрийн өгсөн мэдүүлгийг мэдэхгүй, санахгүй  байх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгч Ш.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт  “...малгайг нь авахад бүч нь тасарсан, тэр үед Б надаас зуурсан, хагас суугаад гараа дараад сөхөрсөн, би гар хөл рүү нь цохиогүй, үг ч хэлээгүй, малгайг нь л авсан. Өөрөө сөхөрч суухдаа гараа хугалсан байх, миний үйлдэлтэй холбоогүй...” гэж мэтгэлзэж байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд мэдүүлгээ өгсөн гэж үзлээ. 

 

Гэрч Д.Дайрийжав, Н.Э, Б.С, Б.М нарын мэдүүлэг нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд гэж үзэх үндэслэлтэй ба гэрч нарын өгсөн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болох нь тогтоогдсон гэж  үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ш. Уг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

2019 оны 01 сарын 28-ны өдрийн 02/074 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Бийн биед баруун шуу ясны хугарал буюу хүндэвтэр гэмтэл, тархи доргилт буюу хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон ба шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх бүрэлдхүүнээр нь нэгтгэн зүйлчилж нэг гэмт хэрэгт 1 удаа ял оногдуулах  тухай зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ш.У нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /өндөр насны тэтгэвэрт байдаг/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Уг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хохирогч С.Бийн нэхэмжилсэн хавтаст хэргийн 38-54 дүгээр талд авагдсан эмийн үнэ 296847 төгрөг, замын зардал галт тэрэгний 40200 төгрөг, дархлаа дэмжих Сибирийн эрүүл мэндийн эм 15770 төгрөг, яс бэхжүүлэх хятад эм 471600 төгрөг /1200 юань=2019 оны 02 сарын 09-ний ханшаар/, орчуулгын 30000 төгрөг нийт 854217 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч С.Б нь өвчтөний картан дээр бичигдсэн эмээс гадна яс бэхжүүлэх эмийг Хятад улсын Фу Дуан эмийн сангаас авч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хохирогчийг өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавьж нэмэлт бүтээгдэхүүн авч хэрэглэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ш.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ш.У урьд ял шийтгэл эдэлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 55-р тал/ тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.Шүүгдэгч Халуун тайж овогт Ш.ийн У.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У.г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У.д 450000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У. нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар  шүүгдэгч Ш.У.гаас 854217 төгрөг гаргуулан хохирогч С.Б.т  олгосугай.

 

6. Шүүгдэгч Ш.У. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд  ирээгүй болохыг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.У.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.АДЪЯАСҮРЭН