| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 315/2025/00092/И |
| Дугаар | 201/МА2026/00002 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 201/МА2026/00002
*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 315/ШШ2025/00173 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох
“Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 8 133 000 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 8 133 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргадаг.
5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “ Миний бие өөрийн эзэмшлийн Toyota Prius-XW20 маркийн ******* СҮҮ улсын дугаартай авто машиныг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Хүрэл-Ухнай овогтой Нармандахад худалдсан. О.Нармандах авто машиныг өөрөө унаж үзээд авъя гэж хэлсэн. Сүхбаатар аймгийн авто тээврийн үндэсний төвийн салбарт очиж авто машиныг *******ын нэр дээр шилжүүлсэн. Нэр шилжүүлсний дараа манай гэрийн дэргэд байдаг авто машины доод ангийг хардаг яаман дээр гарч доод хэсгийг нь хараад асуудалгүй юм байна гэж хэлээд 8 200 000 төгрөгийг надад шилжүүлээд аваад явсан. ... үлдэгдэл 300 000 төгрөгөө оношилгоонд яндан тэнцсэний дараа өгье гэсэн. Тэр өдрөө 14 цаг 30 минутын орчим над руу залгаж рулийн аппарат дуутай байна гэж хэлэхээр нь шинэ рулийн аппаратыг өгсөн. Буцаад рулийн аппарат ориг биш байна нэмж 300 000 төгрөг өг гэхээр нь би 200 000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн. 2025 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед залгаж, авто машинаа буцааж ав би мөнгөө авъя гэж залгасан. Би та авто машиныг үзэж хараад өөрийн нэр дээр шилжүүлж авсан учраас мөнгийг чинь буцаах боломжгүй гэж хэлсэн. .... ******* нь надаас худалдаж авсан авто машинаа унаад 3-р сургууль рүү өглөө болгон хүүхдээ хүргэж өгдөг. Одоо энэ авто машинаа гэр бүлийнхээ хэрэгцээндээ байнга унаж яваа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч өөрөө жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулж 33,000 төгрөг төлсөн. Даатгал, татвар, оношилгоонд 133,000 төгрөг төлөөгүй. Лонжромын хувьд уг машиныг намайг анх худалдан авахад л гагнаастай байсан. Би тэр чигээр нь хүлээлгэж өгсөн.” гэж тайлбарлан маргасан.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч ******* эс зөвшөөрч давж заалдах журмаар “... Хариуцагч ******* нь анх автомашин худалдахдаа машины талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг надад өгөлгүй төөрөгдүүлж, эвдрэлтэй автомашин зарсан байхад шүүх худалдагчийн үйлдэлд хууль зүйн үүднээс дүгнэлт өгөөгүй. ... Шүүх миний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 251 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. ... Хуулиар бол ******* надад ямар ч асуудалгүй машин шилжүүлэх ёстой байсан ба гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй байгаа тул *******ийг надад доголдолтой эвдэрхий машин зарсан гэж үзэж байна.
... Мөн би амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэн бөгөөд би хууль эрх зүйн мэдлэггүй, өөрөө өөрийгөө өмгөөлж чадахгүй, өмгөөлөгч авч болдог талаар мэдэхгүй байхад миний эрхийг хангалгүй шүүх хуралдааныг хийсэн. Миний нөгөө тал өмгөөлөгчтэй байсан, би хэрэг хянан шийдвэрлэх явцын талаар, шүүхэд машины үнэлгээ гаргуулах, машины эвдрэлийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар юу ч мэдэхгүй, надад ийм эрх байдаг гэдгийг ч мэдэхгүй байсан.
Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
7. Шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
8. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нэхэмжлэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч *******эс түүний өмчлөлийн Toyota Prius-XW20 маркийн ******* СҮҮ улсын дугаартай авто машиныг 8 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, авто машины үнээс 8 200 000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр *******ийн ХААН банкны дансаар шилжүүлж, үлдэгдэл 300 000 төгрөгийг дараа төлөхөөр харилцан тохиролцон, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авто машиныг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа аман хэлбэрээр үүссэн байна.
9. Талууд өөрсдийн дунд хүчин төгөлдөр авто машин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй бөгөөд гэрээний дагуу шилжүүлэн авсан авто машин биет байдлын доголдолтой байсан эсэх болон доголдлын улмаас гэрээг цуцалж, авто машины үнийг шаардах эрхтэй эсэх нь маргааны үндэслэл болжээ.
10.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу...., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.
Тухайлбал, худалдах худалдан авах гэрээний гол зорилго нь нэг тал буюу худалдагч хөрөнгөө бүр мөсөн шилжүүлэх гол үүргийг, нөгөө тал буюу худалдан авагч хөрөнгийн үнийг төлөх хариу үүргийг хүлээж байдаг хоёр талт гэрээ бөгөөд эд хөрөнгийг шилжүүлэх үед гэрээгээр тохирсон тоо, хэмжээ, чанарт үл нийцэж байвал үүнийг биет байдлын доголдолтой гэж үзэх ба эдгээрийг гэрээнд тусгаагүй бол худалдагч ердийн зориулалт, ашиглалтад нийцэх, дундаас доошгүй чанартай эд зүйл нийлүүлэх үүрэгтэй.
Худалдан авагч гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй доголдлыг илрүүлсэн бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, арилгахад гарсан зардлаа төлүүлэх, гэрээг цуцлах тухай шаардлагыг гаргах эрхтэй.
Хэргийн үйл баримт болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараас үзвэл ******* нь *******ийн ашиглаж байсан хуучин авто машиныг худалдан авахаар тохирсон байх бөгөөд ашиглалтад байсан хуучин эд хөрөнгө худалдан авах гэж байгаа болохоо мэдэж байсан, мөн рулийн аппарат дуугарсан, моторын дээд ангиар тос хаясан, авто машины лонжром залгаж гагнасан, асаахаар кропондоо орохгүй байгааг мэдсэн буюу мэдэх боломжтой байхад авто машиныг хүлээн авсан нь худалдан авагчийн эд зүйлийг шалгаж авах ерөнхий үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар худалдан авагч буюу ******* авто машиныг хүлээж авах үедээ доголдлыг мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авснаар мөн хуулийн 254 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэсэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн /хх-ийн 19-20 дугаар тал/ байх бөгөөд нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад өмгөөлөгч авах хүсэлтийг амаар болон бичгээр гаргаагүй байна.
Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгч сонгон авах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь тэдний эрх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүх нэхэмжлэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
12. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан “... анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
13. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргаан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь ердийн журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэртэй адил удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох гэсэн хэсэгтэй бичигдсэн байх ба шийдвэрт удирдлага болговол зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйл болон Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тусгайлсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн бүтэц”-д нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Дээрх зөрчил нь хэргийн оролцогчийн хэн нэгэнд ашигтай байдал бий болгосон, эсхүл хохироосон, хэргийн оролцогчийн үндсэн эрх зөрчигдөхөд хүргэхгүй тул давж заалдах шатны шүүх уг зөрчлийг “ноцтой” зөрчил гэж үзээгүй бөгөөд анхан шатны шүүх энэхүү алдааг цаашид гаргахгүй байхыг, мөн хэргийн оролцогчоос давж заалдах гомдол гаргахдаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг шалгах буюу гомдол гаргах хугацаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан бол хүсэлтийг шийдвэрлэсний эцэст давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхийг тус тус анхаарвал зохино.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээр заасан тул энэ шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр болохыг зохигч талуудад мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 319/ШШ2025/00173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй ба шүүхийн эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Г.УРТНАСАН