Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2026/00003

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 309/ШШ2025/01299 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

7 400 000 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “Өвсний үнэ 7,400,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 4. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: “ ...******* нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны үед утсаар яриад 4000 боодол өвс ачилттай нь 4000 төгрөгөөр авъя гэсэн. Эхний ээлжинд 1300 боодол өвс авчихаад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр түүнтэй худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Тэгээд би өвснийхөө мөнгийг авъя гэхэд 4000 боодол өвс авахаа больсон гэж хэлсэн. 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1300 боодол өвсний мөнгө авъя гэхэд надад дахиад 1500 боодол өвс хэрэгтэй байна, мөнгийг нь нийлүүлээд өгчихнө гэж хэлсэн. Би тухайн үед шууд зөвшөөрөөгүй. Над руу байнга залгаад байсан. 2025 оны 03 дугаар сарын 19-ний өглөө нэг боодол өвсийг ачилттай нь 2000 төгрөгөөр тохирч 1500 боодол өвс авч явсан. Энэ ачилтад бол гэрээ хийгээгүй. Мөнгө нь шууд орно гэж хэлсэн боловч одоог хүртэл өгөөгүй тул *******гээс өвсний үнэ 7,400,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч *******гийн татгалзал, түүний үндэслэл: “ ...Нэхэмжлэлд дурдснаар намайг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1300 боодол өвс худалдан авсан гэжээ. Би тус 1300 боодол өвсийг *******аас аваагүй. Би 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* гэх хүнтэй 4500 боодол өвс худалдах-худалдан авах гэрээ байгуулан эхний ээлжинд 1300 боодол өвс авсан бөгөөд урьдчилгаанд 500,000 төгрөгийг өгөхөд ******* нь миний өвс гэж ярьж байсан. *******ын өвс гэж хэлээгүй. Тиймээс би 1300 боодол өвсний үнийг *******ад төлөх ёсгүй, *******ад төлөх ёстой. 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1500 боодол өвс авснаа хүлээн зөвшөөрнө. 1500 боодол өвсийг нэг бүрийг нь ачилттай 2000 төгрөгөөр тохиролцож авсан. Би урьдчилгаанд нь ачилтын хөлсийг бэлнээр 200,000 төгрөг, дансаар 500,000 төгрөг төлсөн. Тиймээс 1500 боодол өвсний үнэ 3,000,000 төгрөгөөс 700,000 төгрөгийг хасаад одоо 2,300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

 6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдолдоо: “...******* болон ******* нарын хооронд 2025.01.16-ны өдөр 1300 боодол өвсийг 4000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Харин ******* гэдэг хүнтэй гэрээний харилцаа бодитоор үүссэн. *******аас авсан өвсийг *******ынх гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус гэрээ биш юм.

Нэхэмжлэлийн шаардлагаас 2,396,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, үлдэх 5,004,000 хүлээн зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

7. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1300 боодол өвсийг нэг ширхэгийг нь 4000 төгрөгөөр бодож 5,200,000 төгрөгөөр, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1500 боодол өвсийг 1 ширхэгийг нь 2000 төгрөгөөр бодож 3,000,000 төгрөгөөр тус тус худалдах-худалдан авах талаар амаар хэлэлцэн тохиролцсон, нэхэмжлэгч нь 2800 боодол өвсийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч ******* нь хэлэлцэн тохирсон үнийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *******, ******* нарын хооронд 4500 боодол өвсийг 18,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний харилцаа бодитоор үүссэн гэж мэтгэлцэх боловч хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн оролцогчийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хэлцлийн субъектив шинж болох “хүсэл зориг” байхгүй тохиолдолд гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй.

Хэрэгт авагдсан гэрч *******ын “2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *******тэй өвс наймаалж авах гэрээ хийгээд гарын үсэг зурсан, манай найз ******* нотариат дээр очоод иргэний үнэмлэхээ орхиод ирсэн байсан учраас би өмнөөс нь иргэний үнэмлэхтэйгээрээ гэрээ хийсэн. Энэ өвсний эзэн нь ******* гэдэг хүн. Миний нэрээр хийгдсэн гэрээний өвс бол манай найз *******ынх юм. ******* өвс зарах зар тавиад ******* холбогдоод авахаар болсон. Би *******тай хамт явж байсан, бичиг баримттай байсан болохоор худалдах-худалдан авах гэрээг би хийсэн. ******* *******аас өвс худалдаж авснаа сайн мэдэж байгаа. Надтай өвс авъя гэж холбогдож байгаагүй.” гэх мэдүүлэг болон утсанд ирсэн мессеж, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаас өвс худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл *******, ******* нарын хооронд биш, харин нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд үүссэн гэж үзэх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах тухай хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

Харин анхан шатны шүүх шийдвэртээ 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *******, ******* нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах бичгээр хийсэн гэрээг ******* нь өөрийн өмчлөлийн өвсийг худалдаагүй, ******* энэ талаар мэдэх боломжтой байсан байх тул энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй  болсон байна.

9. Хариуцагч *******гээс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэг бүрийг нь 4000 төгрөгөөр бодож 1300 боодол өвсний үнэ 5,200,000 төгрөг гаргуулахаас ачилтын хөлс 500,000 төгрөгийг хасаж, үлдэх 4,700,000 төгрөгийг, мөн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэг бүрийг нь 2000 төгрөгөөр бодож 1500 боодол өвсний үнэ 3,000,000 төгрөг гаргуулахаас ачилтын хөлс 604,000 төгрөгийг хасаж, үлдэх 2,396,000 төгрөгийг, нийт худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,096,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 304,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1-д “Энэ хуулийн 751.1-д зааснаас бусад тохиолдолд шүүх энэ хуулийн 751.1, 751.2-т заасан хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас шийдвэр гаргана.”, 759.2 дугаар зүйлд “Энэ хуулийн 759.1-д заасан шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх бөгөөд үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, шийдвэрийн үндэслэлийн товч агуулгыг дурдана.” гэжээ.

Гэтэл энэ хэргийн шийдвэр нь ердийн журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэртэй адил удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох гэсэн хэсэгтэй бичигдсэн байх ба удирдлага болговол зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2-т заасан болон 759.4 дэх хэсэгт заасан “Шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлалыг Улсын дээд шүүх батална.” гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “тусгайлсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн бүтэц”-д нийцэхгүй байна.

 Дээрх зөрчил нь хэргийн оролцогчийн хэн нэгэнд ашигтай байдал бий болгосон, эсхүл хохироосон, хэргийн оролцогчийн үндсэн эрх зөрчигдөхөд хүргэхгүй тул давж заалдах шатны шүүх “ноцтой” зөрчил гэж үзээгүй бөгөөд анхан шатны шүүх цаашид энэхүү алдааг гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 309/ШШ2025/01299 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,014 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 С.ГАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                                    Г.УРТНАСАН

                                                                                      Ц.ЭРДЭНЭЗУУ