| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0235/Э |
| Дугаар | 235 |
| Огноо | 2019-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 235
2019 0814 2019/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Э.Билгүүн,
улсын яллагч Д.Хонгорзул,
шүүгдэгч Б.Б,
хохирогч Ш.Цэрэндэжид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овгийн Б.Б-дхолбогдох эрүүгийн 1934005590284 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 08 дугаар 13-ны өдөр ирүүлснийг хүлээнавч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тэс суманд 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 57-р гудамж, 790-9 а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 87061614 дугаарын регистртэй, Ц овгийн Б.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн 4 дүгээр зөрлөгт нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хадам эгч болох Ш.Цэрэндэжидтэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж баруун өвдөгт зулгаралт, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Цэрэндэжид:
...2019 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн орой манай дүү нар намайг ээжийн гэрт хүрээд ир гэсэн юм. Би тэгээд очсон. Манай ээж Налайхийн 4 дүгээр зөрлөгт байдаг. Тэнд очиход энэ хэд пиво уучихсан байсан. Манай эрэгтэй дүү Цэдэндаш намайг та одоо дандаа ингэж явах юм, янз янзын юм хийж явлаа гэж загнасан. Манай эмэгтэй дүү, Б.Б хоёр дундуур нь ороод ганц удаа ирж байхад нь эгчийг загнах юм гэсэн. Би 3 хүүхдээ аваад явлаа гэтэл намайг энэ хэд явуулаагүй. Б.Б машинтайгаа явлаа гэхэд нь эхнэр нь намайг битгий явуулаарай гэсэн. Б.Б-гэгч нь явуулахгүй гэхэд эхлээд эгчийгээ зодсон. Эгчийгээ зодоход нь би дундуур нь ороод намайг алгадахад миний нүд, чих сонин болсон. Дахиж ирээд чи яагаад эгчийгээ зодоод байгаа юм гэсэн чинь дахиад намайг алгадахад чихнээс цус гоожоод тэгээд тэр чихний хэнгэрэг хагарсан. Б.Б-горхисон байсан чинь эргээд гүйж ороод манай ээж болон манай эрэгтэй дүү Цэдэндашийг зодсон. Тэгээд ороод эхнэртэй нь бид хоёр болиоч гэж хэлсэн чинь юу яриад байгаа юм, та нарт ямар хамаатай юм гээд би тэгээд салгаад Б.Б гараад явсан. Манай ээжийн толгой руу нь дугуйны торцовоор цохиод цусыг нь гоожуулсан байсан. Ээж гараад цусыг нь усаар шавьшсан юм шиг байгаа юм би мэдээгүй. Эргэж гараад би урдаас нь явсан чинь Б.Б гүйж ирээд дугуйны торцовоор цохисон байсан. Би тухайн үед юугаар цохисныг мэдээгүй. Ээж сүүлд нь хэлсэн. Цохингуут толгойны орой дээр их өвдөөд, цаашаа явах гэж байтал иргэж ирээд дахиад цохисон. Дахиж гүйж ирээд цохих гэхэд нь би 3 хүүхдээ аваад зугтсан. Миний толгойноос цус их гараад дэлгүүрийн үүдэнд очсон чинь хоёр залуу зогсож байхаар нь авгай хүүхэдтэйгээ зогсож байсан залууд нь гэрт манай дүү, ээжийг зодоод байна гэсэн чинь эмэгтэй хүн зоддог ямар сонин юм бэ гээд тэр хоёр залуу явсан. Тэр хоёр залуу очоод салгасан байсан. Тэгээд Б.Б машинаа бариад явсан байсан. Миний толгойноос цус гоожоод тогтохгүй болохоор нь дэлгүүрээс очиж нойтон салфетка гуйж аваад толгой дээрээ хэд давхарлаад тавьсан чинь нэвтрээд болохгүй болоод гэрт ирсэн чинь минийх арай гайгүй болсон. Ээж намайг ийм болсныг мэдээгүй байсан. Би орж ирээд хэдэн давхар цамц, нүүр гарын алчуур хэд давхарлаад ч их цус гараад болохоо байгаад түргэн дуудсан. Налайхаас эмч ирсэн. Бас нэг цагдаа ирсэн. Налайхын эмч намайг авч яваад налайх дээр 2 оёдол л тавьсан юм байх гэж бодсон чинь цус нь тогтохгүй байна гээд 6 оёдол тавьсан байсан. Та ганцаараа ирсэн юм уу, өөр хүн байхгүй юу гэхэд нь би 3 хүүхэдтэйгээ ирсэн, өөр хүн байхгүй гэсэн чинь та тэгвэл энд хоноод явахгүй бол болохгүй гээд өглөө 04 цаг хүртэл цус тогтоох 4 шингэн хийлгэсэн. 07 цаг өнгөрч байсан Налайхаас гараад алхаж байхад замд машин таараад ээжийнд намайг дөхүүлж өгсөн. Ээжийнд очиж байж байгаад удаагүй гэртээ ирсэн. Эхнэр нь яасан ч гэж утсаар ярихгүй л байсан. Би гомдолтой байвал гомдолтой л байхаар байгаа. Гэхдээ өөрийн дүү нар юм болохоор одоо гомдол, саналгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934005590284 дугаартай хэрэгт хохирогч Ш.Цэрэндэжид /хх-ийн 5 дүгээр хуудас/, гэрч Ш.Цэрэндэжид /хх-ийн 6 дугаар хуудас/, гэрч Б.Батцэцэг /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Ц.Отгонбаяр /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Ш.Сарантунгалаг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Ш.Цэрэндорж /хх-ийн 11 дүгээр хуудас/, яллагдагч Б.Б /хх-ийн 22-23 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 489 дугаартай дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Ш.Цэрэндэжидийн Төв аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, “Лазер мед” эмнэлэгт үзүүлсэн томографийн шинжилгээ /хх-ийн 14 дүгээр хуудас/, хохирогч Ш.Цэрэндэжидийн гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 37 дугаар хуудас/, 500.000 төгрөг хохиролд авсан тухай хүсэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,шүүгдэгч Б.Б-нхувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 24-36, 38 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн 4 дүгээр зөрлөгт өөрийн хадам эгч болох Ш.Цэрэндэжидтэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж баруун өвдөгт зулгаралт, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ш.Цэрэндэжидийн ...би машинаасаа буугаад гадаа зогсож байтал миний зүүн талын хацар руу 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би зугтаагаад гэр рүү орсон. Гэрт байж байхад гаднаас Баттулга орж ирж миний Цэдэндоржийг зодохоор нь би салгаад гэрээс гаргасан. Тэгэхэд гадаа өөрийнхөө төрсөн эгч Батцэцэгийг зодоод байхаар нь би салгасан. Тэгэхэд миний толгой руу дугуй тайлдаг торцовоор 2 удаа цохисон... /хх-ийн 5 дүгээр хуудас/,
гэрч Ш.Цэрэндэжидийн ...миний зүүн талын хацар руу 2 удаа алгадсан... ...торцоовоор 2 удаа цохисон. Тэгэхэд цус гараад байхаар нь би холдооод явсан юм... /хх-ийн 6 дугаар хуудас/,
гэрч Б.Батцэцэгийн ...миний дүү Баттулга нь согтуу машин бариад явна гэхээр нь би явуулахгүй гэж хэлтэл дүү Баттулга нь миний зүүн талын чих рүү цохиж гэмтээсэн. Өөр юу болсон талаар би мэдэхгүй байна... ...бас хадам ээж, хадам эгч Цэрэндэжид нарыг цохиж зодсон... /хх-ийн 8 дугаар хуудас/,
гэрч Ц.Отгонбаярын ...Б.Б нь миний толгой руу юмаар цохисон. Тэгээд би холдоод явсан. Юу болсон талаар мэдэхгүй... ...Цэрэндэжидийг цохисон талаараа Баттулга өөрөө ярьж байсан. Би тухай нүед байгаагүй, хараагүй... /хх-ийн 9 дүгээр хуудас/,
гэрч Ш.Сарантунгалагийн ...манай нөхөр Баттулга нь Цэрэндоржтой маргалдаад байсан. Тэгээд гэрээс гарцгаасан. Би гэрт үлдсэн... /хх-ийн 10 дугаар хуудас/,
гэрч Ш.Цэрэндоржийн ...Юу болсон талаар санахгүй байна... ...Цэрэндэжидийг зодож байхыг би хараагүй, мэдээгүй... /хх-ийн 11 дүгээр хуудас/,
яллагдагч Б.Б-н...хадам эгч Цэрэндэжид гэх хүнийг толгойн тус газар нь юмаар зодож гэмтэл учруулсан байгаа. Би пиво уусан согтуу байсан. Тэгээд биеэ барьж чадаагүй. Хадам эгч Цэрэндэжидийг зодож гэмтээсэн миний буруу... /хх-ийн 22-23 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 489 дугаартай ...Ш.Цэрэндэжидийн биед тархи доргилт, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун өвдөгт зулгаралт, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Ш.Цэрэндэжидийн Төв аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, “Лазер мед” эмнэлэгт үзүүлсэн томографийн шинжилгээ /хх-ийн 14 дүгээр хуудас/, хохирогч Ш.Цэрэндэжидийн гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 37 дугаар хуудас/, 500.000 төгрөг хохиролд авсан тухай хүсэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б-нхувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 24-36, 38 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 1934005590284 дугаартай хэргийн шүүгдэгч Б.Б-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ өөрийн хадам эгч болох Ш.Цэрэндэжидтэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж баруун өвдөгт зулгаралт, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, уг хууль бус үйлдэл хөнгөн хохиролхоорондоо шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б-гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Цэрэндэжидийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ш.Цэрэндэжид мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Бас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой2.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч тус нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 500.000 /таван зуун мянга/ төгрөг болгон нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Б нь хохирогчийн нэхэмжилсэн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь хавтас хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Ш.Цэрэндэжидийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Бдхуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэхнөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Бдторгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ш.Цэрэндэжидэд 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлснийг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.овгийн Б.Б-гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.овгийн Б.Б-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Б.Б-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц овгийн Б.Б-дшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Ц овгийн Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ш.Цэрэндэжид нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц овгийн Б.Б-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц овгийн Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН