Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 201/МА2025/00033

 

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй         иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 309/ШШ2025/01008 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдох

“Гишүүн байгууллагын татвар 60 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Л.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: “ ... Манай холбоо нь МҮЭ-ийн холбооны дүрмийг хүлээн зөвшөөрөн 1996 онд үүсгэн байгуулагдсан ба одоогийн байдлаар нийт 100 гаруй анхан шатны ҮЭ-ийн хороотой, 23 мянган ҮЭ-ийн гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай салбарын ҮЭ-ийн холбоонд гишүүнээр элсэх ҮЭ-ийн хороо нь анх элсэхдээ МҮЭ-ийн холбооны дүрэм, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дүрмийн хүрээнд ажиллахыг хүлээн зөвшөөрч гишүүн байгууллагаар элсдэг.

... Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо нь Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллага болох нь үйл ажиллагаануудад оролцож, татвар төлж ирсэн үйл баримтуудаар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар тус тус нотлогддог. Тус хорооны дарга ******* нь 2018 оноос хойш сонгогдон ажиллаж байгаа юм. ******* нь 2022 он хүртэл гишүүн байгууллагын татвараа хэвийн төлж байгаад ... 2022 оны 01 сарын 01-нээс хойш өнөөдрийг хүртэл татвараа төлөхгүй дээрх дүрэм, журмуудад заасан үүргээ биелүүлэхгүй байна.

... Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь нийт гишүүдийн цугларсан татварыг шилжүүлэхгүй байгаа нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гэрээ, конвенц, Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, ҮЭ-үүдийн эрхийн тухай хуульд заасан Үйлдвэрчний эвлэл хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулах, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмыг алдагдуулахад хүрч байна.

... Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоонд 2019, 2020, 2021 онуудад гишүүн байгууллагын татварт 9 сая төгрөг төлж байсан ба уг дүн нь дүрмийн бусаар буюу нийт гишүүдийнхээ татварын 9 орчим хувиар төвлөрүүлж байсан.

Иймд Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос дүрмийн дагуу 30 хувиар тооцон 2022 онд төлөх ёстой байсан татвар болох 30 000 000 төгрөг, 2023 онд төлөх ёстой байсан татвар 30 000 000 төгрөг нийт 60 000 000 төгрөгийг Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоонд гаргуулж олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлж, тус хорооны дарга ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын агуулга:  “...  ДБЭХС ТӨХК-ийн ажилчдын ҮЭ-ийн хороо 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр Монголын эрчим хүч, Геологи, Уул уурхайн салбарын салбарын ҮЭ-ийн холбооноос татгалзаж, Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн ҮЭ-ийн холбоонд гишүүнчлэгдсэн. ... Миний бие 2018 оноос эхлэн тус ҮЭХорооны даргаар сонгогдон ажиллаж, ... 2018-2021 онуудад МЭХГУУ-н салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргатай тус холбооны дүрмийн 7.2-т заасны дагуу жил бүр хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулж, татварыг төвлөрүүлэн гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж ирсэн. ... 2022 оны хариуцлага үр дүнгийн гэрээг холбооны удирдлагын дүрэм зөрчсөн үйлдлээс болгоомжлон байгуулаагүй байсан.

... Монголын эрчим хүч, Геологи, уул уурхайн салбарын ҮЭ-ийн холбооны удирдлагууд 2019, 2020, 2021 онуудын холбооны санхүүгийн захиран зарцуулалтын асуудал нь хуулийн байгууллагад шалгагдаж, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ авагдсан. ... иймд тус хорооны бүх гишүүдийн болон төлөөллийн хурлын шийдвэр, дүрмийн заалтуудыг зөрчин татварыг гишүүнчлэлгүй байгууллагад төвлөрүүлэх үндэслэлгүй болно. “ гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1-д зааснаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдох “60 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 30 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 457 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас 307 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хөдөлмөрчдийн эвлэлдэн нэгдэх эрхийн тухай тунхаглан батлагдсан Олон улсын 87, 91 дүгээр конвенц, Үндсэн хуулийн 16.10, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4, 5 дугаар зүйлүүдэд хөдөлмөрчид чөлөөтэй эвлэлдэн нэгдэх, холбоо байгуулах, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулна гэж заасан.

... 2022 оноос өмнөх жилүүдэд “ДБЭХС” ТӨХК-н Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь хариуцлага үр дүнгийн гэрээгээр татвараа цаг тухай бүрд нь Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд төвлөрүүлэн хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. 2022 оны 2 дугаар сарын 7 өдөр Монголын эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга ******* нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож өмнөх албан тушаалаа Монголын эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны нарийн бичгийн дарга *******т дүрмийн бусаар даргын албан тушаалыг шилжүүлснээс болж маргаан үүсэж шинээр сонгогдсон дарга хариуцлага үр дүнгийн гэрээ хийхгүй байснаас болж татварыг яаж хэдэн хувиар төлөх нь ойлгомжгүй явсаар татварын хуримтлал үүсэж, 2022 оны 11 дүгээр сард Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулагдан бүх гишүүдийн хурлаараа гишүүнчлэлээ сольж элссэн орсон. Гэтэл бидний чөлөөтэй эвлэлдэн нэгдэх холбооноос гарах, холбоо байгуулах, гишүүнчлэлээ солих эрхийг хясан боогдуулж маргаан үүсгэж байна.

2025 оны 09 сарын 19 өдөр Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хурал болж “ДБЭХС” ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороог 30,000,000 төгрөгийг төлөх шийдвэр гаргасан нь анхан шатны хорооны татвар төлөгч жирийн гишүүд бидний хувьд болон үйлдвэрчний эвлэлийн хороо төлөх боломжгүй хүндрэл учруулж байна.

Өмнө нь 2018-2021 онуудад Дорнод аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 7.2, 25.3-т заасан заалтуудыг үндэслэн хариуцлага үр дүнгийн гэрээгээр татвараа төлж ирсэн. 2018 онд 8 сая, 2019 онд 9 сая, 2020 онд 9 сая, 2021 онд 9 сая төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байх ба 2022 онд хариуцлага үр дүнгийн гэрээг байгуулаагүй тул өмнөх онуудын жишгээр 9 сая төгрөгийн татварыг төлөх боломжтой, шүүхээс тогтоосон 30 сая төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа тул үүнийг төлөх төлбөрөөс хасаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ... Хариуцагчийн хувьд 2022 онд хэдийгээр хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулаагүй хэдий ч гишүүнчлэлтэй байсан учраас татвараа төлөх нь зүйтэй гэдэг дээр өмгөөлөгчийн хувьд маргахгүй. Харин хэмжээн дээр маргадаг. Өмнөх жилүүдэд төлж байсан хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх маргааныг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 43.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу төлбөрийг шүүх гаргуулсан байдаг. Гэтэл зохигчдын хоорондын маргаан нь татвар төлөх буюу эд хөрөнгийн маргаан байгаа. Тиймээс Иргэний хуулиар зохицуулагдах ёстой байсан харилцаа гэж үзэж байна. Товчоор тайлбарлавал иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулахтай холбоотой маргаан гарсан бол Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын тухай хуулиар шийдвэрлэнэ. Харин татвар хураамжтай холбоотой, түүнийг төлөх эсэхтэй холбоотой маргааныг бол Иргэний хуулиар шийдвэрлэх нь зөв юм.  ... Шүүхээс Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 14.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байдаг. 30 хувиар хатуу тогтоосон хэлбэр биш юм. Өмнөх жилүүдэд хариуцлага үр дүнгийн гэрээгээр жилд төлөх татварын хувь хэмжээгээ харилцан тохиролцож төлдөг байсан. Энэ нь талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл буюу агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл бий болсон гэж үзэхээр байна. ... Гол нь 30 хувиар тогтоогоод төлж байсан болох нь тогтоогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар 9 сая төгрөгөөр тогтоож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Даргатай холбоотой асуудлаар шалтаг үүсгэж дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зөв дүгнэж, үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь өөрийн гишүүн байгууллага болох хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022-2023 онуудад төлбөл зохих татварт 60 сая төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... тус үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 7.2, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 14.2-т заасны дагуу гишүүдээс хураасан татварынхаа 30-аас доошгүй хувийг эвлэлдэн нэгдсэн холбоонд сар бүр төлөхөөр заасан тул 2022 оны татварт 30 сая төгрөг, 2023 оны татварт 30 сая төгрөг, нийт 60 сая төгрөгийг гаргуулна. ...” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ “... 2018-2021 онуудад МЭХГУУ-н салбарын ҮЭХолбооны даргатай байгуулсан хариуцлага үр дүнгийн гэрээнд заасны дагуу жил бүр татвараа төлж ирсэн. ... 2022 оноос эхлэн тус салбарын холбооны удирдлагуудын дүрэм зөрчсөн үйлдлээс болж манай хорооны бүх гишүүдийн 2022.12.19-ний өдрийн хуралдаанаас тус холбооны гишүүнчлэлээс татгалзаж, өөр холбоонд элсэхээр шийдвэрлэсэн ба 2023 оны 1 сард энэ тухайгаа мэдэгдсэн. 2022 онд хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулаагүй, 2023 онд өөр холбоонд гишүүнээр элссэн ... тул хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбарлан маргадаг.

4. Анхан шатны шүүх Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гишүүн байгууллагын 2022 оны татварыг нийт гишүүдээс төвлөрүүлсэн татварын 30 хувиар тогтоох нь зүйтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 2022 онд төлбөл зохих татварт 30 000 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

5. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагын татвар төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрмийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үндэслэл бүхий үнэлж дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

6. Зохигч талуудын хооронд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүнчлэлээс гарсан эсэх, мөн гишүүн байгууллагын татварыг төлөх эсэх нь маргааны зүйл болсон байна.

Анхан шатны шүүхийн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2022 оныг дуустал Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүнчлэлтэй байсан бөгөөд 2022 онд нэхэмжлэгчтэй хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулаагүй нь дээрх хугацааны татварыг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй талаар дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт цугларсан баримт болох Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдээс хураасан татварынхаа 30-аас доошгүй хувийг эвлэлдэн нэгдсэн мэргэжил үйлдвэрлэл, салбарын болон аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоондоо сар тутам төлнө.”/ уг заалтад 2022 оны 6 дугаар сарын  30-ны өдрийн МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн III өргөтгөсөн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулсан/ гэж заасан.

Түүнчлэн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн дагуу гишүүн байгууллагын татварыг сар бүр /хариуцлага үр дүнгийн гэрээнд тохиролцсоны дагуу/ салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоонд төвлөрүүлнэ.” гэж, 25 дугаар зүйлийн 25.1-т “Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн үйлдвэрчний эвлэлийн хороод нь ажилтны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос сар бүр нэг буюу түүнээс дээш хувиар тогтоож, ... татварыг бэлэн бусаар хураана.”, 25.2-т “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гишүүн үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүдээс хураасан татварынхаа 30 хувийг сар бүр салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоонд төвлөрүүлнэ.”, 25.3-т “Аймаг, суманд байршилтай  гишүүн үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүдээс хураасан татварын зохих хувийг хариуцлага үр дүнгийн гэрээний дагуу сар бүр салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоонд төвлөрүүлнэ.” гэж тус тус заажээ.

Дээрх дүрмүүдэд зааснаас үзвэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд гишүүн байгууллагын татвар, түүнийг хэрхэн төлөх харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ нь Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм гэж үзэх бөгөөд уг дүрэмд энэ талаар зохицуулалт байхгүй бол Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэмд зааснаар үйлдвэрчний эвлэлийн хороодын эвлэлдэн нэгдсэн холбоондоо төлбөл зохих татварын хувь хэмжээг тодорхойлохоор зохицуулсан байна.

Тиймээс хариуцагч нь 2019 оноос 2021 онуудад Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2, 25 дугаар зүйлийн 25.3-т тус тус зааснаар жил бүр салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээгээр тохиролцсон хэмжээгээр буюу 2019-2021 онуудад жил бүр 9 000 000 төгрөгийг гишүүн байгууллагын татварт төлж байсан үйл баримтын талаар нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алин нь хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болохыг шүүх анхаарч үзээгүй байна.

Хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2022 онд нэхэмжлэгч салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүнчлэлтэй байсан, мөн хариуцлага үр дүнгийн гэрээг байгуулаагүй нь тухайн оны татварыг нэхэмжлэгчид төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй тул Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2, 25 дугаар зүйлийн 25.3-т тус тус зааснаар 2022 онд төлбөл зохих татварт 9 000 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

7. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хуралдаанаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүнчлэлээс гарах тухай асуудлыг хэлэлцэн нийт гишүүдийн 69 хувийн саналаар тус холбооны гишүүнчлэлээс татгалзахаар шийдвэрлэж, энэ тухай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 тоот албан бичгээр мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 52-72/

Хариуцагч нь бүх гишүүдийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрээр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүнчлэлээс гарч, Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд нэгдэхээр шийдвэрлэж, үйлдвэрчний эвлэлийн холбоонд чөлөөтэй, сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлсэн нь  Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасныг зөрчөөгүй байх ба нэхэмжлэгч талаас энэ талаар маргаж мэтгэлцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нь 2023 оны гишүүн байгууллагын татварыг төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

8. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагын татвар, түүнийг төлөх эсэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж үзлээ.

Тодруулбал, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулиар иргэдийн хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор сайн дураар чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулж, энэ хүрээнд үүссэн нийгмийн харилцааг зохицуулсан боловч үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд өөрийн эвлэлдэн нэгдсэн гишүүн байгууллагад татварыг хэрхэн төлөхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулаагүй байх бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 1-т заасан үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгэх тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах тухай асуудлыг зохицуулсан заалт нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалт биш юм.

Харин нэхэмжлэгч хариуцагч нар нь Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэмд зааснаар 2019-2021 онуудад жил бүр хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулан, жилд төлөх татварын хэмжээг харилцан тохиролцон тогтоож, уг тогтоосон хэмжээгээр татвараа төлж байсан үйл баримтаас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хуульд заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл буюу иргэний эрх зүйн харилцааг үүсгэхэд чиглэсэн хууль зүйн факт бий болсон гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцлага үр дүнгийн гэрээгээр харилцан тохиролцон тогтоосон татварыг жил бүр төлөх үүргээ хариуцагч биелүүлэх үүрэгтэй бөгөөд 2022 онд уг гэрээг байгуулаагүй нь үүргээ гүйцэтгэхээс татгалзах үндэслэлийг бий болгохгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан “... хариуцлага үр дүнгийн гэрээгээр тохиролцон өмнөх жилүүдэд төлж байсан татварын жишгээр 2022 оны татварт 9 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул 30 сая төгрөгийг багасгаж өгнө үү.” гэх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 309/ШШ2025/01008 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхь заалтыг “1. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2022 оны гишүүн байгууллагын татварт 9 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 158 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хуульд заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ГАНЧИМЭГ     

            ШҮҮГЧИД                                                              Ц.ЭРДЭНЭЗУУ

                                                                             Г.УРТНАСАН