Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо

Хохирогч Ч.Н

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б.Х 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт иргэн Ч.Нын нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Алтан говь худалдааны төвийн хойд замаар явж байтал хажуугаар машин орж ирээд зам тавьж өгсөнгүй гээд хашгирсан. Тэгэхээр нь араас нь явахад 12 худалдааны үүдэнд зогсохоор нь бууж очоод юу гээд байгаа юм бэ гэхэд юу ч гээгүй гэж хэлээд цонхоо онгойлгохоор нь гараа зангидаж байгаад цохьсон. Хаана нь цохьсноо мэдээгүй...гэсэн мэдүүлэг, 

 

Хохирогч Ч.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би машинтайгаа нэгдүгээр сургуулийн чиглэлд Алтанговь худалдааны хажуу замын уулзварт явж байтал хажуугаар машин гараад ирэхээр нь замаа харж яваач гэж хашгирсан. 12 худалдааны төв дээр хүнтэй уулзах гээд зогстол энэ ах машинаасаа бууж ирээд цонхоор гараа оруулаад намайг цохьсон. Шүд уначихлаа гэж хэлэхэд энэ ах машинтайгаа хөдлөөд явсан. Ажил дээрээ очоод цагдаад хэлсэн. Шүдээ эмчлүүлэх талаар явж байгаад ирсэн. 2 шүдний төлбөр болон өмнө нь хийлгэх эмчилгээ байгаа. 7 177 000 төгрөг нэхэмжилнэ ...гэсэн мэдүүлэг

 

Гэрч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...яриа хөөрөө сайтай  элдэв зан араншин гаргаад байдаггүй хүн байгаа юм. Архи, тамхи бол огт хэрэглэдэггүй. Миний мэдэхийн л гэр орондоо элдэв ааш араншин гаргаж байгаа юм мэдэгдээгүй. ...гэсэн мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/

 

Гэрч Б.Бг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... архи дарс ууж ямар нэгэн хэл ам үүсгээд хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Урьд өмнө нь ямар нэг асуудал үүсгээд цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй. ...гэсэн мэдүүлэг / хх-ийн 31 дүгээр хуудас/ 

 

Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаартай дүгнэлтэнд: “...Ч.Нын биед дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө. ..." гэжээ. /хх-ийн 10-14 дүгээр хуудас/

 

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 15-17 дугаар хуудас/

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-21 / болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       

           Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг 12 худалдааны төвийн гадна иргэн Ч.Нын нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний булгарал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Ч.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15:00 цагийн үед... машинаасаа бууж ирээд баруун гараа зангидаж байгаад онгорхой байсан цонхоор гараа оруулж ирээд миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон. ... гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ...дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар  тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Б.Хт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүгдэгч Б.Хт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

            Шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал / гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Хт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

           Хохирогч Ч.Н нь эрүүл мэндэд учирсан хохиролд 7105000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч эрүүл мэнддээ учирсан гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан олгуулахаар  шаардах эрхтэй.

 

Хохирогч Ч.Над  имплант шүд суулгах эмчилгээний зардлын тооцоог “Нюь импламент” /New implant/ шүдний эмнэлэгээс гаргаж ирүүлсэн хэдий боловч хохирогч нь уг эмнэлэгт цаашид эмчлүүлэх эсэх нь эргэлзээтэй, уг эмнэлгийн тарифт үнэлгээ авагдаагүй, гэмтлийн улмаас урьдын хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон эсхүл тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан талаар баримтаа ирүүлээгүй тул эрүүл мэнддээ учирсан гэм хор, гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах зайлшгүй зардлыг урьдчилан гаргуулах 6922900 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хохирогч Ч.Нын  нэхэмжилсэн 7105000 төгрөгнөөс 2019 оны 05 сарын 24-нд Улаанбаатар хот руу явсан 2 хүний галт тэрэгний зардал 38200 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээний үнэ 25000 төгрөг, 2019 оны 05 сарын 25-нд Улаанбаатараас Сайншанд руу машинаар ирсэн шатахууны үнэ 77000 төгрөг нийт 140200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Улаанбаатар хотод хооллосон 31900 төгрөг, хот доторх таксины төлбөр 10000 төгрөг, нийт 41900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Х нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 21/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Ц.овогт Б.ын Х.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х.ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х.т оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х. нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х.аас 140200 төгрөг гаргуулан хохирогч Ч.Н.ад олгож,  нэхэмжлэлээс 41900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 6922900  төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай .

 

6. Шүүгдэгч Б.Х. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН